2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2138

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Б.Сонинмөнх, иргэдийн төлөөлөгч С.Баярмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Ө.***, Г.Наранбаатар, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210021661412 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “Центо 120” рестораны үүдэнд ээжийгээ зүй бус үг, хэллэгээр хэллээ гэх шалтгааны улмаас О.***г цохиж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “...Энэ хэрэг болоод 3 жил болж байна, манай ээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоод явж байсан, ээжтэй хамт энэ хүн нэг байранд амьдардаг, тааралдах болгонд масктай явж байдаг. 3 жил өнгөрөхөд ирээд биднээс нэг ч удаа уучлал гуйгаагүй. Маш их гомдолтой байна, оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч ***: “Тэр өдөр ажлаасаа орой 20 цагт тараад гэртээ орж ирэхэд ***, эхнэрийн хамт ирээд гэртээ урьсан, гэрт нь байхад *** гээд найз нь ирсэн, бид хамт гэрээс нь гарч хажуугийн газарт очиж үйлчлүүлсэн. Тухайн газар бид нарыг байж байхад талийгаач пицца авах гээд орж ирсэн, *** эхнэр нь талийгаачийг таньдаг учир дуудаад 0,75 литрийн архи авч өгье гээд бид нар тухайн архийг хувааж уусан. *** муудаад гэртээ харьсан, архиа дуусаад *** тамхи татъя гээд талийгаач бид гурав гадаа гарсан, тамхиа татаж байхад талийгаач ээжийгээ янхан гээд доромжлоод байсан, тэгэхээр нь би нэг удаа гараараа баруун хацарт цохисон, тэгээд бүгд салаад явсан, гэр гэртээ орцгоосон. Талийгаач орж ирэхдээ согтуу байсан, би нэг пиво уусан байсан, авч өгсөн архийг нь 5-уулаа хувааж уусан. Эхийгээ доромжлохоор нь толгой хэсэгт нь зөөлөн л цохисон, талийгаач бусад хүмүүстэй муудалцаж, маргалдаагүй, талийгаачтай нэг байранд байдаг, гэрт нь орж байгаагүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед баруун 4 замын орчим хуралд оролцчихоод 21 цаг 30 минутаас 22 цагийн хооронд гэртээ ирэхэд шатан дээр манай хүү *** тамхи татсан байдалтай миний хажуугаар зөрсөн. Тамхи татсан явж байхаар нь би юм дуугаралгүй зөрөөд гэртээ орсон. ...Гэртээ ороод цаг орчим болоод хаалга тогшоод гэртээ орж ирэхдээ царай нь цонхийсон цагаан болсон байдалтайгаар хоёр нүдээ бариад байхаар “миний хүү яасан бэ” гэж асуухад юм дуугараагүй. Тэгээд суусан байдалтай толгойгоо бариад хоёр хажуу тийшээ займчиж хөдлөөд байсан. Харин тэр үед манай хүүхдийн толгой, нүүр хэсэгт ямар нэгэн шарх харагдаагүй. Мөн архи үнэртээгүй, уугаагүй байсан бөгөөд тамхины утаа л үнэртэж байсан. Би хүүхдэдээ аяга цай хийж өгөөд, хоёр үг солих гэтэл шууд буйдан дээр суусан байдалтай хажуу тал руугаа унаад ухаан алдсан. Тэгэхээр нь би гайхаад халбагаар липтон цай ам руу нь хийх гэтэл нэг балгаад босоод ч ууж чадахгүй байхаар нь цайгаа ширээн дээр тавьчхаад түргэн лүү 22 цаг 50 минутын үед залгаж дуудсан. Түргэн тусламж 23 цаг 13 минутын үед над руу залгаад “танайх хаана юм болоо” гэж асуусан, би гэрээ сайн зааж өгөөд эмч орж ирсэн, тэгээд үзэж байх үед цаг хартал 23 цаг 40 минут болж байсан. Түүний дараа үзлэг хийж байгаад 12 цаг өнгөрч байхад насийлк дээр дамнаад 3 дугаар эмнэлэг рүү шууд аваад явсан. Харин би түргэний машинтай хүүгийнхээ толгойг түшээд цуг явсан. Тухайн үед эмч сайн арга хэмжээ авсан. Тэр өдөр бороо орж байсан, 3 дугаар эмнэлэг үзлэг хийгээд тархины зураг аваад харвачихсан байна гэж хэлээд ГССҮТ-рүү зөөвөрлөж гарах үед 01 цаг 50 минут болж байсан. Харин ГССҮТ дээр очиход 03 цаг болж байсан. Тэр үед манай хүү Нямбаяр нь хүлээн авах дээр ирээд 12 цаг 30 минутын үед түргэн дуудсан гэж тухайн эмчилгээний сторид бичүүлсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд тухайн шөнө 00 цаг 10 минутын орчим Англи улсад амьдардаг хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад хаалга тогшсон, тэгээд би хаалгаа тайлж өгөхөд манай талийгаач хүү *** царай нь цонхийсон байдалтай орж ирээд орон дээр суусан бөгөөд хоёр гараараа толгойгоо бариад хоёр тийшээ займчиж хөдлөөд байсан тэгэхээр нь би цай өгөх гэтэл орон дээрээ ухаан алдаад уначихсан, тэгээд халбагаар амруу нь хоёр халбага цай өгсөн, тэгээд би хүүгээ дуудахад ямар нэгэн хариу урвал үзүүлэхгүй байсан, тэгээд ухаангүй байгаад байхаар нь би 00 цаг 30 минутын үед л өөрийн 95603015 дугаараас дуудлага өгсөн. Би өмнөх мэдүүлэгтээ цагаа буруу хэлсэн байсныг Англи улсад амьдардаг охинтойгоо утсаар ярьсан цагаа харж байж санасан ба манай ханын баруун цагны батарей нь хөндийрөөд зогсчихсон байсан юм байна лээ сүүлд нь мэдсэн...” /1 хавтас хэргийн 37-38, 41-42 дахь тал/ гэсэн,

 

          Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ресторан өглөөний 09 цаг 30 минутаас онгойж, оройн 00 цаг 00 минутад хаадаг. 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө ямар нэгэн хэрүүл маргаан болох нь мэдэгдээгүй. Харин 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын хяналтын камер шүүхэд рестораны зааланд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нэг ширээнд цуг сууж байсан. Харин манайх хаах үед 3 хүн үлдсэн бөгөөд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр хүмүүсийг 00 цаг 01 минутаас 05 минутын хооронд гаргаж явуулаад хаалгаа түгжсэн бөгөөд камерын бичлэгт нэг саарал цамцтай эмэгтэй нь нэг залууг толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа бичлэгийг үзсэн...” /1 хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн,

 

          Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед найзууд болох ***, *** нартай уулзах гээд Цэнто 20 ресторанд ороход эхнэрүүдийн хамт сууж байсан. Бид тавуулаа сууж байгаад *** эхнэрийн хамт гэр лүүгээ явсан. Бид гурвыг сууж байхад Ундрал орж ирсэн. Яг хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Тэгээд бид 4 хамт сууж байхад *** орж ирээд хамт сууцгаасан. Архи, пиво ууцгааж байгаад *** нь эхнэрийн хамт түрүүлээд гараад явсан, араас нь би, Ундрал, *** нар гарсан. Гараад бид 3 тамхи татсан санагдаад байна. Талийгаач *** нь анх Цэнто 20-д орж, сайн уу, юу байна гэж хамт сууцгаасан, ер нь бол багаасаа таньдаг байсан. Бид нар 1 газар багаасаа тоглож өссөн. ...Ямар нэгэн маргалдах шалтгаан байгаагүй. Би ямар нэгэн байдлаар маргалдсан асуудал гарсан талаар анзаараагүй. ...Цуг тоглож өссөн болохоор бие биенээ сайн таньдаг. Би талийгаачтай хамт архи ууж байсан. Манай найз *** нь 2018 онд намайг гадаадаас ирэхэд *** гэдэг хамт нийлдэг найз нь нас барсан байдаг. Тэр үед *** нь архи дарсыг бага хэрэглэдэг байсан. Сүүлийн нэг жилд таарах үед архи уусан байдалтай таардаг байсан. Би аль болох таарахгүй гээд холоос хараад, мөн аавын байрны тагтан дээр байхад байрны гадаа архи уусан байдалтай сууж байсан...” /1 хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

 

          Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхад манай найз ***, эхнэрийнхээ хамтаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 22 дугаар байрны 1 давхарт байдаг Центо-120 ресторан пабад байна, хүрээд ир гэхээр нь би 20 цагийн үед ганцаараа очиход *** эхнэртэйгээ, *** нар сууж байсан. Бид нар суугаад ярилцаад пиво ууж байхад гаднаас талийгаач *** ганцаараа нэлээн халамцуу орж ирээд текэн дээр очиж пицца авах гэж байснаа бид нарыг хараад хүрч ирээд хамт суусан. Талийгаач *** нь авч явах гэж байсан пиццагаа таваглаад аваад ирээ гэж зөөгчид хэлж байсан. Тус рестораныг талийгаач ***гийн ах, Баярсайханы эхнэр, хүүхэд нь ажиллуулдаг юм. Тэгээд *** бид нартай суугаад ярилцаад пиво ууж байхад ***г 100 грамм архи авах уу гэхэд хоёрын хооронд 100 граммаар яах юм гээд шил архи авахаар болж 0,75 граммын нэг шил архи авсан. Бид нар уг архийг ууж байхад *** нэлээн муудаад эхнэртэйгээ түрүүлээд 00 цагийн үед явсан.***, талийгаач *** бид гурав үлдсэн. Талийгаач *** жаахан хашигчаад чанга дуугараад байхад нь рестораны эзэн эгч нь ирээд одоо чи орж амар, манайх одоо хааж байна гэж хэлсэн. Тэгээд ***, *** бид нар гэр рүүгээ орохоос өмнө ганц тамхи татчихаад салъя гээд рестораны үүдэнд гадаа зогсож тамхи татаж байхад талийгаач *** ээжийгээ хараагаад ээж пизда чинь намайг миний өмнө орж үхэж нүдний булай болгов гэж шаадаг юм даа гэж ярихаар нь би чи төрүүлсэн эхийгээ яах гэж ингэж байдаг юм. Чиний төлөө архи дарсаа боль гэж хэлж байгаа ш дээ. Чи архи уухаа болио, чи наадахаа зогсоо гээд энэ хооронд баруун гараараа талийгаач ***гийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан. Гэхдээ чанга алгадаагүй. Тэгээд тамхи татаж дуусаад харья гээд ресторантай байрны баруун талын орцоор талийгаач *** ороод, *** хойд талын орцоор орсон. Би баруун зүгт харих гээд ганцаараа явсан. Бид нар ресторанаас 01 цаг өнгөрч байхад гарсан. Намайг гэрт очоод ороход шөнийн 02 цаг 13 минут болж байсан гэж санагдаж байна ...Би ***г ээжийгээ муухайгаар хэлэхээр нь алгадсан, хэрүүл маргаан зодоон болоогүй. Намайг алгадахад *** юу ч яриагүй инээгээд тамхи татсан...” /1 хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №2269 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач О.***гийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

          3. Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

          5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          6. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн учир химийн шинжилгээ хийх шаардлагагүй...” /1 хавтас хэргийн 71-74 дэх тал/ гэсэн,

         

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №462 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2269 дугаартай дүгнэлтийн 5 дугаар хариултаас бусад хариулт нь үндэслэлтэй байна.

          2.3.4. Талийгаач нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГССҮТ-д тархины мэс засалд орсон байх бөгөөд дээрх мэс засалд орохоос өмнө хийгдсэн тархины КТГ-н зураг болон зургийн хариу, давтан хийлгэсэн тархины КТГ-н зураг болон зургийн хариу, давтан хийлгэсэн тархины КТГ-н компакт диск /CD/ байхгүй, ГССҮТ-н өвчний түүхэнд тэмдэглэсэн мэс заслын тэмдэглэл хангалтгүй байх тул гэмтэл үүссэн хугацаа болон дээрх гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна...” /2 хавтас хэргийн 210-212 дахь тал/ гэсэн,

 

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №ЕГО525/295 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2269 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

          2. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаартай дүгнэлтийн 2-р хариулт үндэслэлгүй байна.

          3. Амь хохирогч О.***д учирсан тархины битүү гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Амь хохирогч О.***д тархины хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” /3 хавтас хэргийн 25-34 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

          - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас хэргийн 15-17 дахь тал/,

          - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс “...00 цаг 01 минут 22 секунтын үед хар цамцтай эрэгтэй, түүний араас цагаан өнгийн юүдэнтэй цамцтай эмэгтэй түүний араас хар хөх өнгийн цамцтай эрэгтэй гарч ирээд тухайн эхэлж гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр луу харж зогсох бөгөөд 4 секунтын дараа эмэгтэй нь хамгийн сүүлд гарч ирсэн эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа  алгадаж буй дүрслэл, тухайн эрэгтэй толгойн зүүн талын шанаа хэсгийг гараараа барьж байв...” /1 хавтас хэргийн 24-27 дахь тал/ гэсэн,

          - Амь хохирогчийн өвчний түүх /1 дэх хавтас хэргийн 117-130 дахь тал/,

          - Хохирлын баримтууд /2 дахь хавтаст хэргийн 67-79 дэх тал/,

          - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 72/2025 дугаартай албан бичиг /3 хавтас хэргийн 9 дэх тал/,

          - Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны А/004 дугаартай албан бичиг /3 хавтас хэргийн 11 дэх тал/,

- Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 134, 136 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 137, 139 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 135 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 дэх хавтас хэргийн 140 дэх тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/ болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “Центо 120” рестораны үүдэнд ээжийгээ зүй бус үг, хэллэгээр хэллээ гэх шалтгааны улмаас О.***г цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед баруун 4 замын орчим хуралд оролцчихоод 21 цаг 30 минутаас 22 цагийн хооронд гэртээ ирэхэд шатан дээр манай хүү *** тамхи татсан байдалтай миний хажуугаар зөрсөн. Тамхи татсан явж байхаар нь би юм дуугаралгүй зөрөөд гэртээ орсон. ...Гэртээ орж ирэхдээ царай нь цонхийсон цагаан болсон байдалтайгаар хоёр нүдээ бариад байхаар “миний хүү яасан бэ” гэж асуухад юм дуугараагүй. Тэгээд суусан байдалтай толгойгоо бариад хоёр хажуу тийшээ займчиж хөдлөөд байсан. Харин тэр үед манай хүүхдийн толгой, нүүр хэсэгт ямар нэгэн шарх харагдаагүй. Мөн архи үнэртээгүй, уугаагүй байсан бөгөөд тамхины утаа л үнэртэж байсан. Би хүүхдэдээ аяга цай хийж өгөөд, хоёр үг солих гэтэл шууд буйдан дээр суусан байдалтай хажуу тал руугаа унаад ухаан алдсан. Тэгэхээр нь би гайхаад халбагаар липтон цай амруу нь хийх гэтэл нэг балгаад, ууж чадахгүй байхаар нь цайгаа ширээн дээр тавьчхаад түргэн лүү 22 цаг 50 минутын үед залгаж дуудсан. Түргэн тусламжийн эмч орж ирсэн, тэгээд үзэж байх үед цаг хартал 23 цаг 40 минут болж байсан. Түүний дараа үзлэг хийж байгаад 12 цаг өнгөрч байхад дамнуурга дээр дамнаад Гуравдугаар эмнэлэг рүү шууд аваад явсан. ...Гуравдугаар эмнэлэгт үзлэг хийгээд тархины зураг аваад харвасан байна гэж хэлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү зөөвөрлөж гарахад шөний 01 цаг 50 минут болж байсан. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход шөнийн 03 цаг болж байсан. ...Тухайн шөнө би 00 цаг 10 минутын орчим Англи улсад амьдардаг хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад хаалга тогшсон, тэгээд хаалга тайлахад манай талийгаач хүү *** царай нь цонхийсон байдалтай орж ирээд орон дээр суусан бөгөөд хоёр гараараа толгойгоо бариад хоёр тийшээ займчиж хөдлөөд байсан, тэгэхээр нь би цай өгөх гэтэл орон дээрээ ухаан алдаад уначихсан, тэгээд халбагаар амруу нь хоёр халбага цай өгсөн, тэгээд би хүүгээ дуудахад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан, тэгээд ухаангүй байгаад байхаар нь би 00 цаг 30 минутын үед л өөрийн 95хххх15 дугаарын утаснаас дуудлага өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 37-38, 41-42 дахь тал/ гэсэн,  

          Гэрч ***гийн: “...Манай ресторан өглөөний 09 цаг 30 минутаас онгойж оройн 00 цаг 00 минутад хаадаг. 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө ямар нэгэн хэрүүл маргаан болох нь мэдэгдээгүй. Харин дараа нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын хяналтын камер шүүхэд рестораны зааланд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нэг ширээнд цуг сууж байсан, манайх хаах үед 3 хүн үлдсэн бөгөөд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр хүмүүсийг 00 цаг 01 минутаас 00 цаг 05 минутын хооронд гаргаж явуулаад хаалгаа түгжсэн бөгөөд камерын бичлэгт нэг саарал цамцтай эмэгтэй нь нэг залууг толгой руу нь нэг удаа цохиж байгаа бичлэгийг үзсэн...” /1 дэх хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн,

          Гэрч ***: “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед найзууд болох ***, *** нартай уулзах гээд Цэнто 20 ресторанд ороход эхнэрүүдийн хамт сууж байсан. ...Ямар нэгэн маргалдах шалтгаан байгаагүй, би ямар нэгэн байдлаар маргалдсан асуудал гарсан талаар анзаараагүй...” /1 дэх хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

          Шүүгдэгч ***ын: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхад манай найз ***, эхнэрийнхээ хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 22 дугаар байрны 1 давхарт байдаг Центо-120 ресторан пабад байна, хүрээд ир гэхээр нь би 20 цагийн үед ганцаараа очиход *** эхнэртэйгээ, *** нар сууж байсан. ...Тэгээд ***, *** бид нар гэр рүүгээ орохоос өмнө ганц тамхи татчихаад салъя гээд рестораны үүдэнд гадаа зогсож тамхи татаж байхад талийгаач *** ээжийгээ хараагаад ээж пизда чинь намайг миний өмнө орж үхэж нүдний булай болгов гэж шаадаг юм даа гэж ярихаар нь би чи төрүүлсэн эхийгээ яах гэж ингэж байдаг юм, чиний төлөө архи дарсаа боль гэж хэлж байгаа ш дээ, чи архи уухаа болио, чи наадахаа зогсоо гээд энэ хооронд баруун гараараа талийгаач ***гийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан. Гэхдээ чанга алгадаагүй. ...Би ***г ээжийгээ муухайгаар хэлэхээр нь алгадсан, хэрүүл маргаан зодоон болоогүй. Намайг алгадахад *** юу ч яриагүй инээгээд тамхи татсан...” /1 дэх хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны №2269 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач О.***гийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн учир химийн шинжилгээ хийх шаардлагагүй...” /1 хавтас хэргийн 71-74 дэх тал/ гэсэн,

          Мөн газрын 2024 оны №462 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2269 дугаартай дүгнэлтийн 5 дугаар хариултаас бусад хариулт нь үндэслэлтэй байна. 2.3.4. Талийгаач нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины мэс засалд орсон байх бөгөөд дээрх мэс засалд орохоос өмнө хийгдсэн тархины КТГ-н зураг болон зургийн хариу, давтан хийлгэсэн тархины КТГ-н зураг болон зургийн хариу, давтан хийлгэсэн тархины КТГ-н компакт диск /CD/ байхгүй, ГССҮТ-н өвчний түүхэнд тэмдэглэсэн мэс заслын тэмдэглэл хангалтгүй байх тул гэмтэл үүссэн хугацаа болон дээрх гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна...” /2 хавтас хэргийн 210-212 дахь тал/ гэсэн,

          Мөн газрын 2025 оны №295 дугаартай дүгнэлтэд: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2269 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаартай дүгнэлтийн 2 дугаар хариулт үндэслэлгүй байна. Амь хохирогч О.***д учирсан тархины битүү гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч О.***д тархины хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” /3 дахь хавтас хэргийн 25-34 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 15-17 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс “...00 цаг 01 минут 22 секунтын үед хар цамцтай эрэгтэй, түүний араас цагаан өнгийн юүдэнтэй цамцтай эмэгтэй түүний араас хар хөх өнгийн цамцтай эрэгтэй гарч ирээд эхэлж гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр луу харж зогсох бөгөөд 4 секунтын дараа эмэгтэй нь хамгийн сүүлд гарч ирсэн эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа  алгадаж буй дүрслэл, тухайн эрэгтэй толгойн зүүн талын шанаа хэсгийг гараараа барьж байв...” /1 дэх хавтас хэргийн 24-27 дахь тал/ гэсэн, амь хохирогчийн өвчний түүх /1 дэх хавтас хэргийн 117-130 дахь тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 72/2025 дугаартай албан бичиг /3 дахь хавтас хэргийн 9 дэх тал/, Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны А/004 дугаартай албан бичиг /3 дахь хавтас хэргийн 11 дэх тал/, хохирлын баримтууд /2 дахь хавтаст хэргийн 67-79 дэх тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “Центо 20” рестораны үүдэнд ээжийгээ зүй бус үг, хэллэгээр хэллээ гэх шалтгааны улмаас амь хохирогч О.***г нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан үйлдлийн улмаас гэмтэл учирч улмаар хохирогч нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд шүүгдэгчийн санаатай идэвхтэй үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид С.Баярмаа “Шүүгдэгч *** гэм буруугүй” гэсэн санал гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгч *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь нэг дүгээр хавтаст хэргийн 135 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, “Хүний амьд явах эрхийн эсрэг” үйлдэгдэж, хүний амь нас хохирсон, хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл /1 дүгээр хавтаст хэргийн 102, 177-186 дахь тал/ 36 хоног, шүүхийн шатанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл /2 дугаар хавтатс хэргийн 82, 164-165 дахь тал/ 198 хоног, мөн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 7 хоног /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/, нийт 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.***гийн амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Суварга буян” ХХК-ийн үйлчилгээний төлбөр 4,000,000 төгрөг, “Хан имплант” ХХК-д буяны цайллага хийсэн 1,800,000 төгрөг, эгч О.Амаржаргалын Англи улсаас ирсэн зардалд 7,860,591 төгрөг буюу нийт 13,660,591 /арван гурван сая зургаан зуун жаран мянга таван зуун ерөн нэг/ төгрөгийг /2 дугаар хавтаст хэргийн 69, 70, 71-78 дахь тал/ шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгох нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы нэхэмжлэлээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт 85,250,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох, бусад гарсан зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгахаар, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.

 

Дээрх хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх дагаж мөрдсөн ба шүүгдэгч *** 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн хохирлыг мөнгөн дүнгээр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...шинжээчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан бөгөөд 3 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь талд шинжээч эмч нарын ажлын хөлс 980,000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд шинжээч нар нь 2025 оны ЕГО525/295 дугаартай дүгнэлтийг гаргасан нь энэ хэрэгт хамааралтай байх тул тухайн зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210021661412 дугаартай хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон 4 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалах, шүүгдэгч ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нараас: “...*** нь амь хохирогчийн хацарт алгадсан үйлдэл дээрээ маргахгүй, хацарт алгадсан нь амь хохирогчийн амь насыг хохироосон үр дагавартай эсэхэд эргэлзээ төрж байгаа, хөдөлбөргүйгээр шууд тогтоож чадахгүй. Энэ хэрэгт нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, анх буюу 2022 оны 2269 дугаартай дүгнэлтийг гол нотлох баримтаа болгосон, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд нэг зүйлийг зааж чадахгүй байна, алгадсан үйл баримтаар тухайн гэмтлийг авсан гэдгийг зааж байгаа баримт биш. Сүүлд гарсан буюу 2025 оны ЕГО525/295 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтэд тусгах зүйлийг дурдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн талаар мэдээлэл, эцэг эх, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээллийг тусгахаар заасан. Гэтэл тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч нараас Сарангэрэл шинжээч 11 жил ажилласан гэсэн боловч бусад шинжээч нарын мэдээлэл байхгүй, тусгагдаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчиж гаргасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлд шинжилгээг ижижл мэргэжлийн шинжээчдийн багаар хийлгэхээр зохицуулсан, ийм ч дүгнэлт гарсан гэж ойлгож байгаа. Өөр төрлийн шинжээч нар оролцож байгаа бол дүгнэлтээ тус тусдаа гаргачихаад нэгтгэхээр заасан. Гэтэл шинжээч Сарангэрэл ямар дүгнэлт гаргаснаа огт бичээгүй нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээс шинжээч нарын 820 дугаартай дүгнэлт болон шинжээч Цэцэгмаагийн мэдүүлгийг анхаарахыг хүсье. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ***д холбогдох хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /хуучин нэрээр/ буюу Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын дангаараа болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 4 удаагийн дүгнэлт гарсан /1 дүгээр хавтаст хэргийн 71-74, 75-76, 2 дугаар хавтаст хэргийн 210-212, 229-233, 3 дугаар хавтаст хэргийн 25-34 дэх тал/, уг дүгнэлтүүдээс Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны №820 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: ...2. Дээрх баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /тархины битүү гэмтэл/ нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 2022 оны 08 дугаар сарын 21-ний 02 цаг 28 минутад Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-г дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалангаар давтан уншуулахад: баруун дух, чамархай, зулай, фалксийн баруун хэсгээр 1,6 см хүртэл зузаантай, изо ба гиперинтенс холимог нягтралтай /+45HU- +76НU/ хурцавтар субдураль цус хуралттай гэсэн байгаа нь дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнөөс өмнө авсныг баталж байна...” /2 дахь хавтас хэргийн 229-233 дахь тал/ гэх боловч дээрх дүгнэлтийг Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны ЕГО525/295 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: ...2. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаартай дүгнэлтийн 2-р хариулт үндэслэлгүй байна. Амь хохирогч О.***д учирсан тархины битүү гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч О.***д тархины хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” /3 хавтас хэргийн 25-34 дэх тал/ гэх дүгнэлтээр үгүйсгэсэн бөгөөд дээрх дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч нарыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс, Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлөөс тус тус томилсон, шинжээч нарт хууль сануулсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хууль зөрчөөгүй, тухайн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Иймд шүүгдэгчийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ***д шийтгэсэн 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас 13,660,591 /арван гурван сая зургаан зуун жаран мянга таван зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы нэхэмжлэлээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт 85,250,000 /наян таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ***аас 980,000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст олгосугай.

 

7. Эрүүгийн 2210021661412  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР

         

 

 

                                ШҮҮГЧ                                                  Л.БААТАР

 

 

 

                                  ШҮҮГЧ                                                   Г.ЭНХЦЭЦЭГ