| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/01515/И |
| Дугаар | 182/ШШ2023/01681 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2023/01681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, Д.Н -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах А ХХК -д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: хаягт оршин суугч, М.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ану,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Э,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Баттулга,
Гэрч Н.Булган,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч Д.Н шүүхэд болон түүний төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК-тай 2019 оны 11 сарын 20-ны өдөр 19Г336 тоот зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн 19Г336 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан өөрийн эзэмшлийн Мобикомын 99**дугаарыг барьцаалан 32,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийг сар бүрийн 15-ны дотор төлөх үүргийг хүлээсэн ба эхний сарын гэрээний төлбөрийг 2019 оны 12 сарын 15-ны өдөр төлсөн. Ажлын шаардлагаар Солонгос улс руу 2019 оны 12 сарын 30-ны өдөр яваад 2020 оны 02 сарын 20-ны өдөр ирсэн. Дээрх хугацаанд 99111652, 88881652 дугаарын утас нээлттэй байсан бөгөөд 2020 оны 01, 02 сарын төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй. Солонгос улсаас ирээд зээлээ төлөх гэтэл түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээг дангаар цуцалж Д.Нын дугаарыг зарж борлуулсан байна. Хариуцагч нь Иргэний хууль зөрчиж гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хугацаа зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг авалгүйгээр зээлийн гэрээний 2.7-д заасан хугацаа дуусаагүй, мөн фидуцийн гэрээний 3.1.2-т заасан заалт, мөн Иргэний хуулийн 159.1, 159.2, 159.3-т заасан заалтыг зөрчиж дугаарыг зарж борлуулсан байна. Дээрх шалтгаанаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул 36,000,000 төгрөгийг буцаан төлнө. Иймд гэрээний үүргээ хариуцагч зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс Иргэний хуулийн 225.3-т зааснаар татгалзаж байгаа Д.Нын эзэмшиж байсан 99**дугаарыг буцаан түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч А ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч Б.Ану шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь 2019 оны 11 сарын 20-ны өдөр 19Г336 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж 32,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 361 хоногийн хугацаатай зээлэн, Мобикомын 99**дугаарыг барьцаалсан. Зээлдэгч Д.Н нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа манай байгууллагын дотоод дүрэм, журам болон зээлийн гэрээтэй бүрэн танилцан зөвшөөрсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэг, нөхцлөө зохих ёсоор биелүүлэхгүй зээлээ төлөхийг удаа дараа шаардан холбогдох зээлийн гэрээний 2.14.2 дах заалтыг биелүүлэхийг сануулж байсан. 2020 оны 02 сарын 21-ний өдөр 99**дугаарыг 38,000,000 төгрөгөөр зарж борлуулан 19Г336 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулсан. Мөн тухайн зээлдэгчийн үндсэн зээл, хүү, алданги, ярианы төлбөр нийт 45,483,040 төгрөг болсон. Манай компани борлогдсон дүнгээр тухайн зээлийг хаасан байдаг. Нэхэмжлэгчийн дурдаад байгаачлан зээлдэгчид мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан зүйл байхгүй. Бид Viber chat-аар холбогдож нөхцөл байдлыг дор бүр нь мэдэгдэж зээлээ төлөхийг шаардаж байсан. Мобикомын 99**дугаарыг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор зарж борлуулсан гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь миний эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Гэр бүлийн Гаргоз ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажлын шаардлагаар 9911-тэй дугаар хэрэглэх шаардлага үүссэн. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А ХХК-иас 38,000,000 төгрөгөөр худалдан авсан тул шударга өмчлөгч гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2-/5а/349 тоот тодорхойлолт, лавлагааны хариу, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, үйлчилгээний гэрээг,
Хариуцагчаас нотлох баримтаар А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын баримт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрээ шилжүүлэх баримт, кассын тайлан, зээлийн дансны хуулга, лавлагаа, Мобиком корпорацид хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20/66 тоот албан бичиг, Гэрээ шилжүүлэх баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Мобиком корпораци ХХК-иас 99**дугаар эзэмшигчийн лавлагааг, М.Эын оршин суугаа хаягийн лавлагааг нотлох баримтаар, хариуцагчийн хүсэлтээр Н.Булганаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байхад 2022 оны 1, 2 дугаар сарын зээлийн төлбөр төлөөгүй гэж 99**дугаарыг бусдын эзэмшилд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлав.
6.Хариуцагч А ХХК нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлдэгч нь 99**дугаарын төлбөрөө төлөөгүй учир эрх нь хаагдсан. Зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2-/5а/349 тоот тодорхойлолт, лавлагааны хариу, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, үйлчилгээний гэрээ, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын баримт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрээ шилжүүлэх баримт, кассын тайлан, зээлийн дансны хуулга, лавлагаа, Мобиком корпорацид хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20/66 тоот албан бичиг, Гэрээ шилжүүлэх баримт, Мобиком корпораци ХХК-ийн 99**дугаар эзэмшигчийн лавлагаа, гэрч Н.Булганы мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19Г336 тоот зээлийн гэрээ байгуулж, 32,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 361 хоногийн хугацаатай зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Мобикомын 99**дугаар эзэмших эрхээ зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээг мөн өдөр байгуулсан байна. Гэрээний хугацаанд дугаарын ашиглалт Д.Н дээр байхаар талууд тохиролцжээ.
9.Хариуцагч А ХХК нь зээлдэгч Д.Н 2019 оны 12 дугаар сарын зээлийн төлбөрийг төлж, 2020 оны 1, 2 дугаар сарын зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардан холбогдох зээлийн гэрээний 2.14.2 дах заалтыг биелүүлэхийг сануулж, түүнд мэдэгдэж уг дугаарыг худалдан борлуулж зээлийн өрийг хаасан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Н.Булган шүүх хуралдаанд “Зээлдэгч Д.Нын гар утас болон Yiber чатаар зээлээ төлөхийг мэдэгдсэн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзнэ.
10.Зээлдүүлэгч А ХХК-д М.Э 99**дугаарын орлого гэж 38,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн нь Орлогын баримтаар, нэхэмжлэгчийн 38,000,000 төгрөгийн зээлийн өрийг хаасан нь компанийн кассын тайлангаар, дээрх дугаарыг М.Эод шилжүүлсэн нь А ХХК-ийн Мобиком корпорацид хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20/66 тоот “А ХХК /РД:**/ нэр дээр байх 99**сем карт бүхий дугаарын төлбөр тооцоог тэглэж, барьцааны хамт М овогтой Э /регистрийн дугаар /-ын нэр дээр шилжүүлж өгнө үү. А ХХК-ийг төлөөлж З.Э // гарын үсэг зурах” албан бичиг /хавтаст хэргийн 221 тал/, талуудын тайлбараар нотлогдож байна.
11.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж зохицуулсан.
12.Зээлдэгч Д.Н нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүсэж байх ба зээлдэгч үндсэн гэрээнээс салгаж үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийсэн фидуцийн гэрээнээс татгалзах боломжгүй бөгөөд зээлийн төлбөр төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй байна.
13.Зээлийн гэрээний харилцаанд зээлдүүлэгчийн үүрэг зөрчсөн нөхцөл байдлыг нотлох баримтыг ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
14.Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/1665 дугаар албан бичгийн хавсралтаар 99**дугаар Мөнхсайхан Энхболд /регистрийн дугаар УП93050211/” гэх эзэмшигчийн мэдээллийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 141-142 тал/
15.Хариуцагч А ХХК-д холбогдох фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
16.Хариуцагч А ХХК-нь хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан Yiber чатад бичигдсэн зүйл устсан тул үзлэг хийлгэх боломжгүй байна гэх тайлбар, З.Эрдэнэ-Ундралаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ бичгээр татгалзсан хүсэлтээ бичгээр ирүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. /хавтаст хэргийн 169, 238 тал/,
17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 235 дугаар зүйлийн 235.4, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А ХХК-д холбогдох фидуцийн гэрээнээс татгалзаж, 99**дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ