2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар   2025/ШЦТ/2152

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Нансалмаа /томилолтоор/, хохирогч ***, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Галцацрах, нарийн бичгийн дарга О.Галмандах, Д.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410032341505 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ***дүгээр байрны гадаа хохирогч ***ийг “эхнэр түлхлээ” гэх шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохиж, биед нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

          Хохирогч ***: “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш гадуур явж байгаад гэртээ ирсэн, байрны зүүн гар талд зам нь эвдэрсэн байсан, энэ залууг би холд, зам чөлөөл гэдэг шаардлага шууд тавьсан, гэтэл чи надаас соёлтой гуйвал зам чөлөөлнө гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би чи хүний, эсхүл ББСБ-ын нэр дээрх тээврийн хэрэгслийг унаад явж байгаа юм байна, хүн өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй хэзээ ч ингэж явахгүй гэдэг утгатай зүйл хэлсэн. Миний урдаас бас ардаас өөр тээврийн хэрэгслүүд ирээд дуут дохио өгсөн. Тэр машинуудыг өнгөрөөгөөд зэрэгцэж зогсоод, машинаас нь 17 метрийн зайтай замын хоёр тал руу шахаад бууж ирсэн. Бууж ирээд эргээд харахад хөдлөөгүй байсан. Тэгээд би энэ залууд та нар ямар сонин юм бэ, наанаасаа хөдөлчхөөч гэж хэлсэн. Тэгсэн хамт явсан эмэгтэй нь яах гээд байгаа юм, чи юу юм гээд машинаасаа буугаад над дээр ирээгүй байхдаа хүмээсээ хараарай, жирэмсэн хүн зодож байна шүү гэж хашхираад, шууд ирээд над руу дайрсан, намайг машин руу шахаад, машины толийг хажуу тийш болгоод дайрахад нь би энэ хүний хоёр гараас нь атгасан. Тэгж байхад Наранболд ирсэн. Ирэхээр нь эр хүн байж эхнэр хүүхдээ нааш нь гүйлгээд, чи авгайгаа ав гэж хэлсэн, тэгээд эхнэрээ хойшоо байж бай гэж хэлээд юу юугүй намайг гулд татаад, ална чамайг гэж дайраад намайг цохиж унагасан. Нүднээс гадна миний чих, толгой руу цохисон. Тэгээд цохиулж унаад нүдээ гараараа дарахад алга дүүрэн цус болсон байсан. ...Гэмтлийн эмнэлэгт очоод эмч нь байхгүй байна гээд гуравдугаар эмнэлэг рүү явсан, Гуравдугаар эмнэлэгт ирээд үзүүлэхэд би өөрийгөө арай ч сохорно гэж бодоогүй, гэтэл миний нүд сохор болсон байсан. Тэгээд миний нүдийг сэргэхгүй гэж хэлсэн, хамаг юм гараад гоожиж дууссан. ...Хохирлын тухайд 3 дахь удаагаа баримт гаргаж өгч байна, эмчилгээний зардалд 22,050,941 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, хэрэг гарах үед би сарын 3,000,000 төгрөгийн цалинтай уул, уурхайн компанид зөвлөхөөр ажилладаг байсан. Одоо ажилгүй болсон, ажилгүй болсонтой холбоотой сарын 3,000,000 төгрөгөөр нэг жилийн цалинтай тэнцэх төлбөрт 36,000,000 төгрөг, мөн протезыг жил болгон хийлгэнэ, 946,000 төгрөг, үүнийг сар болгон 30,000 төгрөгөөр өнгөлүүлнэ, эдгээр төлбөрийг 10 жилийн хугацаагаар бодож нэхэмжилнэ, мөн зовхины эмчилгээнд 800,000 төгрөг хийлгэсэн. Дээд зовхи 900,000 төгрөг, нийтдээ 82,170,941 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэв.

 

          Шүүгдэгч ***: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. *** ахад сэтгэлээсээ үг хэлье, гэмшиж байна, дүү нь тэр өдрөөс хойш асар их гэмшиж байгаа, нэг ч өдөр тайван байгаагүй, уучлахыг бодоорой, тан дээр очиж уучлал гуйна аа ах аа, намайг уучлаарай. Өш хонзонгийн болон өөр янз бүрийн юм байхгүй, хүний нүдийг гэмтээнэ гэдэг байж боломжгүй зүйл гэдгийг мэдэж байгаа, дүүгээ нэг удаа хүлээж аваарай, өөрийн биеэр очиж уучлал гуйна, бага насны хоёр хүүхэдтэй, нялх биетэй эхнэрийг минь бодоод торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

          Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гадуур явж байгаад 14 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 28 дугаар хороо, 89 дүгээр байрны хойд талын гарцаар гэр рүүгээ эргэтэл улаан өнгийн суудлын тэрэг ертөнцийн зүгээр хойш хараад нэгдүгээр эгнээнд урсгал сөрөөд зогсож байсан. Хажуугаар нь гарах гэтэл зам дээр эвдрэл гэмтэл үүссэн байсан. Тэгээд тэр машины жолооч залуу цонхоо онгойлгохоор нь би “чи наад замаа чөлөөлөөд зогсчих, авто замын эвдрэл байна, тойрч гарах хэсгийг эзлээд чи зогссон байна” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл тэр эрэгтэй энд зогсох чамд ямар хамаатай юм бэ гэх хэлсэн. Тэгэхээр нь би чи ганцаараа явж байгаа биш дээ, наад замаа чөлөөлөөд зогс гэсэн л шаардлага тавьсан. Тэгтэл чи надаас соёлтой байдлаар гуйх хэрэгтэй, тэгвэл би хөдөлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ингэж урсгал сөрөөд түгжрэл үүсгээд зогсож байгаа хүнээс юу гэж соёлтой байдлаар гуйх юм бэ гэж хэлсэн. Тухайн үед тэр эрэгтэй машинаа буруу байрлуулснаас болж тэр зам дээр урд хойноос түгжрэл үүссэн байсан. Тэгээд би чи өөрийнхөө машиныг барьж байгаа юм уу, хүн өөрийнхөө машинтай явж байгаа бол ингэж замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй юм, чи хүний машин барьж байгаа, эсхүл банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрх машин барьж байгаа байх, дуугүй наад замаа чөлөөлөөд зогсчих гэж хэлсэн. Тэгээд ар, өврийн машинууд түгжрээд сигналдаад байхаар нь замаа чөлөөлөөд байрныхаа урд талд зогссон. Гэр рүүгээ орох гээд машинаасаа бууж иртэл тэр улаан машин зам чөлөөлөөгүй байсан. Тэгэхээр нь би чи наад замаа чөлөөлөөч, ямар сонин юм бэ гэж холоос орилтол эхнэр нь машинаасаа бууж ирээд та нар яах гээд байгаа юм бэ, би жирэмсэн хүн шүү гэж хэлээд над руу ойртоод хоёр гараараа самардсан. Миний зүүн гарын шуу хэсэгт маажсан шарх, сорви үүссэн. Би тэр эмэгтэйгээс өөрийгөө хамгаалж хоёр гараараа цээж хэсэгт нь тулж эсэргүүцсэн. Нөхөр нь бууж ирээд эхнэрээ өмөөрөөд миний биед халдсан, миний нүүрэнд 3-4 удаа хоёр гараараа ээлжлэн цохисон. Мөн намайг цохиулаад унах үед баруун талын шанаа, чихний ар хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Над руу хоёр гараараа өрөлт аваад маш хурдтай дайрч байсан, би хойшоо нэлээн ухарсан. Миний нүдний торлог бүрхүүл баруунаас зүүн тийш чиглэлтэй урагдсан, нүдний цөцгий эвэрлэг зөөлөн эдүүд бүгд урсаад гоожиж гарсан, баруун талын нүд хараа орохгүй гэж эмч хэлсэн ба гуравдугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон. Тэр эрэгтэй гараараа хоёр гурван удаа цохисон тэгтэл миний нүд харанхуйлаад газарт унасан ба гараараа нүүрэндээ хүрэхэд их хэмжээний цус урссан байсан. ...Тэр эрэгтэй эхнэрээ салгад явуулаад шууд над руу өрөлт аваад дайрч эхэлсэн. Тухайн үед над руу эрчтэй дайрч байсан ба би хурдыг нь гүйцэхгүй хойшоо ухарч дайралтыг зогсоох гэж оролдсон боловч чадаагүй...” /1 дүгээр хавтас хэргийн 28-33 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 14 цаг 50 минутын орчимд гэр рүүгээ орох гэтэл манай байрны урд талын замын нэгдүгээр эгнээнд урсгал сөрөөд приус маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн машины яг хажуу талын замын зорчих хэсэг дээр том хэмжээний эвдрэл үүсэж, ус тогтсон байсан. Манай машин дэргэд нь очоод нөхөр цонхоо онгойлгоод хүн байна уу, чи урсгал сөрөөд зогссон байна замаа чөлөөлөөд өг гэж хэлтэл тэр эрэгтэй эсэргүүцсэн байдалтай, нэлээн хэгжүүн хажуугаар өчнөөн машин гараад болоод л байна. Зүгээр явчих гэж хэлсэн. Чи урагшаа жаахан хөдлөөд өгчихвөл хажуугаар чинь явах боломжтой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад энэ асуудлыг шийдвэрлэе гэхэд дууд, дууд, гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан ба эхнэр нь орилж, хашхирч байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь ямар бүдүүлэг юм бэ, та нарын буруу байхад яагаад хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд хажуугаар нь машинтайгаа зөрөхдөө нөхөр маань “Чи хүний машин унасан яваа юм уу, банкны машин унаж байгаа юм уу, өөрийн машиныг унаж байвал, чи ингэж дүрэм зөрчихгүй байх” гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа өнгөрөөд байрныхаа урд талд нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулаад манай нөхөр түрүүлж буусан ба эхнэр нь орилж хашхираад машинаасаа буугаад ирсэн. Тэгээд нөхрийн маань өөдөөс хоёр гараараа самардаад дайрсан ба манай нөхөр гарыг нь хариулаад өөрийгөө хамгаалж өөдөөс нь гарыг нь түлхсэн. Тэгж байтал нөхөр нь араас машинаасаа бууж ирээд манай хүнийг заамдаж аваад намайг нэг хартал нөхрийг маань хоёр гараараа цохиж байсан. Нөхөр маань цохиулаад хойшоо ухарч байгаад миний харах өнцгөөс гараад машины араар орсон. Тэгтэл тухайн үед нөхөр маань “Цэрмаа би үхлээ” гэхээр би гүйгээд очтол нөхөр маань газарт хэвтсэн нүднээс нь их хэмжээний цус гоожсон тэр зодсон эрэгтэй цагдаагаа дууд гэж хэлсэн. Эхнэр нь нөхөр рүү хоёр гараараа самардаад дайраад байсан, манай нөхөр өөрийгөө хамгаалах гээд гарыг нь хааж байсан. Өөрөөр биед нь халдаж цохисон зүйл байхгүй. Харин тэр эмэгтэй манай нөхрийн цээж рүү 2-3 удаа цохиж байхыг харсан...” /1 дүгээр хавтас хэргийн 35-39 дэх тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр, ээж бид гурав Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрэл автобусны буудлын тэнд байрлах 34 дүгээр байны урд талын тээврийн хэрэгсэл явах зориулалт бүхий эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ туслах зам дээр 11-51 УНН улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй түр зогсож байсан. Тус 34 дүгээр байрнаас аавдаа дээл хийлгэсэн тул дээлээ авах гээд зам дээр хөдөлгөөн хааж түр зогссон. Тэгтэл 78-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн 50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд эндээс зайл, холд гэж хэлсэн, тэгэхээр нь манай нөхөр бид нар түр зогссон байна, одоо хөдөллөө гэж тайлбарлаж хэлсэн, тэгтэл яг одоо зайл, холд хурдал, ална шүү гэж хэл амаар доромжлохоор нь эвтэйхэн ярилцъя гэж хариу хэлсэн. Тэр эрэгтэй машинаа цаана байрлуулчхаад эргэж ирээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед би нөхөр болон эрэгтэйг хэрүүл маргаан хийгээд байхаар нь болиулах гэж голоор нь ортол миний цээж хэсэг рүү түлхээд би замын хажуу руу унасан. Тэгээд манай нөхөр намайг унасан болохоор хамгаалах гээд тэр эрэгтэйг холдуултал тэр эрэгтэй манай нөхрийн баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхөр уурлаад тэр эрэгтэйн баруун нүдний дээд хэсэгт гараараа цохичихсон. Тэгтэл тэр эрэгтэйн нүүрнээс нь цус гараад нүдээ дараад газарт суусан. Надад бусдын биед халдаж цохисон зүйл байхгүй, бид нар зогсож болохгүй газар түр зогссоноос болж хэрүүл маргаан үүссэн...” /1 дүгээр хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай ургийн наадам болох гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх газарт хүнээр нөхөртөө дээл оёулсан, тэр дээлээ авах гээд охин ***о, хүргэн Наранболд бид гурав машинтай очсон. Тэгээд байрны гадаа очиж дээлээ аваад машиндаа орж суусан. Тэгээд гадуур ажил хөөцөлдөх юм чинь аль зүгт явж ажлаа амжуулах уу гээд ярилцаж байтал өөдөс нэг машин урсгал сөрж ирээд зайлаач, п....а гэж хэлсэн. Тэгтэл манай хүргэн машины цонхоо онгойлгоод сүртэй ш дээ, одоо хөдөллөө, соёлтой байгаач гэж хэлсэн. Тэгээд тэр хүн соёлтой байна гэдгийг үзүүлнэ гэж хэлсэн. Тэр хүн машинтай хажуугаар зөрж явахдаа манай хүргэний машиныг хаалгаараа цохисон. Тэгээд тэр хүн ална хядна гэж хэлж байгаад бид нарын машины хойно машинаа тавиад буугаад хүрээд ирсэн. Тэгээд манай охин ***о буугаад та яагаад гарахын хооронд ингэж хэлээд байгаа юм бэ гэхэд манай охиныг савж унатал цохиод зам руу унагаасан. Тэгээд охин ***ыг цохисныг харсан хүргэн машинаас буугаад та яаж байгаа юм бэ гээд бууж очоод тэр хүнтэй маргаад зодоон хийчих вий гэж бодоод шууд цагдаа дуудсан. Тэгээд машин дотроо сууж байхад манай хүргэн тэр хүнтэй маргаж байсан ба хоорондоо хоромхон зуур зодолдох шиг болоод нөгөө хүн нүд цохчихлоо гээд унасан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан ба ирэхийг нь хүлээсэн. Тухайн газарт зам дээр машинтай түр зогсож байхад тэр хүн ирээд янз бүрий хараалын үг хэлээд доромжлоод манай охиныг бууж очиход цохисноос болоод хүргэн очоод эхнэрээ хамгаалж өмөөрөөд зогсож байхад нөгөө хүн хүргэн рүү зодолдох гэж дайраад тэгээд цохиулсан...” /1 дүгээр хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд байх, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны 8 давхарт гэртээ байхад гадаа машинууд хоорондоо сигналдаад байсан. Тэгэхээр нь би цонхоор юу болоод байгааг харахад зам дээр машинууд урд урдаасаа хараад зам бөглөөд зогссон байсан. Улаан хүрэн өнгийн машин урсгал сөрөөд зогсчихсон, замын хөдөлгөөнд саад учруулсан байдалтай байсан. Миний харснаар бол улаан хүрэн өнгийн машин зам тавиад өгчихвөл тухайн замын түгжрэл хэвийн болчих гээд байсан. Улаан хүрэн өнгийн машинтай хүнд зөрж өнгөрсөн машинтай хүмүүс замаа чөлөөл гэдэг шаардлага тавьж байсан. Тэгээд нэг машинтай хүн зөрж өнгөрөөд нөгөө зам хаасан улаан хүрэн машинтай хүн дээр очиж байсан. Тэгтэл улаан хүрэн өнгийн машины жолоочийн эсрэг талаас нэг эмэгтэй хүн бууж ирээд нөгөө очсон эрэгтэй хүн рүү чангаар орилж хашхираад байсан. Тэр эмэгтэй яг ямар учиртай нөгөө шаардлага тавьж очсон хүний урдаас дайраад байсныг ойлгоогүй ба хажууд байсан модны мөчир доогуур ороод удалгүй байж байхад нөгөө улаан хүрэн өнгийн машинаас жолооч нь бууж ирээд нөгөө эрэгтэй хүнтэй маргаан хийгээд өөд өөдөөсөө зууралдаж ноцолдоод зодолдож эхэлсэн. ...Улаан хүрэн өнгийн машины жолооч нөгөө эрэгтэйг цохих шиг болоход чанга дуугараад доошоо сөхөрч суухаар нь дээрээс нь толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэр үед гудамжаар явж байсан хүмүүс болиоч ээ гэж хэлээд байсан, тэр хоёр хүн ахиж зодоон цохион хийгээгүй салсан. Тэр үед нөгөө цохиулсан эрэгтэй хүн газарт унаад хэсэг хугацаанд хэвтсэн. Энэ үед улаан хүрэн өнгийн машины жолооч юу хэсэг хугацаанд юу ч хийлгүй хажууд нь зогсоод байсан. Тэгэхэд нөгөө машины жолооч эрэгтэй нь зам дээр хэвтэж байхад нэг эгч очоод замын хажуу тал руу түшиж босгоод цусыг нь цэвэрлэж, алчуураар арчиж харагдсан. Хэсэг хугацааны дараа цагдаа, эмнэлэг ирсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнээс юм авах гээд ирсэн. Тухайн үед би байрны гадаа эхнэр, ээжийн хамт очиж машинаа тавихдаа байрны урд талын туслах зам дээр машинаа байрлуулаад хамгийн ар хэсэгт нь очоод зогсож байсан. Намайг машинтай зогсож байхад миний араас машинтай хүн төв замаас орж ирээд миний хажуугаар машинууд зөрөөд өнгөрөх хангалттай боломж байхад миний хажууд машинтайгаа тулж ирээд наанаасаа холд хөөш гээд орилсон ба над руу аймаар муухай харсан. Тэгэхээр нь би тэр хүнд юу болсон бэ ах аа, жаахан соёлтой бай гэж хэлсэн. Тэгсэн чинь *** чамд соёлтой байна гэж юу болохыг үзүүлэх үү гэж хэлээд цаана нь сууж байсан эхнэр нь элдэв янзын хараал хэлээд үр удамд чинь нөлөөлнө, алцайсан гичий гээд манай эхнэрийг доромжилсон. Мөн гартаа бариад ууж байсан усаа эхнэр ***о бид хоёр луу цацсан. Тэгээд үүнийг сонссон эхнэр ***о хүүш ээ ямар сонин хүмүүс вэ гэсэн. Тэгтэл *** наанаасаа зайл гэх зэргээр элдэв янзын хараалын үгээр эхнэр бид хоёрыг хэлсэн. Тэгэхээр нь миний бие зөрүүлээд уурлаж өөрөө наанаасаа зайл гэж хэлсэн. Тэгтэл *** нь машинтайгаа хаазалж ирээд мөргөчихье гэж хэлээд дөхөж ирсэн. Тэгэнгүүтээ миний машины хаалгыг өөрийнхөө машины хаалгаар цохиж толийг эвхэгдтэл нь цааш нь цохисон. Эхнэр ***о бид хоёрт хэлэх үг боломж олдолгүй шоконд орж гайхсан. Тэгээд тэр *** машинтайгаа цаашаа яваад надаас 2 машины ард зогссон. Тэгээд машинаасаа Ганзориг нь энэ хоёрыг алчихъя гээд буугаад ирсэн, манай эхнэр намайг янз бүрийн юм болчих вий гэж бодоод машинаас түрүүлж буусан. Тэр үед би миний машиныг цохисон учраас машиныхаа гэмтсэн эсэхийг шалгаад буусан. Тэгтэл *** наашаа дөхөөд ирэхээр нь манай эхнэр ***о цаашаа бай гэж хэлсэн чинь *** нь надтай зодолдох гээд байсан ба манай эхнэр ***ын цээж хэсэг рүү хоёр гараа атгаад савтал цохисон. Үүнийг харсан би эхнэрийг жирэмсэн байсан учраас сандраад Ганзоригийг подволкноос нь барьж аваад цааш түлхсэн. Тэгээд эхнэр ***ыг зүгээр цаанаа байж бай гэж хэлсэн. Ингээд манай ээж *** цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирээд асуудлыг шийдэх байх гээд хүлээж ***ийг цамцнаас нь барьсан байдалтай байж байсан ба Ганзориг нь шууд миний зүүн шанаа руу гараараа цохиж би машиныг нь хоёр гараараа налаад унасан. Тэгээд би цохиулаад хацраа бариад манараад байж байсан ба Ганзориг руу харсан чинь намайг бүүр нэг басамжилсан байдалтай инээгээд зогсож байсан. Тэгээд би Ганзоригийг бариад авах гэсэн чинь дахиад намайг цохисон, мөн Ганзориг нь намайг цохисон чигтээ хойшоо ухраад цохиод байсан. Одоо миний санаж байгаагаар бол *** нь намайг 5-6 удаа гараараа толгой хэсэгт цохисон. Тэгээд энэ хүн үнэхээр намайг цохиж зодоод байгаа юм байна гэж бодоод зүүн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Надад цохиулсан *** нь шууд доошоо тонгойгоод суусан ба энэ үед би дахин цохиж зодоогүй, хажууд нь зогсоод байж байсан. Тухайн үед цагдаа дуудсан байсан ба манай ээж машин дотроос бууж ирсэн, ***ийн эхнэр нь намайг элдэв янзын үгээр доромжилж хэлээд байсан. Ингээд байж байхад түргэн тусламж болон цагдаа нар ирсэн. Тухайн үед бол ийм зүйл болж өнгөрсөн...” /1 дүгээр хавтас хэргийн 126-128 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 884 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. ***ийн биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.

2. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. 4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /1 дүгээр хавтас хэргийн 62-65 дахь тал/ гэсэн,

 

Мөн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 1221 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ***ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт  хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.

3. ***ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байна...” /1 дүгээр хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, 

 

- Дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтас хэргийн 8 дахь тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 11-14, 15-17, 18-21 дэх тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 22, 23-24 дэх тал/,

- Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 90-113, 114 дэх тал/,

- Хохирлын баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 157-158, 159, 160-162, 163-171, 172-175, 185-187, 196-205, 207, 210-211 дэх тал/,

- Дансны хуулга /1 дүгээр хавтас хэргийн 176-177, 178-180, 181-182, 183-184, 209 дэх тал/,

- Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 130, 131, 132 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас хэргийн 133 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны гадаа хохирогч ***ийг “эхнэр түлхлээ” гэх шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохиж, биед нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ***ийн: “...Тэр машины жолооч залуу цонхоо онгойлгохоор нь би “чи наад замаа чөлөөлөөд зогсчих, авто замын эвдрэл байна, тойрч гарах хэсгийг эзлээд чи зогссон байна” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл тэр эрэгтэй энд зогсох чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ганцаараа явж байгаа биш дээ, наад замаа чөлөөлөөд зогс гэсэн л шаардлага тавьсан. Тэгтэл чи надаас соёлтой байдлаар гуйх хэрэгтэй, тэгвэл би хөдөлнө гэсэн, би ингэж урсгал сөрөөд түгжрэл үүсгээд зогсож байгаа хүнээс юу гэж соёлтой байдлаар гуйх юм бэ гэж хэлсэн. Тухайн үед тэр эрэгтэй машинаа буруу байрлуулснаас болж тэр зам дээр урд хойноос түгжрэл үүссэн байсан. ...Машинууд түгжрээд сигналдаад байхаар нь замаа чөлөөлөөд байрныхаа урд талд зогссон, гэртээ орох гээд машинаасаа бууж иртэл тэр улаан машин зам чөлөөлөөгүй байсан. Тэгэхээр нь би чи наад замаа чөлөөлөөч, ямар сонин юм бэ гэж холоос орилтол эхнэр нь машинаасаа бууж ирээд та нар яах гээд байгаа юм бэ, би жирэмсэн хүн шүү гэж хэлээд над руу ойртоод хоёр гараараа самардсан. Миний зүүн гарын шуу хэсэгт маажсан шарх, сорви үүссэн. Би тэр эмэгтэйгээс өөрийгөө хамгаалж хоёр гараараа цээж хэсэгт нь тулж эсэргүүцсэн. Нөхөр нь бууж ирээд эхнэрээ өмөөрөөд миний биед халдсан, миний нүүрэнд 3-4 удаа хоёр гараараа ээлжлэн цохисон. Мөн намайг цохиулаад унах үед баруун талын шанаа, чихний ар хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Над руу хоёр гараараа өрөлт аваад маш хурдтай дайрч байсан, би хойшоо нилээн ухарсан. Миний нүдний торлог бүрхүүл баруунаас зүүн тийш чиглэлтэй урагдсан, нүдний цөцгий эвэрлэг зөөлөн эдүүд бүгд урсаад гоожиж гарсан, баруун талын нүд хараа орохгүй гэж эмч хэлсэн ба гуравдугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон...” /1 дүгээр хавтас хэргийн 28-33 дахь тал/ гэсэн,

Гэрч Д.***: “...Манай байрны урд талын замын нэгдүгээр эгнээнд урсгал сөрөөд приус маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн машины яг хажуу талын замын зорчих хэсэг дээр том хэмжээний эвдрэл үүсэж, ус тогтсон байсан. Манай машин дэргэд нь очоод нөхөр цонхоо онгойлгоод хүн байна уу, чи урсгал сөрөөд зогссон байна замаа чөлөөлөөд өг гэж хэлтэл тэр эрэгтэй эсэргүүцсэн байдалтай, нэлээн хэгжүүн хажуугаар өчнөөн машин гараад болоод л байна, зүгээр явчих гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан ба эхнэр нь орилж, хашхирч байсан. ...Тэгээд машинаа байрныхаа урд талд нэгдүгээр эгнээнд байрлуулаад манай нөхөр түрүүлж буусан ба эхнэр нь орилж хашхираад машинаасаа буугаад ирсэн. Тэгээд нөхрийн маань өөдөөс хоёр гараараа самардаад дайрсан ба манай нөхөр гарыг нь хариулаад өөрийгөө хамгаалж өөдөөс нь гарыг нь түлхсэн. Тэгж байтал нөхөр нь араас машинаасаа бууж ирээд манай хүнийг заамдаж аваад намайг нэг хартал нөхрийг маань хоёр гараараа цохиж байсан. ...Тэгтэл тухайн үед нөхөр маань “Цэрмаа би үхлээ” гэхээр би гүйгээд очтол нөхөр маань газарт хэвтсэн нүднээс нь их хэмжээний цус гоожсон тэр зодсон эрэгтэй цагдаагаа дууд гэж хэлсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 35-39 дэх тал/ гэсэн,

Гэрч Э.***ын “...78-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн 50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд эндээс зайл, холд гэж хэлсэн, тэгэхээр нь манай нөхөр бид нар түр зогссон байна, одоо хөдөллөө гэж тайлбарлаж хэлсэн, тэгтэл яг одоо зайл, холд хурдал, ална шүү гэж хэл амаар доромжлохоор нь эвтэйхэн ярилцъя гэж хариу хэлсэн. Тэр эрэгтэй машинаа цаана байрлуулчхаад эргэж ирээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед би нөхөр болон эрэгтэйг хэрүүл маргаан хийгээд байхаар нь болиулах гэж голоор нь ортол миний цээж хэсэг рүү түлхээд би замын хажуу руу унасан. Тэгээд манай нөхөр намайг унасан болохоор хамгаалах гээд тэр эрэгтэйг холдуултал тэр эрэгтэй манай нөхрийн баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхөр уурлаад тэр эрэгтэйн баруун нүдний дээд хэсэгт гараараа цохичихсон, тэгтэл тэр эрэгтэйн нүүрнээс нь цус гараад нүдээ дараад газарт суусан...” /1 дүгээр хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

Гэрч ***ын: “...Манай хүргэн машины цонхоо онгойлгоод сүртэй ш дээ, одоо хөдөллөө, соёлтой байгаач гэж хэлсэн. Тэгээд тэр хүн соёлтой байна гэдгийг үзүүлнэ гэж хэлсэн. Тэр хүн машинтай хажуугаар зөрж явахдаа манай хүргэний машиныг хаалгаараа цохисон. Тэгээд тэр хүн ална хядна гэж хэлж байгаад бид нарын машины хойно машинаа тавиад буугаад хүрээд ирсэн. Тэгээд манай охин ***о буугаад та яагаад гарахын хооронд ингэж хэлээд байгаа юм бэ гэхэд манай охиныг савж унатал цохиод зам руу унагаасан. Тэгээд охин ***ыг цохисныг харсан хүргэн машинаас буугаад та яаж байгаа юм бэ гээд бууж очоод тэр хүнтэй маргаад зодоон хийчих вий гэж бодоод шууд цагдаа дуудсан. Тэгээд машин дотроо сууж байхад манай хүргэн тэр хүнтэй маргаж байсан ба хоорондоо хоромхон зуур зодолдох шиг болоод нөгөө хүн нүд цохчихлоо гээд унасан...” /1 дүгээр хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,

Гэрч ***ын: “...Улаан хүрэн өнгийн машин урсгал сөрөөд зогсчихсон, замын хөдөлгөөнд саад учруулсан байдалтай байсан. Миний харснаар бол улаан хүрэн өнгийн машин зам тавиад өгчихвөл тухайн замын түгжрэл хэвийн болчих гээд байсан. Улаан хүрэн өнгийн машинтай хүнд зөрж өнгөрсөн машинтай хүмүүс замаа чөлөөл гэдэг шаардлага тавьж байсан. Тэгээд нэг машинтай хүн зөрж өнгөрөөд нөгөө зам хаасан улаан хүрэн машинтай хүн дээр очиж байсан. Тэгтэл улаан хүрэн өнгийн машины жолоочийн эсрэг талаас нэг эмэгтэй хүн бууж ирээд нөгөө очсон эрэгтэй хүн рүү чангаар орилж хашхираад байсан. Тэр эмэгтэй яг ямар учиртай нөгөө шаардлага тавьж очсон хүний урдаас дайраад байсныг ойлгоогүй ба хажууд байсан модны мөчир доогуур ороод удалгүй байж байхад нөгөө улаан хүрэн өнгийн машинаас жолооч нь бууж ирээд нөгөө эрэгтэй хүнтэй маргаан хийгээд өөд өөдөөсөө зууралдаж ноцолдоод зодолдож эхэлсэн. ...Улаан хүрэн өнгийн машины жолооч нөгөө эрэгтэйг цохих шиг болоход чанга дуугараад доошоо сөхөрч суухаар нь дээрээс нь толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохисон. ...Нөгөө машины жолооч эрэгтэй нь зам дээр хэвтэж байхад нэг эгч очоод замын хажуу тал руу түшиж босгоод цусыг нь цэвэрлэж, алчуураар арчиж харагдсан...” /1 дүгээр хавтас хэргийн 47-48 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч ***ын: “...Намайг машинтай зогсож байхад миний араас машинтай хүн төв замаас орж ирээд миний хажуугаар машинууд зөрөөд өнгөрөх хангалттай боломж байхад миний хажууд машинтайгаа тулж ирээд наанаасаа холд хөөш гээд орилсон ба над руу аймаар муухай харсан. Тэгэхээр нь би тэр хүнд юу болсон бэ ах аа, жаахан соёлтой бай гэж хэлсэн. Тэгсэн чинь *** чамд соёлтой байна гэж юу болохыг үзүүлэх үү гэж хэлээд цаана нь сууж байсан эхнэр нь элдэв янзын хараал хэлээд үр удамд чинь нөлөөлнө, алцайсан гичий гээд манай эхнэрийг доромжилсон. ...Тэгтэл *** нь машинтайгаа хаазалж ирээд мөргөчихье гэж хэлээд дөхөж ирсэн. Тэгэнгүүтээ миний машины хаалгыг өөрийнхөө машины хаалгаар цохиж толийг эвхэгдтэл нь цааш нь цохисон. Тэгээд машинаасаа Ганзориг нь энэ хоёрыг алчихъя гээд буугаад ирсэн, манай эхнэр намайг янз бүрийн юм болчих вий гэж бодоод машинаас түрүүлж буусан. Тэр үед би миний машиныг цохисон учраас машиныхаа гэмтсэн эсэхийг шалгаад буусан. Тэгтэл *** наашаа дөхөөд ирэхээр нь манай эхнэр ***о цаашаа бай гэж хэлсэн чинь *** нь надтай зодолдох гээд байсан ба манай эхнэр ***ын цээж хэсэг рүү хоёр гараа атгаад савтал цохисон. Үүнийг харсан би эхнэрийг жирэмсэн байсан учраас сандраад Ганзоригийг подволкноос нь барьж аваад цааш түлхсэн. ...***ийг цамцнаас нь барьсан байдалтай байж байхад Ганзориг шууд миний зүүн шанаа руу гараараа цохиж би машиныг нь хоёр гараараа налаад унасан. Би Ганзоригийг бариад авах гэсэн чинь дахиад намайг цохисон, мөн Ганзориг нь намайг цохисон чигтээ хойшоо ухраад цохиод байсан. Тэгээд энэ хүн үнэхээр намайг цохиж зодоод байгаа юм байна гэж бодоод зүүн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Надад цохиулсан *** нь шууд доошоо тонгойгоод суусан ба энэ үед би дахин цохиж зодоогүй, хажууд нь зогсоод байж байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 126-128 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 884 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***ийн биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” / 1 дүгээр хавтас хэргийн 62-65 дахь тал/ гэсэн,

Мөн газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2024 оны 1221 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт  хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ***ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байна...” /1 дүгээр хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтас хэргийн 8 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 9, 10 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 11-14, 15-17, 18-21 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22, 23-24 дэх тал/, өвчний түүх /1 дүгээр хавтас хэргийн 90-113, 114 дэх тал/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 157-158, 159, 160-162, 163-171, 172-175, 185-187, 196-205, 207, 210-211 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь шүүгдэгч ***ын түүнийг цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***ын хохирогч ***ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээ, гэмт хэргийн улмаас хүний эрүүл сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад зардалд 98,000,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шатанд буюу 2025 оны 09 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл 7 хоног шүүгдэгч *** цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг /7 хоног х 15,000 = 105,000 төгрөг/ шүүгдэгчид оногдуулсан 40,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 39,895 /гучин есөн мянга найман зуун ерэн тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39,895,000 /гучин есөн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийн /40,000,000-105,000=39,895,000 төгрөг/ торгох ялаар тогтоох нь зүйтэй. 

Торгуулийн дээрх ялыг шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдлыг харгалзан шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шилэнцэрийн цус хуралт, торлог болон судаслаг давхаргын ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол учирсан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний төлбөрт 22,050,941 төгрөг /баримттай/, ажилгүй байсан хугацааны төлбөрт 36,000,000 төгрөг, хиймэл эрхтэн /протез/ хийлгэх, тухайн эрхтнийг улирал тутамд өнгөлөх төлбөр болон зовхины хагалгаа, бусад зардалд 58,050,941 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр гуравдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч *** 98,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол, төлбөргүй болно.

 

Эрүүгийн 2410032341505 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг компакт диск ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нийт эдлэх ялыг 39,895 /гучин есөн мянга найман зуун ерэн тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39,895,000 /гучин есөн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2410032341505 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг компакт диск ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***од урьд авсан цагдан хорих аслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР