| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/01201/И |
| Дугаар | 183/ШШ2023/01300 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2023/01300
| 2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2023/01300 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ,0 дугаар хороо, Морин 0 гудамж, 0 тоотод оршин суух О-гийн Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газар /РД:*******/-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.Б би Оросын холбооны улсад иргэний нисэхийн дээд сургуульд суралцсанаас эхлээд өөрийн ухамсарт амьдралынхаа 28 жилийг хоёргүй сэтгэл, зүтгэлээр Агаарын тээврийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулахын төлөө ажиллаж ирсэн билээ. Би энэ хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд /НХҮА/ нислэгийн удирдагчийн үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн төдийгүй Оросын холбооны улсад "нислэгийн удирдагчийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй" нисэхийн дээд боловсрол эзэмшсэн цөөхөн мэргэжилтний нэг бөгөөд нислэг хөдөлгөөний үйлчилгээнд гарч байгаа хууль бус үйлдэл, зөрчил дутагдалд шүүмжлэлтэй хандаж, тэдгээрийг засаж сайжруулахын төлөө үнэнчээр хөдөлмөрлөж ирсэн билээ. НХҮА-ны дарга, удирдлагууд намайг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд Аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байхад Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга Л.Б-гийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн ямар нэг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсан. Уг тушаалдаа "О.Б нь С агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардсан болох нь нотлогдож байх тул" гэж гүтгэн ажлаас халсан. Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бол "шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн байгаа.. Намайг ажлаас халаад зогссонгүйгээр Тээврийн цагдаагийн албаны харъяа Иргэний агаарын тээврийн дэргэдэх цагдаагийн хэлтэст намайг бусдаас мөнгө авахыг оролдсон хэмээн гомдол гаргаж, 2018 оны 9 дүгээр сараас хэрэг бүртгэлийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр С компаний 7777 дуудлага бухий С-208 агаарын хөлөг нь нислэгийн удирдлагын хөөрөлт үйлдэх зөвшөөрөл нислэгийн удирдагчаас өгөөгүй байхад хөөрөлт үйлдсэн ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд заасан болон өөрийн ажил үүргийн хувиарийн дагуу Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн МХ01-42 дугаартай мэдээлэх хуудсаар тухайн нислэгийн үйл явцад хамгийн анх шалгалт хийж үнэн бодит байдлыг тодорхойлон тайлан бичсэн юм. Иргэний нисэхийн олон улсын байгууллага "И"-гийн "Баримт бичиг" "Хавсралт", "Стандарт зөвлөмж", Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, НХҮА-ны "Үйл ажиллагшааны заавар", холбогдох журмын хүрээнд болон эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу энэхүү нислэгийн зөрчил, дутагдлыг шударга, үнэн зөвөөр нь бичиж өгсөн. С компанийн онгоцны дарга Н.Б менежер Д.Я нартай НХҮАлбаны дарга П.М нар нь намайг 6 сая төгрөг асуусан гэх яриа үүсгэж ажлаас халуулах шалтгаан болсон. НХҮАлбаны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурал дээр миний бие уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг дурдаад намайг та нар гүтгэн цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа юм байна. Би ч бас үнэн мөнийг тогтоолгохоор бас Цагдаагийн байгууллага болон Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргахаа хэлсэн. Иргэний агаарын тээврийн дэргэдэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч дээр баахан байцаагдаж, зөндөө удаан хугацаанд цагдаагийн үүдийг сахиж өнгөрөөсөн. Дараа нь манай дарга нар утасдаад чамайг АТГ-т өгсөн тэнд чиний учрыг олно гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын эцсээр Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж, Улсын прокурорын газраас эрүүгийн хэргийн харъяаллыг чинь өөрчилж манайд шилжүүлсэн тул Авлигатай тэмцэх газарт үргэлжлүүлэн гэмт хэргийг чинь шалгана гэдгийг мэдэгдсэнээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст удаан хугацаагаар шалгуулж, намайг байнгын сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан юм. Миний бие энэхүү хэргийн үнэн мөнийг олуулахын тулд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргасан. Надад нийслэлийн Прокурорын газраас ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2021 оны намар хүргэсэн тул би таньдаг хүнээрээ гуйлгуулан өөрийнхөө хэргийн талаар сураглуулахад надад холбогдох хэргийг хаасан гэдгийг олж мэдсэн. Ингээд өөрийн биеэр Нийслэлийн Прокурорын газраар явж хөөцөлдсөний эцэст надад холбогдуулан хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 149 тоот Прокурорын тогтоолыг олж авсан юм. Энэхүү 149 тоот Прокурорын тогтоолд дурьдсанаар надад эрүүгийн 180300935 дугаартай хавтаст хэрэгт хэрэг нээн 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд надад мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааг хийгээд 2019 оны 4 дүгээр сард хэргийг хаасан болохыг намайг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн С компанийн С-208 дугаартай агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд ямар ч буруутай үйлдэл гаргаагүй гэдгийг Авлигтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөгч, комиссар нь шалгаад тогтоосон байна. Ийнхүү би өөрийгөө эрүүгийн ямар ч гэмт хэрэгт буруугүй гэдгээ Цагдаа болон Авлигатай тэмцэх газраар тогтоолгон, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор баталгаажуулсан учраас ажилдаа орохоор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б-д 2021 оны 8 дугаар сард ажилд эргүүлэн авах тухай өргөдөл гаргасан боловч намайг ажилд эргүүлж авах нь битгий хэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харуулаас цааш хөл алхуулаагүй өргөдлийг харуул дээр үлдээлгээд хөөсөн байгаа. Би өөрийн мэргэшсэн мэргэжлийнхээ дагуу ажилдаа орохын тулд хууль шүүх гэхээсээ өмнө төрийн захиргааны байгууллагадаа өргөдлөө өгч хариуг нь авахаар шийдээд Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Х 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд минь эргүүлэн авахад туслалцаа үзүүлэхийг хүсэж өргөдлөө гаргасан юм. Энэхүү өргөдлийн хариу болгон ЗТХЯ-ны газрын дарга Ч.М-аас миний өргөдлийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А-д шилжүүлсэн тухай 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 09/4224 тоот албан бичгийн хувийг өгсөн билээ. Үүний дагуу надад ИНЕГ-ын даргаас ямар нэгэн хариу өгөхгүй байсаар ИНЕГазрын даргаар С.М томилогдсон болно. Шинээр томилогдсон ИНЕГазрын дарга С.М нь нислэгийн удирдагч мэргэжилтэй учраас намайг ажилд авна хэмээн найдаж, ажилдаа орох өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн юм. Хууль тогтоомжид заасны дагуу миний гаргасан өргөдөлд хариу өгөх хугацаа хэдийнээ өнгөрсөн учраас хариугаа авъя гэж ИНЕГ-т очиход Захиргаа удирдлагын газрын дарга Т.Б-тай уулзуулсан бөгөөд харилцан ярилцах явцад шинээр томилогдсон НХҮА-ны даргын зүгээс намайг үл бүтэх этгээд ажилд буцаан авахгүй гэсэн хандлагатай байгааг олж мэдсэн болно. Ийнхүү миний гаргасан өргөдлүүдийн хариу ойлгомжтой болсон учраас намайг ажлаас халсан ИНЕГ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 тоот тушаалыг би хууль бус гэж үзэж, нэхэмжлэл гаргаж байна, гэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...намайг хууль бус үйлдэл, зөрчил дутагдалд шүүмжлэлтэй хандаж, тэдгээрийг засаж сайжруулахын төлөө үнэнчээр хөдөлмөрлөж ирсэнд өширхсөн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга, удирдлагууд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Би эрүүгийн болон иргэний ямар ч хэрэгт буруугүй гэдгээ цагдаа болон Авлигтай тэмцэх газраар тогтоолгосон учраас ажилдаа буцаж орохоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад хандсан боловч хариу өгөөгүй учир шүүхэд хандаж байна..." гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дурьдсанчилан бодит болсон үйл баримт буюу С компанийн ажилтнуудтай Нислэгийн үйлчилгээний хөдөлгөөний албаны дарга П.М үгсэн хуйвалдаж намайг зургаан сая төгрөг асуусан гэх зохиомол цуу яриа үүсгэн ажлаас халсан гэсэн байна. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан Нислэгийн үйлчилгээний албаны хурлаар С агаарын тээвэрлэгч компанийн **** дуудлагатай ****** ***** агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болон аюулгүй ажиллагааны хэсгийн мэргэжилтэн О.Б талаар хэлэлцсэн. Тус хуралд дээр дурьдсан компанийн холбогдох албан тушаалтануудыг оролцуулж үйл явдлын талаар тайлбар авсан. С компанийн ажилтан Д.Я О.Б миний гарын үсэг, тайлбаргүйгээр энэ бичиг гарахгүй гэж хэлсэн..." гэх, мөн компанийн ажилтан Н.Б ".... О.Б бид хоёрыг уулзая гэсэн. Байшингийн буланд уулзсан. Миний машин бенз засвар дээр байгаа. Тоног төхөөрөмж нь эвдэрсэн. 6,000,000 төгрөгийн асуудал байна тэрийг шийдээд өгчих гэсэн ..." гэх тайлбарыг тус тус гаргасан. Тус хурлаар Аюулгүй ажиллагааны хэсгийн мэргэжилтэн О.Б-тэй холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Ёс зүйн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын Ёс зүйн зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны хэсгийн мэргэжилтэн О.Б нь С компанийн нисгэгч Н.Б, тус компанийн чанар баталгаажуулалтын менежер Д.Я нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тэднээс 6,000,000 төгрөг өгөхийг шаардсан гэх зөрчлийг нотлох баримтын хүрээнд хамтын зарчмаар хянан хэлэлцээд олонхын саналаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, үйлдсэн гэж дүгнэн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагад хүргүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/390 дугаар шийдвэр гарсан. О.Б-ийн дээр дурьдсан үйлдэл нь байгууллагын нэр хүндэд харш, гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай гэж үзэн шалгуулахаар хуульд заасан үүргийнхээ дагуу холбогдох байгууллагад гомдол гаргасан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн хэргийг хаах саналтай ирүүлсэн 180300935 дугаар хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийг хаасан болно. Нэхэмжлэгчийн дурьдсанчлан Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах" 149 дүгээр тогтоол нь зөвхөн нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хаасан болохоос түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой үйлдлийг зөвтгөөгүй, дүгнэлт хийгээгүй болно. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/390 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 тоот тушаалаар нэхэмжлэгч О.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах тухай тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ... Ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэж заасан... ажил олгогч гаргасан шийдвэрийг хүлээн авснаас 1 сараас дотор шүүхэд хандана гэсэн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчээс Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018.09.10-ны өдрийн Б/390 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2020.10.27-ны өдрийн 06/11954 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2019.04.16-ны өдрийн 149 дугаартай прокурорын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021.09.24-ний өдрийн 09/4224 дугаартай албан бичиг, 2022.02.11-ний өдөр гаргасан өргөдөл, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, аюулгүй ажиллагааны хэсгийн 2018.08.03-ны өдрийн тайлан, 2022.03.14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.11.04-ний өдрийн дундаж цалин хөлсийг болон урамшуулалт цалингийн тооцоолол,О.Б нийгмийн даатгалын дэвтэр, дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 293/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018.09.31-ний өдрийн 5 дугаартай дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017.06.07-ны өдрийн А/363 дугаартай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм, Зам, тээвэр хөгжлийн яамны 2022.10.24-ний өдрийн 09/4879 дугаартай албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018.12.24-ний өдрийн А/868 дугаартай тушаал, 2019.12.26-ны өдрийн А/1071 дугаартай тушаал, 2020.12.25-ны өдрийн А/495 дугаартай тушаал, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, аюулгүй ажиллагааны хэсгийн анхааруулга, мэдээ мэдээллийн бүртгэл зэрэг бичгийн баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020.03.04-ний өдрийн А/145 дугаартай тушаал, уг тушаалын 2 дугаар хавсралт, 2018.10.19-ний өдрийн А/685 дугаартай тушаал, 2020.12.25-ны өдрийн А/495 дугаартай тушаал, 2018.12.24-ний өдрийн А/868 дугаартай тушаал, 2019.12.26-ны өдрийн А/1071 дугаартай тушаал, 2019.05.23-ны өдрийн А/410 дугаартай тушаал, зэрэг бичгийн баримтуудыг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
О.Б-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаар тушаалаар О.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны хэсгийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн О.Б нь С агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардсан болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, С агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн цуцалж, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 9 хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...О.Б-ийг шан харамж бусдаас шаардсан үндэслэлээр ажлаас халсан уг асуудлыг Тээврийн цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газраас шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын байгууллага хэргийн оролцогч биш гэсэн үндэслэлээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх холбогдох эрхийн актыг өгөөгүй. Танил талаараа дамжуулж уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2022 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр мэдсэн, ажлаас халсан үндэслэл арилсан тул ажил олгогчид ажилд минь буцаан томилох талаар удаа дараа мэдэгдсэн боловч томилоогүй, мөн ажлаас халсан тушаалыг надад ажил олгогч гардуулж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү ... гэж тайлбарладаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 тоот тушаалаар нэхэмжлэгч О.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах тухай тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ... Ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэж заасан... ажил олгогч гаргасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандана гэсэн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны / 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.
О.Б-ийг С агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардаж, хөдөлмөрийн нотцой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байх бөгөөд Тээврийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/466 дугаартай тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчлөн Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулан ... мэргэжилтэн О.Б С компанийн нисгэгч Н.Б-ын гаргасан дээрх зөрчлийг аргалж өгөхөөр амлаж түүнээс 6,000,000 төгрөгний хахууль өгөхийг шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн 180300935 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай тогтоолоор хаасан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 98-99 хуудас/
Дээрх 149 дүгээр тогтоолыг хуулийн байгуулагаас надад мэдэгдээгүй, хэргийн оролцогч биш, гомдол гаргагч биш гэсэн үндэслэлээр тогтоолыг гардуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан баримтад тогтоол гардаж авсан тэмдэглэл авагдаагүй байх тул тогтоол хэзээ гарсан эсэхийг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. /х.х-ийн 100 хуудас/
Түүнчлэн ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нөхцөл байдал арилсан байхад ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүйг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх ба хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил олгогч ажилтанд хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
Иймээс хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажлаас О.Б-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх тул О.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний 2018 оны 5, 6, 7 дугаар сарын цалинг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 3,040,266 төгрөг /3,023,600 + 3,033,600 + 3,063,600 = 9,120,800 : 3 = 3,040,266 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын нийт 1153 хоногийн цалин 159,336,529 төгрөгийг /3,040,266 : 22 хоног = 138,193 төгрөг, 1153 хоног х 138,193 төгрөг = 159,336,529/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,430,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д .ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч О.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл О.Б-ийг Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 159,336,529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч О.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,430,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Б-г Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 159,336,529 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,430,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч О.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 188,806 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ