| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0199/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/240 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/240
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн Б.Д-д холбогдох эрүүгийн 25********5 тай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 10 сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "******" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ******** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овгийн Б.Д, (регистрийн *******)
Холбогдсон хэргийн талаар
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
1.1.Талуудын байр суурь.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Гэм бурууг нотлох байр суурьтай оролцож хавтаст хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-н өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М-н өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ,
1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын дэвсгэрт " " улсын тай "Киа бонго пронтер" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1, 3.46, 24.2-д заасан заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж, "***" улсын тай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Ц.М-н биед баруун шуу ясны ил хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөрөөтэй хугарал, эдийн дутагдал бүхий шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Хохирогч Ц.М-н 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Намайг 2025 оны 06 сарын 24- ний өглөө :00 цагийн үед Алтанбулаг суманд байрлах гэртээ байхад манай найз Д тамхи авахаар орж ирэхээр нь "ханьтай Хүдэр сум руу байшингийн дээвэр хийхээр хуучин банзанд явчхаад ирье" гэж гуйсан. Тэгээд бид хоёр өдөр 13:00 цагийн үед миний эзэмшлийн улсын тай "пронтер" загварын машинтай би жолоодоод явсан. Хүдэр суманд тус өдрийн 14-15 цагийн орчимд очоод айлын хашаанд байсан банзнаас машины аравчтай тэнцүүлж банз ачаад 18:00 цагийн үед хашаанаас гарч байтал манай үеэл таараад ойрд уулзаагүй болохоор юм яриад зогсож байгаад үеэл дэлгүүрээс 0,5 литрийн "Экс" нэртэй архи 1 шилийг ундаатай хамт авч өгсөн. Тэгээд би үеэлийн авч өгсөн архийг машины кабиндаа хийгээд Д-н хамт хөдлөөд машинаа унаад явж байтал Баянгол уурхайн гүүрний наахан талд миний нойр хүрээд байсан тул Д-г "жаахан машин барих уу?" гэж хэлсэн. Тэгээд Д машин бариад би хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явж байхдаа тухайн архинаасаа би өөрөө 2 татаад цааш далд хийсэн. Тухайн үед жолоочид өгөөгүй. Би архинаас 2 татчихаад унтаад өгсөн ба нэг мэдэхээд миний утас дуугараад сэтрэл Тужийн нарсан дотор явж байсан. Тухайн үед манай ангийн хүүхэд над руу залгасан байсан ба би тухайн ангийнхаа хүүхэдтэй яриад явж байтал гэв гэнэт Д орилоод "руль залагдахаа болилоо, савж байна шүү" гээд орилохоор нь "унагааж болохгүй шүү" гэж хэлтэл миний сууж байсан талаар буюу баруун тал руу унаад зогсчихсон. Тэгтэл Даваадорж бүс зүүгээгүй явж байсан тул миний дээрээс унасан. Тухайн үед би нэлээн шоконд орчихсон байсан. Тэгээд сүүлд нь Даваадоржоос "чи архи уусан байсан юм уу?" гэж асуутал "Ерөө өнгөрөөд 4 зам орох замдаа машинаас буугаад татлагаа үзэх гэж байхдаа миний уусан архинаас ганц, хоёр татсан" гэж хэлсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор мэдээгүй... Миний машин 2,5 тонн ачааны даацтай ба үндсэн тэвшээр нь ачих ёстой байдаг. Тэгтэл би тэвшнээс дээш аравчтай тэнцүү ачсан болохоор ойролцоогоор 5 орчим тонн банз ачсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Б.С-н 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… улсын тай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл боловч манай нөхөр Ц.М бид хоёрыг дундын эд хөрөнгө байгаа юм. ******* нь тухайн өдөр Хүдэр сумаас банз ачиж орж ирэх зорилгоор найз Б.Д-н хамт явсан. Тэгээд буцаж ирэхдээ зам тээврийн осолд орсон байна лээ. Тухайн үед хоёулаа эрүүл байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 сарын 02-ны өдрийн №ЕГ0325/4691 тай: “…М" гэж хаяглан ирүүлсэн 0000185290 хуруу шилний тай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 4690 тай". Шинжилгээнд Б.Д гэж хаяглан ирүүлсэн 00666858 хуруу шилний тай цусны дээш нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1,3 промилли спиртын агууламж илэрсэн. Цусан дахь 1,3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт (хх-ийн 51-р хуудас),
Шинжээч Ч.Ж-н 2025 оны сарын 03-ны өдрийн 2025/09 тай "...1.Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заажээ. Иймд "Киа бонго пронтер" маркийн 8643 улсын тай автомашин онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн….” Гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны сарын 04-ний өдрийн № ЕГО725/9662 тай: “…Ц.М-н биед баруун шуу ясны ил хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөрөөтэй хугарал, эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 04-р хуудас/,
Шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21-р хуудас/,
Хохирогч Ц.М нь 2025 оны 06 сарын 23-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,892,182 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 94-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 90-р хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 91-р хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа / хх-ийн 92-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 20 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 сарын 04-ний өдрийн ЕГ0325/4690 тай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Д-н цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны сарын 04-ний өдрийн № ЕГО725/9662 тай дүгнэлтээр Ц.Мө-н биед баруун шуу ясны ил хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөрөөтэй хугарал, эдийн дутагдал шарх бүхий хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.3-д Зохицуулагч цагдаагийн албан хаагч олон нийтийн цагдаа энэ дүрмийн 8.16-д заасан зогсох дохио өгвөл жолооч тээврийн хэрэгслээ зогсоож 3.1, 3.2-т заасан бичиг баримт болон бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулна,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км цаг, тууш замд 100 км цаг-аас хэтрүүлэхийг хориглоно...” гэж заасныг тус тус зөрчсөн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна.
Дээрх байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу түүний цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.М-н биед биед баруун шуу ясны ил хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөрөөтэй хугарал, эдийн дутагдал бүхий шарх зэрэг хүндэвтэр хохирол учруулсан байна.
Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тооцно” гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус хуульчлан зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-н эрүүл мэндэд баруун шуу ясны ил хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөрөөтэй хугарал, эдийн дутагдал бүхий шарх бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн.
Түүнчлэн хохирогч Ц.М нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас 1,892,182 төгрөгийн хөнгөлөлт, үйлчилгээг авсан болох нь лавлагаа баримтуудаар тогтоогдсон. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь 1,892, 182 төгрөгийг төлсөн байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д-н тухайд хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргасан, тэрээр зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн үндсэн шалгууруудыг хангасан тул шүүхээс дор дурдсан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмалан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ид оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна, 5-д зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 02 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн Б.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ