Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/207

 

 

 

 

    

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/****/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*** оны **** дугаар сарын ***-ний өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, эрэгтэй, **** настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улс хооронд тээвэрт явдаг ажилтай, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн*********** тоотод оршин суух хаягтай, урьд

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 981 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

 

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ,,,,, ургийн овогт Э.Н Регистрийн дугаар: ****

Хэргийн товч утга:

Шүүгдэгч Э.Н нь нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2025/3Ш/**** дугаартай шүүгчийн шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гэрэлт цогцолбор"-ын урд талын замын уулзварт **** СББ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 0,82 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг өгөхгүй, ярих зүйл байхгүй....” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Н нь 2025 оны 06 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 07 сарын 30-ны өдөр 0.82 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Э.Н нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлээд ялын санал гаргасан. Шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтолтын хувь хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, улс хоорондын тээвэрт явдаг ажил эрхэлдэг нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлага хангагдсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр харилцан тохиролцсон болно. Ингэхдээ Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг яллагдагчид танилцуулахад ойлгосон гээд хүлээн зөвшөөрсөн болно...” гэжээ.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2025/3Ш/**** дугаартай шүүгчийн шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гэрэлт цогцолбор"-ын урд талын замын уулзварт **** СББ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 0,82 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/, гэрч Б.Т-н мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 23-р хуудас/, шүүгдэгчийн өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/, шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, шүүгдэгчийн автотээвэр эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 29-р хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-50-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

          Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Н үйлдсэн гэмт хэрэгт 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 03 сарын  хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч **** ургийн овогт Э.Н-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ