Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0796/З |
Дугаар | 128/ШШ2023/0303 |
Огноо | 2023-03-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0303
2023 03 29 128/ШШ2023/0303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ү.З******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б***********
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А*********
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.З******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Га********** нарын хооронд үүссэн санхүүжилт олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.З*********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б**********, Т.М********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г**********, Н.З*********, гэрч Т.Н**********, Б.Р********, нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ма****** ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан ... “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар бичгээр санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох ... дээрх сувилуулагч нарт УБ-02/041 гэрээнд заасны дагуу 234361 кодтой тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг тогтоолгож, санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
2. Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ма********ХХК-ийн Мойлтын тохой сувиллын газарт сэргээн засах тусламж, үйлчилгээ, уламжлалт, анагаах ухааны засал эмчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгож байжээ.
3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын дагуу Ма******** ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УБ-03*****дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г шинэчлэн байгуулсан байна.
4. Ма********ХХК-иас 2022 оны 3 дугаар сард тусламж үйлчилгээ үзүүлсэн иргэдийн нэхэмжлэхийг илгээхдээ алдаатай илгээсэн байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт “...2022 оны 3 дугаар сарын тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлээ 2022 оны 4 дүгээр сарын 2-нд илгээсэн боловч тогтоол өөрчлөгдсөнтэй холбоотой программын тохиргоо шинэчлэл хийгдэж байх цаг үе тохиож гэрээгээр тохирсон "Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ-Ангилагдаагүй бусад” төлбөрийн нэрийг ижил үнийн дүнтэй "Уламжлалтын анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх-Ангилагдаагүй бусад тусламж үйлчилгээ” гэж ташаарч сонгосноос тусламж үйлчилгээний төлбөрийн санхүүжилт олгогдохгүй болсон. Сувиллын зүгээс даатгуулагчдад сувиллын тусламж үйлчилгээг журмын дагуу үзүүлж, даатгуулагчдыг хохироогоогүй, техникийн асуудал тул Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 6.1.3-д заасны дагуу уг маргааны талаар хэлэлцээр хийх хүсэлттэй байх тул хүлээн авна уу” гэх хүсэлтийг гаргажээ.
5. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “...Тус гэрээнд 01 дүгээр тогтоолын 566 дугаар оношийн хамааралтай бүлгийн 234361 кодтой /ангилагдаагүй бусад/ хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээний төрлийг тусгасан. Иймд гэрээнд тусгагдаагүй тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдье” гэж, мөн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 01/8733 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд тусгагдаагүй уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянах болон санхүүжүүлэх боломжгүй байна” гэж Ма*******ХХК-д санхүүжилт олгохоос татгалзсан байна.
6. Ма****** ХХК нь И К******ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ESP21/0025 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан И Клиник платформтой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний программ хангамжтай холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулан хамтран ажиллаж байсан байна.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч “Ма*****” ХХК нь 2001 оноос хойш эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулсан. Уг ажиллагааны хүрээнд буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллагаа явуулдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг маргааны хувьд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулж ажилласантай холбоотой уг гэрээнд заагдсан нөхцөл байдал дээр санхүүжилт авах эрх нь хязгаарлагдсан буюу эрхгүй болсон нөхцөл байдал нь шүүхэд хандах маргаан болсон.
Маргаан үүсэх болсон шалтгаан нь “Ма*******” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь уг гэрээтэй холбогдох үйл ажиллагааны бүртгэл, тэмдэглэл буюу цахим харилцаагаар болон программаар явагддаг. Тэгэхээр гэрээнд заасан нөхцөл болох гэрээний үүрэг нөхцөл байдлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2019 оноос эхлэн холбогдох программын компаниудад программын сайтад нь хөгжүүлэлт хийж, үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж хэрэгжүүлэн холбогдох зөвлөгөө зааварчилгааг өгч үйл ажиллагаа нь хэрэгждэг.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 5 компанийг 2019 онд зөвшөөрөгдсөн программын үйлчилгээ явуулах нэрлэн заагдсан компаниудаас “Ма*******” ХХК нь тухайн үед “Та********” ХХК-тай 2019 оны 05 дугаар сараас гэрээ байгуулсан. Уг компанийн хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөнөөр тухайн компани өөрчлөгдөж “И К*****” ХХК нэртэй болсон.
Тэгэхээр уг компанитай “Ма******” ХХК гэрээ байгуулж хоорондын цахим харилцаа буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас холбогдох ажиллагааны бичилт, тэмдэглэл, үйл ажиллагааны бүрэн тусгагдах нөхцөл байдлыг программын компанитай буюу тухайн компанийн заавар зөвлөгөөний дагуу цахим харилцаагаар харилцаж тус байгууллагын үйл ажиллагаа нь оператороор хэрэгждэг.
Тухайн программ шивэлтийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүлээж авч харилцаж ирсэн. Тэгэхээр маргаан үүсэх болсон нөхцөл байдал нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ хэрэгжих үед Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан программд өөрчлөлт орсон. Тухайн өөрчлөлттэй холбогдуулан программын бичлэг дээр “И К*******” ХХК-ийн баяжуулсан программ дээрээс сонголтуудыг хийж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажлынхаа нөхцөл байдлыг тайлагнадаг. Гэтэл тухайн нөхцөл байдал дээр 2022 оны 03 дугаар сарын үйл ажиллагааны мэдээлэл оруулахад алдаатай орсон нөхцөл байдал үүссэн. Тэгээд уг нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор тайлагнах үүрэгтэй. Мөн тайлагнасны дараа санхүүжилт авах хүртэл хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар энэ нөхцөл байдлыг хянан шалгаж явдаг. Гэтэл тодорхой хэмжээний хяналт шалгалт хэрэгжүүлсэн боловч цахим бүртгэлийн алдаатай нөхцөл байдлаас санхүүжилтийг олгох боломжгүй буюу засварлах боломжгүй гэдэг хариуг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Тэгээд хариу өгсөнтэй холбоотой нэхэмжлэгч компани Эрүүл мэндийн яаманд хандсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргад хандан дотоод үйл ажиллагааг хянаж, шалгаж өгнө үү гэдэг байдлаар хүсэлт, гомдол гаргасан.
Эрүүл мэндийн яамнаас болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас боломжгүй гэдэг хариу өгсөн учраас шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариу өгч “Ма*******” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд 3 шаардлагаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээр зөрчигдөж байгаа эрх ашгаа буюу үзүүлсэн тусламж, үйлчилгээ болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу 234361 кодтой тусламж, үйлчилгээ үзүүлсэн нөхцөл байдлыг цахим бүртгэлийн алдаатай нөхцөл байдлаас шалтгаалан тусламж, үйлчилгээ үзүүлээгүй байна гэсэн нөхцөл байдалд орж санхүүжилт авах эрхгүй болсон учир уг эрхээ сэргээлгэхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан. Эхний шаардлагаар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь уг санхүүжилтийг олгохоос татгалзах тухай хууль, дүрэм, журамд заасан нөхцөл байдал, тухайн тохиолдлын дагуу тухайн санхүүжилтийг авах эрхгүй болох нөхцөл байдлыг өөрөөр тайлбарлаж болсон цахим харилцааны алдаатай нөхцөл байдлыг засан болон шийдвэрлэх боломжгүй гэдэг хохиролтой байдалд оруулсан. Тийм учраас санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль, журамд байхгүй тул хууль бус байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн дээр 2022 оны 03 дугаар сард нийт 162 даатгуулагч буюу сувилуулагчид гэрээнд заасны дагуу 234361 кодоор тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд үзүүлсэн нөхцөл байдал дээр тусламж, үйлчилгээ үзүүлсэн болохыг тогтоолгох эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох шаардлага гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн болон хууль болон холбогдох дүрэм журамд санхүүжилт олгохгүй байх хориглосон, хязгаарласан эрх зүйн зохицуулалт байхгүй тул санхүүжилтийг үзүүлсэн тусламж үйлчилгээ, гэрээний дагуу санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох гэсэн 3 шаардлага гаргасан” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэрийн өөрчлөн андуурч гаргасан нь үнэн буюу гол санаа агуулга нь андуурсан. Үүнд олон шалтгаан байгаа буюу “И К****” ХХК-тай холбоотой асуудал байгаа. Гол нь сэргээн засахын тусламж, үйлчилгээ нь 195,500 төгрөгөөр санхүүжигдэж байгаа. Уламжлалт нь 450,000 төгрөгөөр санхүүжигддэг. Бид ямар нэгэн шатлал ахиулж санаа агуулаагүй. Уламжлалтаараа сэргээн засахын 195,500 төгрөг хэвээрээ байгаа. Би 5 дахь өдөр уулзаж бүгд ойлголцон газрын дарга, хэлтсийн дарга Ч.О******* байцаагчийг дуудсан буюу би баярлалаа гэж хэлээд гарсан. Тухайн үед энэ асуудлыг IT инженертэй ярьж засъя. Дахиж ийм алдаа битгий гаргаарай гэхэд нь барлалаа гэж хэлээд явсан. Гэтэл 1 дэх өдөр ямар ч боломжгүй байна гэдэг хариу өгсөн. Манай компани энэ асуудалд ямар нэгэн шатлал ахиулсан бол үнэхээр буруу зүйл болно. Тухайн 195,500 төгрөг нь уламжлалтын сэргээн засахад байхгүй буюу 450,000 төгрөг гэж байгаа. Сэргээн засахын ангилалд нь 195,500 төгрөг гэж байгаа буюу хоорондоо ялгаатай. Ямар нэгэн андуурагдах, мөнгө ахиулах, шатлал ахиулах санаа агуулаагүй. Үйлчилгээг сэргээх засахаар явуулж нэхэмжлэхийн асуудал дээр ийм нөхцөл байдал үүссэн” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “Ма****” ХХК-тай Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулсан. Тус 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээнд оношийн хамааралтай бүлгийн 234361 кодоор тусламж, үйлчилгээ үзүүлэхийг тодорхой зааж гарын үсэг зуран баталгаажуулсан. “Ма******” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын санхүүжилтээ манай байгууллагад үнэн, зөв илгээж манай байгууллагаас 2022 оны 04 дүгээр сард 2 дугаар сарын 89 үзүүлсэн гүйцэтгэлийг хянаж, үүнээс 250,000 төгрөгийн зөрчил илрүүлж хасагдал тооцсон агуулгатай албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Түүнчлэн тухайн Мойлтын тохой сувиллын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж гэрээний 2.4.8 дахь заалт буюу гол нэхэмжлэхийн хяналтыг явуулах буюу тус үйл ажиллагааг явуулах гол зүйл болох нэхэмжлэхийн оношийн хамааралтай бүлгийн кодыг буруу илгээснээс манай цахим системд алдаа зааж 0 болсон. Тухайн үед энэ үйлдлийг Ү.З******* манай байгууллагад албан бичгээр хандсан. Мөн үүнтэй зэрэгцэж хэд хэдэн байгууллагууд ийм алдаа, зөрчил илэрсэн. Үүнийг манай байгууллага шалгаж үзэхэд ихэнх нь оношийн хамааралтай бүлгийн кодоо зөв илгээсэн учраас засварлаж санхүүжилтийн олгосон. Гэтэл Ү.З******* захирлын хүсэлтийн дагуу тусламж үйлчилгээний хэлтсээс мэдээлэл технологийн хэлтэст дотоод албан бичгээр хандаж тухайн үед засаж, санхүүжилтийн олгоё гэж оролдсон боловч “М*******” ХХК-ийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас оношийн хамааралтай бүлгийн кодоо уламжлалтын код буюу 370027 кодоор илгээснээс үүдэн санхүүжилт авах эрх нь үүсээгүй. Хоёрдугаарт “Ма*****” ХХК нь гэрээний 2.4.8 дахь заалтыг зөрчсөнөөс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлөлтийн тайлан тооцоо холбогдох баримт бичгийг үнэн, зөв цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын эрх, үүрэг байгаа. Мөн энэ хуулийн хариуцлага байгаа буюу тус хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэж заасан. Мөн гэрээнд талуудын хариуцлага байгаа. Гэтэл хууль дээр хариуцлага хүлээлгэх талаар байхгүй гэж тайлбарлаж байна. Мөн түүвэрлэсэн асуудалтай холбоотойгоор манай байгууллага ямар нэгэн гэрээний нэхэмжлэхийг хянаагүй буюу нэхэмжлэхийг хянах нөхцөл үүсээгүй байгаа тохиолдолд түүвэрлэх боломжгүй. Тийм учраас 55 хүнийг яаж гаргасан нь ойлгомжгүй талаар тайлбар дээр бичсэн. Мөн нэхэмжлэхийн хяналтаас түүвэрлэсэн эсэх байдаг уу? танайхыг түүвэрлэсэн байсан юм биш үү гэдэг байдлаар тодруулж асуухад цахим систем дээр ямар ч түүвэрлэгдсэн мэдээлэл байхгүй байсан тул шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар бичгээр санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, ... дээрх сувилуулагч нарт УБ-02/041 гэрээнд заасны дагуу 234361 кодтой тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг тогтоолгож, санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох”-оор, хариуцагчаас Ма********* ХХК-г 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УБ-03/006 дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4.8 дахь заалтад “иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын мэдээллийг цахим системээр мэдээллийг цахим системээр үнэн зөв алдаагүй илгээх”, үүргээ зөрчсөн учраас тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.2 дахь заалтад заасан “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч шалгах явцад эмнэлгийн алдаа, зөрчил илэрч, дахин нягтлан шалгах шаардлага гарсан тохиолдолд гэрээний баримт бичгийн холбогдох хэсгийг түдгэлзүүлэх үндэслэлтэй” гэж маргаж байна.
2. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу М********ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УБ-03/006 дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г байгуулсан.
3. Тус гэрээний дагуу оношийн хамааралтай бүлгийн төрлийг “сэргээн засах” хэсгийг сонгон нэхэмжлэх илгээдэг байсныг оношийн хамааралтай бүлгийн “ангилагдаагүй бусад” төрлийг сонгохоор өөрчлөлт оруулсантай холбоотой Ма***** ХХК-иас 2022 оны 3 дугаар сард тусламж үйлчилгээ үзүүлсэн иргэдийн нэхэмжлэхийг илгээхдээ алдаатай илгээсэн байна.
4. Мөн Ма****** ХХК нь И Кл******ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ESP21/З21/0025 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулж хамтран ажиллаж байсан бөгөөд гэрээний дагуу И К*********** ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ангилагдаагүй бусад” гэх оношийн хамааралтай төрлөөр нэхэмжлэх үүсгэдэг болсонтой холбоотой зөвлөгөөг авч үүний дагуу кодыг илгээсэн бөгөөд тус илгээсэн код нь буруу код байжээ.
5. Би эк****** ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн АFE92D35 утсаар ярьсан ярианы бичлэг”-ээр И К*****ХХК-иас зөвлөгөө өгсөн ажилтан болон Ма*******ХХК-ийн ажилтан нар холбогдож ямар үйлдлээр хамааралтай бүлгийн төрлийг сонгож байсныг харж зааварчилгаа өгч байгаа нь тус шүүхээс хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна.
6. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын програмд шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр “нэхэмжлэгч нь 162 иргэний нэхэмжлэхийг кодоо алдаатайгаар шивж илгээсэн, хариуцагчаас үүнийг засах арга хэмжээ авах гэтэл эрүүл мэндийн даатгалын ашиглаж байгаа програм нь хөрвүүлэлт хийж болохгүй байсны улмаас засаагүй” үйл баримт тогтоогдсон.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна: хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй: даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх” гэж тус тус заасан байна.
8. Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын цахим системд алдаатай код илгээсэн үйл баримттай талууд маргаагүй, гэхдээ энэхүү алдаа нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль алиных нь буруутай үйлдлээс болсон гэж үзэхээргүй байх бөгөөд маргаан бүхий цаг үед Ма*****ХХК-ийн Мойлтын тохой сувилал нь даатгуулагчдад тусламж үйлчилгээ үзүүлсэн учраас түүнд зарцуулсан санхүүжилтээ авах нь нэхэмжлэгчийн эрх юм.
9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх”, гэж мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УБ-03/006 дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6.2 дахь заалтад “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч шалгах явцад эмнэлгийн алдаа, зөрчил илэрч, дахин нягтлан шалгах шаардлага гарсан тохиолдолд гэрээний баримт бичгийн холбогдох хэсгийг түр түдгэлзүүлнэ” гэж заасан.
10. Хууль болон гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгчээс алдаа зөрчил гарсан тохиолдолд түүнийг залруулах, эсхүл түдгэлзүүлээд зөрчлийг арилгах боломжууд байсан бөгөөд нэхэмжлэхийг алдаатай шивсэнээр санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь хариуцагч хуулиар олгогдсон болон гэрээнд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
11. Нэхэмжлэгч Ма****** ХХК нь нэгэнт иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэхийн оношийн хамааралтай бүдгийн кодыг буруу илгээсний улмаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хохирол учирсан гэж үзэхээргүй, харин М******* ХХК-д хохирол учирсан байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан шийдвэрийн төрөл болох “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Ма*******ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын нэхэмжлэхийг холбогдох журмын дагуу хянасны үндсэн дээр санхүүжилт олгох нь зүйтэй байна.
13. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор програм хангамжаас шалтгаалан аливаа гарах зардлыг Ма******ХХК-иас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, мөн Ман******** ХХК нь холбогдох буруутай этгээдээс хохирлоо гаргуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасныг тус тус баримтлан Ма********ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар бичгээр санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль бус болохыг, дээрх сувилуулагч нарт УБ-02/041 гэрээнд заасны дагуу 234361 кодтой тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг, санхүүжилт авах эрхтэй болох”-ыг тус тус тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Ма****" ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА