Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Н.Дамбадаржаа,

шүүгдэгч: Т.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрхуягийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 2015 2602 2175 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнх бамбай секьюрити” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, аав, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 2/48
дугаар байрны 24 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  479 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 4 сар 6 хоног баривчлах ялаар шийтгүүлж, уг ялын хугацаа дууссан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон,  регистрийн дугаар Ц3 85100675, Боржигон овогт Төмөрхуягийн Түмэнжаргал.

 

Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь шунахай сэдэлттэй, давтан үйлдлээр буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 01 тоот дахь Б.Нинжбадгарын өмчлөлийн 1
өрөө орон сууцыг “өөрийн эзэмшлийнх, түрээслүүлнэ” гэж итгүүлэн хохирогч
X.Мөнхшүртэй түрээсийн гэрээ байгуулан хуурч мэхлэн 400 000 төгрөгийг,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 01 тоот дахь Б.Нинжбадгарын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг “өөрийн эзэмшлийнх, түрээслүүлнэ” гэж итгүүлэн хохирогч А.Нямдаваатай түрээсийн гэрээ байгуулан, хуурч мэхлэн 500 000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч бага бус хэмжээний буюу нийт 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Түмэнжаргал мэдүүлэхдээ:

Би энэ байрыг бэлэн гоймонгийн газар ажиллуулахаар өөрөө түрээслэж, эхний сарын түрээсийн мөнгө 450 000 төгрөг төлсөн боловч ажлаа эхлэхэд нэмж мөнгө хэрэгтэй байсан учраас ажил эхлээгүй. Байрыг ашиглахгүй хоосон байлгаж байхаар бусдад түрээслүүлье гэж бодоод зар тавьсан юм. Х.Мөнхшүрийг зарын дагуу ирэхээр нь 300 000 төгрөгөөр түрээслэж, 100 000 төгрөгийн барьцаа авна гэхэд тэр зөвшөөрөөд төлбөрөө өгсөн. Маргааш нь А.Нямдаваа зарын дагуу ирээд 500 000 төгрөгөөр түрээслэе гэхээр нь зөвшөөрч, 500 000 төгрөг авч, Х.Мөнхшүрийн мөнгийг өгнө гэж бодсон боловч мөнгө авсан өдрөө ОХУ руу явснаас мөнгийг нь буцаан өгч чадаагүй. Эхний хүнтэй гэрээ байгуулахдаа өөр хүнтэй дахин гэрээ байгуулна гэж бодоогүй. Гэтэл дараагийн өдөр илүү мөнгөөр түрээслэх хүн ирэхээр нь дахин гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулахдаа манай эгчийн байр, эгч маань гадаадад байдаг гэж хохирогч нарт хэлсэн. Би байрны эзэн Б.Нинжбадгараас байрыг нь бусдад түрээслэе гэсэн зөвшөөрөл аваагүй. Намайг явсны дараа байранд Х.Мөнхшүр нэг сар амьдарсан байсан. Би байрны эзэн Б.Нинжбадгарт 400 000 төгрөг, хохирогч А.Нямдаваад 500 000 төгрөг өгсөн. Би өмнө нь хэрэгт холбогдож ял шийтгүүлэх үедээ насанд хүрээгүй байсан тул буруугаа ойлгохгүй байсан. Одоо би 2 хүүхэдтэй болсон. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага насны хүүхдүүдтэй хүмүүст байр түрээслүүлнэ гэж тэднийг хуурсандаа харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Нямдаваа мэдүүлэхдээ:

Би түрээсийн байр хайгаад явж байгаад www.unegui.mn хаягаар зар хайж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88102232 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн утсаа аваад ирээд уулзчих гэж хэлсэн. Тэгээд хаана очих уу гэсэн чинь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Андуудын автобусны буудлын ард 50 дугаар байрны 1 давхар, 1 тоот гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө уг байранд очиж, халзан толгойтой, таяг тулсан залуутай уулзаад байрыг сарын 300 000 төгрөгөөр түрээслэхээр болж, барьцаа 200 000 төгрөг, нийт 500 000 төгрөг манай эхнэрээс нөгөө хүн авч, өнөөдөр засвар хийчихнэ. Та нар орой нүүгээд орчих тэгээд гэрээгээ хийе гээд манай эхнэрийг явуулсан байсан. Тэгээд тэр өдрийн орой 21 цагийн үед манай эхнэр бид 2 нөгөө байрны гадаа иртэл байр цоожтой нөгөө хүн нь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би орцны жижүүрээс асуусан чинь өдөр 2 хүн ирээд мөнгөө өгөөд явсан, байрандаа оруулахгүй байна гээд явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр бид 2 цагдаа дээр ирж зөвлөгөө авчихаад дараа нь өргөдөл гаргасан. Гомдолтой байна. Хохирлын 500 000 төгрөгөө авмаар байна гэжээ. (хэргийн 8, 9 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Түмэнжаргал урьд 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 479 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 4 сар 6 хоног баривчлах ялаар шийтгүүлж, уг ялын хугацаа дууссан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон гэжээ. (хэргийн 26, 186 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Түмэнжаргалыг шунахай сэдэлтээр  давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 01 тоот Б.Нинжбадгарын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг өөрийн эзэмшлийнх, түрээслүүлнэ гэж итгүүлэн хохирогч X.Мөнхшүртэй түрээсийн гэрээ байгуулан, хуурч мэхлэн 400 000 төгрөгийг,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч А.Нямдаваатай түрээсийн гэрээ байгуулж, хуурч мэхлэн 500 000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, бага бус хэмжээний буюу 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Хөлслүүлэгч Б.Нинжбадгар нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 57 дугаар байрны 01 тоот орон сууцыг Т.Түмэнжаргалд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 сарын 06-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай хөлслүүлэхээр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, 11 сарын сарын төлбөрт 450 000 төгрөг авсан нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, гэрч Б.Нинжбадгарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д “хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй” гэж заажээ.

Т.Түмэнжаргал бусдаас хөлслөн авсан орон сууцаа хөлслүүлэгчийн  зөвшөөрөлгүйгээр Х.Мөнхшүрд дамжуулан хөлслүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 400 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байх боловч хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдад дамжуулан хөлслөсөн Т.Түмэнжаргалын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан” гэсэн гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн байхгүй тул X.Мөнхшүртэй түрээсийн гэрээ байгуулан, түүнийг хуурч мэхлэн 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Т.Түмэнжаргал, X.Мөнхшүр нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйлийг хөлслөгчид хүлээлгэн өгөөгүй иргэний эрх зүйн харилцааны маргааныг эрүүгийн хэргийн журмаар шалгаж, мөрдөн байцаалт явуулсан нь буруу байна.

 

            Т.Түмэнжаргал нь дээрх орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х.Мөнхшүрд хөлслүүлэхээр гэрээ байгуулж, 400 000 төгрөг авсны дараа 11 дүгээр сарын 25-ны өдөр уг байрыг Ц.Пүрэвжаргалд (хохирогч А.Нямдаваагийн эхнэр) хөлслүүлэхээр дахин гэрээ байгуулан, 500 000 төгрөгийг шунахай сэдэлтээр, өөрөө ашиг олох зорилгоор бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан үйлдэлдээ гэм буруутай болох нь хохирогч А.Нямдаваагийн мэдүүлэг, Ц.Пүрэвжаргалтай байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Түмэнжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 148 дугаар зүйлийн 148.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  479 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 4 сар 6 хоног баривчлах ялаар шийтгүүлж, уг ялын хугацаа дууссан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан тул Т.Түмэнжаргалын үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч урьдчилан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Нямдаваад хохирол төлсөн, өнөөдрийн шүүх хуралдаанд хөлслүүлэгч Б.Нинжбадгарт 400 000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.