Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00647

 

Н.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00728 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 643 дугаар магадлалтай,

Н.Солонгын нэхэмжлэлтэй

Ё.Долзодод холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6 734 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч Ё.Долзод, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаандаа мөнгөө өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн хүүгээ 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6 500 000 төгрөг өгсөн. Зээлийн үлдэгдэл 5 500 000 төгрөг, хүү, алданги нийт 6 734 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нь өгөхгүй маргааш нөгөөдөр гэсээр өнөөдрийг хүрч байна. 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дансаар 5 000 000, 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар хариуцагч маргаагүй. Гэрээний дагуу 4 сарын хүүд 4 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн, мөн 6 500 000 төгрөг авсан. Нийт өнгөрсөн хугацааны зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 15 048 979 төгрөг нэхэмжлэх эрхтэй ч зөвхөн 6 734 000 төгрөг нэхэмжилсэн. Гэрээний дагуу эхний 2 сарын хүүг хугацаандаа өгч байсан ч 3 дахь сараас хугацаа алдуулж байсан тул энэ үеэс алдангийг тооцсон. Хариуцагчтай ярилцаад 6 000 000 төгрөг өгчихвөл эвлэрэх санал тавьсан ч хариуцагч төлөхгүй гэж байгаа учир 6 734 000 төгрөгөө нэхэмжилнэ. Хариуцагч 6 500 000 төгрөг өгсөн, үлдэх 3 500 000 төгрөгийг өгөөд асуудал дуусах талаар тохирсон гэж байгаа ч энэ талаар баримт байхгүй. Мөн хэт өндөр хүү тогтоосон гэж байгаа ч иргэд хооронд барьцаагүй зээл 10 хувьтай байна. Энэ хүнд хангалттай хугацаа, хөнгөлөлт үзүүлсэн. Хүүг хасах боломж байхгүй учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Солонготой гэрээ байгуулж 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлсэн ч хугацаанаасаа өмнө 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэхэд төлж дуусгасан. Ингэхдээ 2015 оны 9 сард 4 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-нд 6 500 000 төгрөг төлж төлбөрөө дуусгасан. Гэтэл хэтэрсэн хугацааны мөнгө гээд Н.Солонго надаас мөнгө нэхээд байсан ч би зөвшөөрөөгүй. Миний нийт төлсөн 10 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг 5, 6, 7, 8 дугаар сарын хүүд тооцон төлж, сүүлд төлсөн 6 500 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн. Би хугацаанаасаа өмнө зээлээ төлж барагдуулсан. Хэт өндөр хүүтэй тооцож гэрээ хийсэн байсан. Иймд төлсөн 10 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн зээл, хүү гэж тооцуулж тогтоосон болно. Мөн хугацааны өмнө төлсөн учир хүү, алданги тооцох боломжгүй. Н.Солонгын нэхэмжилсэн 6 734 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. 9, 10 дугаар сарын хүүг өгч чадаагүй. Н.Солонготой утсаар яриад хүүгээ өгч чадахгүй учир зогсоогоод 10 000 000 төгрөгөө л өгье гэхэд зөвшөөрсөн учир би зээлээ хөөцөлдөөд 6 500 000 төгрөгийг 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Дараа нь 3 500 000 төгрөгөө өгч чадаагүй бөгөөд Н.Солонготой хавар өгөхөөр ярьсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөгийг л өгнө. Энэ талаар ярьсан асуудлаа баталгаажуулаагүй нь миний алдаа болох байх. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мөнгийг төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00728 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ё.Долзодоос зээлийн гэрээний үүрэгт 6 324 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Солонгод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Долзодоос улсын тэмдэгтийн хураамжид 116 135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Солонгод олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 643 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6 324 000...” гэснийг “...6 732 000...” гэж, “...410 000...” гэснийг “...2 000...” гэж, 2 дахь заалтад “...116 135...” гэснийг “...122 662...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Гэрээний дагуу 6 500 000 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Анхан шатны шүүх үндсэн зээлийг төлбөрт тооцож зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх зээлийн төлбөрт төлсөн 6 500 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2015 оны 09, 10 дугаар сарын хүүд тооцож, үлдэх хэсгийг үндсэн зээлд тооцож надаас 4 100 000 төгрөг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулж, буруу тооцоо хийсэн. Би зээлийн үндсэн төлбөрийг төлсөн гэх шалтгаан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасны дагуу би хүү, зээлийн өрөөс үндсэн үүргээ буюу үндсэн зээлээ сонгож төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д тодорхой заасан учир миний төлбөр төлбөрийг эхний ээлжинд үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийдвэт зөв тусгасныг давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Би 6 500 000 төгрөгийг 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Урьд хүүнд 4 000 000 төгрөг төлөх үед би үндсэн зээлээс хасуулъя гэхэд нэхэмжлэгч хүүнд тооцож аваад, цаашид үндсэн зээлээл төл, би нэмж хүү авахгүй гэж харилцан тохиролцсон тул би үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөгөө л төлөх ёстой. Ямар нэгэн хүү нэмж төлөх ёсгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын дагуу шүүх надаас 3 232 000 төгрөгийн хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс болж би Солонгод урьдчилж зээл авч төлсөн мөнгөнийхөө хүүг банкнаас авч төлөөд хохирч байна. Нэхэмжлэгч хүүг зогсооно гэж тохирсон учраас би зээл авсан болохоос биш ингэж тохироогүй бол надад давхар зээл авах шаардлага байгаагүй. Үүнээс болж надаас 3 232 000 төгрөг гаргуулж буйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн 3 232 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зээлийн маргаан бүхий хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн зээлийн маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Солонго нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж, хариуцагч Ё.Долзодоос зээлийн үүрэгт 6 734 000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 8 сарын хугацаагаар буюу 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зээлдүүлэхээр талууд тохирчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Н.Солонго 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Ё.Долзод нь гэрээнд заасан нөхцөлөөр мөнгийг эргэж төлөх үүрэг хүлээсэн, зээлийн хүүд 4 000 000 төгрөг, үндсэн зээлд 6 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр тодорхойлсон нь үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүг хэт өндөр тул багасгаж өгөх хүсэлт гаргасан байхад хоёр шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Гэрээний талуудын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасган тогтоохыг зохицуулсан байна. Талууд зээлийн хүүг сарын 10 хувь гэж тогтоосон нь хэт өндөр, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүг багасгах боломжтой гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 8 сарын хугацаатай, 10 000 000 төгрөгийн нэг сарын хүүг 5 хувиар бодоход 500 000 төгрөг, гэрээний хугацаанд төлөх зээлийн хүүгийн хэмжээ 4 000 000 төгрөг байна. Зээлдэгч нь хүүд 4 000 000 төгрөг төлсөн тул зээлийн хүүг төлөгдсөн гэж үзнэ. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусахаас өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгчээс 6 500 000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасаж тооцоход 3 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусмагц 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үүргийг тодорхойлсон агуулгатай байх тул үндсэн зээлийн дутуу 3 500 000 төгрөгийг гаргуулж, хүү, алданги гаргуулах нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ё.Долзодын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 643 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...6 324 000...” гэснийг “...3 500 000...” гэж, “...410 000...” гэснийг “...3 234 000...” гэж, 2 дахь заалтад “...116 135...” гэснийг “...70 950...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ё.Долзодын хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 66 662 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.                                                                    

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА