Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

 

 

 

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н /зайнаас цахимаар/,

Хохирогч: Д.Г /зайнаас цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: З.А /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Б-д холбогдох, эрүүгийн 2119000000094 дугаартай, 1 хавтас, 159 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч З.А, хохирогч Д.Г нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймаг Даланжаргалан сумын * дүгээр баг, Их нартын *-** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт М-ийн Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * дүгээр баг, Жарангийн *-*** тоотод оршин суух Д.Г-ын гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Г-тай маргалдан, улмаар толгойноос нь гараараа барьж байгаад нүүрэн тус газар нь хөлийн өвдөг хэсгээрээ нэг удаа өшиглөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь хохиролд 123 800 төгрөг төлөх болохыг дурдаж, хохирогч Д.Г нь 9 844 000 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шүүгдэгч М.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хохирогчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хохирогч Д.Г-ын биед учирсан гэмтлийн зэрэг үндэслэлтэй, шинжээчийн дүгнэлт үнэн зөв дүгнэгдээгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, хор уршиг бүрэн арилаагүй, шинжээчийн 02/0147 дугаартай дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийг тогтоохдоо хохирогчийн биед биечлэн үзлэг хийгээгүй, хохирогчийн компьютер томографикын бичгийг үндэслэл болгож дүгнэлт гаргасан, хохирогчид учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтдээ тусгахдаа зөвхөн хугарал байдлаар тусгаж өгсөн, шинжээчийн дүгнэлт үнэн зөв дүгнэгдсэн зүйлгүй байдаг. Д.Г-ны гэмтэл бэртлийг компьютер томографикт хийгдсэн оношоор хамар ясны хажуу зөрүү бүхий хугаралтай, зүүн талын хоншоор ясны хөндийд өмнөд болон дотор хана хөндий рүүгээ цөмөрсөн зөрүү бүхий хоёрлосон хугаралтай, 2 талын духны хөндий болон зүүн талын самалдаг хөндийд +39+64HU нягтрал бүхий агууламжтай гэж оношлогдсон байдаг ба энэхүү гэмтлүүдийг шинжээч дүгнэлтдээ дүгнэж оруулсан зүйлгүй байдаг. Хохирогчид учирсан ясны хугарлууд нь цөмөрсөн, хоёрлосон хугарлууд учирсан байхад энэ бүгдийг шинжээч дүгнэлтдээ тусгаагүй байгаа нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, үнэн зөв дүгнэсэн зүйлгүй байна. Мөн хохирогчид учирсан гэмтлийг нарийн мэргэшлийн эмчийн үзлэг оношоор давхар тодруулахаар байдаг ба үүнтэй холбоотой баримт хохирогчийн картад бичиж тэмдэглэгдсэн байдаг. Хохирогч өөрөө биечлэн Улаанбаатар хот явж нарийн мэргэшлийн эмчид хувиараа үзүүлэхэд хацар яс хугаралтай талаар хэлсэн байдаг ба эдгээрээс харахад хохирогчийн биед учирсан гэмтэл компьютер томографикын оношоор хязгаарлагдахгүйгээр өөр гэмтэл байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд хохирогчийн биед нарийн мэргэшлийн шинжээч эмч давхар үзлэг хийснээр хохирогчийн биед учирсан гэмтлийг бүрэн дүүрэн тодорхойлогдох боломжтой байхаар харагдаж байгаа, иймээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж хохирогчийн биед учирсан гэмтлийг бүрэн гүйцэт тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогч Д.Г нь өөрт учирсан гэмтлүүдээ 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эмчид үзүүлсэн байдаг ба эмчийн үзсэн тэмдэглэлд эрүү нүүрний нарийн мэргэшлийн эмчид үзүүлэхээр зөвлөгдсөн, мөн хамар ясны хугарлын мэс засалд орохыг зөвлөж 2000000 төгрөгийн төлбөртэй болохыг бичиж өгсөн байдаг. Уг нь 2000000 төгрөгийн хохирол төлбөрийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хохирогч өөрт учирсан гэмтлээ 6 сарын дотор хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай, 6 сарын хугацаа өнгөрвөл хагалгаа хийхэд хүндрэлтэй болох талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний хугацаанд хохирогчид сайн дур санаачилгаараа эмчилгээний төлбөр мөнгөний туслалцаа үзүүлэлгүй байснаас хохирогчийн биеэ эмчлүүлэх хугацаа хойшлогдож байгаа тул хохирогчид цаашид үлдэх үлдэц хор уршигтай гэмтэл эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоолгож, дүгнүүлэх шаардлагатай, хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, мөнгө санхүүгийн боломжгүйгээсээ болоод эмчилгээгээ хийлгүүлж чадалгүй эрүүл мэндээрээ хохирч байгааг анхаарч үзэхийг хүсье. Хэргийн хохирогчийг М.Б өөрөө цуг авч яваад эмчлүүлэх боломжтой хугацаа байсан, хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хамар ясны хагалгаанд орох зардал болох 2000000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж мөн хохирогчийн учирсан гэмтлийн зэргийг эрүү нүүрний, хамар хоолойн, нүдний тусгай мэргэшлийн эмчийг оролцуулан дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэж давж заалдах гомдол бичсэн” гэв.

 

Хохирогч Д.Г давж заалдах гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д овогтой Г 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрэндээ өвдгөөр өшиглүүлж хамартаа болон хацартаа гэмтэл авсан. Уг хэргийг цагдаад мэдэгдсэн. Гэвч шинжээч эмч Э.А нь над руу яриагүй байж хохирогчийг биечлэн үзэх талаар өөрт нь хэлэхэд ирэх боломжгүй гэсэн худал дүгнэлтэд гомдолтой байна. Мөн хамрын яс янзлуулах төлбөр 2.000.000 гэсэн эмчийн бичиг байгаа хэдий ч бидний хохирлыг барагдуулах мөнгө өгөхгүй байна. Энэ хугацаанд Б надтай холбоо барьсан зүйл байхгүй. Эмчилгээний хугацаа маань дуусах гээд байна. Эмчийн зөвлөснөөр 6 сарын хугацаанд хамрыг эмчлэх боломжтой ба түүнээс цааш хугацаанд боломжгүй гэсэн. Би улсын нэгдүгээр эмнэлгийн эмчид үзүүлээд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг шаардлагатай гэсэн учир тэрийгээ аваад эхний ээлжид хамраа эмчлүүлмээр байна. Миний хацрын яс цөмөрсөн. Би шинжээчийн дүгнэлтэд гомдолтой байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулъя гэсэн асуудлыг прокурорын шатанд болон урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн өмгөөлөгч удаа дараа гаргаж байсан. Энэ асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Тухайн үед хүсэлтээ эргэлзээтэй байна гэгддэг. Одоо болохоор давж заалдах гомдолдоо үндэслэлгүй шинжээчийн дүгнэлт гарсан байна гэж байх шиг байна. Энэ асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх үед “хамар ясны хоёрлосон” гэж дүгнэлтэд тусгагдаагүй байна гэдгийг шинжээч эмч А тодорхой тайлбарласан байдаг. Хохирогчийн зүгээс дахин шинжээч томилбол хохирлын зэрэг хүнд гарах гээд байна гэж тайлбар өгдөг. Гэмтлийн зэргийг хүнд, хөнгөн, хүндэвтэр гэж ангилах  нь өөрөө эдгэрэх хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт, ялангуяа хүнд гэмтлийн хэлбэр амь тэмцсэн байдал, амь насанд аюултай байдал зэргээрээ ангилагдан гардаг гэдгийг тодорхой тайлбарласан. Хамар ясны хоёрлосон хугарал гэдгээр дахин шинжээчийн дүгнэлт гаргалаа ч гэсэн гэмтлийн зэргийн хувьд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй юм. Хоёрлосон хугарал гэдгийг эцсийн дүндээ хугарал гэж гаргахаас биш хохирогчийн өмгөөлөгч хоёр, гурав гэдэг дээр илүү ач холбогдол өгөөд байгаа боловч хугарал гэдэг зүйлийг шинжээч эмч тодорхой тайлбарлаж өгсөн. Мөн дараагийн асуудал “хацар ясны хугарал” хэмээн хохирогч Г хувийн эмнэлэгт үзүүлсэн гэх юм. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар хацар ясанд гэмтэл учирсан гэдэг эмчийн үзлэг, бичиг байхгүй байна. Шинжээч эмч анагаах ухааны тодорхой мэдлэг гэх утгаар нь хохирогчийн гэмтэлтэй холбоотой Улаанбаатар хотод үзүүлсэн гэх картыг шүүхийн хэлэлцүүлэгт эмчээр уншуулахад түүн дээр хацар ясны хугарал гэж байгаагүй. Гэтэл хаана, ямар эмнэлэгт үзүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй, амаар яригдаад байгаа баримт дээр дахин бүрэлдэхүүн томилуулах нь тохиромжгүй юм. Хохирогч Г-аас асуухад “би нэрийг нь мэдэхгүй, нэг эрэгтэй эмчид ороод үзүүлээд ёолсон чинь л өө чиний хацар яс хугарчихсан байна шүү” гээд тэгсэн. Тэгээд л миний хацар яс хугарсан гэсэн ийм л бүдэг бадаг, үндэслэлгүй үзвэргүй тайлбар өгдөг. Шинжээч эмч юу гэж тайлбар гаргасан бэ гэхээр шинжээч эмч эмнэлгийн бичиг баримт дээр үндэслэн дүгнэлт гаргах эрхтэй байдаг ба тэр эрхийнхээ дагуу дүгнэлтээ гаргасан. Яс хугарал гэдгийг эмч ч бай, иргэн ч бай зүгээр л гараа тавьж үзээд яс хугарсан гэж үзэхгүй ээ, заавал рентген зургийг үндэслэж байж яс хугарсан гэдгийг тогтоодог гэж хэлсэн. Иймд Г-ны гэмтлийг эмнэлгийн бичиг баримт дээр тулгуурлан дүгнэлтээ гаргасан гэдэг. Тиймээс энэ гэмтэл яагаад ч хүнд зэргийн гэмтэлд орохгүй. Хохирол төлбөрийн тухайд бол шүүхийн хэлэлцүүлэг дээр 3.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг гээд сүүлдээ 10.000.000 төгрөг гэж хохирлын үнийн дүнгээ аман баримжаагаар тогтворгүй нэхэмжлээд байдаг. Тэгээд магадгүй хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлт ч байж магадгүй байх л даа. “Г-ны эмчилгээ монгол улсад эмчлэгдэх боломжгүй” гэж байснаа одоо болохоор монголд эмчлэгдэнэ гэсэн янз бүрийн эргэлзээтэй хүсэлт, тайлбаруудыг өгөөд байдаг. Тэр 2.000.000 төгрөгийн тухайд эмчдээ “надад 2.000.000 төгрөг гэж бичээд өгөөч” гээд бичүүлж байсан тохиолдол илэрч л байсан. Эмч эмчилгээний үнийн дүнг гаргахгүй. Тэд зөвхөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын 3 төрлөөр хамар яс, нүүр ам судлалын чиглэлээр хагалгаа хийнэ. Ингэхдээ эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүст 90 хувь буюу 85 хувийг улсаас төлнө. Иргэн хүн хэдийг төлөх вэ гэхээр үнэ хөлсөө төлөхөд 3 янзын хагалгаа хийнэ гээд заагаад өгсөн байдаг. Тэгэхээр 2.000.000 төгрөг алинд нь ч хамаардаггүй. Бүлгийн жингээр ямар өвчин гэж, хэдэн төгрөг байдаг вэ гэдгийг улсаас тогтоочихсон. Тэр тогтоосон журам Г-д учирсан гэмтэл яаж орох уу гэдгийг манай зүгээс хавтаст хэрэгт хавсаргачихсан байгаа. Ингээд үзэхээр 2.000.000 төгрөг гэсэн дүн хамаарахгүй. Ямар учраас улсын эмнэлэг “эмчлүүлэгсдийн карт дээр ямар ч үндэслэлгүй үнийн дүн бичиж, хэзээ хаана, юуны хагалгаа хийлгэх талаар бичдэг юм бэ” гэдгийг бол нотлох баримтаар үнэлээгүй нь анхан шатны шүүх үндэслэлгүй гэж шийдсэн юм. Аливаа улсын эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд даатгалын тасаг гэж бий тэд бүлгийн жингээр хүний биеийн бүхий л эрхтнүүдийг ангилан кодолдог. Тэр кодоороо даатгалын тасаг жин, үнээ тогтоогоод төлбөр тооцоогоо хийснээр эмч рүү явуулдаг. Түүнээс эмч төлбөр тооцоонд оролцдоггүй учир ийм үндэслэлгүй асуудлыг дэвтэр дээр бичүүлээд, үүгээрээ хохирлын төлбөр авна гэж яриад байгаа нь анхан шатны шүүх энэ нотлох баримтад үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэдэг дээр тайлбар хэлье. Тухайн үед шинжээч А нь дүгнэлт гаргахдаа компьютер томограф оношлуурын бичиг буюу эмнэлгийн баримт материалыг судалж үзээд “дүгнэлт гаргахад хангалттай баримт байна” гэж үзэн шинжээч дүгнэлтээ гаргасан байдаг. Давж заалдсан гомдолд дурдагдсан “хориглосон буюу хоёрлосон зөрүүтэй гэж дүгнэн бичсэн байгааг тайлбарлаж бичих” гэдэгт шинжээч А шинжээчийн эрхийн хүрээнд тодорхой тайлбарласан байдаг. “Хоёрлосон буюу зөрүүтэй цөмөрсөн” гэж бичсэн байгаа нь хугарлын нэг хэлбэр учраас хугарал гэдэг нь ерөнхий нэршил учир хугаралтыг дүгнэлт хэсэгтээ заавал тодорхой тайлбарлах шаардлага байхгүй. Яагаад гэвэл компьютер томограф оношлуурт тодорхой бичсэн зүйлийг дүгнэлтдээ хугарал гэдэг энгийн нэршлээр нэрлэж байгаа юм. Хохирогч Г-ны хувьд эрүүл мэндэд хөнгөвтөр хохиролтой гэж дүгнэлт гаргасан нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй, нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн гэдгийг хохирогчийн хяналтын карт дээр бичсэн гэдэг. Ямарваа нэгэн нарийн мэргэжлийн эмч, өрхийн эмнэлгийн эмч нар хэн нэгний өвчнийг үзээд эмчилгээний зардлыг карт дээр гараараа бичсэн нь нотлох баримтгүй, ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. Ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн яамнаас гаргасан хагалгааны төлбөрийн талаарх жагсаалт байдаг. Тэрний дагуу өмгөөлөгч Нямсүрэнгийн зүгээс хавтаст хэрэгт хавсаргасан нь анхан шатны шүүхийн нотлох баримт нь судлагдсан байх. Тийм болохоор тухайн 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн хохирогч Г нийтдээ 9.844.000 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнд ямарваа нэгэн байдлаар цаашид эмчилгээ хийлгэх, эмчилгээний зардлын талаар нотлох баримт байдаггүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан байх тул хохирогчийн өмгөөлөгч болон хохирогч Ганчулууны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Хохирогчийн өмгөөлөгч З.А, хохирогч Д.Г нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдгээрт бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

               Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянан хэлэлцвэл 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч, хохирогч нар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4-р баг, Жарангийн 3-300 тоотод орших Д.Г-ны гэрт хамт архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар М.Б нь Д.Г-ны толгойноос нь гараараа барьж байгаад нүүрэн тус газар нь хөлийн өвдгөөрөө нэг удаа өвдөглөж өшиглөснөөс болж Д.Г-ны биед хоншоор ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтлүүд учирсан ба хоншоор ясны хугарал нь хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан нь шүүгдэгч, хохирогч нар, гэрч Б.Э нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/0147 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/385 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.2.4-д зааснаар “Шинжилгээний объект” нь хүн болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримт байхаар заасан ба шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/-д   ...шинжилгээ хийлгэхээр 2 хувь тогтоол, эмнэлгийн томографикийн үзлэгийн хуудас, өвчтөний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар зэргийг хүргүүлж, дүгнэлт гаргахыг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд даалгасан.

               

Шинжээч Э.А 02/0147 дугаартай дүгнэлтээ гаргахдаа хохирогчийн биед үзлэг хийсэн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн кабинетаас гаргасан

  • Хамар ясны 2 хажуу хана зөрүү бүхий хугаралтай, таславч зүүн тал руу мурийлттай.
  • Зүүн талын хоншоор ясны хөндийн өмнөд болон дотор хана хөндийрүүгээ цөмөрсөн зөрүү бүхий хоёрлосон хугарлуудтай.

 

  • 2 талын нүдний ухархайн дотор хана самалдаг хөндийрүү цөмөрсөн хугаралтай.

 

  • Хамрын дайвар хөндийнүүдийн салст зузаарч хавагнасан.

 

  • Зүүн хоншоор ясны хөндийн өмнөд хананд 2.1*1.0см тод тэгш гадаргуутай голомтот өөрчлөлт илэрнэ.

 

  • 2 талын духны хөндий болон зүүн талын самалдаг хөндийд +39-+64НU нягтрал бүхий агууламжтай

гэсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 33/, амбулториор эмчлүүлэгчдийн картын тэмдэглэл /хх-ийн 34-40/, хохирогчийн нүүрний гэрэл зураг /42-45/ зэрэгт тус тус үндэслэсэн байна.

 

Хохирогч Д.Г болон түүний өмгөөлөгч З.А нарын зүгээс хацар ясны хугарал үүссэн, түүнийг шинжээч эмч дүгнэлтдээ тусгаагүй, уг хацар ясны цөмрөл хугарлыг гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гэж маргаж байгаа боловч эмнэлгийн баримтад хацрын ясны хугарлын талаар огт дурдаагүй, хэрэгт энэ талаар өөр баримтгүй байна.

 

Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн эмнэлгийн бичиг баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шинжээч дүгнэлт гаргахдаа илтэд хохирогчийн биед учирсан гэмтлийг орхигдуулсан, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дугаар зүйлд тус тус зааснаар “Шинжилгээ хийлгэх журам” -ийг тус тус зөрчөөгүй байх тул шинжээч Э.А-ын 02/0147 дугаартай дүгнэлт нь бодит байдлыг тусгасан, хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хохирогчийн биед учирсан гэмтлийг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч М.Б-н хохирогч Д.Г-ны толгой руу өвдөглөж өшиглөсний улмаас хоншоор ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд тус тус учирсан нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1, 2.4.1-д заасанд тус тус нийцэж гарсан 02/0147 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

            Шүүгдэгчийн хувьд нэг удаагийн хүчтэй өшиглөлтөөр хүний эрүүл мэндэд нь гэмтэл, хор уршиг учирна гэдгийг мэдэх эрүүл ухаан санаатай байсан байж зориуд хүсэж үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол, хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

 

                  Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч М.Б-н үйлдэл нь  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцох үйлдлийн шинжид нийцсэн ба анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

                  Хэргээс харахад хохирогчийн зүгээс 5000.000, 9844.000, 2000.000 төгрөг гэж нэхэмжилж эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлгүйгээр жичдээ иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн ба хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 123.800 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч төлсөн байна.

 

                  Хохирогчийн амбулториор эмчлүүлэгчдийн карт дээр сүүлд эмчээр  “төлөвлөгөөт журмаар мэс засал хийх, төлбөр 2 сая” гэж гараар нөхөж бичүүлсэн /хх-ийн 124/-г хохирогчийн эмчилгээний зардал гэж шүүх тооцох боломжгүй юм.

 

                  Шүүгдэгч М.Б-н үйлдсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь мөн үндэслэлтэй болсон, энэ талаарх хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

                  Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  хохирогчийн өмгөөлөгч З.А-ээс гаргасан “ ...хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах,  ...амбулториор эмчлүүлэгчдийн картад эмчийн гараар бичиж өгсөн 2 сая төгрөгийн төлбөрийг гаргуулах “, ... хохирогч Д.Г-аас “ ...эмчилгээний зардалд 2 сая төгрөг гаргуулах” зэрэг агуулгуудаар бичигдсэн давж заалдсан гомдлууд тус тус үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

                  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч З.А, хохирогч Д.Г нараас гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                           

                                                                                                  А.САЙНТӨГС