Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/829

 

 

 

 

    2021            09            16                                       2021/ДШМ/829    

 

О.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор В.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 488 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.З-д холбогдох эрүүгийн 2105010030958 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З-, /;

 

О.З- нь 2021 оны 5 дугаар сарын 7-ноос 12-ныг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн харьяа “Хүүхдийн төв” сувилалд өөрийн төрсөн хүү Б.Х-тай хэвтэн эмчлүүлж байхдаа түүний амыг гараараа дарах, хацар луу нь алгадах, няслах, “үхээд өг” гэж хашгиран хөл, гэдэс нүүр лүү нь алгадах зэрэг удаа дараагийн үйлдлээр хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор В.Батдэлгэр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүгдэгч О.З-ын үйлдэл нь нэг удаагийн үйлдэл болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Б.Б-гийн мэдүүлэг, түүнд явуулсан видео бичлэг зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “удаа дараа” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг СD-г шүүхэд хэргийн хамт хүргүүлснийг шүүх хүлээн авсан. Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс тухайн эд мөрийн баримтаар тооцсон СD-г шинжлэн судлуулж, үзүүлэх гэсэн боловч СD-нд ямар нэгэн бичлэг бичигдээгүй байсан талаар цагаатгах тогтоолд дурдсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий СD-г үзэж, шинжлэн судлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. Учир нь дээрх бичлэгт шүүгдэгч О.З- нь нэг удаагийн үйлдлээр өөрийн хүү Б.Х-тай “хэрцгий харьцсан” бус, харин удаа дараагийн үйлдлээр “хэрцгий харьцсан” болох нь хоёр удаагийн видео дуудлага, таван удаагийн тус тусдаа бичлэг, бичлэгт гарах орчин тойрны нөхцөл байдал, хүүхдийн хувцас зэргээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж прокурор үзсэн. Мөн шүүхээс шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан улсын яллагчийн зүгээс гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын /нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах/ саналыг тавьсан ба оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаар тайлбарлуулж шүүх хуралдааныг түр завсарлуулсны дараа шүүгдэгч О.З-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.З-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн яамны харьяа “Хүүхдийн төв” сувилалд хэвтэн өөрийн төрсөн хүү /19 хоногтой нярай/ Б.Х-г эмчлүүлж байсан О.З- нь түүний эцэг болох Б.Б-тэй маргалдсаны улмаас Б.Х-н амыг гараараа дарах, хацарт нь алгадах, няслах, “Үхээд өг” гэж хараах, хөл, гэдэс, нүүрэнд нь алгадах зэргээр хүүхдээ зодож буй үйлдлээ гар утсаараа бичиж, уг бичлэгээ нөхөр Б.Б-д явуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            О.З-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байгаа талаар анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцсан гэж цаг хугацаа болон давтамжийг тодорхойлж өгсөн бөгөөд удаа дараа гэдгийг эрүүгийн эрх зүйн онолд хоёр, түүнээс дээш удаа хэрцгий харьцсаныг ойлгоно. Мөн үйлдэл бүр бие даасан шинжтэй, эхлэл, төгсгөлтэй, цаг хугацааны хувьд тасалдалтай байдаг онцлогтой.

 

Тухайн үед болсон үйл явдал хэрхэн эхэлсэн, өрнөсөн талаар О.З-ын “...Б-тэй утсаар ярихад согтуу, цаана нь эмэгтэй хүмүүс болон зөндөө хүмүүс согтуу байсан. Тэгтэл өмнө нь үерхэж байсан найз охин нь утсыг нь аваад “би хоёр сартай жирэмсэн” гэж хэлсэн. Б-д жирэмсэн гэж байна юу яриад байгаа юм бэ гэхэд “мэдэхгүй жирэмсэн гэж байна, гаргах юм уу яах юм гэж хэлээд” намайг тоохгүй байсан. ... 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр чат бичиж маргалдаж байгаад “би тэгвэл энэ хүүхдийг чинь ална” гээд хүүхдээ зодож байгаа бичлэг хийж Б- лүү явуулсан. ...” /хх 72-73/, гэрч  Б.Б-гийн “...манай эхнэр О.З- 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр над руу нэг сартай хүүхдээ алгадаж, нясалж, гараараа амыг нь таглаж, нүүрэн дээр нь дэрээр бүтээж “үхээд өг” гээд хүүхдээ загнаж байгаа бичлэгийг фейсбүүк чатаар явуулсан. ...”/хх 40/ гэх мэдүүлэг, “...хүүхдийн хацар луу гараараа 6-7 удаа алгадаж хүүхэд уйлж байгаа, ...хүүхдийн хөл рүү 5-6 удаа гараараа алгадаж, цохиж байгаа, ...нялх хүүхдийн уйлж байгаа дуутай, эмэгтэй хүний “үхээд өг, үхээд өг” гэж орилж нялх хүүхдийн хөл, гэдэс, нүүр рүү гараараа олон дахин цохиж, алгадаж байгаа, хүүхдийн зүүн талын хацар луу 8-9 удаа нясалж, “дуугүй бол, дуугүй бол” гэж орилж байгаа эмэгтэй хүний дуутай, нүүр, дух, хамар хэсэг рүү нь 6-7 удаа гараараа алгадаж, цохиж байгаа бичлэг байв” гэсэн гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 55-56/ зэрэг нотлох баримтаас үзэхэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдаж улмаар хүүхэдтэй зүй бус харьцаж байгаа нь нэг цаг хугацаанд үргэлжилсэн шинжтэй байх бөгөөд үүнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “удаа дараа” гэх шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин О.З-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхэд саад болохгүйг дурдаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа тул шүүх хуралдааныг 1 үе шаттай явуулах талаар оролцогчдоос санал асуухад тусгайлан санал гаргаагүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх тул энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэл муутай байна. /хх 162/

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор В.Батдэлгэрийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 488 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН