| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/91 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г,
Улсын яллагч М.А,
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Г,
Шүүгдэгч Д.Б, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ..... аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Л.Б нарт холбогдох 2524000560101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, оны .... дугаар сарын ....-ны өдөр ...... аймгийн ........ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, ....., ам бүл 6, эхнэр, ...... ................. .......... аймгийн ............ сумын .......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....... овогт Д-ийн Б, регистрийн дугаар ...........
2. Монгол Улсын иргэн, ....................өдөр ....... аймгийн ......... суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, ................ боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ............. ............... ....... аймгийн ........ сумын ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........ овогт Л-ийн Б, регистрийн дугаар ...............
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ......... аймгийн ........ сумын ......... багийн нутаг “Тоором” гэх газарт байрлах өөрийн гэрийн үүд хэсэгт хохирогч Л.Б-тай маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд нь хамрын таславчийн С хэлбэрийн мурийлт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө .......... аймгийн ........... сумын ......... багийн нутаг “Тоором” гэх газарт байрлах Д.Б-ийн гэрийн үүд хэсэгт хохирогч Д.Б-тай маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд нь зүүн доод 1, баруун доод 1, 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ....... аймгийн .............. сумын ........ багийн нутаг “Тоором” гэх газарт байрлах өөрийн гэрийн үүд хэсэгт хохирогч Л.Б-тай маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд нь хамрын таславчийн С хэлбэрийн мурийлт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ........ аймгийн ......... сумын ..............багийн нутаг “Тоором” гэх газарт байрлах Д.Б-ийн гэрийн үүд хэсэгт хохирогч Д.Б-тай маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд нь зүүн доод 1, баруун доод 1, 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Л.Б-ын хохирогчор өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 20-ны орой ............ аймгийн ...... сумын ............. багийн нутаг Тоором гэх газар манай дүүгийнх болох Б-ийнд ороод сууж байтал Б орж ирээд тэнд нэг тал шил уусан. Тэгсэн Э нь манайд ор гэхээр тэнд 1 шил архийг Э, Б, С, Н, Б нарын хамт хувааж уусан. Тэгээд би Б-тай юм ярьж байгаад маргалдахад Б нь намайг цохиод авсан. Тэгээд тэндээсээ барьцалдаж аваад гэрээс гарсан. Тэгсэн С нь нэг хутга барьсан араас гарч ирж харагдсан. Тэгсэн чинь Б, Э нар нь намайг цохиж татаад газар унагасан. Намайг газар унасан байхад Э нь дээлээс зуураад газар дараад байж байхад Б нь миний толгой хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Мөн С, Н нар намайг өшиглөөд Н нь нулимаад салаавч өгөөд байсан. Тэгээд би гараараа толгойгоо хамгаалаад хэвтээд өгсөн. Тэгээд манай эхнэр болон Б нар тэр хүмүүсийг салгаад намайг босгож ирсэн. Тэгээд би тэд нарт та нар намайг бөөнөөрөө зодлоо шүү хариуцлагаа хүлээгээрэй гэж хэлээд эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд хамраас цус гараад толгой өвдөөд байхаар нь эмнэлэг дуудаад өглөө нь ......... сумын эмнэлэгт ирж үзүүлээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Тэнд манай эхнэр мөн Б, Б, Э, Б, Н, С гэх хүмүүс байсан. Мөн манай ахын хүүхэд болох Т гэх хүүхэд байсан. Бас Э, Б нарын бага насны 4 хүүхэд байсан. Өөр хүн бол байгаагүй. ...Э нь манай төрсөн ахын хүүхэд харин Н эхнэр нь байгаа. Б нь Н-ын нагац ах бөгөөд С нь эхнэр нь байгаа. Бидний дунд ямар нэг өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. ...Эхлээд Б нь гэрт байхад гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Мөн гэрээс гарч байхад Э нь гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд гадаа газар унасан байхад Б нь хөлөөрөө миний толгой руу 2-3 удаа өшиглөж цохисон. Мөн Н миний зүүн бөөр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Мөн С хөлөөрөө миний нуруу хэвлий хэсэгт 3-4 удаа өшиглөж цохисон. Өөр хүн бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Миний хамрын хянга яс хугарсан байна гэсэн. Өөр тархи доргисон, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэж эмч хэлсэн. Миний хамрын гэмтлийг Э, Б нар гараараа нүүрэнд цохиход учруулсан байх. Бусад гэмтлийг бол Б, Н, С нар хөлөөрөө цохиход учруулсан. ...Би эхлээд өдөр манайд ирсэн хүмүүстэй архи гаргаад хоёр удаа татсан. Тэгээд орой 22 цагийн үед очоод Б-ийнд тал шил архийг Б, Б, Э нартай хувааж уусан. Мөн Э-ийнд жижиг шилтэй архийг Э, Б, Н, С, Б нартай хувааж уусан. Тэр үед би нэг их согтуу байгаагүй. Тэнд болсон үйл явдлыг ухамсарлах чадвартай байсан. Мөн тэнд байсан Э, Б, Н, С, Б нар архи уусан байсан. Б нь надтай анх таарахад архи уусан байсан.
...2025 оны 5 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн үед Б-ийн гэрт бид нар архи уугаад сууж байхад би ус хийгээд өгөөч гэхэд С заваан ус хийгээд өгөхөөр нь би ийм ус уухгүй гэж уурласан. Тэгсэн С нь чамайг ална гээд хутга барьж авсан. Тэгсэн Б хутгыг нь авсан. Тэгсэн Б уурлаад бид 2 зууралдаад гэрээс гарч байхад Э намайг дарж аваад унагаад цохиж авсан. Тэгсэн Б намайг өшиглөж аваад байсан. Мөн Н нулимаад өшиглөж цохисон. С намайг мөн өшиглөж цохиод байсан. Тэгээд манай эхнэр, Б нар салгасан. Тэрнээс хойш ямар нэг зодоон цохион болоогүй. ...Би хэн нь цохиод гэмтэл учирсныг хэлж мэдэхгүй байна. Эмчийн дүгнэлт хамрын хугарал гэсэн байсан. Тэр үед миний хамар луу Б болон Э нар цохисон болохоор тэр үед миний хамар гэмтсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 16-17 дугаар хуудас/,
- Д.Б-ийн хохирогчоор өгсөн “...Тэр орой Б нь эхнэртэйгээ архи уусан бололтой манайтай айл байгаа Б-ийнд ирсэн. Тэгээд би тугалаа уяад дуусаж байсан чинь Б нь ороод ир гээд дуудахаар нь орсон чинь нэг 0,75 литрийн Агар нэртэй архийг талд нь ортол уусан байсан. Тэгээд үлдсэн архийг нь Б, А, Б, Э бид нар хувааж уусан. Тэгээд тэндээс гараад Э-ийнд ороод бас нэг шил 0,75л Агар нэртэй архи уусан. Тэгээд манайд ороод манайх нэг шил 0,75л Агар нэртэй архи гаргаад тэрийг уусан. Тэгсэн А нь үхэхнээ ус ууя гэхэд нь манай эхнэр ус хийж өгсөн чинь Б чиний хийж өгсөн усыг манай эхнэр уухгүй чи муу бузар янхан хүүхэн, жингэр гээд доромжлоод байхаар би чи согтуу ирчихээд хүний эхнэр доромжлоод байдаг гэж хэлсэн чинь Б нь эхлээд намайг хальт алгадаад авахаар нь барьцалдаж аваад бид хоёр гэрээс гарсан. Тэгээд гадаа бид хоёр газар дээр доороо ороод бие биенийгээ нэг хоёр удаа цохисон. Тэгсэн Б намайг барьж аваад харин Э Б-ыг барьж аваад салгасан. Тэгээд би Б-ын наана очоод тонгойгоод суух гэтэл Б нь гараараа миний ам руу цохиод авсан. Тэгээд би амаа дараад хойшоо болтол Б эхнэртэйгээ мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд би гэртээ орсон чинь миний доод уруул дотор талдаа язраад 3 шүд хөдлөөд амнаас цус гарсан байсан. Тэгсэн маргааш нь Б нь сумын төв явсан байсан. Тэгээд над руу утсаар яриад би эмнэлэгт үзүүлсэн хот яв гэж байна. А та хоёр цагдаагаар явах байсан. Тэгэхээр нь би А чамайг цохиогүй тэнд чи бид хоёр л зодолдсон шүү. Одоо миний шүд хүртэл хөдлөөд уруул ам хавдсан байна гэж хэлсэн. Тэгсэн цагдаад мэдэгдчихээд хот яваад өгсөн байсан. ...Эхлээд нь гэрт байхад намайг гараараа хальт алгадсан. Мөн гэрийн гадаа гараараа 1-2 удаа миний нүүр толгой хэсэгт цохисон. Мөн сүүлд нь гараараа миний ам руу нэг удаа цохисон. Өөр хүн бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Тэр зодооноос болж миний үүдэн доод гурван шүд хөлдсөн. Мөн уруул дотор талдаа язарч хавсан. Мөн хацар болон зүүн нүд доод хэсэгт хавдаж зүүн нүд улайсан байсан. Тухайн гэмтлүүдийг Б нь гэрийн гадаа гараараа нүүрэнд цохиход учруулсан.
...2025.оны 05 дугаар сарын 20-ны орой Б манайд ирээд манай эхнэр С-тэй муудалцахаар нь би Б-тай маргалдаж бид хоёр зодолдсон. Тухайн үед намайг гэрт нэг удаа алгадахаар нь барьж аваад гэрээс гараад гадаа бие биенийгээ нүүр хэсэгт цохилцож байхад Б, Э хоёр бид хоёрыг салгахад би Б-аас уучлалт гуйгаад өмнө суухад миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод миний 3 шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 26 дугаар хуудас/,
- Гэрч Г.А-гийн “...Тэр өдөр оройхон үхрээ харангаа дүүгийнд очоод ирье гээд би нөхөртэйгөө Б-ийнд очсон. Тэгсэн тэднийд Б орж ирээд тэнд нэг архи уусан. Тэгээд Э-ийнд ороод тэнд манай нөхөр Б, Э, Б, Н, С нар нэг шил архи хувааж уусан. Тэгсэн манай нөхөр Б-ийг чи энэ тэнд дандаа хов ярьж явдаг гэж хэлсэн чинь Б нь чи намайг хаана тэгж явахыг хараав пизда минь гээд хоорондоо маргалдаад Б нь манай нөхрийг нүүр рүү нь цохиод хамраас нь цус гараад манай нөхөр Б, Э нар хоорондоо барьцалдаж аваад гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад манай нөхрийг газар унагаад Э, Б, Н, С нар нийлээд зодоод байсан. Тэгээд Б бид хоёр хүүе хүн аллаа гээд салгаад би нөхрөө аваад гэр рүүгээ явсан. ...Эхлээд Б нь манай нөхрийг хамар хэсэгт гараараа нэг удаа цохиод манай нөхрийн хамраас нь цус гарсан. Тэгээд манай нөхөр Б, Э нар барьцалдаж аваад гэрээс гараад Э нь манай нөхрийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохисон. Мөн газар унасан байхад Б нь толгой руу нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж цохисон. Мөн Н, С нар хөлөөрөө нуруу, хэвлий хэсэгт нь хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Би яг хэдэн удаа өшиглөсөн тоог нь мэдэхгүй байна. Тэгээд Б бид хоёр хүн аллаа гээд салгаад нөхрөө аваад явсан. Өөр хэн нэг хүн хоорондоо цохилцож зодолдсон зүйл болоогүй. ...Тэнд манай нөхөр Б, мөн Б, Э, Б, Н, С нар архи уусан байсан. Би архи бараг уугаагүй эрүүл байсан. Тэнд ер нь ухаанаа алдтал архи уугаад тасарсан хүн бол байгаагүй. ...Тэр үед манай нөхрийн хамраас нь цус гарч байсан. Харин гэрт ирээд харахад хамар хэсэгтээ хавдаад хамрын яс нь цаашаа чихэгдсэн байдалтай харагдсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. ...Б нь манай нөхрийг нүүр рүү нь цохиод хамраас нь цус гараад манай нөхөр Б, Э нар хоорондоо барьцалдаж аваад гэрээс гарсан. Тэр үед хамар нь хугарсан байх. Харин гэрийн гадаа бол Э нь гараараа манай нөхрийн нүүр хэсэгт цохисон. Мөн Б нь хөлөөрөө толгой хэсэгт өшиглөж цохисон. Энэ үед бол хамар хэсэгт цохисон гэж бодохгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Б-ийн “....Тэр өдөр орой Б ах эхнэртэйгээ согтуу дүү нарынхаараа орох гэж ирлээ гээд ирсэн. Тэгээд манай эхнэр цай идээ гээд манайх нэг 0,75 литрийн Агар нэртэй архи гаргаж өгсөн чинь манай нөхөр Б, Б ах, А эгч ууж байгаад Э, Б хоёрыг дуудаад нөгөө архиа ууж дууссан. Тэгээд тэд нар Э-ийнд орох гээд гараад явсан. Тэгээд байж байгаад араас нь ороход тэнд нэг архи тэд нар уугаад сууж байсан. Дараа нь Б-ийнд ороод бас нэг шил архи Б, Б ах, А эгч, Э, Б нар уусан. Тэгсэн А эгч ус ууя гэхэд С эгч ус хийж өгсөн чинь Б ах чиний хийж өгсөн ус манай эхнэрт хор болно гээд С-тай муудалцсан чинь Б нь эхнэрээ өмөөрөөд Б ахтай муудалцаад хоорондоо барьцалдаж аваад гэрээс гарсан. Би тэр үед хүүхдээ хөхүүлж байсан болохоор араас нь шууд гаралгүй хөхүүлж дуусаад гарсан чинь Б ах эхнэртэйгээ гэр рүүгээ явах болоод мотоциклтойгоо явсан. ...Тэр үед Б ах Б нар гэрт байхад муудалцаад барьцалдаж аваад гэрээс гарсан. Гэрт бол нээх цохиж зодолдсон зүй болоогүй санагдаж байна. Гэрийн гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. ...Маргааш нь Б ахын үүдэн хоёр шүд нь хөдлөөд гээд хэлээрээ түлхэхээр санжганаж хөдлөөд байсан. Мөн уруул нь хавдсан байдалтай харагдсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор би гадаа байсан хүмүүсийг ажиглаагүй болохоор өөр бол ямар нэг гэмтсэн хүн харагдаагүй. ...Би Э-г Б ахыг цохиж байхыг хараагүй. Намайг гэрт байхад гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед хутга барьж хүн рүү дайрсан зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 36 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-гийн “...Тэр өдөр орой 20 цагийн үед Б ах эхнэртэйгээ хамт манайд ирсэн. Тэгээд ах нь ганц нэг юм ууж явна гэхээр нь би нэг 0,75 литрийн Агар нэртэй архи гаргаж өгсөн. Тэгээд нөгөө архиа Б ах, А эгч бид гурав задлаад удалгүй Э, Б хоёрыг дуудсан. Тэгээд бид нар тэр архиа тойруулж дуусаад Э-гийнд ороод бас нэг шил архи гаргаж ирэхээр нь тэр архийг Б ах энхэртэйгээ, Э эхнэртэйгээ, Б эхнэртэйгээ бид хэд хувааж уусан. Тэндээсээ Б-ийнд ороод бас нэг шил архи уусан. Тэгсэн А эгч ус ууя гэхэд С эгч ус хийж өгсөн чинь Б ах чиний хийж өгсөн ус манай эхнэрт хор болно гэж хэлээд С-тай муудалцсан. Тэгсэн Б нь эхнэрээ өмөөрөөд Б ахтай муудалцсан бие биетэйгээ барьцалдаж аваад гэрээс гарсан. Тэгээд тэнд байсан хүмүүстэй араас нь гарсан чинь нөгөө хоёр дээр доороо орсон байхаар нь би Б ахыг барьж аваад Э нь Б ахыг барьж аваад салгасан. Тэгээд Б ахыг эхнэртэй нь гэр рүү нь явуулсан. ...Тэр үед Б ах Б нар гэрт байхад муудалцаад барьцалдаж аваад гэрээс гарсан. Гэрийн гадаа тэр хоёр дээр доороо орсон байхаар нь салгасан. Тэнд хэн хэнийгээ цохиж зодсон талаар гадаа харанхуй байсан учраас хараагүй. Өөр хэн нэгэн хүн нэгийгээ цохиж зодсон талаар би хараагүй. ...Тэнд Б, А, Б, Э бид нар архи уусан байсан. Мөн С эгч ганц нэг татсан байх. Манай эхнэр Б мөн Э-гийн эхнэр Н нар бол архи уугаагүй байсан. Б ах А эгч хоёр манайд ирэхээсээ өмнө өчигдөр найзууд ирээд явсан гээд архи уусан байдалтай архи уумаар байна гээд манайд ирсэн. ...Тэр үед Б ахыг барьж аваад салгасан. Гадаа харанхуй байсан болохоор Б ах ямар нэгэн гэмтэлтэй байсан талаар хараагүй. Тэгсэн өглөө нь түргэний машинтай сум явсан байсан. Тэгээд А эгч над руу утсаар залгаад үхэр мал харж байгаарай гэж хэлж байсан. Харин маргааш нь Б ахын үүдэн хоёр шүд нь хөдлөөд гээд хэлээрээ түлхэхээр санжганаж хөдлөөд байсан. Мөн уруул нь хавдсан байдалтай харагдсан. ...Э нь Б ахыг барьж аваад салгасан. Өөр тэнд зодолдож цохилцсон зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 41 дүгээр хуудас/,
- Гэрч Б.С-ийн “...Тэр өдөр орой Б ах эхнэртэйгээ архи уусан бололтой манайтай хамт айл байгаа Б-гийнд ирсэн. Тэнд нэг 0,75 литрийн Агар нэртэй архийг Б, Б ах, А, манай нөхөр Б, Э нар хувааж уусан. Тэгээд тэндээс гараад Э-гийнд ороод бас нэг шил архи уусан. Тэгээд манайд орохоор нь манайх нэг шил архи гаргаад тэрийг уусан. Тэгсэн А-гийн зүрхээр нь хатгаад байна гээд хэвтээд байхаар нь би нэг зүрхний эм өгсөн. Тэгснээ үхэхнээ ус ууя гэхэд нь би ус хийж өгсөн чинь Б чиний хийж өгсөн усыг манай эхнэр уухгүй чи муу бузар янхан хүүхэн гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн манай нөхөр намайг өмөөрөөд Б-тай муудалцаад хоорондоо барьцалдаж аваад гэрээс гарсан. Тэгээд араас нь гарсан чинь манай нөхөр Б нар харанхуйд дээр доороо ороод байсан. Тэгсэн Б, Э нар тэр хоёрыг салгасан. Тэгээд Б, А хоёр явах гэж байхад манай нөхөр наанаас нь очсон чинь Б нь гараараа манай нөхрийн нүүр хэсэгт нэг удаа цохиж авсан. Тэгээд Б, А нар манайх болон бусад айлд ч оролгүй гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд гэртээ орсон чинь манай нөхрийн амнаас нь цус гараад доод үүдэн шүднүүд нь хөдөлж уруул нь дотор талдаа хэгзэрсэн байсан. Тэгсэн маргааш нь Б эмнэлэг дуудаад сум явсан гэж байсан. Мөн цагдаад өгөөд хот явахаар болсон гэж байсан. ...Эхлээд гэрт байхад манай нөхөр Б болон Б нар муудалцаад барьцалдаж аваад гэрээс гарсан. Гэрт бол нээх цохиж зодолдсон зүйл болоогүй. Гадаа харин тэр хоёр дээр доороо ороод байсан. Мөн Б, А хоёр явах гэж байхад манай нөхөр наанаас нь очсон чинь Б нь гараараа манай нөхрийн нүүр хэсэгт нэг удаа цохиж авсан. Тэгээд гэрт орсон чинь манай нөхрийн амнаас нь цус гараад үүдэн доод шүднүүд нь хөдлөөд уруул нь дотор талдаа язарсан байсан. Тэнд манай нөхөр Б нар л барьцалдаж аваад зодолдсон. ...Тэнд өөр хэн нэгэн манай нөхөр болон Б-ыг цохиж зодсон зүйл болоогүй. Тэр үед Э манай нөхөр Б хоёрыг гадаа зодолдож байхад Б-ыг барьж аваад салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 46-47 дугаар хуудас/,
- Гэрч Б.Н-ын “...Тэр өдөр орой 20 цагийн үед Б ах эхнэртэйгээ согтуу мотоциклтой манай хотонд ирээд Б-ийнд орсон. Тэгээд Б-гийнд манай нөхөр, Б ах, С эгч тэд нар байж байгаад манайд орж ирсэн.Тэгээд манайд орж ирэхээр нь манайх 1 шил Агар нэртэй архи гаргаж өгөөд манай нөхөр тойруулаад тэнд байсан Б, Б ах, А эгч, Б ах нар архи хувааж уусан. Тэнд байсан Б эгч,С эгч нар бол архи уугаагүй. Тэгээд тэд нар Б ахынд орох гээд гараад явсан. Тэгээд би хүүхдээ унтуулаад араас нь орсон чинь тэд нар мөн нэг шил архи уугаад дуусаж байсан. Тэгсэн А эгчид С эгч ус хийж өгсөн чинь Б ах чиний усаар яадаг юм гээд Б ах С эгчтэй муудалцаад унасан. Тэгсэн Б ах эхнэрээ өмөөрөөд үг хэлтэл Б ах Б ахыг цохиод авах шиг болоод хоорондоо барьцалдаж аваад Б ах халз үзэхүү гээд гэрээс гарсан. Тэгээд бид нар араас нь гарсан чинь Б, Б ах нар харанхуйд дээр доороо ороод өнхрөөд Б ах дээр гарсан байдалтай хоорондоо цохилцоод байх шиг байсан. Тэгсэн манай нөхөр Э нь Б ахыг бариад, Б нь Б ахыг барьж аваад салгасан. Тэгээд байж байтал Б ахыг цохих шиг болсон чинь Б ах А намайг цохичихлоо гээд орилсон чинь А эгч дүү чинь чамайг цохиогүй ш дээ гээд хэлсэн. Тэгээд Б ах тэнд байсан хүмүүсийг ална тална, хүүхдээрээ хүртэл алуулна гээд орилж байгаад А эгчтэй хамт мотоциклоо унаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд би нөхөртэйгөө гэртээ ороод амарсан. Тэгсэн нь өглөө нь Б эгч залгаад манай нөхөртэй Б ахыг Б-тай нийлж зодсон байна гээд утсаар загнаад байсан. Тэгсэн манай нөхөр би юу гэж Б ахыг зодох билээ та нар учрыг нь олоорой гэж хэлсэн. ...Эхлээд гэрт байхад Б ахыг Б ах гараараа нэг удаа нүүр рүү нь цохиж авсан. Харин гэрийн гадаа тэр хоёр дээр доороо ороод цохилцоод байх шиг байсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор бие биеэ хаана нь хэдэн удаа цохисон талаар хараагүй. Мөн сүүлд нь Б ах Б ахыг сууж байхад нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Мөн Б ах Б ахыг бас нэг удаа гараараа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар тэнд зодолдсон хүн байхгүй. ...Тэр үед Б ахын хамраас нь цус гарсан байсныг угаасан. Гадаа харанхуй байсан болохоор бусад хүнийг бол яасан байсан талаар ажиглаагүй. Харин маргааш өглөө нь Б ах манайд орж ирсэн чинь нүд, хацар, уруул амны хэсэг нь хавдаад 3 шүд нь хөдөлсөн байсан. Тэгээд юм идэж болохгүй байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 59 дүгээр хуудас/,
- ......... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Зав0725/203 дугаартай “...Л.Б-ын эрүүл мэндэд хохирол учирсан байна. Л.Б-ын эрүүл мэндэд хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хамрын таславчийн С хэлбэрийн муруйлт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Учирсан хохирол нь хэрэг гарсан гэх 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Л.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зав0725/207 дугаартай “...Д.Б-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Д.Б-ийн эрүүл мэндэд хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой зүүн доод 1, баруун доод 1, 2-р шүдний сулрал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хэрэг гарсан гэх 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,
- 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ....... аймгийн ...... сумын ......... багийн нутаг “Тоором” гэх газарт байрлах өөрийн гэрийн үүд хэсэгт хохирогч Л.Б-тай маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд нь хамрын таславчийн С хэлбэрийн мурийлт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө .......... аймгийн ............... сумын ....... багийн нутаг “Тоором” гэх газарт байрлах Д.Б-ийн гэрийн үүд хэсэгт хохирогч Д.Б-гтай маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд нь зүүн доод 1, баруун доод 1, 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримт нь Д.Б, Л.Б нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шууд санаатай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан Д.Б, Л.Б нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-д эмчилгээний зардалд 1,700,000 төгрөг бэлнээр өгсөн болох нь Д.Б, Л.Б нарын тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тэдний өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч Д.Б
нь Л.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөн мэдүүлэв.
Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас Л.Б-ын эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой 901,451 төгрөгийн зардал, Д.Б-ийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой 27.140 төгрөгийг зардал тус тус гарсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б, Л.Б нар нь дээрх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас Л.Б-ын эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан 901,451 төгрөгийн зардлыг шүүгдэгч Д.Б-аас, Д.Б-ийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой 27.140 төгрөгийн зардлыг шүүгдэгч Д.Б-аас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Д.Б, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б, Л.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Д.Б нь Л.Б-ын эмчилгээний зардалд 1,700,000 төгрөгийг бэлнээр төлсөн, Д.Б нь Л.Б-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Б, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д-ийн Б, Ш овогт Л-ийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Л.Б нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Л.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Л.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Б-д 1,700,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Д.Б нь шүүгдэгч Л.Б-аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-аас 901,451 төгрөгийг, шүүгдэгч Л.Б-аас 27,140 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч Д.Б, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ