Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1229

 

 

 

 

 

 

 

 

 

“А П И” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01178 дугаар шийдвэртэй,”А П И” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-, Д.Н- нарт холбогдох, 26 871 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч нар нь нэхэмжлэгч”А П И” ХХК--иас 11 400 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, хариуцагч С.Б-, Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: С.Б-, түүний эхнэр Д.Н- нар нь “А И П” ХХК--ийн нэр, тамга тэмдгийг ашиглан ашиг орлого олсон байдаг. Дээрх үйлдэл илэрч хариуцагч болон”А П И” ХХК--ийн 100 хувь хувьцаа эзэмшигч А.Б- нар 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 009/01 дугаартай гэрээ байгуулж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг, татвар хураамжийн төлбөр гарвал түүний хамт А.Б-д төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нарын бусадтай байгуулсан гэрээний татвар, нийгмийн даатгалд”А П И” ХХК- 3 271 000 төгрөгийг төлсөн. Талууд дээрх 009/01 дугаартай гэрээ байгуулснаас хойш хариуцагч 11 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Иймд харилцан тохиролцсон 35 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 23 600 000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3 271 000 төгрөг, нийт 26 871 000 төгрөгийг С.Б-, Д.Н- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: С.Б- би Цахилгаан түгээх сүлжээний газарт ахлах монтёр ажилтай байхад А.Б- 2011 оны 6 дугаар сард туслах монтёроор ажилд орсон. Энэ үеэс бид ах, дүү болон нөхөрлөж ирсэн. А.Б- цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй”А П И” ХХК- гэж компани байгаа тухай надад хэлсэн. Компанийн нэр дээр 2012 оны 5 дугаар сард тусгай зөвшөөрлийг авсан ба тухайн компани ямар нэгэн ажил үйлчилгээ огт хийгээгүй, дүрмийн сандаа 20 000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. Захирал А.Б- нь “танил тал муутай учир цахилгааны ажил олж, хийж чадахгүй байна, цаашид танд ч хэрэгтэй тул компанийн нэр дээр ажил олж, үйл ажиллагааг нь жигдрүүлж өгөөч, гээд миний эхнэр Д.Н-г тайлан тооцоо гаргаж бай гэж “Голомт банк” ХХК-д очиж гарын үсгийн баталгааг албан ёсоор өгч байсан. Харин “хариуд нь хэдэн төгрөг өгч байхад болно” гэсэн.

Миний бие 2013 оны 3 дугаар сараас анхны ажлаа олж захирал А.Б-д хэлж, хамт явж захиалагч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Үүнээс хойш 2014 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хийсэн ажлуудыг С.Б- би өөрөө бүрэн хариуцаж, туслах ажилчид авч, цалинжуулж албан ёсоор тайлан гаргаж, тайлантай холбоотой татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бусад өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байсан.”А П И” ХХК--ийн захирал А.Б- нь Эрчим хүчний хөгжлийн төвд хяналтын инженер болсон цагаас хойш “...би завгүй ажил ихтэй байна, та өөрөө хариуцаад хийж бай...” гээд, компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамгыг надад өгсөн. Ингэж ажиллахдаа бид ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тухай тушаал шийдвэр гаргаж цалин өгч, нийгмийн даатгалын шимтгэл ч төлж байгаагүй ба харилцан итгэж, хийсэн ажил бүрийн ашгаас А.Б-д тохирсон, хэлсэн хувийг нь өгч ирсэн болно.

Бид ашгаа 2 хуваахаар амаар тохиролцсон, хийгдсэн ажлуудаас захирал А.Б-д өгсөн ашгийн үнийн дүнг тус бүрт нь дурдвал, “Эс Си Эм” ХХК-ийн Америк элчингийн 260 айлын орон сууцны барилгын гадна цахилгааны ажлын орлогоос 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Голомт банк” ХХК дах компанийн харилцах данснаас А.Б- өөрөө 5 000 000 төгрөг авсан, тухайн ажил хийж дуусаад ашгаас нь 10 000 000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн ажлын орлогоос 2013 оны 9 дүгээр сард 8 000 000 төгрөг бэлнээр, “Уулын шугуй” ХХК-ийн барилгын гадна цахилгааны ажлаас ВОКСИ /VОХҮ/ маркийн найман хүний суудалтай микро автобусыг 11 000 000 төгрөгт тооцож 2013 оны 12 дугаар сард өгсөн, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Голомт банк” ХХК-ийн дансаар 3 500 000 төгрөг шилжүүлсэн, 2014 оны 9 дүгээр сард 8 500 000 төгрөгийн үнэ бүхий трансформаторыг 3 дугаар хорооллын хашаанаас А.Б- өөрөө авч явсан, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Төрийн банк” ХХК дах дансанд нь 1 000 000 төгрөг хийсэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 700 000 төгрөг А.Б- өөрөө “Голомт банк” ХХК дах компанийн данснаас авсан, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Голомт банк” ХХК дах А.Б-ын хувийн дансанд 7 000 000 төгрөг хийсэн, өмгөөлөгч Б.Пүрэвхүүгийн “Хаан банк” ХХК дах дансанд нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1 400 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг шилжүүлж, нийт 59 100 000 төгрөгийн ашиг өгсөн ба энэ талаар захирал А.Б- маргаагүй болно.

2015 оны 9 дүгээр сараас ажил олдоогүй бөгөөд 2016 оны 1 дүгээр сард тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгч, хамтран ажиллахаас бүрэн татгалзсан. Үүнээс хойш огт холбоогүй байсан. Миний бие мэргэжлээрээ улсад 38 жил, цахилгаан түгээх сүлжээнд 34 жил үнэнчээр ажиллаж, өөрийн үүрэгт ажлыг хариуцлагатай хийж, ямар нэгэн доголдол, зөрчил гаргаж байгаагүй. Заль мэхээр бусдад хохирол учруулах нь битгий хэл хүнтэй муудалцаж үзээгүй хүн. 2017 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан.

Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн цагдаад “... 2013 онд”А П И” ХХК--ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан...” гэх үндэслэлээр гомдол гаргасан байсан. Үүний дагуу “А И П” ХХК--ийн захирал А.Б-тай уулзахад “залилангийн хэргээр танд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, та надад мөнгө өгөх ёстой, 35 000 000 төгрөг өгвөл би гомдлоо татаж авлаа” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа бид хоёрыг уулзъя гэж дуудаад таньдаг нотариатч дээрээ дагуулан очиж гэрээ байгуулан, “энэ гэрээнд гарын үсгээ зур” гэж дарамталж, айлган сүрдүүлж байгаад гарын үсэг зуруулсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдлоо нэхэмжлэгч буцаан авна гэж байсан. Нотариатаас гараад “та ард нь гарын үсгээ зур, регистрийн дугаар, утасны номероо бич” гээд гарын үсэг зуруулсан. Шүүхэд өгсөн гэрээний ард 35 000 000 төгрөгийг өгнө гэсэн хуваарь нэмж бичсэн байна, үүнийг би мэдэхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бид гэрээ байгуулсан. Уг гэрээнээс бүх асуудал тодорхой болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Дээрх ажиллаж байх хугацаанд 48 983 000 төгрөгийн цэвэр ашиг олсон бөгөөд үүнийг 2 тэнцүү хуваахад тус тус 24 491 500 төгрөг авах ёстой байсан. Гэтэл А.Б- нь өнөөдрийн байдлаар 59 100 000 төгрөгийг ашиг гэж авсан ба 34 608 500 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул үүнийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийгдсэн бүх ажил нь нийт 800 000 000 орчим төгрөг болсон. Үүний ашгийг хоёр хуваагаад 35 000 000 төгрөгийг хувааж авах гэрээ хийгдсэн гэж ойлгож байна. Өмнө нь манай өмгөөлөгч ноогдол ашгаа 50, 50 хувиар авах ёстой гэж буруу тайлбарлаад байсан юм билээ. 35 000 000 төгрөг өг гэж шаардсан. Бид 59 100 000 төгрөг өгсөн учир сүүлд өгсөн 11 400 000 төгрөгийг буцаан гаргуулана гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Татварын албанаас “татвараа төлөхгүй яагаад удаад байна вэ” гэхэд нь “2014 оны 10 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, “Х” тайлантай байх ёстой, компанийн тамга, тэмдэг Д.Н- гэх хүнд байдаг” гэж хэлсэн. Энэ талаар тодруулахаар банкны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулж үзэхэд их хэмжээний орлого орсон, татварын байгууллагад 2014, 2015 онуудад орлогоо тайлагнасан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2 гэрээтэй, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2 удаагийн гэрээтэй, нийт 6 компанитай гэрээ хийсэн байдаг. Эдгээрээс 77 000 000 төгрөгийн дүнтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хийсэн хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд хариуцагч С.Б-”А П И” ХХК--ийн гүйцэтгэх захирлаар гэрээг байгуулсан байсан.  

Талууд 2012 оноос хойш гэрээгүй, амаар тохиролцож ажил хийгээд ашгаа 50, 50 хувиар хувааж авдаг байсан. Зарим бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Компанийн дансаар маш их хэмжээний мөнгө ороод Д.Н-гийн гүйлгээгээр гардаг байсан. 2013 оны жилийн эцсээр 788 000 000 төгрөгийн борлуулалттай, 2014 оны жилийн эцсээр 418 000 000 төгрөгийн борлуулалттай, 2015 оны жилийн эцсээр 388 000 000 төгрөгийн борлуулалттай байсан. 2013 онд хийсэн ажлынхаа мөнгийг хуваагаад 30 000 000 орчим төгрөг авсан гэдэгт маргаан байхгүй. 2014, 2015 онуудад хийгдсэн ажлуудын асуудал гарч ирнэ. Тусгай зөвшөөрөлгүй, компанийн дансгүй бол компаниуд ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, мөнгө шилжүүлэхгүй, хийх ажил төсөвтэй байдаг. Хамтдаа хийсэн бол төсвөөсөө хуваахыг хариуцагч нарт санал болгосон. А.Б-, С.Б- нар 15 хувь биш, 10 хувиар тохирсон.

Цагдаад очиход нь “гэрээ хийгээд ир” гэсэн зүйл хэлсэн учраас нотариатад очиж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд 35 000 000 төгрөгийг тусга гэдгийг л  ярьсан. Нотариат үнийн дүнтэй гэрээ бол төлбөр авна гэхэд нь өгөхгүй гэсэн. Тухайн үед С.Б- ах мөнгөгүй байсан. Тэгэхээр нь 35 000 000 төгрөгтэй холбоотой заалтыг сүүлд нэмүүлсэн, нэмэхдээ зөвшөөрч байгаа эсэхийг С.Б-аас асуухад зөвшөөрнө гэсэн тул гарын үсгээ зур гэсэн. 35 000 000 төгрөгийг ойлгоогүй, мэдээгүй гээд байна, 5 хоногийн дараа”А П И” ХХК--ийн захирлаар гарын үсэг зуруулсан, ийм л тохиролцоонууд бий. 2013 онд хийсэн ажлын мөнгийг авсан, маргах зүйл байхгүй. Хэргийн баримтаас харвал 1 580 000 000 орчим төгрөгийн тал хувь болох 700 000 000 орчим төгрөгийн ногдох хувиа авсан, маргаан байхгүй.

Маргаад байгаа зүйл нь”А П И” ХХК--ийн захирал А.Б- миний оролцоо байгаа, компанийн зөвшөөрөлгүй бол хэзээ ч ажил хийгдэхгүй гэж байгаа. Нэгэнт тохирсон болохоор гэрээнийхээ дагуу үлдэгдэл мөнгөө шаардсан. 2017 оны 11 дүгээр сард энэ гэрээг үндэслээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Худалдаа хөгжлийн банк” ХХК мэт том хуулийн этгээдүүд гэрээ чинь хууль бус гэдэг нь мэдэгдэх юм бол асуудал үүсэх учраас хууль ёсны болго гэсэн саналыг тавьсан. Энэ гэрээг тухайн үед ойлгоогүй байж магадгүй. Гэхдээ нотариат 6 зүйлийг тусгасан. Эдгээрийг ойлгоогүй гэхэд 5 хоногийн дараа хариуцагч нар гэрээг хийгээд ойлгохгүй байсан 35 000 000 төгрөгөө тусгасан, ойлгохгүй байсан үнийн дүнгүүдээ манайх руу шилжүүлсэн байдаг. Сүүлийн 788 000 000 төгрөг дансаар ороогүй бол энэ асуудлаар маргахад хэцүү.

Урьд нь давж заалдах шатны шүүх дээр компанийн ногдол ашгийг хувааж авна гэж өмгөөлөгчийг нь ярихад болохгүй гэдгийг тайлбарлаж хэлж байсан. Өмнө бол хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаад ашгаа хуваагаад л явсан. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 35 000 000 төгрөгийн дүнтэй гэрээг С.Б- өөрөө аваад ирсэн гэдгийг шүүх харгалзаж үзээсэй. Талууд тухайн үед ойлголцоод гэрээ байгуулсан атал одоо мэдээгүй гэдэг зүйл яриад байна.”А П И” ХХК- өөртөө цалин тавьсан байсан бол татвараа өөрөө төлөх ёстой. Тийм зүйл байхгүй учраас нэхэмжилсэн. Татварт төлөгдсөн төлбөр 2015, 2016 оны татварын хуримтлал гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүснэ. 1,5 тэрбум төгрөгийн орлого ороод гарсан, НӨАТ бол борлуулалт гарсан учраас төлөгддөг. Энэ хэмжээний борлуулалт хийсэн юм чинь гэрээний үүргийг шударгаар биелүүлээд, боломжгүй бол ярилцаж ойлголцох боломжтой.

Бид 2014 оны 10 дугаар сараас Д.Н-г гүйлгээ хийдэг болсон үеийн зүйлийг тайлбарлаж байна. Хэргийн баримтаас үзвэл, А.Б- нэг удаа 700 000 төгрөг авсан байдаг. Тэр үед ийм хэмжээний мөнгө орсон, гарсан гэдгийг анзаараагүй. 11 400 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн байж буцаан шаардаад байгаа нь тодорхойгүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн эрх зүйн харилцаанаас хойш ямар харилцаа үүсээд 11 400 000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч”А П И” ХХК--ийн хариуцагч С.Б-, Д.Н- нараас харилцан тохиролцсон 35 000 000 төгрөгийн үлдэгдэл 23 600 000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3 271 000 төгрөг, нийт 26 871 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Б-, Д.Н- нарын нэхэмжлэгч”А П И” ХХК--иас 11 400 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 000 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Талуудын байгуулсан гэрээ, нэмэлт гэрээг хууль буруу хэрэглэн тайлбарлаж илтэд буруу дүгнэлт хийсэнд гомдолтой. Анхан шатны шүүх “....“Ай Пи Икс” ХХК-ийн захирал А.Б-, С.Б- нар хамтран ажиллаж, ашгаа хувааж байх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан...” гэж дүгнэсэн.

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 009/01 дугаар гэрээний /хамтран ажиллах гэрээний агуулга бүхий/ 3 дах заалтад гэрээт ажлуудыг хийж дуусгасны дараа үлдэгдэл төлбөр, баталгааны мөнгө орж ирэхэд А.Б-, С.Б- нар хувь тохирч ашгаа хуваарилана гэж, гэрээний арын хуудсанд борлуулалтын орлогоо тооцон ашгаа хуваарилан 15 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөгийг А.Б-д хуваарийн дагуу өгөхөөр тохиролцсон байдаг.

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан “Гэрээ”-ний агуулгаас үзэхэд А.Б- нь 35 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний ашиг гэж шаардсан нь дээрх 35 000 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрсөн, түүнчлэн А.Б- дахин нэмэлт ашиг шаардахгүй байхаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд дээрх гэрээнүүдийн үүргийн дагуу 11 400 000 төгрөг А.Б-д шилжүүлсэн нь тогтоогдож байхад шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт өгөхгүй, бичгээр болон амаар байгуулагдсан гэрээний агуулгыг анхаарч үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хариуцагч нар нэхэмжлэгч компанийн тамга тэмдэг, тусгай зөвшөөрлийг ашиглан байгууллагуудтай цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2015 онд 386 200 000 төгрөгийн, 2014 онд 416 500 000 төгрөгийн борлуулалтын орлогыг компанийн харилцах дансыг ашиглан нийт 802 700 000 төгрөгийн орлого олж, нэхэмжлэгчтэй тохирч урьдчилгаанд 11 400 000 төгрөгийг төлсөн ба шүүх хуралдаанд үүнийг илүү төлсөн гэж тайлбарлан шаардсан. Энэ нь”А П И” ХХК--ийн татварын тайлан, “Голомт банк” ХХК-ийн харилцах дансаар тогтоогдож байхад шүүх дээрх орлого нь хариуцагч нарын орлого байна, нэхэмжлэгч тус орлогоос нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйл болон бизнесийн ёс зүй, шударга ёсонд ч нийцэхгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ тус бүрд зааж тусгасан 35 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 23 600 000 төгрөгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч”А П И” ХХК- нь хариуцагч С.Б-, Д.Н- нарт холбогдуулан 26 871 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч”А П И” ХХК--иас илүү өгсөн 11 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргаж мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч нартай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 23 600 000 төгрөг, уг гэрээгээр тохирсон ёсоор нэхэмжлэгчээс татвар, нийгмийн даатгалд төлсөн 3 271 000 төгрөг, нийт 26 871 000 төгрөг гаргуулана гэж тайлбарлаж, нотлох баримтаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 534 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 009/01 дугаартай гэрээ,”А П И” ХХК--ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, “Голомт банк” ХХК дах 1410005872 тоот дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн байна. /хх1-9, 12, 40-53/

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 009/01 дугаартай гэрээнд компанийн захирал А.Б-д 35 000 000 төгрөг өгөх талаар бус цаашид хийгдэх ажлын ашгаас мөнгө өгөхөөр тохиролцсон бөгөөд илүү төлсөн 11 400 000 төгрөгийг буцаан гаргуулана гэж тайлбарлаж,”А П И” ХХК--ийн 2013 оноос 2016 он хүртэлх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, “Голомт банк” ХХК дах”А П И” ХХК--ийн 1410005872 тоот дансны хуулга, “Хаан банк” ХХК дах Д.Н-гийн 5079010193 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Б-,”А П И” ХХК- нарын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 24, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар хавсаргажээ. /1хх73-958 120-126, 139-152 /

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл, талууд 2012 оны 5 дугаар сараас хойш”А П И” ХХК--ийн 0,4-35 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, компанийн тамга, тэмдгийг ашиглан хариуцагч нар гуравдагч этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээ тус бүрийн орлогоос ногдох ашгийг нэхэмжлэгч компанийн захирал А.Б-тай хуваах талаар харилцан тохиролцсон, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр компанийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Дээрх хугацаанд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дах хэсэгт заасан ашиг олох болон бусад тодорхой зорилго хэрэгжүүлэх талаар амаар тохиролцсон хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн байх ба уг харилцаа 2017 оны 01 дүгээр сард дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй байна .

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт зааснаар гэрээг шүүх тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох учиртай. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 009/01 дугаартай гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нар 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь татвар, нийгмийн даатгалд 3 271 000 төгрөгийг төлсөн гэж хариуцагч нараас шаардаж байх боловч уг төлбөр С.Б-ы байгуулсан гэрээтэй холбоотой болох нь баримтаар тогтоогдоогүй тул шүүх төлбөрийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй юм. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэл 11 400 000 төгрөгийн хувьд илүү төлөгдсөн төлбөр гэж үзэхгүй бөгөөд шүүх талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хариуцагч нар нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, тамга, тэмдгийг ашиглан, 2014, 2015 онуудад олсон орлогын ашгаас 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 01, 05-ны өдрүүдийн гэрээгээр хүлээсэн. Энэхүү үүргийн дагуу нэхэмжлэгчид 11 400 000 төгрөг хариуцагч нар төлсөн үйл баримтыг дүгнээгүй, хэрэгт авагдсан компанийн татварын тайлан, дансны хуулгаар 2014, 2015 онд орлого олсон нь тогтоогдож байхад уг орлогыг хариуцагч нараас нэхэмжлэгч эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйл болон бизнесийн ёс зүй, шударга ёсонд нийцэхгүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Талууд, хэргийн 5 дугаар талд авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 534 дугаар тогтоолд дурдсан “А.Б-ын ...”А П И” ХХК--ийн нягтлан бодогч Д.Н-, нөхөр С.Б-тай бүлэглэн 2013 оноос компанийн тамга, тэмдэг, дансыг ашиглан захирлын зөвшөөрөлгүй гэрээ байгуулан компанийн дансаар хувьдаа мөнгө завшсан...” гэх агуулгаар гаргасан гомдолд нь үндэслэж 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 009/01 дугаартай гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг тус тус байгуулсан нь тогтоогдож байна. /1хх5, 8, 73-74, /

 

Дээрх гэрээнүүдээс үзвэл, хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч компанийн нэрийн өмнөөс байгуулсан гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгах, тухайн гэрээнээс үүдэлтэй татвар, хураамж, бусад өр төлбөрийг С.Б-, Д.Н- нар хариуцах, гэрээт ажлыг дууссаны дараа үлдэгдэл төлбөр болон баталгааны мөнгө орж ирэхэд А.Б-, С.Б- нар хувь тохирч ашгаа хуваарилах, С.Б-ыг өндөр насны тэтгэвэрт гарахад компанийн гүйцэтгэх захирлаар томилж гэрээ байгуулан ажиллах, А.Б- нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан С.Б-ыг тамга, тэмдэг авч зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлоо буцаан авах, 2012 оны 5 дугаар сараас хойш С.Б- нь хамтран ажиллахаар амаар тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн ажлаас олсон ашгаас 28 000 000 төгрөг А.Б-д өгсөн, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс компанийн нэр дээр ямар нэгэн ажил хийгээгүй, талууд хамтран ажиллахаас татгалзаж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А.Б-д компанийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгсөн, нэмж авах ёстой ашиг гэж 35 000 000 төгрөг өгөхийг С.Б-аас шаардсанаас 7 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр С.Б- нь А.Б-д өгснөөр цагдаад өгсөн өргөдлөөсөө татгалзан буцааж авах, С.Б- 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг А.Б-д өгснөөр тэрээр цаашид С.Б-аас мөнгө шаардахгүй, хууль хяналтын байгууллагад хандан нэхэмжлэл, өргөдөл гаргахгүй гэсэн нөхцлүүдийг тус тус тохиролцсон байжээ. /1хх5, 73-74/  

 

Үүнээс гадна, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 009/01 дугаартай гэрээг зохигчдын хэн алинаас нэг нэг хувийг хэрэгт хавсаргасан байх бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан гэрээнд /1хх6/ 35 000 000 төгрөгийг хувааж төлөх талаар тохиролцсон талаар гараар бичигдсэн, хариуцагч талаас гаргасан гэрээнд нь бичигдээгүй, мөн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний 3 дах заалтыг хасаж тооцохоор талууд тохирсон гэх гар бичмэл тусгагдсан байна.

 

Эдгээрээс дүгнэвэл, хариуцагч нар нэхэмжлэгч компанийн тамга тэмдгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн, хэрэгт авагдсан баримтад уг хугацаанаас хойш хариуцагч нар”А П И” ХХК--ийн нэрээр ажил, үйлчилгээг гуравдагч этгээдэд үзүүлж, ашиг орлого олсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах буюу шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагаас 23 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэгч компанийн нэрийг “Ай Пи Экс” ХХК гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд /1хх9/ бүртгэгдсэнээс өөрөөр бичсэн байгаа боловч шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэгт зөвтгөж”А П И” ХХК- гэж бичсэн байгааг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч”А П И” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                    ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                     Т.ТУЯА