| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/05415/И |
| Дугаар | 183/ШШ2023/01874 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/01874
| 2023 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2023/01874 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 гудамж, 0 тоотод оршин суух Э.Б /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Х таур оффис 0 тоотод байрлах А ХХК /РД:********/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 1,830,015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч О.В,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 1,830,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.Б би А ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах С таун нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ******** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 0 давхрын 0 тоот хаягт байрлах 36.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 36,600,300 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд А ХХК-ийн Голомт банкны ********* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй гэж заасан хэдий ч гүйцэтгэгч А ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагч би гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй болно. Улмаар гүйцэтгэгч компани нь надад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай албан бичгээр ...гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж тантай байгуулсан гэрээний 1 м.кв талбайн үнэ 990,000 төгрөгийг 800,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,790,000 төгрөг болгох болсныг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдэл ирүүлснийг миний бие эс зөвшөөрч бусад захиалагч нарын хамтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгийг гүйцэтгэгч компанид бичгээр мэдэгдсэн. Гэрээ хэрэгжиж дуусан үе буюу 2020 оны 2 дугаар улиралд барилгын материалын үнийн өсөлт бий болоогүй, коронавирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй үе байсан тул гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдээгүй учир гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т хэрэв гүйцэтгэгч захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу гүйцэтгэгч компаниас алдангид 1 хоногийн 3,660 төгрөг нийт хугацаа хэтрүүлсэн 500 хоногийн алданги 1,830,015 төгрөгийг нэхэмжилж байна, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны алданги болох 1,830,015 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нь А ХХК-тай Хан-Уул дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С нэртэй орон сууцнаас захиалан бариулах гэрээг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 000000/000 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээ тухайн орон сууцны 16 давхарт байрлах, 1608 тоот хаягт 36.97 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 36,610,300 төгрөгийг гэрээнд заасны дагуу А ХХК-ийн Голомт банк ХХК-ийн ******* дансанд бэлэн болон бэлэн бусаар төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар гүйцэтгэгч нь барилгыг чанар сайтай барьж, 2020 оны 2 дугаар улиралд захиалгачид бүрэн хүлээлгэн өгч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгнө гэж заасан байхад хариуцагч А ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний хугацаа өнгөрснөөс хойш хугацаанд захиалагч талаас гүйцэтгэгч компанийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч гүйцэтгэгч компани 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны үнийн саналд өөрчлөлт оруулах албан бичгийг өгсөн. Гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж, анх байгуулсан үнийн дүнг 800,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,790,000 төгрөг болсныг мэдэгдэж байна гэх албан бичгийг өгсөн. Миний бие эс зөвшөөрч бусад захиалагчийн хамтын гэрээний үнийн саналд өөрчлөлт оруулахгүйгээр гэдгээ гүйцэтгэгч компанид бичгээр хариу мэдэгдсэн. Гэтэл гүйцэтгэгч талаас барилгын үнийн өсөлт нь коронавирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоож, байсан тул гэрээнд заасан үнийн дүнд өөрчлөлт оруулах, урьдчилан нөхцөл бүрдээгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т хэрэв гүйцэтгэгч тал орон сууцыг хүлээлгэн өгч өмчлөлийг хүлээлгэн өгөөгүй бол 2020 оны 9 дүгээр сараас эхлэн гэрээний үнийн дүнгийн хоног тутамд 0.01 хувьтай алданги төлнө гэж заасны дагуу гүйцэтгэгч компаниас 1 хоногийн 3,660 төгрөг, нийт хугацаа хэтрүүлсний 1,830,115 төгрөгийг нэхэмжлэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-д шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: А ХХК нэхэмжлэгч Э.Б-тэй 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулан 36.97 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талаас 2019 онд байгуулсан гэрээний үнийн дүнг орон сууцны барилгын гүйцэтгэлтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгөхөд манай талд хохиролтой байгаа учраас орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй байна. А ХХК 2019 оны 6 дугаар сараас Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн зам дээр 128 айлын орон сууцыг С хотхоны төслийг эхлүүлсэн байдаг. Мөн барилгын төсвийг 7.2 тэрбум төгрөгөөр төсөвлөж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд барилга төлөвлөгөөний дагуу 6 давхарын ажлыг гүйцэтгээд явж байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард коронавирусын халдвар гарч, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын тогтоолоор хил хааж Гамшгийн тухай хуульд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үеэс эхлэн барилгын ажил зогсож, манайхтай гэрээгээр ажиллаж байсан. Туслан гүйцэтгэгч болон бараа нийлүүлж байсан компаниудын ажил зогсож, Бүгд Найрамдах Хятад ард улс хилээ хааж, коронавирусын цар тахлаас үйл ажиллагааг хааж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон байдаг. Үүнийг Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр тогтоож байгаа. Корона вирусын цар тахал хэзээ зогсох нь тааварлашгүй байсан. Энэ нөхцөл байдал нь 2020-2021 оныг хүртэл үргэлжилсэн. Бид нар 2020-2021 онуудад зогсолт хийлгүйгээр завсар зайгаар нь барилгын үйл ажиллагааг явуулж, гэрээнд заасны дагуу хугацаанд хүлээлгэн өгөхийн тулд үйл ажиллагааг явуулсаар байсан. Барилгын үйл ажиллагаа удааширч, хил гааль дээр материалууд дутмаг болж, манай талаас 2021 оны 10 дугаар сар гэхэд барилгын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэсэн. Коронавирусын цар тахлаас эдийн засгийн хямралд орж, бараа материалын хомсдолд орж, барилгын материалын үнэ нэмэгдэж, гүйцэтгэгч компаниуд үнэ нэмж, бид нарын төсөвлөсөн мөнгө болох 7.2 тэрбум төгрөг 12.5 тэрбумд хүрсэн. Мөнгө санхүүгийн гачигдалд ороод Хаан банк ХХК-иас 80 хувийн гүйцэтгэлтэй барилгаа барьцаанд тавьж зээл авсан. 2022 оны 10 дугаар сард захиалагч нарт байрыг нь хүлээлгэн өгсөн. Бид нарын асуудлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020-2021 онуудад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлсөн байна гэдгийг нотлож, гэрчилгээг олгосон байгаа. Мөн Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал учирсан гэдгийг нотлож, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас үнийн өсөлт болон бараа материалын хомсдолд орсон гэдгийг нотолсон байгаа. Нэхэмжлэгч талд гэрээний үнийн дүнг өөрчлөгдсөн талаарх мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй, гэжээ.
Нэхэмжлэгчээс 2019.06.20-ны өдрийн *******/*** дугаартай Орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт, байрны захиалгын төлбөр бүрэн төлөгдсөн тухай тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, А ХХК-ийн 2022.10.28-ны өдрийн 22/142 дугаартай мэдэгдэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг нотлох баримтыг,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Өмгөөллийн лоо стратеги хуулийн фирмийн 2023.01.04-ний өдрийн А/001 дугаартай албан бичиг, Хот байгуулалт хөгжлийн газрын 2023.01.13-ны өдрийн 10/142 дугаартай албан бичиг, Архитехтур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, Барилга хот байгуулалтын сайдын 2022.12.14-ний өдрийн 1/5722 дугаартай албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022.11.25-ны өдрийн 61 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, А ХХК-ийн захиалгаар баригдах 128 айлын орон сууцны барилгын ажлын төсөв, Б ХХК-ийн 2021.11.03-ны өдрийн үнийн саналд өөрчлөлт оруулах тухай албан бичиг, Э ХХК-ийн 2020.05.11-ний өдрийн 20/39 дугаартай албан бичиг, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022.02.18-ны өдрийн 2/023 дугаартай тодорхойлолт, Барилгын хөгжлийн төвийн 2023.04.04-ний өдрийн 1/828 дугаартай албан бичиг зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.02.09-ний өдрийн 241 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг баримтыг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 1,830,015 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 190620/001 дугаартай, орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч А ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С таун нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 16 давхарт 1608 тоот хаягт байрлах 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагч Э.Б өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 36,600,300 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч Э.Б нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 36,600,300 төгрөгийг гүйцэтгэгч А ХХК-нд төлсөн болох нь байрны захиалгын төлбөр бүрэн төлөгдсөн тухай тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х 7-9 тал/
Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч А ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-иас гэрээний үндсэн үүргийг биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С 128 айлын орон сууцны цогцолбор хотхон нь 2020 оны 11 дүгээр сард 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж, улмаар дотоод заслын ажлыг гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас барилгын салбар уналтад орж, хөрөнгө санхүү удааширсантай холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, түүнчлэн дээрх нөхцөл байдал нь А ХХК-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ, Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ болон барилгын бусад компаниудаас ирүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан ба хариуцагч А ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Б шаардсан алдангийг шүүх хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Э.Б-ийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, С үйлчилгээтэй, 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 1608 тоот хаягт байрлах 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, алданги 1,830,015 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 340,051 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар Э.Б /РД:*******/-ийг Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С таун нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 16 давхарын 1608 тоот хаягт байрлах 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ гүйцэтгээгүй хугацааны алданги 1,830,015 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 34,051 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ