| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2108002460520 |
| Дугаар | 2021/ДШМ/797 |
| Огноо | 2021-09-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2021/ДШМ/797
2021 9 7 2021/ДШМ/797
Б.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2108002460520 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Саарууд овогт .........................................., ....... оны ... дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, .....настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ........... хамт амьдрах, ..........................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............................../
Б.У нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо машин дотор Б.Б-тай уулзахдаа “нисэхэд ажилд оруулж өгье” гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “дээд боловсролтой хүн авна гэнэ, үүнийг аргалахад мөнгө хэрэгтэй” гэж 800.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “хүний нөөцөд мөнгө өгөх хэрэгтэй” гэж 600.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авч 1.500.000 төгрөгийг залилсан,
үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ойролцоо машин дотор Г.Н-тай уулзахдаа “өөрийгөө гаальд ажилладаг, Хөшигтийн хөндийн шинэ нисэх ашиглалтад орж байгаа, манай дарга ажилд орох хүн олоод өг гэж хэлсэн” гэж итгэл төрүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “ажилд оруулж өгөх мөнгө” гэж 1.200.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “нэмж мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэж 400.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “эмчийн үзлэгийн мөнгө” гэж 650.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “ажилчдын үнэмлэх авах мөнгө” гэж 250.000 төгрөг, нийт 2.450.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Шүүгдэгч би тухайн хэргийг шийдвэрлэхэд өөрийн хууль эрх зүйн мэдлэггүй, айснаасаа болоод Сүхбаатар дүүрэгт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мөрдөгч, прокурор, шүүх, өмгөөлөгч нарт хэлж чадаагүй буруутай. Одоо би Сүхбаатар дүүргийн шүүхэд яг энэ төрлийн хэргийг шийдүүлэхээр яллах дүгнэлт гардан авсан. Тиймээс хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлмээр байна. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилтай болсон. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Тиймээс холбогдсон нэг төрлийн 4 хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.У-гийн хувьд 4 удаагийн үйлдлээр гэмт хэрэгт холбогдсон. Тухайн хэргүүд нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сар хүртэл буюу нэг цаг хугацаанд үйлдэгдсэн хэргүүд байгаа. Анхан шатны шүүх хурал 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаан болсон боловч 2021 оны 6 дугаар 7-ны өдөр Сүхбаатар дүүргээс яллах дүгнэлт гардаж авсан нөхцөл байдал байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан учраас хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан учраас шүүгдэгч Б.У-гийн үйлдлүүдийг нэгтгэж шийдүүлэх хүсэлттэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.У-гийн хувьд 1 жилийн өмнө уг гэмт хэргүүдийг хийчихсэн. Дахин өөр гэмт хэрэгт холбогдоогүй байгаа учраас хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзсэн. Иймд хэргийг прокурорт буцааж, сүүлийн үйлдэл болох Сүхбаатар дүүргийн хэрэгтээ нь нэгтгүүлж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг прокуророос ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан байхад шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нараас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.У-гийн хувьд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг явуулахдаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, ажилд оруулж өгнө гэж хэлээд Б.Б Г.Н нарыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч Б.У-гийн 2 удаагийн үйлдэл байгаа. Шүүгдэгчийн хувьд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн хуулийн зүйлчлэлд орно. Шүүгдэгч Б.У-гийн сүүлийн 4 үйлдлээс гадна өмнө нь Э-аас ажилд оруулж өгнө гэж залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгүүлсэн байдаг. Эндээс үзэхэд давтамжтай болж байна. Яг нэг ижил утгатайгаар 5 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн. Нэг удаагийн үйлдэлдээ ял шийтгүүлсэн. Шүүгдэгч Б.У-гийн эрх зүйн байдал дордохоор харагдаж байна. Иймд хэргийг нэгтгэж шалгах шаардлагагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.У-д холбогдох хэргийг түүний гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У-гийн 2020 оны 7 дугаар сарын 15, 17, 24, 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 29-ний өдрүүдийн үйлдлүүдэд нь яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 410 дугаар яллах дүгнэлтээр түүний 2020 оны 5 дугаар сарын 2, мөн сарын 17-ноос 6 дугаар сарын 18-ны өдрийн үйлдлүүдийг нь гэм буруутай эсэхийг нь шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Б.У-гийн нэг төрлийн хэд хэдэн удаагийн үргэлжилсэн залилах гэмт хэргийг үйлдсэн, мөн холбогдсон нь Эрүүгийн хуульд заасан зүйлчлэлийн хувьд адил зүйлчлэгдэхээр байна.
Нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх зарчмын хүрээнд уг үйлдлүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдалд нь эерэгээр нөлөөлнө гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шүүгдэгч Б.У-гийн “...Сүхбаатар дүүрэгт энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул хэргээ нэгтгэн шйидвэрлүүлэх хүсэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.У-д холбогдох эрүүгийн 2108002460520 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ