Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/793

 

 

 

 

 

 

   2021             9               7                                        2021/ДШМ/793

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 201626023135 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн ................................, ....... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ........... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ...... хамт .....................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................................./;

Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай харилцан ярилцаж, “дутуу баригдсан барилгад чинь Хонгконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр итгэмжлэлээр Ш.Шаарийбуугийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг П.С-оос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, иргэний харилцааг ашиглан залилж иргэн Ц.Б-д 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан /энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б энэ хэрэгт 148 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Б-гаас 57.808.625 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний төлбөр 300.000 төгрөгийг Б.Бгаас гаргуулж хохирогч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2021/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолоор Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 57.808.625 төгрөг хохирол гаргуулахаар шийдвэрлэхдээ Ц.Ш, Ц.Б, П., Н.Б, Н.Б, С.Х, У.З нарын мэдүүлэг, “Роял Хаус констракшн” ХХК-тай байгуулагдсан гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01152 дугаар шийдвэр, итгэмжлэлийн хуулбар, зээлийн гэрээ, Гаалийн Ерөнхий газрын албан тоотыг тус тус гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн.

Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй шийдвэр болсон. Тодруулбал,

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүнийг гэм буруутайд тооцсон талаар:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдэл байна. Түүнчлэн энэхүү залилж шилжүүлэн авсан үйлдлийн улмаас “бусдад их хэмжээний хохирол” учирсан шууд шалтгаант холбоотой байвал Б.Бг дээрх заалтуудаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх боловч бодит байдал дээр ийм үйлдэл нотлогдоогүй.

2. 2 дугаар хавтаст хэргийн 155 дахь талд, хохирогч Ц.Б-ы өмчлөлд хамаарах эрхийн улсын бүртгэлийн Ү2205050074 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагааг үзвэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ц.Б-ы өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа болох нь улсын бүртгэлийн мэдээллээр нотлогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйл /”Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох”/-ийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бусдад шилждэг бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт, эрх зүйн байдлыг тодорхойлдог.

Тэгвэл Б.Б нь Ц.Б-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн аваагүй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар хөдөлбөргүй нотлогдож байхад түүнийг өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан мэтээр адилтган  үзэж, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүнийг гэм буруутайд тооцсон. Шүүх Б.Б-г гэм буруугүйд тооцоход хүргэж буй нөхцөл байдлыг нотолж буй баримтыг үгүйсгэж байгаа шалтгаанаа зааж хэлээгүй.

П.С-ын хууль бус үйлдлийн үр дагаврыг Б.Б-д хариуцуулсан талаар:

3. П.С гэж хүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө тухайн зээл, барьцааны гэрээний харилцаа нь дүр үзүүлсэн шинжтэй байсан, бодитоор мөнгө зээлдүүлээгүй болохоо мэдүүлсэн атлаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгч, тайлбарлаж “жинхэнэ зээл байсан” гэж мэдүүлж, зээлийн гэрээний үүрэгт 48.750.000 төгрөг алдангийн хамтаар гаргуулах шаардлага гаргасан бөгөөд тухайн иргэний хэрэгт хариуцагч Ц.Б-ыг оролцуулаагүй хуралдаж шийдвэрлэсний улмаас дээрх дүнгээр мөнгө гаргуулах шийдвэр гарч, уг эрүүгийн хэргийн “хохирол” гэж анхан шатны шүүхээс үзсэн үр дагавар бий болсон байдаг.

4. Товчоор дүгнэвэл, П.С гэж хүн Иргэний хэргийн шүүхэд бодит байдлыг өөрөөр мэдүүлэх замаар худал тайлбар өгсний улмаас, /үүнийг Ц.Б хууль бус гэж үздэг тухайгаа удаа дараа илэрхийлдэг/, түүнчлэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн улмаас бий болсон 48.750.000 төгрөгийг, түүгээр зогсохгүй “ирээдүйд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  улмаас хураагдаж болзошгүй” гэж үзэн хөрөнгийн нийт үнэлгээгээр тооцсон 76.808.625 төгрөгийг Б.Б-гийн “залилж өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийн үр дагавар гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Энэ нь бусдын буруутай үйл ажиллагаа, Б.Бгийн оролцоогүй явагдсан шүүхийн шийдвэрийн үр дагаврыг Б.Б-д тохон хариуцуулсан Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд харш шийдэл юм.

5. Угтаа, анхан шатны шүүх П.С гэж хүнд Б.Б төлбөр барагдуулсаар байсан, П.С цагдаагийн байгууллагад нэг зүйл мэдүүлээд, Иргэний хэргийн шүүхэд түүнээс эсрэгээр илт зөрүүтэй мэдүүлээд буй асуудал, хохирол учруулсан үйлдэл, оролцоо, үр дагаврыг эргэлзээгүй тогтоож, дүгнэхэд П.С-ыг гэрчээр асууж, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явуулах шаардлагатай гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүх тухайн үед прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж П.С-ын үйлдэлтэй холбоотой нэмэлт мөрдөх ажиллагаа хийгдээгүй, шүүх хуралдааны үед гэрчээр асуухаар дуудан ирүүлэх гэхэд хаяг дээрээ байхгүй шалтгаанаар дуудагдаагүй болно.

6. Улмаар уг хэргийн хүрээнд үндсэндээ П.С гэх хүний худал мэдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт үйлдлийн улмаас учирч буй хохирол болох 48.750.000 төгрөгийг, түүгээр зогсохгүй “ирээдүйд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас хураагдаж болзошгүй” гэж үзэн хөрөнгийн нийт үнэлгээгээр тооцсон 76.808.625 төгрөгийг Б.Б-гаас нэхэх асуудал хянагдсан. Харин П.С гэх хүн тодорхойгүй шалтгаанаар халдашгүй дархан эрх ямба эдэлж, мөрдөн шалгах ажиллагаанаас ангид дархлагдан үлдэж, түүний хууль бус үйлдлийн үр дагаврыг өөр этгээдүүд хариуцах болоод байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүхэнд урьд өмнө байгаагүй хэлбэрээр хохирлыг тодорхойлсон талаар:

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч прокуророос хохирлыг чухам ямар шалтгаанаар бодитой учраагүй дүн болох 76 сая төгрөгөөр тооцсон бэ, урьд өмнө ийм байдлаар гэмт хэргийн хохирол тооцож байсан удаатай эсэхийг асуухад прокурор “урьд өмнө ийм байдлаар тооцож байгаагүй” гэх агуулгатай хариулт өгсөн. Б.Б-г буруутгахдаа зөвхөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх”, гэм буруугүйд тооцох зарчим алдагдсан төдийгүй, бодитоор учраагүй хохирлыг учруулсан гэж тооцсон байдлаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай хуулийн зохицуулалтаас гадуур гэм буруутайд тооцогдож, бусдад хохирол барагдуулах үүрэг хүлээлгэсэн.

Залилах сэдэл байгаагүй талаар:

8. Залилах хөрөнгө шилжүүлэн авах гэмт хэргийг бусдад хөрөнгийг авч буцааж өгөхгүй байх зорилго, сэдэл анхнаасаа агуулж байсан эсэхийг шалгах замаар тогтоодог. Б.Б нь анхнаасаа тухайн хөрөнгө оруулалтын нөхцөл хэрэгжих боломжгүй болохыг мэдсэн даруйдаа, холбогдох өр төлбөрийг биечлэн хариуцаж төлөхөө бичгээр мэдэгдэж илэрхийлж, төлбөр гүйцэтгэх баталгааг гаргаж өгсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдал бий болсон. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байхын тулд өмчлөх эрхийг шилжүүлэн авах шаардлагатай. Гэтэл хавтаст хэрэгт Б.Б өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нотлох баримт байхгүй. Харин П.С цагдаад мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэйгээр “зээл аваагүй” гэж мэдүүлсэн. Иргэний хэргийн шүүхэд “зээл авсан” гэж мэдүүлэг өгдөг. Түүний үр дүнд хохирогч Ц.Б-ы үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах ажиллагаа одоо явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, П.С нь өмчлөх эрх шилжүүлэн авах үйл ажиллагаанд худал тайлбар, нотлох баримт гаргаж өгсөн. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Гэтэл гомдол гаргагч иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой шалгах ажиллагааг мөрдөгч, прокурор нь огт хяналт тавьж ажиллахгүй байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна. Өмнө нь анхан шатны шүүхээс П.С болон нотариатч нарыг асуух ёстой, эдгээрийг асуухгүйгээр энэ хэргийн хохирлын асуудал болон хэрэгт оролцсон этгээдүүдийн оролцоог дүгнэх боломжгүй гэж үзэж хэргийг буцаасан. Давж заалдах шатны шүүхээс прокурорын дэвшүүлж байгаа саналын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж дүгнэсэн учраас уг ажиллагааг прокурорт буцааж хийгээгүй байдаг. Хохирлыг тооцох асуудал эргэлзээ бүхий болсон. Өмчлөх эрх нь шилжээгүй байгаа. Мөн бусад этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Б.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хохирол учраагүй байхад ирээдүй цагт хохирол учирч болзошгүй гэх хэлбэрээр хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Ц.Б нь П.С олон газар худлаа ярьсны улмаас миний өмч хөрөнгө шилжигдсэн гэж ярьдаг. Гэтэл уг асуудлаар ямар ч шалгах ажиллагаа явагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Учир нь, шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг тодорхой бөгөөд тэрээр өөрөө байртай болохын тулд Хятад хүнд өр тавьсан, түүнийгээ дарахын тулд бусдын итгэлд тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн. Яагаад хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс битүүмжилсэн учир эд хөрөнгө захиран зарцуулах боломжгүй байдалд ороод 6 жил болж байна. Үүнээс болж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ асар их хохирсон тул гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Ц.Б-ы өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шинээр илэрсэн нөхцөл байдлаар П.С, Ш.Ш нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг дахин хянуулахаар шүүхэд хүсэлт өгсөн. Шүүхээс хүсэлтийг хүлээн аваад 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаа товлосон байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан асуудал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа П.С мөнгө шилжүүлэн авсан уу, аваагүй юу, мөн зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг хянуулахаар хүсэлт гаргасан. Энэ асуудлаар шүүх хуралдаан болохгүй гэдгийг нэмж хэлмээр байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл түдгэлзчихсэн байгаа. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн, яаж гарахаас хамаараад цаашдын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжтой. Хохирогч Ц.Баярсайхан эд хөрөнгийн хувьд хохирсон нь шүүхийн шийтгэх тогтоолоор хангалттай нотлогдож тогтоогдсон. Нотариатчийг асуусан нь хавтаст хэрэгт байгаа. П.С-ыг шалгуулах хүсэлтийг хохирогч Ц.Б прокурорын шатанд удаа дараа гаргаж байсан. П.С-той холбоотой асуудлыг дахин шалгах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Б-д 76.808.625 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдсон. Тухайн үйлдэлтэй холбогдуулан хохирогч Ц.Б-ы хувьд эд хөрөнгийн захиран зарцуулах эрх нь хязгаарлагдсан. Хохирогч Ц.Б 76.808.625 төгрөгөөр хохирсон. Хохирлын хэмжээнд 19.000.000 төгрөгийг үйлдэж, үлдэгдэл 57.808.625 төгрөгийг шүүгдэгч Б.Б-гаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хэргийн шүүхтэй холбоотой асуудлыг бид хэлэлцэх шаардлагагүй. Шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийн улмаас бусдад хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ гэдэг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Иймд тухайн хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.Б-гаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг түүний гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй.

Тодруулбал, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдсэн байж болох гэмт хэргийн хувьд Б.Б-г 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолсон нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ