| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2009026560079 |
| Дугаар | 2021/ДШМ/830 |
| Огноо | 2021-09-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/830
2021 09 16 2021/ДШМ/830
О.Г-, Б.Д- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.П- даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Амармөрөн,
хохирогч Д.П-,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.П-гийн гаргасан давж заалдах гомдлоор О.Г-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 2009026560079 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-,
Боржигон овгийн Батбэхийн Д-,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоосон;
Шүүгдэгч О.Г-, Б.Д- нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5-181а тоотод иргэн Д.П-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу “Кen” загварын гагнуурын аппарат, тасдагч, цохилттой дрилл, энгийн дрилл зэрэг эд зүйлийг завшин, бусдад зарж 370.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г-, Б.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-, Д- нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Д-ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-оос 185.310 /нэг зуун наян таван мянга гурван зуун арав/ төгрөг, Б.Д-оос 185.310 /нэг зуун наян таван мянга гурван зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.П-д олгож, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би О.Г-, Б.Д- нараар байшингийн гадна фасат хөлсөөр хийлгүүлж байсан ба О.Г- ахаа “замаск дууссан” гэж хэлээд намайг явсны дараа итгэмжлэн хариуцуулж орхисон барилгын багаж болох шинээр зах зээлээс худалдан авсан хөх өнгөтэй гагнуурын аппарат, гагнуурын гар, масс ком, “Кен” тасдагч хоёр ширхэг, нэг нь шинэ, нэг нь хуучин байсан, баз хүргэн Одонбаатарын цохилттой /Польш дрилл/ нэг ширхэг, (Польш) цохилтгүй дрилл, авто машин буддаг буу нэг ширхэг, нийт зургаан төрлийн багаж мөн автомашины гаражид байсан жижиг сажиг материалууд /таслагч гэх мэт/-г завшиж намайг 100 айлын барилгын материалын захаас хоёр замаск худалдаж аваад ирэхэд аваад явсан байсан ба хоёр уут замаск блокны ард нууж хэргээр худал хэлж намайг явуулсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 9-ний орой 16-17 цагийн үед би 99000608 дугаараас Сүхбаатар дүүргийн цагдаагийн 102 утсанд дуудлага өгсөн. Тухайн хоёр иргэн рүү гар утсаараа залгахад огт авахгүй байсан ба цагдаагийн алба хаагчийн гар утаснаас дуудлага хийхэд танихгүй дугаар байсан болохоор авч надтай болон дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн алба хаагчтай ярихдаа “ахаа одоо багажнуудыг буцаагаад аваачаад өгнө” гээд алга болсон. Дээрх багажнуудыг 370.620 төгрөгөөр үнэлсэн гэж надад танилцуулахад би хүлээн зөвшөөрөхгүй байна гээд гарын үсэг зурсан. Надад хавтаст хэргийг огт танилцуулаагүй байж анхан шатны шүүхийн тогтоол гарсанд гомдолтой байна. Миний бие хулгайд алдсан дээрх 6 төрлийн багажнуудыг 4 төрлийн багаж болгон хассанд мөн багаар үнэлсэн тул шинээр худалдан авахуулах саналтай байна. ...” гэв.
Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...4 төрлийн багаж алга болсон...” гэж мэдүүлж байсан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж албан ёсны зөвшөөрөлтэй “Дамно” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шалгавал зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Сүхбаатар дүүргийн прокуророос О.Г-, Б.Д- нарыг бүлэглэн Д.П-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Кen” загварын гагнуурын аппарат, тасдагч, цохилттой дрилл, энгийн дрилл зэрэг /дөрвөн төрлийн/ эд зүйлийг завшин, бусдад зарж 370.620 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргэтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
1. Хохирогч Д.П- нь “...байшин дотор байсан бүх цахилгаан багажийг аваад явсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хохирогчоор мэдүүлэг өгсөн байхад үүнийг нягтлан шалгалгүйгээр 4 нэр төрлийн багажийг авч завшсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шижлүүлсэн нь учир дутагдалтай байна. Иймээс хохирогч Д.П-гийн байшинд байсан хэдэн нэр төрлийн, хэдэн ширхэг багаж алдагдсан болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.
Үүний зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонихрлыг нь зөрчиж явагдсан, хохирогчийн эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, багаар үнэлсэн байна гэх гомдол, хүсэлтийг /хх30/ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул хөрөнгийн үнэлгээг дахин хийж хохирлын хэмжээг эргэлзээгүй болгох нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.Д- нь урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ. /хх 108-113/
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 11 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн нийтэд ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан Б.Д-ид холбогдох баримт бичиг тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн байна. /хх 103/
Шүүгдэгч Б.Д- нь дээрх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдэлсэн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх үүссэн нөхцөл байдлыг анхааралгүй, өмнөх шүүхийн шийдвэрийг хэрхэх талаар огт хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
3.Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх, өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхийг шалгаж тогтоох, гэмт хэрэг үйлдэх санаа, бодол хэдийд үүссэн болох, энэхүү харилцаа бий болох болсон шалтгаан нөхцөлийг шалгаж, үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.
Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Г-, Б.Д- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Г-, Б.Д- нарт холбогдох хэргийг Сүхбаатарын дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол О.Г-, Б.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН