| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0066/З |
| Дугаар | 128/ШШ2023/0328 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0328
2023 04 04 128/ШШ2023/0328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Цэрэнсамбуу
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цэрэнсамбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсболд, нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.Цэрэнсамбуу нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ариунтуяагийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 617 дугаартай болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/364 дугаартай албан бичгээр өгсөн өргөдлийн хариуг тус тус хүчингүй болгуулж тус газар, хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг тогтоолгож, нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд “Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/364 дугаартай албан бичгээр өгсөн өргөдлийн хариуг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаагаа бичгээр илэрхийлсэн.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч С.Цэрэнсамбуу нь 1964 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, Монгол Улсын ерөнхий прокурорын 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/394 дүгээр тушаалаар Эрдэнэт хотын прокурорын газрын хяналтын прокуророор анх томилогдон ажилласнаас хойш прокуророор тасралтгүй 29 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/683 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
2.2. Улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материал бүрдүүлэн өргөдлөө 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан боловч тус хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 617 тоот албан бичгээр "Та прокуророор нийт 29 жил ажиллаж, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь “Прокурорын тэтгэвэрт гаргах насны дээд хязгаар нь 60 нас бах ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт бахгүй тул таны ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэх хариуг өгчээ.
2.3. Улмаар Нийслэлийн нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргахад тус газраас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/364 тоот албан бичгээр өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй тухай хариу өгсөн.
2.4. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. “Сэржээ овогтой Цэрэнсамбуу би 1990 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Москва хот дахь Батлан хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөөд улмаар 1990 оны 07 дугаар сард Эрдэнэт хот дахь Цэргийн гарнизоны прокурорын газарт мөрдөн байцаагчаар томилогдож ажиллаж байгаад Цэргийн прокурорын газар татан буугдахад Эрдэнэт хотын прокурорын газарт 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хяналтын прокуророор томилогдон ажилласнаас хойш прокурорын байгууллагад прокуророор 29 жил тасралтгүй ажиллалаа. Одоо миний бие 58 настай бөгөөд Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 48.1.8, 48.1.13, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/683 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарган ажлаас чөлөөлсөн болно.
3.2. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материал бүрдүүлж тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийн хамт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн боловч тус хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 617 дугаартай албан бичгээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул таны ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэсэн албан бичгийг хүлээн авч, шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Нийслэлийн нийгмийн даатгалын газарт хандсан боловч мөн Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танд хүргүүлсэн 617 тоот албан бичгийг хянаж үзэхэд үндэслэлтэй байна.
3.3. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтад “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй эсхүл нас хязгаарлахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд дээрх заалт тусгагдаагүй тул танд зөвхөн Прокурорын тухай хуулийн заалтыг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй байна” гэсэн 3/364 дугаартай албан бичгээр хариу өгсөн болно. Гэтэл яг ийм тохиолдолд Захиргааны хэргийн 3 шатны шүүх уг асуудлыг хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тохиолдол Прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн прокурор Б.Пүрэвжав, Б.Чойжилсүрэн, Ш.Сүхбат, Д.Бямбацэемаа нарын хувьд шүүхийн шийдвэр гарч тэтгэвэр тогтоолгож байсан жишээ баримтууд цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар шүүхийн практик аль хэдийн тогтсон гэж үзэж байна.
3.4. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон Нийслэлийн нийгмийн даатгалын газраас өгсөн албан бичгийг тус тус хүчингүй болгож, тус газар, хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг тогтоолгож, нөхөн олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Сэржээгийн Цэрэнсамбуу нь нэхэмжлэлдээ прокуророор нийт 29 жил ажилласан. “Прокурорын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээр хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэрт тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул С.Цэрэнсамбууд ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Цэрэнсамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...Прокурорын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул өргөдөл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар хууль хооронд зөрчил гарвал нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж заасан. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг үндэслэл болгоно...” гэж, хариуцагчаас “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул нэхэмжлэгчид ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Нэхэмжлэгч С.Цэрэнсамбуу нь 1964 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/294 дүгээр тушаалаар Эрдэнэт хотын прокурорын газрын хяналтын прокуророор анх томилогдсоноос хойш прокуророор тасралтгүй 29 жил ажиллаж, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/683 дугаар тушаалаар түүний тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
4. Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн прокуророор ажилласан жил, нас зэрэгт маргаагүй, зөвхөн Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой эсэх хууль хэрэглээний асуудлаар маргаж байна.
5. Прокурорын тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж тус тус хуульчилснаас үзэхэд уг хуулиар прокурор, түүний эрх зүйн байдал, нийгмийн хамгааллын асуудлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ.
6.1. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоосон бол, 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр.... 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ тэтгэвэр тогтоолгон авах-аар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж тус тус заасан байна.
6.2. Хуулийн дээрх зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан буюу даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр байна. Энэ хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх үндэслэлгүй юм.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд прокурор, түүний эрх зүйн байдал, нийгмийн хамгааллын асуудлын талаарх харилцааг сүүлд нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.
8. Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 617 тоот албан бичгээр “...Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь “Прокурорын тэтгэвэрт гаргах насны дээд хязгаар нь 60 нас бах ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт бахгүй тул таны ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэх хариуг өгч, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хуульд нийцэхгүй бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “...55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан болзлыг зэрэг хангасан нэхэмжлэгч С.Цэрэнсамбуугийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэлээ.
9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ...хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, ...олгоно” гэж заасан.
10. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус хэлтэст хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримтаа гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан С.Цэрэнсамбуугийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргах тухай” хүсэлтээр тус тус тогтоогдож байх тул дээрх хуульд зааснаар түүний өргөдөл гаргасан өдрөөр буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн С.Цэрэнсамбууд өндөр насны тэтгэвэр тогтоож, олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цэрэнсамбуугаас Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч С.Цэрэнсамбуугийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 617 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, С.Цэрэнсамбуугийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн С.Цэрэнсамбууд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ