| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2023/00216/И |
| Дугаар | 133/ШШ2023/00266 |
| Огноо | 2023-05-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2023/00266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА-ийн ЕБ * сургуульд холбогдох
2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх тухай
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь боловсролын салбарт 16 жил тасралтгүй ажиллаж байгаад 2019 оноос эхлэн ГАА-ийн ЕБ * сургуульд химийн багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ч-ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаартай хууль бус тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Д.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаал буюу ГАА-ийн ЕБ * сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тус шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч хариуцагч байгууллага нь тус шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр намайг химийн багшийн ажилд эгүүлэн томилсон байсан. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд нь өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно... гэж заасан. Иймд хариуцагч байгууллагаас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эр-ийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажилд нь буцаан томилж, тушаалыг хүргүүлэн хичээлийн цагийг хуваарьт оруулсан боловч албан ёсоор хариу мэдэгдээгүй тул сургуулийн дотоод журмын дагуу шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Тус багшийн цалин, нэмэгдэл хөлс 2023 оны төсвийн төсөлд тусгагдаагүй тул нөхөн төлөх боломжгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Д.Э-ийн 2008 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаартай шийдвэр,
-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаартай магадлал,
-Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00707 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Э нь ГГАА-ийн ЕБ * сургуульд холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.С-д 2023 оны 05 дугаар 26-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ГАА-ийн ЕБ * сургуульд химийн багшаар ажиллаж байгаадГАА-ийн ЕБ * сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч Д.Э нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн133/ШШ2022/00195 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00707 дугаартай тогтоол гарч нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж зааснаар уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, ... ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй гэж,
103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж,
103.3-т Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно. гэж тус тус зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Иймд Д.Э нь ажилд тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Д.Э-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нийт ажлын 285 хоногийн олговор 14,054,036 (арван дөрвөн сая тавин дөрвөн мянга нэг зуун гучин зургаан) төгрөгийг хариуцагч ГАА-ийн ЕБ * сургуулиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д.Э-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Э-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2021 оны 07, 08, 09 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА-ийн ЕБ * сургуульд даалгах нь зүйтэй байна.
Харин хариуцагч ГГАА-ийн ЕБ * сургууль нь хуульд заасны дагуу байгууллагад учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,785,694 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75,521 төгрөгийг хариуцагч ГАА-ийн ЕБ * сургуулиас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ГАА-ийн ЕБ * сургуулиас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14,054,036 (арван дөрвөн сая тавин дөрвөн мянга нэг зуун гучин зургаан) төгрөгийг гаргуулан Д.Э-т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ГГАА-ийн ЕБ * сургуульд үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,054,036 (арван дөрвөн сая тавин дөрвөн мянга нэг зуун гучин зургаа) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 228,220 төгрөгийг хариуцагч ГГАА-ийн ЕБ * сургуулиас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН