Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2023/00198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... ХХК /УБД:...., РД:..../-ийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Замын-Үүд хариуцсан ажилтан, Д овогт Ө /РД:..., утас:..../

Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ....  тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт Б-ы О /РД: ..., утас: .../-д холбогдох

 

Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээний 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.О нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

            Манай ... компани нь ...-ийн оршин суугч, иргэн Б-ы О-тай 2021 оны 09 сарын 30-ны өдөр “Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ...-д байрлах “....” зочид буудал”-д өөрийн компанийн жолооч ажилтнуудыг байрлуулан, хоол авч төлбөр төлөхөөр тохиролцсон билээ. Ийнхүү бид 2021 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн 52 жолоочийн 14 хоногийн хоолны төлбөрт нэг хүний 40,000 төгрөгөөр тооцон, нийт 29,120,000 төгрөгийг Б.О-ы дансанд шилжүүлэн төлсөн билээ. Бид 2021 оны 10 сарын 04-10-ны өдрүүдэд нийт 11,920,000 төгрөгийн үйлчилгээ аван, хил хаагдсаны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, Замын-Үүд боомтоос нийт жолооч нараа буцаан татсан бөгөөд, урьдчилан төлсөн 29,120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг бид ашиглаагүй, энэ мөнгөн дүнгээр үйлчилгээ авч чадаагүй юм. Бид үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байгаа талаар удаа дараа албан хүсэлт өгч, утсаар ярьсан бөгөөд, Б.О нь одоог хүртэл төлөөгүй, удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Иймд хариуцагч Б.О-аас 14,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ө шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: О-тай 2021 оны 09 сарын 30-нд гэрээ байгуулан 29,120,000 төгрөгийг төлсөн. 2021 оны 10 сарын 04-нөөс 10-ны хооронд нийт 11,920,000 төгрөгийг зарцуулсан гэж О-ы хэлснээр бид зөвшөөрсөн. Хил хаагдаж бид жолооч нараа Өмнөговь руу эргүүлэн татсан юм. Буудлын төлбөрт төлсөн төлбөрөөс зарцуулагдаагүй үлдсэн 14,340,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. О-д үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаардаж утсаар ярьж, хугацаа тогтоож өгч байсан. О нь төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. О-ы зүгээс компанид 700,000, 1,100,000, 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Компаны зүгээс О-д үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг хангалттай тогтоож, боломж нөхцөлөөр хангаж байсан. Бид зөвхөн үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа, ямар нэгэн алданги, торгууль нэхээгүй болно. Гэрээний 11.1-д зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчний зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Гэсэн заалтын дагуу бид буудлаас гарах болсон. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр манай компанийн тээвэрлэлтийг зогсоож аймгаас зөвшөөрөл авч ир гэж хэлсэн. Иймд бид жолооч нараа буудлаас гаргасан. Буудалд зарцуулаад үлдсэн 14,340,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт О-с гаргуулж өгнө үү.    

            Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 14,340,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Тус компани шаардлагын дагуу 55 хүнийг хүлээн авах хооллоход маш их бэлтгэл мөнгө зарцуулж бэлдсэн боловч манай буруугаас болоогүй өөрсдийн зөвшөөрөл, үйл ажиллагаанаас болж буцсан. Манай хувьд хохиролтой үлдсэн тул төлөх мөнгө ч байхгүй учир зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тус компани ажилчдыг тав тухтай байлгах гэж маш их хүч хөдөлмөр, мөнгө зарцуулсан. Бололцоо нөхцөлөөрөө 700,000, 500,000, 1,100,000 төгрөгийг тус тус компанид төлсөн. Эднийх намайг маш хүнд нөхцөлд үлдээсэн. Хилээр тээвэрлэлтээ хийх боломжгүй болоод буцсан. Зөвшөөрөлөө аваад буцаад ирнэ гэж хэлээд яваад тэр чигээрээ алга болсон. Манай буудлаас гарах болсон шалтгаан нь надаас болоогүй. Би ковидын хүнд хэцүү нөхцөлд банкны өрөнд ороод байж байхад эдний компани надад санал тавьсан. Би банкны өрнөөс гарах боломж олдож байна гэж бодоод саналыг нь зөвшөөрч буудалдаа оруулсан. Тэгтэл бөөн оронд оруулчихлаа. Би төлбөрөөс үлдсэн үлдэгдэл 14,340,000 төгрөгийг төлж чадахгүй. Эдний ажилчид манай буудалд 2021 оны 10 сарын 04-нөөс 10-ны хооронд буудалж үйлчлүүлсэн. Тэгээд л гэнэт гараад явчихсан. Энэ компани нь Замын-Үүдээс нүүрс тээвэрлэх зөвшөөрөл байхгүй байсан шалтгаанаар Замын-Үүдээс явсан гэж бодож байна. Гаалийн Ерөнхий газраас ирсэн бичэгт ... компани нь нүүрс тээвэрлэх “ГИТ” гэх бичгийг 2023 оны 03 сарын 27-ны өдөр л авсан байсан. Иймд манай буудалд буух үедээ буюу 2021 оны 10 сард зөвшөөрөлгүй байж гэж үзэж байна. Манай буруутай үйлдлийн улмаас буудлаас гараагүй тул би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.   

            Нэхэмжлэгч талаас:

            Улсын тэмдэгтийн хураамжид 229,650 төгрөг төлсөн баримт,

            .... ХХК-ны улсын бүртгэлтийн гэрчилгээний хуулбар,

            2021 оны 09 сарын 30-ны өдрийн Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралт 1,

            Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 10 сарын 06-ны өдрийн шилжүүлэгийн мэдээлэл,

            ... ХХК-аас Б.О-д “Зочид буудал түрээсийн гэрээ”-ний дагжж илжүүлсэн төлбөрийн тооцоо,

            .... ХХК-ний ажилчдын Замын-Үүд ... зочид буудалд байрласан хоол буудлын тооцоо нийлсэн акт,

            ... ХХК-д буцаан төлөлтийн график, Б.О-ы ... ХХК-нд гаргаж байсан өргөдөл,

... ХХК-ны дүрэм,

... ХХК-ны итгэмлэгдсэн төлөөлөгч томилсон тухай ....-ны өдрийн ... дугаартай албан тоот зэрэг баримтуудыг өгсөн.

Хариуцагч талаас:

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримт,

Б.О-ы ХААН банкны 2022 оны 01 сарын 01-нээс 2022 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга зэрэг нотлох баримт гаргаж өгсөн болно.

Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу дараах баримтуудаар гаргуулж авсан:

Гаалийн ерөнхий газрын ...-ны өдрийн ... дугаартай албан тоот “... ХХК /РД:.../ нь Гаалийн ерөнхий газрын даргын ...-ны өдрийн ... дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор экспортлож буй нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх нэхэмжлэлийг /ГИТ/ 3 жилийн хугацаагаар авсан байна”

  Гаалийн ерөнхий газрын ...-ны өдрийн ... дугаартай “Гаалийн итгэмжлэл олгох тухай” албан тоот,

Авто тээврийн Үндэсний төвийн ....-ны өдрийн... дугаартай албан тоот “... ХХК /РД:.../ нь манай газраас Дорноговь аймгийн Замын-Үүд БНХАУ-ын Эрээн боомтын чиглэлд 2021 оны 04 дүгээр улирлын “С” төрлийн зорчих зөвшөөрлийн 80 ширхэг бичиг авсан байна. Зөвшөөрөлийн бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв”

...-ны өдрийн ... дугаартай албан тоотын хавсралт  

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:            

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:

2021 оны 09 сарын 30-ны өдөр “Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан Замын-Үүдэд байрлах “...” зочид буудал”-д компанийн жолооч, ажилтнуудыг байрлуулан, хоол авч төлбөр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 10 сарын 06-ны өдөр 52 жолоочийн 14 хоногийн хоолны төлбөрт нэг хүний 40,000 төгрөгөөр тооцон, нийт 29,120,000 төгрөгийг Б.О-ы дансанд шилжүүлсэн. 2021 оны 10 сарын 04-10-ны өдрүүдэд нийт 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээвэрлэлт зогссоны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, Замын-Үүд боомтоос нийт жолооч нараа буцаан татсан, урьдчилан төлсөн 29,120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг ашиглаагүй тул Б.О-с гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Б.О нь “манай үйл ажиллагааны буруугаас болоогүй, өөрсдийн зөвшөөрөл, үйл ажиллагаанаас болж жолооч нар нь буцсан тул үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх боломжгүй” гэж маргасан.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.О талуудын хооронд Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн гэж тайлбарласан. Ажил гүйцэтгэх гэрээний гол онцлог нь ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зохигчдийн хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 30-ны өдрийн гэрээгээр ямар нэгэн ажил гүйцэтгэх ямар ч тохиролцоо байгаагүй нь 2021 оны 09 сарын 30-ны өдрийн гэрээ /х.х-ийн 06-11/, талуудын тайлбараар тогтоогдсон.

... ХХК нь хариуцагч Б.О-тай 2021 оны 09 сарын 30-ны өдөр 52 хүнд зочид буудлын үйлчилгээ авахаар гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг талууд 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хуанлийн 3 сарын хугацаатайгаар, зочид буудалд байрлах 1 хүний нэг хоногийн төлбөр 40,000 төгрөг байхаар харилцан тохиролцон болох нь гэрээний 1.1, 2.1, 3.1-т тус тус тусгасан байна. Нэхэмжлэгч байгууллага нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр хариуцагч Б.О-ы ХААН банкны ... дугаарын данс руу буудал, хоолны төлбөрт 29,120,000 төгрөгийг шилжүүлсэн нь шилжүүлэгийн мэдээлэл /х.х-ийн 13/-ээр тогтоогдож байна. Зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан 2021 оны 09 сарын 30-ны өдрийн гэрээнээс талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч ... ХХК-ний эзэмшил, ашиглалтанд зочид буудлын тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, нэхэмжлэгч компани нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Гэрээний урдчилгаа төлбөр 29,120,000 төгрөгөөс 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, хариуцагч Б.О нь нэхэмжлэгч талд 2021 оны 12 сарын 14-нд 700,000 төгрөг, 12 сарын 31-нд 1,100,000 төгрөг, 2022 оны 01 сарын 05-нд 500,000 төгрөгийг буцаан төлсөн, 2022 оны 03 сарын 19-нөөс 2022 оны 03 сарын 22-ны өдрийн тооцонд 560,000 төгрөг зарцуулагдсан тооцон дээр талууд маргаагүй болно. 

Хариуцагч Б.О нь “2021 оны 09 сарын 30-ны өдрийн гэрээтэй бүрэн эхээр нь танилцаагүй, гар утсанд гарын үсэг зурах сүүлийн хуудсыг ирүүлж би гарын үсэг зурсан, гэрээнд юу заасан талаар мэдээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбараар тус гэрээг хуулийн шаардлагад нийцээгүй, хууль бус гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн хариуцагч нь тус гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл хугацаанд ... ХХК-ний ажилчдыг ... буудалд байршуулан, зочид буудлын үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ө гаргасан тайлбартаа “Манай компанид Замын-Үүд боомтоор Эрээний боомт руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл байсан боловч Замын-Үүдийн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээвэрлэлт хийх боломжгүй болсон. Аймгаас зөвшөөрөл авч ир гэсэн шаардлага тавьсан. Ийм учраас бид буудлаас гарч Замын-Үүдээс явсан.” гэжээ. Нэхэмжлэгч ... ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд БНХАУ-ын Эрээн боомтын чиглэлд 2021 оны 04 дүгээр улирлын “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй байсан нь Авто Тээврийн Үндэсний төвийн ...-ны өдрийн ... дугаартай албан тоот /х.х-ийн 96/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдсон.

Гэрээний 11.1-д “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /газар хөдлөлт, үер усны гамшиг зэрэг байгалийн гэнэтийн аюул осол, халдварт болон цар тахал өвчин, Монгол улсын Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хөл хорих, тусгаарлалт, дайн байлдаан, тээвэрэлт зогсох нөхцөх байдал г.м/-ийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэх боломжгүй болсныг ойлгоно.” гэж тусгажээ. Нэхэмжлэгч тал гэрээний тус заалтын дагуу гэнэтийн нөхцөл байдал үүссэн, тус сумын төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргасан боловч тус тайлбараа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй.

Гэрээний 10.2-т “Гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй”, 10.2.1-д “Талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол”, 10.2.2-т “Хуульд заасан бусад үндэслэл” гэжээ. Нэхэмжлэгч тал эдгээр заалтын алинд нь хамаатуулж гэрээг цуцлаж байгаа нь тодорхойгүй байна.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдод гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227.2-т зааснаар “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдал нь нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндсэлэл хамаарахгүй” гэж хуульчилсан.

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаг талууд гэрээний 11.1-д тусгасан. Гэвч нэхэмжлэгч тал гэнэтийн байдлын улмаас буюу төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас Б.О-тай байгуулсан гэрээг гэрээний хугацаандаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадсангүй гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.2 -т зааснаар нэхэмжлэгч ... ХХК-нийн нэхэмжлэлтэй Б.О-д холбогдох гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.Б