| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/03533/И |
| Дугаар | 183/ШШ2023/01887 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2023/01887
2023 оны 06 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2023/01887 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух Н.Э /РД:**********/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,0 дугаар хороо, Нисэхийн 0 гудамж, 0 тоотод оршин суух А.М /РД:********/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Э,
Хариуцагч А.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийг шилжих шөнө А.М нь миний бие, толгойн хэсэгт санаатайгаар халдан эрүүл мэндэд нөхөж барашгүй хохирол учруулсан. 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гэм буруутай нь тогтоогдсон. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер томографикийн шинжилгээ хийлгэхэд толгойн баруун талын духны хөндийн гадна ялтас 2.0 см өргөн хэсэгт 0,5 см гүн хэмжээтэй духны хөндий рүү цөмөрч бяцарсан хугаралтай, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1.5 см өргөн 0.3 см гүн цөмөрсөн хугаралтай, нүд дух хөхрөлттэй хавантай хамрын зөөлөн эдийн хугарал хавдартай гэсэн дүгнэлт гарсан. Мөн хоёр хөхрөл бяцралтай, хамар хэсэгт оёдол тавиулсан. Зодуулсны улмаас үлдсэн хохирол нь насан туршийн, духны хэсэг нүдний ухархай цөмрөлттэй гэмтэлтэй ил хамрын хэсэгт оёдол тавиулсан сорви, духны сорви нь арагшаа үлдэцтэй хоёр нүдний хөхрөлийн үлдэц нь буугаагүй байна. Толгойд уйланхай үүссэн, баруун нүд байнга бүрэлздэг болсон. Эхнэр бид хоёр эмнэлэг, цагдаа, шүүх, өдрийн эмчилгээ гээд олон хоногийн асар их цаг зав, орлого, ажлуудаа алдсан тул А.М 10,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд 5,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.
Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.М миний бие 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийг шилжих шөнө хохирогч Н.Э-тэй муудалцаж түүний биед хөнгөн хохирол учруулсан. Хохирогч Н.Э нь надаас 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Надад нэхэмжилсэн 5,000,000 төгрөг нь байхгүй. А.М миний бие эхнэр гурван хүүхдийн хамт айлын хашаанд амьдардаг. Цэцэрлэгийн насны 2 хүүхэд байдаг бөгөөд эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Миний бие М ХХК-ийн цэвэрлэгээний хэсэгт түр хугацаагаар ажилласан бөгөөд одоо ажлаасаа гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.
Нэхэмжлэгчээс Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.25-ны өдрийн 2022/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоол, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, фото зураг, бэлэн мөнгөний орлогын баримт, Инфинит клиникийн баримт, эрүүл мэндийн үйлчилгээний баримт, үзлэгийн хуудас зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч А.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч А.М нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн байрны автобусны буудлын орчимд нэхэмжлэгчтэй муудалцаж, улмаар Н.Э-гийн эрүүл мэндэд А.М-ыг хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой баримт нотолгоог бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх 5-12 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд хариуцагч гэм буруугийн тухайд маргаагүй.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Лазер мед эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд 120,000 төгрөгийн, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгт үйлчилгээ авахад 15,000 төгрөгийн, шинжилгээ өгөхөд 8,000 төгрөгийн MED TRAUMA эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэхэд 350,000 төгрөгийн, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 100,000 төгрөг нийт 593,000 төгрөгийн зардал гарсан нь баримтаар,
түүнчлэн хамрын гэмтлийн улмаас хамрын имплинт хийлгэхэд 700,000 /1 см=350,000 х 2см/ төгрөг зарцуулагдахаар байх тул нийт 1,293,000 төгрөгийн зардлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас шалтгаант холбоо бүхий бодит хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Харин үлдэх 3,707,000 төгрөгийн зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй бөгөөд учирсан хохирол нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,707,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.М-аас 1,293,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,707,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-аас 35,582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
Д.ЭНХЦЭЦЭГ