Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 133/шш2023/00326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П-ын г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-д холбогдох,

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 1,685,610 /нэг сая зургаан зуун наян таван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Д.П, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон У.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүй байх хүсэлт гаргасан, зохигчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 1,685,610 (нэг сая зургаан зуун наян таван мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: С.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16-17 цагийн үед Говь-Алтай аймгийн Е сумын төв Г-Э хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр 88-11ГАО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 15-49ГАО улсын дугаартай мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан Ж.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Ж.М-ийн 2021 оны 10 дугаар сарын 12, 25-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. С.А-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2116000000134 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Улмаар тус прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 125 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 03 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч Ж.М нь С.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас 2021 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 506, 530 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас амбулаториор үзүүлж, яаралтай тусламж авах эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт А-гийн Н эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,685,610 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/13 дугаартай албан бичиг түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг С.А-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. С.А-аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 1,685,610 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжпэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэв. гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар: 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8811 ГАО улсын дугаартай машинтай явж байгаад уулзвар дээр мөргөлдсөн. Мөргөлдсөний улмаас мотоцикль жолоодож явсан Ж.М болон Г.А нарын биед гэмтэл учирч би өөрөө 103 дуудаж эмнэлгийн тусламж үзүүлсэн. 11 цаг 30 минутад үзүүлээд гэртээ харьсан. Эмнэлгийн тусламж авах шаардлага байгаа тул бид нар гэртээ харилаа гэсэн. 12 цагийн үед би гэрт нь очиж уулзсан. Тэгэхэд өөрсдөө хуваариа ярилцаад энэ асуудлыг шийдье гэж ярилцаж байсан юм. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг буруу ташаа байгаа юм гэж бодож өөрийн зүгээс дүгнэлт гаргасан. Тэр орой 09-11 цагийн хугацаанд эмнэлгийн зүгээс тэр хоёрт цус тогтоох үйлчилгээ үзүүлж байсан. Хоёр цагийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ 1,685,610 төгрөг болох хэмжээнд хүрээгүй байх гэж бодоод үнэлгээ нь арай бодит биш юм болов уу гэж дүгнэж гомдолтой санагдаж байна. Тэрнээс хойш энэ хоёр хүн эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй. Сүүлд нь эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. Өөрийн зүгээс 450,000 төгрөгийг гаргаж төлсөн гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн ПГ-ын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/207 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн ЭМДА-ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/13 дугаар дугаар албан бичиг,

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх, ЭМДЕГ-цахим систем гэх баримт

-Говь-Алтай аймгийн ПГ-ын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай тогтоол,

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай албан бичиг, эмчийн үзлэгийн бүртгэл, өвчний түүх

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаартай албан бичиг, хариуцагч С.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай албан бичиг,

-Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогч Ж.М-нээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

-Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Говь-Алтай аймгийн ПГ-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21160000000134 дугаартай прокурорын тогтоол, яллах дүгнэлт,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоол,

5. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт:

-Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн магадлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/13 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн ПГ нь С.А-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 1,685,610 (нэг сая зургаан зуун наян таван мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хариуцагч С.А нь ...хоёр цагийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ 1,685,610 төгрөг болох хэмжээнд хүрээгүй байх гэж бодоод үнэлгээ нь арай бодит биш юм болов уу гэж дүгнэж гомдолтой санагдаж байна. Тэрнээс хойш энэ хоёр хүн эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй. Сүүлд нь эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. Өөрийн зүгээс 450,000 төгрөгийг гаргаж төлсөн... гэж маргажээ.

4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд уг шаардах эрх нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан байх, нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллага, бусад хуулийн этгээд нь амь нас, эрүүл мэндэд учирсантай холбогдсон төлбөр, тусламжийг хуульд заасны дагуу эсвэл харилцан тохиролцож буюу гэрээний үндсэн дээр гэм хор учирсан этгээдэд олгосон байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна.

Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заажээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овогтой С-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болох шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Уг шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч С.А нь эрүүгийн хэргийн хохирогч Ж.М, Г.А нарын биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Хохирогч Ж.М нь С.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас 2021 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 506, 530 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас амбулаториор үзүүлж, яаралтай тусламж авах эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь ЭМД-ын сангаас 1,685,610 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/13 дугаартай албан бичиг түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч нь ...хоёр цагийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ 1,685,610 төгрөг болох хэмжээнд хүрээгүй байх гэж бодоод үнэлгээ нь арай бодит биш юм болов уу гэж дүгнэж гомдолтой санагдаж байна. Тэрнээс хойш энэ хоёр хүн эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй. Сүүлд нь эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. Өөрийн зүгээс 450,000 төгрөгийг гаргаж төлсөн... гэж тайлбарлаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Говь-Алтай аймгийн ЭМД-ын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/13 дугаартай албан бичигт Ж.М нь 2021 оны 09 дүгээр сарын 28, 01 дүгээр сарын 05-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт S068, S30 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас амбулаториор үзүүлж, яаралтай тусламж авч, хэвтэн эмчлүүлж, өндөр өртөгтэй оношилгоо хийлгэж, дээрх эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмт хэргийн улмаас хохирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,685,610 төгрөгийг зарцуулсан талаар дурдаж, Эрзүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх гэх баримтыг ЭМДЕГ-ы цахим системээс хуулбарласан холбогдох баримтын хамт ирүүлжээ.

Нэхэмжлэгч тал иргэн Ж.М-ийн эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,685,610 төгрөг олгосон болох хөндлөнгийн байгууллага буюу нэгдсэн эмнэлэг, бусад эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, үйлчилгээ авсан талаарх баримтуудыг нотлох баримтаар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч байгууллагын хүсэлт, цахим системээс ирүүлсэн баримтуудыг үндэслэн хариуцагчаас дээрх зардлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь эмчийн үзлэгийн бүртгэлд Ж.М 21 дүгээрт S06 оношоор үзүүлсэн гэж бүртгэгдсэн байгаа боловч ямар эмчилгээ хийгдсэн талаар тодорхой бичигдээгүй, 2477 дугаартай Г.А-ын өвчний түүхийг ирүүлсэн байна. Энэ нь Ж.М-ийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэдгийн нотлохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ЭМД-ын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т овогтой С-ын А-д холбогдох гэм хорын хохиролд 1,685,610 төгрөг гаргуулах тухай ГАА дахь ЭМДХ-ийг төлөөлөн ГАА-ийн ПГ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ