Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/796

 

 

 

 

 

 

   2021             9               7                                        2021/ДШМ/796

 

М.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч М.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/334 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.О-д холбогдох эрүүгийн 1809030420842 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төв Боржигон овгийн .................................., ..... оны ... дугаар сарын ....-ний өдөр ........... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ....., .................... хамт ............................. тоотод түр оршин суудаг, /РД:..................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.450.000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 659 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 11 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 9.175 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоног хорих ялаар тооцож, 1 жил 8 сар 2 хоног хорих ял дээр 1 жил 11 сар хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 7 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосон.

М.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Итгэл” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан Д.Б-ийн өмчлөлийн бага гарын шүрэн толгойтой хаш хөөргийг “хөөрөгний эзэн нь хөдөө байгаа юм надаас чи авчих гээд гуйгаад байна” гэж хэлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж Д.Б-д 2.751.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн тус зүйлчлэлд зааснаар шүүгдэгч М.О-ыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.О-ыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 659 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 7 сар 2 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож 120 хоног буюу 4 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ы цагдан хоригдсон 268 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.О-аас хохиролд төлөхөөр Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 2.051.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгож, шүүгдэгч М.О-ы төрсөн хүү 8 настай Н овогтой Э /РД: .................../, 3 настай О овогтой Ч /ЛД: .................../ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн “Хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт”-д М.О-ыг бүгд ял 3 жил 7 сар 2 хоног, биеэр эдэлсэн 4 сар 27 хоног, одоо үлдэж байгаа ял 3 жил 2 сар 5 хоног гэж ялын тооцоог гаргаж өгсөн бөгөөд тус шүүхийн шийтгэх тогтоолд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 3-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон 3 жил 7 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн М.О-ы биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохоор байхад шүүхийн шийтгэх тогтоолд М.О-ы эдлээгүй үлдэж байгаа 3 жил 2 сар 5 хоногийн ялыг 2 жил 2 сар 5 хоног гэж буруу тооцсон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/334 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.О-ыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон 3 жил 7 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 120 хоног буюу 4 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх” гэсэн өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд бичигдсэн ялын тооцоо зөв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 1 жилийн зөрүүтэй бичигдсэн байсан. Прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх М.О-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх М.О-д холбогдох хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаарх зохицуулалтыг хэрэглэхдээ хэрэгт авагдсан нэг агуулга бүхий хоёр өөр баримтад алийг нь авч, алийг нь няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.  

1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан “Хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт”-д М.О-ы эдлээгүй үлдсэн ялыг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2 жил 2 сар 5 хоног гэж, 210 дугаар талд авагдсан тодорхойлолтод мөн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 3 жил 2 сар 5 хоног гэж тус тус өөрөөр бичжээ.

Гэтэл уг хоёр баримтын аль нь үндэслэлтэй болохыг дүгнэлгүйгээр 2 жил 2 сар 5 хоногийн гэх илт алдаатай баримтыг шүүх үндэслэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхээс 3 жил 7 сар 2 хоногийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгоход 1 жил 4 сар 27 хоногийг биеэр эдэлсэн байх боломжгүй юм.

Уг баримтуудыг хэрэгт бэхжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хяналгүй нэг ялтны нэг цаг хугацааны ялын тооцоог хоёр өөр байдлаар нэг шийдвэр гүйцэтгэгч, нэг ахлах шийдвэр гүйцэтгэгч нотлох баримтын шаардлагыг хангаж, гарын үсгээ зурж, тамга дарж хэрэгт хавсаргасан байдлыг жич шалган шийдвэрлэх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 Иймд прокурорын эсэргүүцлийн “анхан шатны шүүх М.О-ы эдлээгүй үлдэж байгаа 3 жил 2 сар 5 хоногийн ялыг 2 жил 2 сар 5 хоног гэж буруу тооцсон” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэх эрхгүй тул прокурорын эсэргүүцлийн “тогтоолд өөрчлөлт оруулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/334 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч М.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ