Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01340

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01578 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б, Д.Б нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 405 280 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бийн өмгөөлөгч Б.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь “Д” ХХК-тай 2015.6.04-ний өдөр харилцан тохиролцож К/16 дугаар “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж 2017.01.01-ний дотор Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107А дугаар байрны 16 тоот орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Бидний зүгээс орон сууцны өмчлөлийг түүний хүссэний дагуу М.Бын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул түүнд орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. М.Б нь уг орон сууцыг 2016.02.23-ны өдөр бусдад өрөндөө тооцож худалдсан. Д.Б нь гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй. Түүнчлэн, Д.Б нь “Д” ХХК-д уг орон сууцны төлбөрийг төлөхөөр 2015.10.13-ны өдөр өргөдөл гаргасан боловч биелүүлээгүй. Иймд хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзаж, Д.Бээс орон сууц худалдан авсан гэрээний үүрэгт 270 187 500 төгрөг, гэрээнд заасан алданги 135 093 750 төгрөг, нийт 405 280 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Жигмэдсанжаа нь “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Д.Б нь түүний барьж буй орон сууцанд хөрөнгө оруулагч олж өгөхөд зуучилсан ба үүний хариуд Ч.Жигмэдсанжаа нь өөрийн барьж буй орон сууцнаас нэг орон сууцыг Д.Бт өгнө гэж ярьдаг байсан. Түүнчлэн, Ч.Жигмэдсанжаагийн бас нэг хувьцаа эзэмшдэг “Энержи По Эверу” ХХК нь Улаанбатаар төмөр замын зүтгүүрийн депод 300 000 ам.долларын аккумляторын гэрээ хийсэн. Энэхүү гэрээ хийхэд Д.Б уг аккумляторыг танилцуулах, ашиглах талаар судалгаа хийж, олон удаагийн уулзалт ойлголцлын үр дүнд уг гэрээг хийсэн. 2015 онд Улаанбаатар төмөр замын Суудлын воган депод Д.Бийн ажлын үр дүнд 1 300 000 000 төгрөгийн гэрээ хийж нийлүүлж мөнгөө авсан ба Ч.Жигмэдсанжаад шүүхээр нэхэмжлээд байгаа уг гурван өрөө байраа өгсөн. Т.Пүрэвхатанд 200 000 000 төгрөгт тооцоод өрөндөө өгсөн. Т.Пүрэвхатан байр авахаас цааргалж байсан хэдий мөнгийг нь гаргаж авахийн тулд М.Бын нэр дээр гэрчилгээг гаргуулж банкнаас өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан. Ч.Жигмэдсанжаагаас авсан байрны хэлцэлд Т.Пүрэвхатан, М.Б нар хамаагүй. Тэр байрны төлбөр тооцоо Ч.Жигмэдсанжаа Д.Б хоёрын хоорондын асуудал. Д.Б нь “Дистейнэшньмонгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Жигмэдсанжаатай хамтран ажилласны үр шимд тооцож дээрх орон сууцыг авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 370 187 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 093 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 184 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 2 008 887 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр нэхэмжпэгч нь орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч Д.Бт хүлээлгэн өгөх, захиалагч Д.Б нь гэрээний 4.1-д зааснаар нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Дөрвөн бэрх” төслөөс нийт 170 ширхэг орон сууцыг ‘Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын ажилчдад хуваарийн дагуу нийлүүлсэн тохиолдолд гэрээний зүйл болох орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг төлсөнд тооцохоор зааж, улмаар 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 170 орон сууцыг нийлүүлэх үүргийг хариуцагч Д.Б хүлээсэн байдаг.

“Дестинейшнь Монгол” ХХК нь “Дөрвөн бэрх” төслөө хэрэгжүүлж, байраа ашиглалтад оруулаагүй учраас хариуцагч Д.Бт 270 187 500 төгрөгийг төлөх үүрэг огт үүсэхгүй бөгөөд байраа ашиглалтад оруулаад түүний дараа Иргэний хуулийн хуульд заасны дагуу Д.Бээс үүрэг шаардах эрх үүснэ.

Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригт нийцүүлэн гэрээг тайлбарлаж, нотлох баримтуудыг үнэлж чадаагүй ба “Дестинейшнь Монгол” ХХК нь анхнаасаа 270 187 500 төгрөгөөр 98,25 м.кв орон сууцыг Д.Бт өгөх хүсэл зориг байгаагүй болох нь Д.Бийн “байраа өгчөөд жилийн дараа гэрээ барьж ирж зуруулсан, УБТЗ-д аккумльятр нийлүүлээд үүний дараа туслалцаа үзүүлсний төлөө уг байрыг шилжүүлсэн өгсөн, мөнгөнд битгий санаа зовоорой гэж хэлж байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, удаа дараа орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж байснаас тодорхой тогтоогдож байна. “Дестинейшнь Монгол” ХХК, түүний хувьцаа эзэмшигч Ч.Жигмэдсанжаа эсэргүүцээгүй байхад анхан шатны шүүх татгалзалын үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн нь буруу.

Анхан шатны шүүхээс “хариуцагч Д.Б нь уг гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул талууд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд “Дестинейшнь Монгол" ХХК нь Дөрвөн бэрх” төслөө хэрэгжүүлж, байраа ашиглалтад оруулсан байхад Д.Б үүргээ биелүүлээгүй мэт дүгнэлтийг ямар нэгэн нотлох баримтгүй хийсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” нь орон сууц аль хэдийн Д.Бын нэр дээр шилжсэний дараа хийгдсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд эдгээр гэрээнд гарын үсэг зуруулахдаа санхүүд байх шаардлагатай гэж тайлбарладаг байсан болон бусад нөхцөл байдлын талаар хариуцагч Д.Бийн төлөөлөгч хангалттай тайлбар гаргасан байдаг.

“Дестинейшнь Монгол” ХХК нь “Дөрвөн бэрх” төслөө хэрэгжүүлж, дуусгах үйлдэл хийгээгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч Д.Бээс алданги шаардах эрхээ алдсан буюу алданги гаргуулах эрхгүй байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа Д.Баас гэрээний үүргийг шаардсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Д.Б болон Д.Баас 405 280 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Талуудын хооронд хэд хэдэн гэрээ, хэлцэл хийгдсэн ба яг аль гэрээний үүргийг шаардаж байгаа нь тодорхой бус байна.

Анхан шатны шүүх хуралдаанд Д.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан боловч 405 280 500 төгрөгийг бүхэлд нь Д.Баас гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр өөрчлүүлж, түүнийг хариуцагч Д.Бт гардуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох “Дестинейшнь Монгол” ХХК нь “Дөрвөн бэрх” төслөө хэрэгжүүлж, байраа ашиглалтад оруулсан эсэхийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монголия” ХХК нь хариуцагч М.Б, Д.Б нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт, алдангид нийт 405 280 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “...хамтран ажиллах гэрээний үүрэгт байрыг шилжүүлж авсан” гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 1-2, 47-49, 109-110/

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч М.Б нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107А дугаар байр, 16 тоот хаягт байрлах 98.25 мкв орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтааж захиалагч М.Бт хүлээлгэн өгөх, захиалагч нь уг орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бтэй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107А дугаар байр, 16 тоот хаягт байрлах 98.25 мкв орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөх, захиалагч Д.Б нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Дөрвөн бэрх” төслөөс нийт 170 ширхэг орон сууцыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын ажилчдад хуваарийн дагуу нийлүүлсэн тохиолдолд гэрээний зүйл болох орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг төлсөнд тооцохоор тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх-5-6, 115-116/

 

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлэг талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бийн хүсэлтээр М.Бтай тухайн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, М.Бын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, М.Б нь орон сууцыг Т.Пүрэвхатанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-117, 149, 154-155, 157, 159-161/ Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Д.Б болон М.Б нарын тайлбар, гэрч Т.Пүрэвхатаны “Орон сууцыг М.Баас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан. Төлбөр төлөөгүй. Д.Бээс авлагатай байсан, авлагандаа байрыг шилжүүлж авсан. Авахдаа М.Бын нэр дээр шилжүүлж авсан” гэх мэдүүлгээр М.Б нь уг орон сууцыг худалдан авах, уг гэрээнээс үүсэх үүрэг, үр дагаврыг хариуцах хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. /хх-149/

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор зохицуулжээ. Хариуцагч Д.Бийн хүсэлтээр нэхэмжлэгч нь М.Бт орон сууцыг шилжүүлсэн, М.Б нь Д.Бийн үүрэгт тооцуулж Т.Пүрэвхатанд орон сууцыг худалдсан тохиолдолд худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн уг орон сууцнаас хариуцагч Д.Б ашиг олсон, үр шимийг хүртсэн, нэхэмжлэгч гэрээний дагуу орон сууцыг Д.Бт шилжүүлсэн гэж үзэх юм. Хариуцагч Д.Бээс худалдах-худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Талууд уг гэрээний үүрэг буюу орон сууцны үнэ төлөгдөөгүй талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б нь гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Б нь тухайн орон сууцны үнийг нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажилласан гэрээний үүрэгт тооцож авсан гэж маргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэгт төлбөр төлсөнд тооцох нөхцөлийн талаар тохиролцсон боловч уг нөхцөл биелэгдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй. Энэ талаар хариуцагч Д.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. 

 

Мөн хариуцагч Д.Б 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г нэхэмжлэгчийн талтай байгуулсан. Нэхэмжлэгч буюу худалдагч талыг төлөөлж Ч.Жигмэдсанжаа гарын үсэг зурсан байна. Ч.Жигмэдсанжаа нь нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Ж.Цэвээндорж 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөн бүртгэгдсэн, Ч.Жигмэдсанжаа нь нэхэмжлэгч “Дестинейшнь Монголия” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тус компанийн дүрэм зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г нэхэмжлэгч талыг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэх татгалзал үндэслэлгүй. /хх-38-48/.

 

Мөн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн К/16 дугаар гэрээний 8.2-т талууд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Мөн алдангийн хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 100 000 000 төгрөг болгон багасгасан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Д.Бийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 008 888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Ш.ОЮУНХАНД