| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/2014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2338 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Нямдорж |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2338
2025 10 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Нямдорж, шүүгдэгч ***, нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502004850316 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, , *** /РД: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,
“Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3-д “явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ буюу эрүүгийн 241хххххх1069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тус хэргийн яллагдагч Б.О-аас хохирогч нарт хохирол төлбөрийг “надаар дамжуулж өг, бэлнээр аваад ир гэж”, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,187,000 төгрөгийг,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг буюу нийт 6,187,000 төгрөгийг өөрийн танил болох Ө.Аийн Төрийн банканд эзэмшдэг 140хххххх8378 тоот дансаар дамжуулан өөртөө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө 6,187,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ***: “…Болсон асуудлын талаар бичээд өгсөн байгаа, шүүхэд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, маш том ажлын хариуцлага алдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэндээ харамсаж байгаа, хохирлыг төлсөн байгаа, нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 6,100,000 төгрөгийг авсан...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Би 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл Мая Гүүд карго /My Good cargo/ XХК-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 4 хүний НӨАТ-ын мөнгийг хувьдаа завшсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад *** шалгасан, хохирлын 6.187.000 төгрөгийг хохирогч нарт өгөх ёстой болсон. *** мөрдөгч намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дуудаж хохирлын мөнгийг өг гэж хэлсэн. Би хохирогч нарт өгнө гэж хэлсэн *** мөрдөгч намайг бэлнээр аваад ир гэхэд би гэр хол тул мөнгөө маргааш аваад ирэх үү гэхэд манай дадлагын хүүхдийн дансанд шилжүүлчих гээд миний вайбар руу Ө.А гэх нэртэй 1404ххххххх78 тоот дугаарын дансыг явуулсан. Би *** мөрдөгчийн хэлсний дагуу өөрийн Хаан банкны 5622хххх22 дугаарын данснаас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,187,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** мөрдөгч миний утас руу өөрийн 90хххх60 дугаарын утаснаас залгаад үлдэгдэл 500,000 төгрөгийг 1404ххххххх78 тоот дансанд хий гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн. *** мөрдөгч надад хандан хохирогчдын мөнгийг өгөөд гомдолгүй гэж бичүүлж авна гэж хэлсэн, мөнгө шилжүүлснээс хойш 4 сарын дараа Соёлчимэг над руу яриад хохирлынхоо мөнгийг төлөхгүй юм уу гэхэд би *** мөрдөгчид хохирлын мөнгийг өгсөн гэж хэлсэн, Соёлчимэг над руу дахин залгаад *** мөрдөгчтэй ярьсан хохирогчдын мөнгө өгөөд миний хохирлын мөнгийг өөр хүмүүст өгөөд дууссан гэж хэлсэн. Би *** мөрдөгчид хохирогчид мөнгөө нэхээд байна гэхэд мөнгө прокурор дээр байгаа гэж хэлсэн байдаг. 2025 оны 05 дугаар сард намайг Хан-Уул дүүргийн прокуророос дуудан яллах дүгнэлт гардуулсан, тухайн яллах дүгнэлтэд хохирлын мөнгийг барагдуулаагүй, төлбөр төлөх оролдлого хийгээгүй гэж бичсэн байсан бөгөөд холбогдох хэрэг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Шүүх хурал дээр намайг хохирогчдын мөнгийг төлж барагдуулаагүй хохирлын мөнгөний хүү болох 6,000,000 төгрөгийг нэмж төлөхөөр болсон. Би *** мөрдөгчид хохирлын мөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 30, 12 сарын 02-ны өдөр бүрэн төлсөн байхад миний эрх зүйн байдлыг дордуулж олон сарын хүү төлбөр, шүүхээс хохирлоо төлөөгүй гэх шийдвэр гарсанд маш их гомдолтой байна. ...Би С.Эын 1,714,810 төгрөг, Ц.Сн 1,560,270 төгрөг, Н.Бт 2,134,338 төгрөг, Г.Г 2,065,269 нарын хохирлын мөнгийг төлж байна гэж бодоод ***гийн хэлсэн хувийн дансанд шилжүүлсэн. Би цагдаагийн алба хаагчийг мөнгийг аваад хохирогч нарт өгнө гэж бодож өгсөн, би хохирлын мөнгийг хохирогч нарт нь өгсөн гэж ойлгож байтал над руу хохирогч нар яриад одоо болтол мөнгөө аваагүй байна гэж удаа дараа ярьсан. ...Би өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор мөнгө өгөөгүй, хохирогчдын мөнгийг өгөх зорилгоор мөнгө шилжүүлсэн. ...*** мөрдөгчтэй 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын ойролцоо уулзсан, *** мөрдөгч рүү удаа дараа залгаж хохирлын мөнгийг авъя, шүүх хурал болох гээд байна гэж хэлэхэд цүнхнээсээ бор өнгийн ууттай бэлэн 5,687,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний Хаан банкны данс руу Одончимэг Сүхбаатар гэх хүний Хаан банкны 5112хххх29 дугаарын данснаас О** гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөн *** мөрдөгч надаар 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн газарт “миний бие хохирлоо төлөх шаардлагатай болсон тул мөнгийг яаралтай гаргаж авах хэрэгтэй байна” гэсэн хүсэлт бичүүлж авсан, *** мөрдөгчөөс нэхэмжлэх зүйл байхгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/ гэсэн,
Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О гэх хүнийг огт танихгүй, ***г танина, бид хоёр нэгнийгээ ажил хэргийн шугамаар л мэднэ, бусдаар ямар нэгэн хамаатан садны холбоо хамаарал байхгүй. ...Би Төрийн банкны 1404ххххххх78 тоот данс эзэмшдэг, өөрөө ашиглаж, эзэмшиж байна. Миний төрсөн дүү Ө.Т миний Төрийн банкны интернет банкны нэр, нууц үгийг мэддэг, бусад хүмүүс мэдэхгүй. Өөр хүн дансыг ашигладаггүй. ...Би энэ орлого орсон хугацаанд өөрөө Төрийн банкны 4040хххххх78 тоот дансаа ашиглаж байсан. Харин Б.О гэх хүнийг танихгүй учир энэ хүнээс би мөнгө аваад байх шаардлага байхгүй, тухайн үед А.О миний дансыг асууж байсан бөгөөд дансаа өгч байгаач мөнгө орохоор энэ данс руу шилжүүлээд өгөөч гэж гуйж байсан санагдаж байна, бусдаар дээрх 6,187,000 төгрөгийг би огт мэдэхгүй байна. Энэ бол миний мөнгө биш бас О гэдэг хүнээс би мөнгө аваагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал/ гэсэн,
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр 2024 оны 08 дугаар сарын эхээр 14 хоногийн хугацаанд дадлага хийсэн, би *** мөрдөгчтэй найз нөхөд төрөл садны холбоо хамаарал байхгүй, дадлагын чиглүүлэгч багш гэдгээр л таньж мэддэг, би *** мөрдөгчтэй холбоотой байдаг. Би Хаан банканд 5112хххх29, 5427хххх20 тоот дугаарын данс эзэмшдэг, надаас өөр хүн ашигладаггүй, өдөр тутамдаа ашигладаг, нэвтрэх нэр, нууц үгийг нь ч мэдэхгүй. ...*** мөрдөгч 2025 оны 06 дугаар сард миний инстаграмын хаяг руу өөрийн ашигладаг А.О rэх хаягаас дансны дугаараа явуулчих гэж асуусан, би шалтгааныг нь тодруулалгүй өөрийн ашигладаг 5427хххх20 дугаарын дансыг явуулсан. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний эзэмшлийн 5427хххх20 дугаарын данс руу 600,000 төгрөг, 5749хххх47 дугаарын данснаас орлого орж ирсэн. Би инстаграм хаягаар *** мөрдөгчид хэлэхэд над руу дансны дугаар явуулаад 500,000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу 500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн 100,000 төгрөгийн 80,000 төгрөгийг нь өөрийн эзэмшлийн М банкны 8000хххх70 дугаарын данс руу шилжүүлж А.О мөрдөгчийн хэлсний дагуу М банкны 8000хххххх60 дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000 төгрөгийн 10,000 төгрөгийг 5030хххх70 дугаарын данс руу “һ” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн, үлдэгдэл 10,000 төгрөгийг 5040хххх13 дугаарын данс руу шилжүүлсэн, би *** мөрдөгчийн хэлсний дагуу дансанд орж ирсэн мөнгийг бүгдийг нь өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлсэн. Ямар учиртай гүйлгээ миний дансаар хийлгээд байгааг асуугаагүй, ямар учиртай мөнгө гэдгийг нь ч мэдээгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би цагдаагийн байгууллагад 9 жил ажилласан, Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялын талаар бичгээр тайлбар гаргасан, би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 35, 2 дугаар хавтаст хэргийн 161, 164 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 7, 19-20, 2 дугаар хавтаст хэргийн 3, 34-35, 88, 89-96, 106-108, 183-188, 196-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-8, 9-15, 27-31 дэх тал/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-16, 2 дугаар хавтаст хэргийн 109-147 дахь тал/,
- Эрүүгийн 24ххххххххх69 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 30-240 дэх тал/,
- Цагдаагийн Ерөнхий газрын болон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын тушаал /2 дугаар хавтаст хэргийн 49-51, 62 дахь тал/,
- Ажил байдлын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 52-55 дахь тал/,
- Төрийн албан хаагчийн анкет /2 дугаар хавтаст хэргийн 56-61 дэх тал/,
- Албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
- Шүүгдэгчийн гараар бичиж өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
- Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал/, үндэсний гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/, өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч *** Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,
“Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3-д “явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ буюу эрүүгийн 2410000001069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тус хэргийн яллагдагч Б.Оаас хохирогч нарт хохирол төлбөрийг “надаар дамжуулж өг, бэлнээр аваад ир гэж”, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,187,000 төгрөгийг,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг буюу нийт 6,187,000 төгрөгийг өөрийн танил болох Ө.Аийн Төрийн банканд эзэмшдэг 1404001868378 тоот дансаар дамжуулан өөртөө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө 6,187,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Оын: “…Би 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл Мая Гүүд карго /My Good cargo/ XХК-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 4 хүний НӨАТ-ын мөнгийг хувьдаа завшсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад *** шалгасан, хохирлын 6.187.000 төгрөгийг хохирогч нарт өгөх ёстой болсон. *** мөрдөгч намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дуудаж хохирлын мөнгийг өг гэхээр нь би өөрөө өгнө гэхэд *** мөрдөгч намайг бэлнээр аваад ир гэсэн, би гэр хол тул мөнгөө маргааш аваад ирэх үү гэхэд манай дадлагын хүүхдийн дансанд шилжүүлчих гээд миний вайбар руу Ө.А гэх нэртэй дансны дугаар явуулсан. Би түүний хэлсний дагуу өөрийн Хаан банкны данснаас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,187,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *** мөрдөгч миний утас руу өөрийн 90хххх60 дугаарын утаснаас залгаад үлдэгдэл 500,000 төгрөгийг 1404ххххххх78 тоот дансанд хий гэсэн. Би хэлснийх нь дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би *** мөрдөгчид хохирогчид мөнгөө нэхээд байна гэхэд мөнгө прокурор дээр байгаа гэж хэлдэг байдаг. 2025 оны 05 дугаар сард намайг Хан-Уул дүүргийн прокуророос дуудан яллах дүгнэлт гардуулсан, тухайн яллах дүгнэлтэд хохирлын мөнгийг барагдуулаагүй, төлбөр төлөх оролдлого хийгээгүй гэж бичсэн байсан бөгөөд холбогдох хэрэг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Би цагдаагийн алба хаагчийг мөнгийг аваад хохирогч нарт өгнө гэж бодож өгсөн, би хохирлын мөнгийг хохирогч нарт нь өгсөн гэж ойлгож байтал над руу хохирогч нар яриад одоо болтол мөнгөө аваагүй байна гэж удаа дараа ярьсан. ...Би өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор мөнгө өгөөгүй, хохирогчдын мөнгийг өгөх зорилгоор мөнгө шилжүүлсэн. ...*** мөрдөгчөөс нэхэмжлэх зүйл байхгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/ гэсэн, гэрч С.Одончимэгийн: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр 2024 оны 08 дугаар сарын эхээр 14 хоногийн хугацаанд дадлага хийсэн, ...*** мөрдөгч 2025 оны 06 дугаар сард миний инстаграмын хаяг руу өөрийн ашигладаг А.О rэх хаягаас дансны дугаараа явуулчих гэж асуусан, би шалтгааныг нь тодруулалгүй өөрийн ашигладаг 5427хххх20 дугаарын дансыг явуулсан. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний эзэмшлийн дансанд 600,000 төгрөг, орлого гэж орж ирсэн. Би *** мөрдөгчийн хэлсний дагуу дансанд орж ирсэн мөнгийг бүгдийг нь өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлсэн. Ямар учиртай гүйлгээ миний дансаар хийлгээд байгааг асуугаагүй, ямар учиртай мөнгө гэдгийг нь ч мэдээгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/ гэсэн, гэрч Ө.а-н: “...Б.О гэх хүнийг танихгүй учир энэ хүнээс би мөнгө аваад байх шаардлага байхгүй, тухайн үед А.О миний дансыг асууж байсан бөгөөд дансаа өгч байгаач мөнгө орохоор энэ данс руу шилжүүлээд өгөөч гэж гуйж байсан санагдаж байна, бусдаар дээрх 6,187,000 төгрөгийг би огт мэдэхгүй байна. Энэ бол миний мөнгө биш бас О гэдэг хүнээс би мөнгө аваагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 7, 19-20, 2 дугаар хавтаст хэргийн 3, 34-35, 88, 89-96, 106-108, 183-188, 196-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-8, 9-15, 27-31 дэх тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-16, 2 дугаар хавтаст хэргийн 109-147 дахь тал/, эрүүгийн 24ххххххххх69 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 30-240 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосныг “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилж,
“нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэж,
“албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна гэж,
“урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор хуулийн тайлбар хэсэгт тусгажээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр буюу ТТ-12 албан тушаалын зэрэглэл бүхий Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн буюу төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрүүгийн 241хххххх1069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тус хэргийн яллагдагч Б.О хохирогч нарт хохирол төлбөрийг “надаар дамжуулж өг, бэлнээр аваад ир гэж” үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,187,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг буюу нийт 6,187,000 төгрөгийг өөрийн танил болох Ө.Ан Төрийн банкны дугаар бүхий дансаар дамжуулан өөртөө авч, давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр, 12 дугаар сарын 02-ны өдөр нэг удаагийн, нийт 3 удаагийн гүйлгээгээр дээрх мөнгийг шилжүүлэн авсан нь дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч *** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, хэргээ хүлээн мэдүүлж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж заасан бөгөөд шүүгдэгч ***гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг энэ үеэс буюу 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.От 6,187,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** хохирлыг төлж барагдуулсан /2 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал хохирогчийн мэдүүлэгт дурдсан/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 250200850316 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.о гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баттулгын А.Од нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *** нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 250200850316 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 /гурав/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах болон МУ-ын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, энэ хэргийн гэрч А.О, С.О, Ө.А нартай уулзах, харилцахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах болон МУ-ын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, энэ хэргийн гэрч А.О, С.О, Ө.А нартай уулзах, харилцахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР