Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Т.Р-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Хохирогч О.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Р-т холбогдох эрүүгийн 1725000000041 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******” ХХК-д РСЦ-д барилгачин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Т-гийн Р-, /регистрийн дугаар хх********/,

 

Шүүгдэгч Т.Р- нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **ын ** тоотод хохирогч О.Б-тэй хэрэлдэж маргалдан зодолдож О.Б-ийн толгойн тус газар нь сандалаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       -Шүүгдэгч Т.Р- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр орой ажлаасаа ирээд гэртээ  байж  байсан. Б-  над  руу  утасдсан. Урд  нь 2 биенийгээ танидаг байсан. Тэгсэн Б- согтуу ирээд Р- ахаа газрыг чинь 500 000 төгрөгөөр зарчихлаа.  Газрынхантай 2 шил 0,75 уучихлаа гэж орж ирсэн. Тэгэхээр нь би маргааш эрүүлд чинь яръя. Тэр миний газар биш, чиний газар ч биш. Хүүхдүүддээ хашаа барьж өгнө гэж байсан газар гэж би хэлсэн. Б- намайг маш их хэл амаар доромжилсон. Сүх барьж намайг хөөсөн. Би зугтаасан. Сүхээ хаяаад архины шил бариад ороод ирэхээр нь би нэг л удаа сандалаар цохисон. Би 1 сард цалингийн зээл аваад Б- надаас 200 000 төгрөг авсан. Цагаан сар гэхэд мөнгийг маань өгнө гэсэн. Тэр мөнгөө цайруулах гэж агсан тавьж хэрүүл өдсөн гэж би ойлгож байна. Би урд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо миний толгой өвддөг, хүзүү хөшдөг болсон. Би таксинд явж 4 ам бүлээ тэжээдэг, одоо би өвдөөд байнга таксинд явах хэцүү боллоо.  Энэ хүн сандлаар миний толгойг хага цохьсон. Би цохиулаад архины шил хагалаад ална гээд ороход дахин сандлаар цохьсон. Тэгэхээр нь би сүх барьсан нь үнэн. Одоо цаашид эмчилгээ хийлгэх 10 000 000 төгрөг нэхэмжилнэ. Надад 178 000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал Р- ах манай нөхрийн гар утас руу залгаад дуудаад байсан юм. Тэгээд манай нөхөр гэрээсээ гараад явсан юм. Тэгээд 30-аад минут нөхрийгөө хүлээгээд орж ирэхгүй байхаар нь араас нь хүүхдээ дагуулаад Р- ахын гэрт очсон чинь Р- ах, Б- хоёр газрын талаар яриад хоорондоо маргалдсан байсан. Р- ах эхнэртэйгээ хоёулаа байсан юм. Би Р- ахын гэрт байж байгаад нөхрийгөө явъя гэж хэлээд аваад гарсан чинь Р- ах араас гарч ирээд манай нөхрийн нүүрэн тус газар руу гараараа цохиж хамраас нь цус гаргасан. Тухайн үед манай нөхөр та яаж байгаа юм бэ гэсэн чинь чамайг алсан ч яадаг юм бэ гэж хэлээд гэртээ байсан модон сандалаа аваад манай нөхрийн толгой руу цохисон юм. Манай нөхөр уурлаад гэрийнх нь гадаа байсан архины шил аваад Р- ах руу дайрсан чинь Р- ах дахиад л манай нөхрийн толгой руу цохисон. Тэгээд цагдаа болон эмнэлэг дуудсан юм гэх мэдүүлэг /хх 16 ху/,

 

Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг гэрт сууж байхад Р-, Б- хоёр хэрүүл маргаан үүсгээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь Б- нь манай нөхрийг машин тойруулж элдээд байсан. Б- нь машины хажууд байсан архины шилийг машин дээр хагалаад гэр рүү орсон. Үүний өмнө манай нөхөр гэр рүү ороод сандал бариад гарч ирсэн юм. Тэгээд энэ хоёр өөд өөдөөсөө тааралдан уурласан байдалтай байсан. Б- нь болохоор хагархай шил бариад нөхөр рүү дайрсан, нөхөр маань гэрээс модон сандал барьж гарч ирээд Б- рүү дайрсан. Тэгээд тухайн үед манай нөхөр Б-ийн толгойруу сандалаар нэг удаа цохихоор нь сандалыг нь булааж аваад гэр рүү оруулсан гэх мэдүүлэг/хх 19-20 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 674 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Б-ийн биед хуйханд шарх үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 9 ху/,

            -Хохирлын баримт /хх 12-15 ху/,

-Т.Р-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-41 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Т.Р- нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **ын ** тоотод хохирогч О.Б-тэй хэрэлдэж маргалдан зодолдож О.Б-ийн толгойн тус газар нь сандалаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч О.Б-ийн “Энэ хүн сандлаар  цохиж толгой хагалсан. Би цохиулаад архины шил хагалаад ална гээд ороход дахин сандлаар цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Ш- /хх 16 ху/, П.Б- /хх 19-20 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хуйханд шарх үүссэнийг тогтоосон 674 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

                     Шүүгдэгч Т.Р-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж,бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч О.Б- мөрдөн байцаалтын шатанд “38 000 төгрөгийн нэхэмжлэлийн баримт гаргасан, шүүгдэгч Т.Р- нь эмчилгээний зардал 150 000 төгрөгийг төлсөн” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Хохирогч О.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал 10 000 000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Р-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.Р-т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Т.Р- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Р-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Хохирогч О.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ