Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Т.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гантөмөрт холбогдох эрүүгийн 1725001230054 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 24-6 тоотод оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овгийн Төмөр-Очирын Гантөмөр, /регистерийн дугаар ГЖ86060519/,

 

Шүүгдэгч Т.Гантөмөр нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянталын 4 дүгээр гудамжинд 69-27 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байхдаа Э.Мөнгөнцэцэгтэй маргалдаж түлхүүрийг авах гэснээс шалтгаалан тээврийн хэрэгслээ хөдөлгөж улмаар Э.Мөнгөнцэцэгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яллах  дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би түүнийг чи согтуу байна, цагдаа ирж байгаа, цагдааг ирэхээр учир зөвөө олно, хүлээж бай гэсэн юм. Тэгсэн чинь тэр залуу түлхүүрээ гаргаж ирээд машинаа асаах гэсэн. Тэгэхэд нь би түүнийг явуулахгүй гэсэндээ түлхүүрийг нь авсан юм. Тэгсэн чинь тэрээр өөр нэг шовх үзүүртэй зүйл гаргаж ирээд машинаа асаагаад хөдөлсөн юм. Тэрээр түүний машины түлхүүрийг барьчихсан байсан миний гарыг гараараа давхар барьчихсан байхдаа машинаа хөдөлгөж явсан юм. Тэгэхэд нь би гараа авч чадалгүй хэсэг газарт чирэгдэж зам тэгшлэх гэж гудамжинд асгасан байсан чулуутай шороон дээр унаж, миний гар хөл шалбарсан юм. Тэгээд тэр залуу машинтайгаа яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15 ху/,

 

Гэрч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр залуу намайг цагдаа дуудаад гэрийнхээ хаягийг хэлж байхыг сонсоод явах гэхээр нь манай охин Мөнгөнцэцэг хажууд нь зогсоод түүнийг явуулахгүй гээд цонхоор нь гараа оруулаад түлхүүрийг нь авах гэхэд тэр залуу машинтайгаа хөдлөөд явсан юм. Түүнийг хөдлөхөд манай охин Мөнгөнцэцэг гараа авч чадалгүй түүний машинд чирэгдэн газарт унасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 22 ху/

 

Шүүгдэгч Т.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр урьд нь таксинд явж байгаад танилцаж байсан жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Аагий гэх эмэгтэйтэй гэрийнх нь гадаа очиж дуудан гаргаж ирээд уулзсан юм. Түүнтэй уулзаж ханиндаа 1-2 ширхэг пиво уух гэж очсон юм. Тэр гэртээ байсан ба гарч ирээд надтай уулзаад мэнд ус мэдээд бид хоёр хамт түүний гэрийнх нь хажуухан талд машинтайгаа зогсоод 2,5 литрийн 1 сав пиво уусан юм. Дараа нь дахиад нэг сав пиво нэмж аваад өөр газарт очьё гээд Дэнж багийн урд талын уул руу машинтайгаа гарсан. Уулан дээр нэг цаг орчим болсон байх, тэгээд түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр хөдөлсөн.Тэгээд түүнийг гудамжны нь үзүүрт буулгаад гэртээ орохыг нь хараад хөдөлсөн чинь ээж нь гэх эгч гараад ирсэн. Тэр эгч намайг гараараа даллаж зогсоогоод машинд орж ирээд суусан. Тэгээд над руу уурлаж хүүхэд дагуулж явлаа, чи урьд нь мөн Сэлэнгэ аймаг руу дагуулаад явчихсан байсан гээд байсан. Би түүнийг ийш тийш нь дагуулж явж байгаагүй. Тэгээд тэр эгч намайг машинтайгаа хөдлөөд яв гээд гудамжны үзүүрт гэр рүүгээ ирж байсан хоёр эмэгтэйг авахуулсан. Тэгээд буцаж түүний хашааны үүдэнд ирсэн. Ингээд байж байхад Аагийгийн дүү нь гэх Мөнгөнцэцэг гэх эмэгтэй ирсний дараа миний машинд сууж байсан ээж нь болон нөгөө хоёр эмэгтэй буусан. Мөнгөнцэцэг намайг хэл үгээр доромжлон, чамайг цагдаад барьж өгнө гээд байсан. Би тэд нарт хандан та нар намайг хүнтэй андуураад байна гэж хэлсэн. Ингээд Мөнгөнцэцэг над руу дайрч зогсож байгаад миний машины түлхүүрийг цонхоор гараа оруулаад авчихсан. Тэгээд тэд нар цагдаа дуудаж байсан. Тухайн үед би пиво уучихсан явсан болохоор цагдаад баригдах юм бол жолооны эрхээ хасуулна гэж айгаад машины хаалганы хажуугийн хавтсанд байсан автиркаар машиныхаа түлхүүр ордог хэсэг рүү хийж асаагаад хөдлөх гэсэн чинь хажууд байсан Мөнгөнцэцэг мөн машины онгорхой байсан хаалгаар орж ирээд түлхүүрдсэн автиркийг миний гартай давхар бариад авсан. Тэгэхээр нь би гараа шувтарч аваад машинаа хөдөлгөөд явсан. Намайг хөдлөөд явахад машины хаалга хаагдсан. Эргэж толиндоо хараагүй. Мөнгөнцэцэгийг гэмтээх санаа бодол надад байгаагүй гэжээ/ хх40-41ху/  

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 677 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Мөнгөнцэцэгийн биед баруун гарын тохой, хоёр хөлийн өвдөг, баруун шилбэ, шагайн үений гадна хэсэгт зулгаралт, баруун бугалга, зүүн сарвуунд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд хатуу зүйлийн олон, удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэглэх боломжтой.

З.Баруун гарын тохой, хоёр хөлийн өвдөг, баруун шилбэ, шагайн үений гадна хэсэгт зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун бугалга, зүүн сарвуунд цус хурат нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 17 ху/,

 

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10 ху/,

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9 ху/,

-Т.Гантөмөрийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-42 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Т.Гантөмөр нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянталын 4 дүгээр гудамжинд 69-27 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байхдаа Э.Мөнгөнцэцэгтэй маргалдаж түлхүүрийг нь авах гэснээс шалтгаалан тээврийн хэрэгслээ хөдөлгөж улмаар Э.Мөнгөнцэцэгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Мөнгөнцэцэгийн “Тэгсэн чинь тэр залуу түлхүүрээ гаргаж ирээд машинаа асаах гэсэн. Тэгэхэд нь би түүнийг явуулахгүй гэсэндээ түлхүүрийг нь авсан юм. Тэгсэн чинь тэрээр өөр нэг шовх үзүүртэй зүйл гаргаж ирээд машинаа асаагаад хөдөлсөн юм. Тэрээр түүний машины түлхүүрийг барьчихсан байсан миний гарыг гараараа давхар барьчихсан байхдаа машинаа хөдөлж явсан юм. Тэгэхэд нь би гараа авч чадалгүй хэсэг газарт чирэгдэж зам тэгшлэх гэж гудамжинд асгасан байсан чулуутай шороон дээр унаж, миний гар хөл шалбарсан юм” гэсэн  /хх 15 ху/ болон гэрч Э.Эрдэнэчимэг /хх 22 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун гарын тохой, хоёр хөлийн өвдөг, баруун шилбэ, шагайн үений гадна хэсэгт зулгаралт, баруун бугалга, зүүн сарвуунд цус хуралт үүссэнийг тогтоосон 677 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Н.Гантөмөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Э.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Гантөмөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Н.Гантөмөрт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Н.Гантөмөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гантөмөрт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ