| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0199/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Соёлзул |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч Д.Соёлзул /томилолтоор/,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д /цахимаар/,
шүүгдэгч О.О*******, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.О*******д холбогдох эрүүгийн 25150019006 дугаартай, 304/25/0199/Э индекстэй хэргийг 25 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э******* М******* овогт О*******ын О*******, Булган аймгийн ******* суманд 1996 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, ам бүл 3, аав, ээжийн Булган аймгийн ******* сумын ..................оотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч О.О******* /РД: *******/ нь 25 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар, ******* ******* улсын дугаартай Т******* загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчиж, Булган аймгийн ******* сумын 4-р баг “Б толгой” гэх газрын А0902 дугаар улсын чанартай асфальтан замд тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч А.Чгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.О******* нь 25 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрөх Хөвсгөл-Булганы чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай авто замаар ******* улсын дугаартай “Toyota.Prius-XW” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 а/... согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчиж “замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Чгийн амь нас хохирсон гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дгийн: “... Манай төрсөн дүү Чг О******* гэх нэртэй хүн 25 оны 06 дугаар сарын 02-ны шөнө гэрээс нь авч гараад О******* нь тээврийн хэрэгсэл барьж яваад “Б толгой” гэх газарт осолд орж манай төрсөн дүү Ч нь нас барсан гэж надад 25 оны 06 дугаар сарын 03-нд манай аав надад гар утсаар хэлсэн. А.Ч нь настай мал аж ахуй эрхэлдэг, үйлдвэрлэл урлалын техникийн сургууль төгссөн цахилгаанчин мэргэжилтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. А.Ч нь сүүлийн 2 жил аав ээж нартаа тусалж аав ээж нарынхаа амьдралыг нуруун дээрээ авч явдаг байсан залуу байгаа юм аа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Хын: “... загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хүү О.О******* эзэмшиж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
-Гэрч Д.Ггийн: “...Тэгээд 25 оны 06 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цагийн үед эмнэлгээс манай нөхөр А рүү залгаад та хурдан 4 дүгээр баг “Б толгой” гэх газар хүрээд ир гэсэн. Тэгээд тухайн заасан газар яваад очтол манай хүүг цэнхэр зүйлээр бүтээсэн байсан. Тэгээд би хүүгээ нас барсан гэдгийн мэдсэн. Зан харилцааны хувьд миний хүү их дуугүй, ухаантай, даруухан, хүнтэй хэрүүл маргаан хийгээд явдаггүй хүүхэд байсан. Мөн архи уудаггүй байсан. Би О******* гэх хүнийг танина. О*******гийн манай гэртэй ойрхон байдаг. Миний хүү болон О******* хоёр ах дүүгийн хувиар найзлаад байх шиг байсан би яг ямар харилцаатай гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
-Гэрч С.Дгийн: “...Тэгээд 25 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед манай охин Г ирээд зээ хүү Чгийн бие нь тааруу байгаа гэж хэлснээс өөр зүйл надад огт хэлээгүй. Тэгсэн харин хүмүүс гадуур замын ослоор миний зээ хүү Чг нас барсан гэж яриад байхаар нь мэдсэн. Тухайн үед надад гадуур жаахан ажилтай гэж хэлээд мотоциклоо унаад гараад явсан ийшээ тийшээ явна гэж хэлээгүй. Зээ хүү А.Ч, түүний төрсөн дүү 6 настай Д бид 3 байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
-Гэрч Э.Тын: “...Би 25 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед ******* сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний 8 нэрийн дэлгүүрээ хаахаар дэлгүүрийн гадаа ирээд зогсож байхад засмал замаасаа миний араас улаан өнгийн - маркийн автомашин ирж зогсоод 2 залуу машинаас буугаад манай дэлгүүрт орж үйлчлүүлэхэд тухайн 2 залуугийн 1 нь манай сумын А ламын хүү Ч гэдэг хүн явж байсан. Би Хутаг- Өндөр сумын 1-р багт “Цагаан булан-2” гэсэн нэртэй 8 нэрийн 2 дэлгүүр ажиллуулдаг юм. Дээрх 2 хүн нь манай дэлгүүрээр үйлчлүүлсэн ба худалдагчаар нь манай эхнэр Г.М сууж байсан. Энэ 2 хүн 0.75 литрийн ногоон экс 2 шилийг, түмний спрайт ундаа, бидний панта ундаа 2 ширхэг, 0.5 литрийн краш нэртэй лаазтай пиво 4 ширхгийг тус тус худалдан авсан. Тухайн үед энэ 2 хүн архи уусан байсан эсэх талаар бол сайн мэдэхгүй байна. Намайг харах үед ямар нэгэн архи уусан байдал харагдаагүй. Би тухайн автомашиныг хэн нь жолоодож явсан талаар анзаараагүй юм байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
-Гэрч Б.Аийн: “...Хүү Ч бид хоёр 25 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед ******* сумын 4-р багийн гэх газраас гэрээсээ гараад ******* сумын төв орж хашаандаа өвсөө хурааж дуусаад орой 18 цаг 30 минутын үед баг руу гэр лүү хүү намайг хүргэж өгөөд 19 цаг 30 минутын үед миний хүү сумын төв орж эмээгийндээ хувцас угаана гэж хэлээд ганцаараа мотоциклтой явсан. Тэгээд 25 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед сумын эмнэлгийн жолооч Б над руу залгаад танай хүү Ч ******* сумын 4-р баг Б баруун талд автомашинтай замын хажуу руу орж онхолдсон байна бие нь муу байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би Б толгой руу очиход хэргийн газарт цагдаа нар хамгаалалт авч таны хүү мөн үү гэж харуулахад миний хүү Ч мөн байсан ба нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
- Гэрч Д.Оийн: “ ... Бид нарыг дуудлагын газарт очиход Б толгой гэх газрын хойд талд засмал замын ертөнцийн зүгээр баруун тал руу улаан өнгийн т******* - маркийн автомашин замын хажуу руу унасан байдалтай байсан. Тэгээд тухайн машин луу буугаад очиход уг машины урд хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай машин нь өөрөө баруун талаараа газарт буусан машины 4 дугуй ертөнцийн зүгээр баруун тал руу харсан байдалтай байсан. Тэгсэн машин дотор согтуу бололтой 1 хүн орилоод байхаар нь бид нар дөхөөд очиход машины ойр орчмоос архи үнэртэж байсан. Тэгээд цонхоор нь харахад уул уурхайн улбар шар хар хөх хосолсон хүрэмтэй, нөгөөх нь хар юүдэнтэй цамцтай 2 хүн давхарлагдсан байдалтай байсан ба тухайн 2 хүн хоёулаа хөдлөх шиг болохоор нь энэ 2 хүн хоёулаа амьд байгаа юм байна гэж бодоод тухайн байрлалаас уг 2 хүнийг машинаас гаргах гэхээр ямар ч боломжгүй байсан учраас бид нар машиныг дээд хэсгээс түлхэж 4 дугуйн дээр нь буулгаад гацсан хаалгануудыг нь хүчээр онгойлгож тухайн 2 хүнийг гаргаж ирэхэд хар юүдэнтэй цамцтай -25 орчим насны 165-170 орчим см өндөртэй эрэгтэй хүн нь ямар нэгэн хариу урвалгүй байхаар нь анхан шатны үзлэг хийхэд 2 талдаа хүүхэн хараа нь жигд өргөссөн зүрхний цохилтгүй нас барсан байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар уг дуудлага мэдээлэлд ирчихсэн байсан учраас тухайн нас барсан иргэнийг тээврийн хэрэгслийн хамт цагдаа нарт хүлээлгэн өгөөд уул уурхайн улбар шар хар хөх хосолсон хүрэмтэй 25-30 орчим насны 160-165 орчим см өндөртэй туранхай эрэгтэй хүнийг яаралтайгаар эмнэлгийн тусламж үзүүлэхээр сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн авч явсан.
Тухайн иргэн нь архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай байсан ба эрүүл мэндийн төв дээр яаралтай тусламжийн нэгжид 05 цаг минутад авч ирэн биед нь дахин үзлэг үнэлгээ хийгээд өвдөлт намдаах, тайвшруулах, шингэн сэлбэх, хордлогын эсрэг эмчилгээ хийсэн. Тэгээд 08 цаг 30 минутад тухайн өвчтөн сэргэж биеийн байдал нь тогтворжиж нагац эгч Ундармаа гэх хүнд хяналтын зөвлөгөө өгөөд хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч талын хэсэгт уул уурхайн улбар шар хар хөх хосолсон хүрэмтэй 25-30 орчим насны 160-165 орчим см өндөртэй туранхай эрэгтэй хүн нь байсан харин жолоочийн эсрэг талын зорчигчийн суудал дээр хар юүдэнтэй цамцтай -25 орчим насны 165-170 орчим см өндөртэй эрэгтэй хүн нь байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
-Гэрч Л.Гны: “...******* сумын 4 дүгээр баг Б толгой гэх газарт ******* ******* гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд унасан байхаар нь эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Би машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход тээврийн хэрэгсэл дотор хоёр хүн байсан.Тухайн тээврийн хэрэгслийн хамар хэсэг Хөвсгөл аймаг орох зам дагуу харсан байсан ба тухайн тээврийн хэрэгсэл жолоочийн талаар хажуулдсан байрлалтай байсан /тээврийн хэрэгслийн баруун тал/. Тээврийн хэрэгсэл дотор байсан хүмүүсийн нэг нь ажлын хувцастай байсан. Нөгөө хүн нь юүдэнтэй хар цамцтай, хар өнгийн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
-Гэрч Х.Мын: “...******* сумын 4 дүгээр баг Б толгой гэх газарт ******* ******* гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд унасан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход тээврийн хэрэгсэл дотор хоёр хүн байсан. Мөн тухайн хоёр хүн бие бие дээрээ давхарлагдсан байсан.Тээврийн хэрэгслийн хамар хэсэг Хөвсгөл аймаг тал руугаа харсан байдалтай байсан ба жолоочийн тал руугаа хажуулдаж унасан байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл дотор байсан хүмүүс нэг нь ажлын шар хар өнгийн алаг цамцтай байсан. Нэг хүн нь юүдэнтэй хар цамцтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор хар цамцтай хүн нь шар, хар өнгийн алга цамцтай хүний дээр байрлалтай хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
-Шинжээч Я.Сын 25 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 52-151/369 дугаартай:
1.Тoyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч О.О******* нь тээврийн хэрэгслийг жолоодох э*******н үнэмлэхтэй эсэхийг шинжээчийн зүгээс шалгах боломжгүй.
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай танилцахад Toyota Prius маркийн 33- 44 ******* улсын дугаартай автомашины жолооч О.О******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тоормосны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргууны байдал зэрэг өгөгдөл байхгүй зөвхөн замаас орж, гарсан мөр байх тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр “Toyota Prius” маркийн ******* ******* улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч нь зам тээврийн ослын үед зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэлгүй байна.
5.Toyota “Prius маркийн” ******* ******* улсын дугаартай автомашины жолооч О.О******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх дүгнэлт / хавтаст хэргийн 115-117 дахь тал,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 25 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн ЕГ0825/2439 дугаартай:
1.Аийн Д /РД:РС98102419/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
2.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэх дүгнэлт / хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 25 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №194 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “О.О******* *******” гэж хаягласан цуснаас 2.0 спиртийн агууламж илэрсэн.
3.Цусан дахь 2.0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д: “...Амь хохирогч аав ээждээ тусалж аав ээжтэйгээ мал маллаж амьдардаг байсан. Аав ээжийн чухал хүүхэд, мал аж ахуйн ажлын гол үүргийг гүйцэтгэдэг хүн байсан. Шүүгдэгч О.О******* амь хохирогчийг ямар байсныг, ямар чухал, ач холбогдолтой хүн байсныг мэдэж байгаа. Амь хохирогч цаашид мал аж ахуй эрхлэхээр шийдэж хоршооноос зээл авсан байсан. Хэн нь уруу татсан, хэн нь түрүүлж санал гаргасан юм гэж асууж байгаа ч уулзъя гэж уулзаад тохиролцож санал нийлээд архи уусан байсан. Манай дүү их уугаагүй байсан. Үнэхээр их хохиролтой байна. Хэлэхэд хэцүү байна. Цаашид аав ээж, хоёр дүү нь мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн э*******н хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан э*******г хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О.О******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Г.Пүрэвдуламын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч: “...Шүүгдэгч О.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол нөхөн тогтоолгох шаардлагатай. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн ээжийг тогтоож шинжээч томилж, дүгнэлт гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт нийт 27,600,000 төгрөг төлснийг дурдуулах саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хоршооны зээлтэй холбоотой асуудал илэ*******лж байгаа ба энэ асуудлаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх э*******г нээлттэй үлдээж, хэлэлцэхгүй орхих саналтай байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зэрэг 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон ба Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр бодож олгоно гэж хүснэгтэлсэн байна. Шүүгдэгчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодон сэтгэл санааны хохирол төлсөн байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой тусгайлсан санал гаргаагүй болохыг дурдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч О.О******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж, зорчигч А.Чгийн амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 25 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтээр О.О*******гийн цусанд 2.0 хувь спиртийн агууламж илэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч О.О*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дгийн сэтгэцэд хор уршгийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч О.О******* нь “оршуулгын зардал, бусад зайлшгүй гарсан зардал, сэтгэл санааны хохирол”-д 24,600,000 төгрөг, 2 тооны үхэр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дд шүүхийн өмнөх шатанд харилцан тохириолцож нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь хүлээн авсан, дээрх зардалтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй болохоо илэ*******лсэн байх тул шүүгдэгч О.О*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь амь хохирогчийн “...Дүүрэн энгүүн” хоршооноос авсан зээл 50,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн хэдий ч зээл авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардал, мөн амь хохирогчийн “зээл авсан”-тай холбогдуулан нэхэмжлэх зүйлийн талаар нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд зааж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох э*******г 09 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч 2-8 жилийн хорих ялын санкцтай байх тул шүүгдэгч О.О*******д хорих ял оногдуулах хууль зүйн үр дагавартай байна.
Шүүгдэгч О.О*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Үүнд: Шүүгдэгч нь амьдралдаа анх удаа болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн, өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, миний буруу, намайг уучлаарай гэж удаа дараа илэ*******лж байна. Иймд ял оногдуулахдаа залуу хүний цаашдын амьдралыг болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доош буюу хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын тухайд тусгайлан гаргах саналгүй байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу. Бага ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 6 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 7 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 8 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 9 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 210 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 1 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.О*******гийн хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүгдэгч О.О*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учирсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэн шүүгдэгчид хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох э*******г 09 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3.Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч О.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э******* М******* овогт О*******ын О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох э*******г 09 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О*******д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох э*******г 09 /ес/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6.Шүүгдэгч О.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх э*******г нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ