Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0428

 

Б.Батнямын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Батням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Батнямын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ринад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.5, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батнямын “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Ринагийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Батням давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Баяндалай овогтой Батням миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Увс аймгийн Өндөрхангай сум дахь сум дундын ой ангийн даргаар ажилладаг бөгөөд манай байгууллага Өндөрхангай суманд байрлаж үйл ажиллагаа явуулдаг.

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Рина нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан сэргийлэх шалгалт хийж явна гэж ирээд ямар ч удирдамж үзүүлэлгүй шуудхан “...чи хууль зөрчсөн байна. Яагаад чи гарал үүслийн бичгийг бичилт хийлгүй нөхөрлөлүүдэд өгсөн юм бэ? Чи ямар их эрх мэдэлтэй юм бэ?” гээд шууд уурлаад эхлэхээр нь миний бие урдаас нь бас хэдэн үг хэлээд хоорондоо үл ойлголцоод үүнээс болсон уу шууд л шийтгэвэр гаргаж ирээд торгууль бичсэн. Энэ талаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2 удаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 1 удаа гомдол гаргасан боловч нэг ч тайлбар авалгүй өөрийн байцаагчийг хамгаалсан шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нөхцөл байдлыг зөв үнэлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Манай байгууллага нь 2012 оны Засгийн газрын 255 дугаар тогтоолоор Ханхөхий нурууны 7 сумын нутаг дэвсгэрт байгаа ойн сан, зарим хэсэг нь тусгай хамгаалалттай газарт нутагт хамарч үйл ажиллагаа явуулдаг хамгийн хол цэг нь 280 км байдаг. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1017 дугаар тогтоолын дагуу Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрээс 1850 шоо метр мод бэлтгэн аймгийн төв Улаангом сумын иргэдийн хэрэгцээг хангахаар болсон. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлаж нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд эрхээ авсан. Эрх бүхий 8 нөхөрлөл аж ахуйн нэгжүүдэд cypгалт хийж байхад сумаас аймгийн төв рүү 250-280 гаруй км, ууланд хоорондоо 40-50 км байрладаг нь тээвэрлэх явцад хэрэглэгдэх гарал үүслийн гэрчилгээний олгох асуудалд хүндрэл үүссэн бөгөөд гарал үүслийн бичгийг Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2, 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу ойн анги өгөх шаардлагатай болсон гэтэл нөхцөл байдал дээрээ ойн анги нь 3 хүний бүрэлдэхүүнтэй, 1 машинтай, жилийн бензин тосны лимит бага /сарын 60 л/ байдаг. Гэтэл мод бэлтгэж байгаа нөхөрлөлүүдийн тоо 30, мод бэлтгэж буй газар хол уулын гүнд бартаа ихтэй зэргээс бэлтгэсэн модыг Улаангом руу тээвэрлэх бүрд очиж, гарал үүслийн гэрчилгээг бичих боломжгүй байдал үүссэн. Энэ асуудлыг нөхөрлөлүүдтэй хийсэн сургалтын үеэр /2016.06.27, 2016.07.04/ ярилцаад газар дээр нь очиж, бичих боломжгүй тул гарал үүслийн гэрчилгээнд гарын үсэг зурж тамгалаад Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасан гарал үүслийн гэрчилгээг авах эрх бүхий нөхөрлөлүүдэд өгье, нөхөрлөлүүд мод тээвэрлэх болохоороо байгаль хамгаалагчаар бичүүлээд улсын байцаагчаар хянуулаад явах нь иргэдэд чирэгдэл багатай юм. Тээвэрлэж буй модны гарал үүслийн гэрчилгээг замд нь дайрч өнгөрөх Баруун туруун, Зүүнговь, Хяргас, Малчин, Наранбулаг, Улаангом сумууд дээр байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар болон цагдаагаар хяналт хийлгээд явах боломжтой гэж зөвлөгөөнөөр хамтын шийдвэр гаргаад гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийх эрхийг Цагаанхайрхан сумын байгаль хамгаалагч Х.Хуяг, Баруун туруун сумын байгаль хамгаалагч О.Шаалуу, Өндөрхангай сумын байгаль хамгаалагч Т.Бямбажаргал нарт эрх шилжүүлсэн тушаал гаргасан. Цагаанхайрхан, Өндөрхангай сумуудыг хариуцсан 7 байгаль хамгаалагчаас энэ 3 байгаль хамгаалагчийг сонгож өгөөд мод бэлтгэж байгаа газруудад тогтмол байж иргэдэд чирэгдэл учруулахгүй шуурхай үйлчлэхийг үүрэг болгосон. Гарал үүслийн гэрчилгээг байгаль хамгаалагч нарт өгөлгүй нөхөрлөлүүдэд өгөх болсон шалтгаан нь

Нэгд: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн A-153 дугаар тушаалын 6.1-д байгаль хамгаалагч нь хяналт тавих эрх бүхий субъект мөн тул өөр зорилгоор ашиглаж болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилгоор хөндлөнгийн хяналтыг сайжруулах гэж өгсөн юм.

Хоёрт: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ын хууль бус мод бэлтгэл, дагалдах баялаг ашиглалтын ахлах мэргэжилтэн Ч.Ганбаатар Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-д заасан эрх, үүргийн дагуу Ойн ангиудын дарга, мэргэжилтнүүдийн 2014, 2017 нэгдсэн зөвлөгөөнд эрх шилжүүлж гарал үүслийн гэрчилгээг бичүүлж болох тухай сургалт хийсэн.

Гуравт: Уг шийдвэр зөвлөгөөнөөс гаргасан хамтын шийдвэр байсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Рина болон шүүх энэ үйлдлийг гарал үүслийн гэрчилгээг ашиглаж хууль бус мод тээвэрлэх боломж бусдад олгосон гэж үзэж байна. Гэтэл амьдрал дээр ийм боломж байхгүй юм. Учир нь нөхөрлөл тус бүрд 5 ширхэг гарал үүслийн гэрчилгээ өгсөн тоо нь бэлтгэх, нийлүүлэх модны хэмжээтэй харьцуулахад маш бага тул нөхөрлөлүүд хууль бусаар бусдад шилжүүлэх магадлал бага, тэгээд ч тусгайлан нэр зааж өгсөн байгаль хамгаалагч нараар бичүүлнэ, дээр нь улсын байцаагч хянаж гарын үсэг тэмдэг дарна, замд нь олон удаагийн шалгалт хийнэ. Гарал үүслийн гэрчилгээг бичих, ашиглах, шалгах зэрэг бүхий л нөхцөлийг тусгасан үнэт цаас байдлаар хэвлэсэн бөгөөд ямар нэг бичилт гарын үсэг тэмдэг байхгүй бол хүчингүй болдог, хууль бус тээвэрлэлт, өөрөөр хэлбэл зүгээр харахад л хууль бусаар ашиглах боломжгүй нь ойлгогдоно. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажил сайжирч шүүхээр энэ төрлийн гэмт хэрэг олон шийдэгдсэн тул одоо иргэд хууль бус үйлдэл хийх нь эрс багассан. Миний энэ үйлдлийн улмаас хууль бус үйлдэл гарч таслан зогсоогдсон тохиолдол байхгүй. Мөн энэ үйлдлийн зорилго нь бусдад хууль бус мод тээвэрлэх боломж олгох биш харин иргэдэд төвөг чирэгдэл бага учруулах, нөхөрлөлөө дэмжих, модны өөрийн өртөг, үнэ бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах зорилготой байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/08 дугаар тушаал, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/39 тоот “Хяналт шалгалтын удирдамж”, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай” зэрэг баримт бичгээс үзэхэд мэргэжлийн хяналт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэж байх юм байна. Төлөвлөгөөт шалгалтыг хийхдээ 2016 оны 01 дүгээр сарын 27-ны 01/39 тоот тушаалын 3.2-т “Урьдчилан сэргийлэх шалгалт хийх бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга график хавсралтаар батална” гэсэн заалтыг зөрчиж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын удирдамжгүй гэнэт ирж шалгалт хийсэн нь Б.Рина хувийн сонирхлын үүднээс хандсан гэж үзэхүйц байдал үүсгэсэн. Мөн шийтгэвэрт анх бичилт хийхдээ байгаагүй зүйл заалтыг сүүлд нэмж бичсэн нь миний гаргаж өгсөн эх хувь, болон Б.Ринаагийн гаргаж өгсөн канондсан хувийг нягтлан үзэхэд уг, үсгийн тоо, тодрол дээр харагдаж байна. Б.Рина нь “...Цагаанхайрхан сумыг ой анги байхгүй тул тэндхийн эрх бүхий этгээд гарал үүслийн гэрчилгээг бичих байсан. Гэтэл Б.Батням нь хувийн ашиг харж өөрөө бичихээр авсан мэтээр” тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Би өмнө нь гарал үүсэл олддоггүй байсныг өөрчилж, эрх авсан нөхөрлөлүүдэд ирсэн 50 ширхэг гарал үүслийг жигд хувиарлах маягаар олгосон юм. Манай ойн анги нь хэдийгээр Өндөрхангай суманд байрладаг боловч 7 сумын дунд байгуулагдсан сум дундын ойн анги болохоор Цагаанхайрхан суманд байгаа байгаль хамгаалагч бичих эрхгүй тул эрх шилжүүлэх тушаал гаргасан болно. Б.Ринагийн үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн намайг торгохдоо Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д зааснаар торгосон тэгвэл энэ зүйлд заасан 8 төрлийн зөрчлийн чухам аль нөхцөлөөр нь торгоод байгаагаа Б.Рина шүүх дээр ч тайлбарлаж чадаагүй шүүх ч энэ талд дээр дүгнэлт хийгээгүй, зүй нь гаргасан зөрчил нь шийтгэл ногдуулах хуулийн нөхцөл хэм хэмжээтэй яг тохирч байх ёстой гэж би үзэж байна. Миний бие төрийн үйлчилгээний алба хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2.3-д заасан ард түмэнд үйлчлэх гэсэн зарчмыг дээдэлж шийдвэр гаргасан. Гэтэл хууль бус шалгалт хийж намайг өндөр дүнгээр торгосон нь учир дутагдалтай гэж үзэж шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх шударга ёсыг эрхэм болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рина нь “Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-153 дугаар тушаалаар батлагдсан журмын 4.3, 4.4, 4.9, 4.10 заалтуудыг зөрчин мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг урьдчилан үндэслэлгүйгээр ойн цэвэрлэгээ хийсэн аж ахуйн нэгж, байгууллагад олгосон гэж үзээд Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д заасныг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 дугаартай шийтгэврээр Өндөрхангай сум дахь сум дундын ойн ангийн дарга Б.Батнямыг 1920000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ.

Уг шийтгэврийг Б.Батням хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянаад хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Увс аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Рина нь ямар удирдамж үзүүлэлгүй шалгалт хийсэн, ...анхан шатны шүүх нөхцөл байдлыг зөв үнэлээгүй, ...шийтгэвэрт анх бичилт хийхдээ байгаагүй зүйл, заалтыг нэмж бичсэн, ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн, ...Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д заасан 8 төрлийн зөрчлийн аль нөхцөлөөр торгосон нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/08 тушаал[1]-ын 1 дэх заалтаар “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, түүнийг зохицуулах журам”-ыг хавсралтаар баталж, 2 заалтаар уг журмыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар үүрэг болгосон ба улмаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 01/39 тушаал[2]-аар хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.

Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рина дээрх удирдамж болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэн байна.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.4-д “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно”, 34.5-д “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 47 дугаар зүйлийн 47.2.9-д “ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах гэрээ, эрхийн бичиг, бусад газарт тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг үндэслэлгүй олгосон, эсхүл зохих бичилтийг дутуу хийсэн, засварласан эрхийн бичиг олгосон, тээвэрлэсний дараа эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг нөхөн олгосон албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж тус тус заажээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.3-д “Гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно”, 4.4-д “Тээвэрлэгч чиргүүл ашиглаж байгаа тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг нийт тээвэрлэгдэх модны хэмжээгээр бичнэ”, 4.6-д “Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно. Тогтоохдоо Монгол улсын батлагдсан авто замын сүлжээний километрээр тооцон 300 километр тутамд хоногийн 24 цагаар тооцон хүрэх цэг хүртэл цаг, минутыг тавьж өгнө”, 4.9-д “Гарал үүслийн гэрчилгээнд мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээг цэвэр гаргацтай, засваргүй бичнэ”, 4.10-д “Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд Б.Батням нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15 ширхэг гарал үүслийн гэрчилгээг бичилт хийхгүйгээр зөвхөн гарын үсэг зурж, тамгаа дарж урьдчилан олгосон нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, гарал үүслийн гэрчилгээ олгосон гар баримт, хураан авсан гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч Б.Рина Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус заасан эрхийнхээ хүрээнд захиргааны шийтгэл ногдуулсан байх бөгөөд анхан шатны шүүх Ойн тухай хуулийн хэрэгжих хугацааны талаар болон бусад үндэслэлээр зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Харин 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Т.Дашдорж хөтөлсөн байхад шүүхийн шийдвэрт нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан гэж зөрүүтэй бичсэн, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Ойн тухай хуулийн гучин дөрөвдүгээр зүйл, дөчин долдугаар зүйл гэж бичилтийн алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР