Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/828

 

 

 

 

      2021            09            16                                        2021/ДШМ/828    

 

С.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Б-э, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор В.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-эд холбогдох эрүүгийн 1905018340340 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-э,

 

С.Б-э нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн гадна талын авто зогсоол дээр Ц.А-тай “гар п**** минь, би орох гэж байсан юм” гэж автомашин байрлуулах зогсоолоос болж маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолоор С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Түүнд оногдуулсан ял шийтгэл нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд шүүгдэгч С.Б-э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч С.Б-э нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн гадна талын авто зогсоол дээр Ц.А-тай “гар п**** минь, би орох гэж байсан юм” гэж автомашин байрлуулах зогсоолоос болж маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            хохирогч Ц.А-ын “...нэг залуу ирээд миний машины жолооч талын хаалгыг онгойлгоод “гар п**** минь, би орох гэж байсан юм” гээд толгой руу цохиод машины хаалга саваад яваад өгсөн.Би хойноос нь бууж очоод “яаж байгаан чи” гээд араас нь нуруу руу нь цохитол тэр залуу эргэж хараад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. ...” /хх 22-23/,

            гэрч Ж.Б-йн “...зогсоолын голоор явж байтал нүдний шилтэй махлаг эмэгтэйн хамраас цус гоожсон байдалтай байсан. ...” /хх 28/,

            гэрч Б.М-ийн “...машинд сууж байсан эмэгтэй араас нь бууж ирээд нөгөө залуугийн араас нь очоод нуруу руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуу эргэж хараад нөгөө эмэгтэйн нүүр, толгой руу нилээн олон удаа цохиж, зодсон. ...Намайг очиж салгахад тэр эгчийн үс сэгсийсэн, хамраас нь цус гоожсон байдалтай байсан. ...” /хх 29-30/,

            насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “...А- эгч машинаас буугаад нуруу руу  нь нэг удаа цохисон, нөгөө ах А- эгчийн нүүрэнд нэг удаа,  дараа нь машинаас бууж ирээд дахиад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. ...” /хх 31-32/,

            С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би зөрүүлээд тэр эмэгтэйн нүүр лүү гараараа  нэг удаа цохисон. ...” /хх 57-60/ гэсэн мэдүүлгүүд,

           

“...Ц.А-ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4702 дугаартай дүгнэлт /хх 36/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч С.Б-ийн хохирогч Ц.А-ын нүүр, толгой руу нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байгаа бөгөөд тэрээр гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн “...С.Б-эд оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.Б-Э

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН