Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02065

 

 

 

 

 

 

 

 

 

**23 оны 06 сарын ** өдөр

Дугаар 183/ШШ**23/0**65

Улаанбаатар хот

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ,

 

Хариуцагч: 

 

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.Т,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

хариуцагчийн өмгөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

/Хариуцагч Ө.М нь хүндэтгэх үзэх шалгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг **22 оны 06 дугаар сарын **-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Ө.Мд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие **19.02.01-ний өдөр Ө.Мтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 50.25м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч уг байрандаа өнөөдрийг хүртэл 3 жил 4 сар гаруй хугацаанд амьдарч байна. Гэрээний 2.2-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 10 000 000 төгрөгийг Ө.Мгийн данс руу шилжүүлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 90 хувь буюу 90 000 000 төгрөгийг хатуу хугацаа тогтоохгүйгээр цувуулан хувааж өгөхөөр тохиролцсон. Үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж худалдан авагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. **22.04.22-ны өдрөөс эхлэн манай эхнэр Г.Алтантуяа бид хоёр иргэн Ө.М рүү залгасан боловч утсаа авахгүй байсан болохоор эхнэр би хоёр хэд хэдэн удаа орон сууцныхаа өмчлөх эрхийг нэр шилжүүлэн авах талаар түүний 99119999 дугаарын утсанд мессэж бичсэн боловч огт хариу өгөөгүй болно. Хэдийгээр миний бие дээрх орон сууцаа эзэмшиж тэндээ гэр бүлээрээ амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэр шилжүүлж өгөхгүй миний орон сууц өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу авсан орон сууцыг Ө.Мгийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Тыг өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Тын нэхэмжлэлтэй иргэн Ө.М надад холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны Шүүх хянан тогтоогоод шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа билээ. Хариуцагч иргэн Ө.М миний бие Б.Тын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. Ө.М миний бие **21 оны 10 дугаар сараас Ковид цар тахлын улмаас эрүүл мэндийн байдал хүндэрч, хуу өвчин сэдэрч, элэгний эмчилгээ байнга хийлгэж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан ба улмаас хүндэрсээр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор нөхцөл байдалд хүрээд байна. Эрүүл мэндийн энэхүү шалтгааны улмаас Ө.М миний бие **22 оны 11 дүгээр сарын 11-нд Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчлүүлэх, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор явсан боловч миний донор болох хүний биеийн эрүүл мэндийн шинжилгээний хариу тэнцэхгүй болсон тул Солонгос улсын эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах боломжгүй гэсэн хариу өгч, дахин донор хайж олон шинжилгээнд хамруулан хагалгаанд орох боломжоо хүлээж байна. Ингээд донорын шинжилгээний хариу гартал Солонгос улсын эмнэлгийн эмчийн шаардлагаар хэвтрийн дэглэм сахин гэрийн нөхцөлд байгаа юм. Ө.М би иргэн Б.Тын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлах, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх, гэрч оролцуулах, тэгш мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагатай байгаа ч эрүүл мэндийн дээрх шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахааргүй нөхцөл байдал үүслээ. ...гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч тал шаардах эрхээ Иргэний хуулийн 106, 262-р зүйл гээд байгаа. 106-ын тухайд өмчлөгчийн шаардах эрхийн асуудал байгаа. Өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж байгаа. Иргэний хуулийн 262-р зүйл нь зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлснөөр эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн эсхүл бүрэн төлнө гэж заасан байгаа. Гэрээний 2.1, 2.2-т заасныг зөрчөөд байгаа. Гэрээний 2.2-т гэрээний зүйлийн үнийн 10 хувийг худалдан авагч нь гэрээг байгуулсан өдөр үлдсэн хувийг харилцан тохиролцсон хугацааны дагуу Худалдаа хөгжлийн дансанд төлнө гэж тохирсон байдаг. Гэрээний хууль зүйн шаардлага нь бичгээр хийгдсэн байх шаардлагатай. Бичгээр хийгдсэн зүйл байгаа хэдий ч харилцан тохиролцсон хугацаа байхгүй учир худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь үнэн үү. Талууд эрх тэгш байх ёстой. Эрх үүрэг үүсэж байгаатай шаардах эрх үүсэж байгаа юм. Гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлэхдээ худалдагчийн Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлнэ гэж байгаа. Энэ дансанд нэг удаа 10 000 000 төгрөг шилжүүлсэн байгаа. Бусад төлбөрийг хэнд яаж төлөөд байгаа нь мэдэгдэхгүй байна. Гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт **18.02.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримтууд, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн **22.05.04-ний өдрийн 829 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 6-16/

 

5. Хариуцагчаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхтэй холбоотойгоор гаргасан баримтууд, 36-77, Сайн наран ӨЭМТ-ийн тодорхойлолт, онлайн виз олгох тухай баримтууд, **22.11.16-ны өдрийн Хил хамгаалах Ерөнхий газрын тодорхойлолт, **23.02.10-ны өдрийн Хил хамгаалах Ерөнхий газрын тодорхойлолт, эмнэлгийн баримтууд зэргийг ирүүлсэн. /хх-ийн 36-77, 85-98, 111, 113-133,143-155/

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалах Ерөнхий газраас хариуцагч Ө.Мгийн улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг авсан баримт, шүүх маргаан бүхий орон сууц болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргав. /хх-ийн 108-109, 164/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...**19.02.01-ний өдөр Ө.Мтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 50.25 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд **22 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлбөрийг бүрэн төлж худалдан авагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэр шилжүүлж өгөхгүй миний орон сууц өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу авсан орон сууцыг Ө.Мгийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Тыг өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ хамгаалахаар шүүхэд хандаж байна гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд **19 оны /**18 гэж он андуурагдсан гэв/ 2 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь улсын бүртгэлийн ********** дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч нь нийт 100 000 000 төгрөгийг төлөх гэрээ байгуулж уг төлбөрийг гүйцэтгэгчид төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-16/

5. Гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь хариуцагч Ө.Мгийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд энэ нь улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 163,164/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Т нь орон сууцыг **19 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч, одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

7. Нэхэмжлэгч нь Б.Т нь орон сууцны үнэ 100 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан **19.02.01-ний өдөр 10 хувь буюу 10 000 000 төгрөгийг, ****.05.07-ны өдөр 15 000 000 төгрөгийг, **21.05.28-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 10 000 000 төгрөгийг, **21.07.26-ны өдөр 5 000 000 төгрөгийг, **21.09.13-ны өдөр 1 000 000 төгрөгийг, **21.12.26-ны өдөр 4 000 000 төгрөгийг, **22.04.22-ны өдөр 40 000 000 төгрөгийг, нийт 100 000 000 төгрөгийг Ө.Мд Александр **-** тоот байрны үнэ, үлдэгдэл Таас гэсэн утгаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ба эдгээр баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байна./хх-ийн 12-16/

8. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т Гэрээний зүйлийн үнийн 10%-ийг худалдан авагч энэхүү гэрээ байгуулсан өдөр, үлдсэн 90%-ийг харилцан тохиролцсон хугацааны дагуу худалдагчийн ...дансанд шилжүүлнэ. гэж тохиролцсон байх ба гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч Б.Т бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

9. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн ...Гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлэхдээ худалдагчийн Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлнэ гэж тохирсон боловч энэ дансанд нэг удаа 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Бусад төлбөрийг хэнд яаж төлөөд байгаа нь мэдэгдэхгүй байна. Гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. гэж тайлбарлаж, маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотлоогүй байна.

10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхтэй этгээд болжээ.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Ө.М нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Т нь дээрх үүргийг хэрэгжүүлэхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэснээр шаардах эрхтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тыг Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, ** дугаар байр ** тоотод байрлалтай 50.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Ө.Мд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Мгөөс улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1** дугаар зүйлийн 1**.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ