Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

Улсын яллагч Б.Урангоо,

Хохирогч /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****  овогт Ш.Х-д  холбогдох эрүүгийн 2531****** дугаартай, 316/2025/0***/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19*** оны 08 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн **** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт Ш.Х, регистрийн дугаар *****.

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.Х нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн ***** сумын сумын 1 дүгээр баг, **** гэх газар эд хөрөнгөтэй холбоотой асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэн, бусдын биед халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоосон Н.М-ий хамар руу чулуу атгасан гараараа 1 удаа, толгой хэсэгт 2 удаа тус тус цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ш.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Малын маргаанаас болоод ийм асуудал болсон. Согтуу нөхөр маргаж байхад энэ залуу дундуур нь орж бид хоёрыг салгах гэж байхад нь хамар дээр нь оночихсон...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос: “...Манайх Ш.Х гэдэг айлаас 8 үхэр авах байсан. Тэр үхрээ авах гэж очсон. Өөр газраас ав гэж хэлэхэд нь “Өөр газраас авахгүй, мөнгө төгрөгийг нь өгчихсөн” гэж хэлсэн. Ш.Х ах эндээс өгөхгүй, өөрөөсөө 2 бяруу л өгнө гэж хэлсэн. Тэр зүйлээс болж бага зэргийн маргаан үүссэн.  Эхлээд энэ хоёр маргалдаад салсан. Эхнэр нь зодоон болбол салгаарай гэж хэлсэн. Би голоор нь орсон. Ш.Х гэдэг хүн архи уусан байсан. Нөгөө хүн нь бас уусан байсан. Би санаатай байх магадлалтай гэж гомдолтой байна. Энэ хүн ийм үйлдэл хийчхээд гэмшиж болно. Тэгэхэд над руу нэг ч яриагүй. Би өөрөө л ярьсан. 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би яриад үнэн учраа хэлсэн. Дүүгийнх нь эхнэр жирэмсэн байна гэж хэлсэн. Би энэ хүнээс болж сар ажилдаа явж чадаагүй. Энэ хүн над руу нэг ч яриагүй. Юу хийсэн талаараа нэг ч дурдаагүй. Би өөрөө 2 удаа залгасан...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Ш.Х 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг, ******* гэх газарт   Н.М  хамар руу чулуу атгасан гараараа 1 удаа, толгой хэсэгт  тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Ш.Х нь гэмт хэргийн улмаас хохирсон гэх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн байна. Хохирогчийн өнөөдрийн ярьж байгаа ажилгүй байсан хугацааны цалинг баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Ш.Х нь баримт нь байвал төлөхөө илэрхийлж байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Ш.Х-н хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаангүй тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын ялыг дэмжиж оролцоно. Шүүгдэгч *******г Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох хариуцлага оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч цалингаа дунджаа авъя гэж мэдүүлж байна. Гэтэл энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас шүүхээс дүгнэж, шийдвэр гаргах боломжгүй байна гэж харж байна. Шүүгдэгчийн зүгээс хөнгөн гэмтэл учирснаас ажилдаа очиж чадаагүй бол тухайн цалингийн дунджийг төлчихье гэсэн байр суурьтай байна. Гэхдээ үнийн дүн тодорхойгүй байгаа учраас өнөөдөр шүүх шийдвэрлэх боломжгүй. Иргэний журмаар баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна...” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Х нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын сумын 1 дүгээр баг, ******* гэх газар эд хөрөнгөтэй холбоотой асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэн, бусдын биед халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоосон Н.М хамар руу чулуу атгасан гараараа 1 удаа, толгой хэсэгт 2 удаа тус тус цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тумдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хохирогч Н.М мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-ийн 06-07 р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 26,250 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан талаарх тодорхойлолт /хх-ийн 12-р хуудас/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, гэрч Г.Э-н мэдүүлэг өгсөн тэмдэглэл  /хх-ийн 17-р хуудас/, гэрч Д.М-ы мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/, гэрч Н.Н-н мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, Хохирогчийн “Саран элит” эмнэлэгт дүрс оношилогоонд орсон талаарх дүгнэлт /хх-ийн 27-31-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2531*****8 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 36-38-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд хохирол нэхэмжилсэн тухай баримт /хх-ийн 48-52-р хуудас/, шүүгдэгчээс хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 54-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ш.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч Ш.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Х-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Н.М-ий эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хх-ийн 54 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй тухай санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Ш.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан аюсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **** овогт Ш.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ш.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ