Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/02199

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/02199

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч:

 

730 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Т.Н

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

 Нэхэмжлэлийг 2023 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

/ Хариуцагч Х.Мд шүүх хуралдааны товыг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн байх ба тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Н хариуцагч Х.Мд холбогдуулан 730 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч Т.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Х.М нь фэйсбүүк дээр шкаф, ор зарна гэсэн зар байхаар нь залгаж яриад авахаар болж, 2023.01.17-нд 200 000 төгрөгийг, 2023.01.18-ны өдөр мөнгөө шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсэн чинь манайх нүүхээр боллоо манайх агуулах руугаа аваад явлаа гэсэн. Би өөрөө хоёр хүүхэдтэй, Хүүхдийн маань бие нь өвдөөд эмнэлэгт хэвтээд, гарж ирээд ор, шкафаа авъя гэхэд хадам ээж маань зарсан байна, мөнгийг нь өгнө гэсэн мессеж надруу явуулсан байсан. Цагаан сарын дараа өгье гэж хэлээд явсаар байгаад сүүлдээ 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгнө гэсэн мессеж бичсэн. Хоёр хүүхдээ хардаг болохоор надад мөнгө их хэрэгтэй байна, хуваагаад ч хамаагүй өгөөч гэж мессеж бичсэн боловч утсаа авахгүй, намайг блок хийсэн. Иймд шилжүүлэн өгсөн 730 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, депозит дансны хуулга, Х.Мтэй бичиж байсан мессежний зураг, Т.Нын Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс гаргасан өргөдөл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-9/

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний Хаан банкны интернет банкаар нэвтэрч ********** тоот данс хариуцагч Х.Мийн данс мөн эсэхийг тодруулахаар, мөн ******* дугаараас ******* дугаар хооронд бичсэн мессэжүүдэд үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...ор шкаф авахаар 730 000 төгрөгийг М ********** дансанд 1 дүгээр сарын 17-нд 200 000 төгрөг, 1 дүгээр сарын 18-нд 530 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч өөр хүнд зарсан гээд өнөөдрийг хүртэл мөнгийг маань буцааж өгөөгүй. гэж тайлбарлав.

3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 530 000 төгрөгийг, нийт 730 000 төгрөгийг хариуцагч Х.Мийн Хаан банкны ********** тоот дансруу шилжүүлж өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5/

5. Шүүх хэрэг нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний Хаан банкны интернэт банкинд нэвтэрч ********** тоот дансыг хийхэд Х*********Л М гэсэн мэдээлэл гарч ирснийг үзлэгээр баталгаажуулсан ба хариуцагч Х.М нь нэхэмжлэгч Т.Нын гар утсанд 2023.06.02-ны өдрийн 14 цаг 08 минутад мөнгө орж ирэнгүүт өгнөө гэсэн, 2023.06.05-ны өдрийн 14 цаг 39 минутад 10 дотор өгнөө хө гэсэн мессэж зэргийг бичсэн байна.

6. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Т.Н нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэгч нь хариуцагч Х.Мд шилжүүлсэн 730 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч Х.М шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэснээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Мээс 730 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 22 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ