Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0098/З/ |
Дугаар | 104 |
Огноо | 2018-03-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 104
С.Э-гийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны
шинжилгээний газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүүг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0744 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0013 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0744 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Э-г тус газрын Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан цалингийн зөрүүг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 327,684 төгрөгөөр тооцож хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0013 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0744 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...эгүүлэн тогтоосугай” гэснийг “...томилохыг даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх “...С.Э-гийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны зорилго, болон хэрэгжүүлэх чиг үүрэг нь бүхэлдээ орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдаж үлдсэн байна” гэж тухайн ажлын байрны зорилгыг хэрэгжүүлэх чиг үүрэг гэж дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүх “А/81 тушаалаар өөрчлөн байгуулагдсан “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг нь хасагдаагүй хэвээр хадгалагдсан” гэж зөрүүтэй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан бичгийн баримт, хариуцагчийн тайлбараар шүүхийн дээрх зөрүүтэй дүгнэлтүүд үгүйсгэгдэж байна.
4. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дугаар тушаалаар “орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажлын байр үгүй болж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалыг хасаж шийдвэрлэсэн ба уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл өөрийг нь шүүхээс тогтоосон “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилоогүй асуудлаар гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан “орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажил албан тушаалыг бүтэц зохион байгуулалтаар бий болсон “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалтай адилтгах боломжгүй ба давж заалдах шатны шүүх “...ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг С.Э нь хангаж байна...” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал, /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Орчны шинжилгээний хэлтсийн “орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийг Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн буюу өөр хэлтсийн харьяалалд, ажлын байрны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа өөр, эрхэлж байгаагүй, ажлын байр, албан тушаалтай адилтган үзэж, “эгүүлэн тогтоож” гэснийг давж заалдах шатны шүүх “томилохыг даалгаж” гэж хэрхэн өөрчлөн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.
5. Шүүх “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, албан тушаалын орон тоо хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд харин ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан болох нь тогтоогдож байхад мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь буруу болжээ” гэж дүгнэсэн. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах..., хэрэв ...орон тоо цөөрсөн бол ...албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох...” гэсэн ялгаатай үндэслэл бүхий өөр өөр утга агуулгыг хольж, хутган хэрэглэсэн, мөн “...эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна...” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хариуцагч байгууллагын дарга хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр хязгаарлан, албан хаагчийг хүссэн албан тушаалд нь ямарч сонголт, шалгаруулалтгүйгээр шууд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6. Давж заалдах шатны шүүх “хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг алба тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан. Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны Б/42 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн, уг Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэжээ. Нэхэмжлэгч С.Э-гийн өмнө ажиллаж байсан хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал болон гүйцэтгэх ажлын чиг үүргийн давхардлыг хасаж улмаар чиг үүрэг нь хоёр хэлтсийн 4-5 албан тушаалтны ажлын чиг үүрэгт шилжүүлэн өөрчлөлт хийсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба шүүх ямар чиг үүрэг нь хэрхэн хадгалагдаж үлдсэн болохыг нарийвчлан тодорхойлж тогтоогоогүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар дүгнэн, 2016 оны Б/42 дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, хуульд нийцээгүй байх тул шүүхийн гаргасан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
7. Шүүх С.Э-г Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн “орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилох шийдвэр гаргаснаар тухайн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, тухайн албан хаагч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0013 дугаар магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Э нэхэмжлэлийн шаардлагаа “...2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах”-аар өөрчилсөнийг анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг “маргаж” буй дээрх албан тушаалын хэрэгжүүлэх чиг үүрэгт “хадгалагдаж үлдсэн байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
10. Хэргийн баримтуудаас үзвэл, хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Э.А-г Цаг уурын хэлтсийн Хэмжилзүй, цаг уурын радарын асуудал хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтнээр томилсон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Э.А-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах асуудлыг анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
11. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүх С.Э-г орчны шинжилгээний салбарын хөтөлбөр хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргаснаар тухайн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, тухайн албан хаагч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчсөн” гэх гомдол үндэслэлтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0744 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0013 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ