Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2023/00091

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  овогт Н-н Т-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 19,139,542.97 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х-, хариуцагч Н.Т- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК  нь Н.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,139,542.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1. Зээлдэгч Я.А-, хамтран зээлдэгч Н.Т нар нь өрхийн хэрэглээндээ зориулж манай банктай 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр №292 тоот зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлдэгч Я.А- нас барж зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банк зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 6.2 заасны дагуу банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн /2023.03.22-ны өдрийн/ байдлаар зээлийн төлбөр Үндсэн зээл 17,500,000,00 /Арван долоон сая таван зуун мянган/ төгрөг, хуримтлагдсан хүү 1,611,581.33 /нэг сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун наян нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,961.64 /хорин долоон мянга есөн зуун жаран нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг нийт зээл, хүүний төлбөр 19,139,542.97 /арван есөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг болсон байна. Иймд хамтран зээлдэгч Н.Т-ээс нийт 19,139,542.97 /арван есөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 253,648.00 /хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун дөчин найман / төгрөгийг төлсөн болно. Нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэж, банкны зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

            1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч А-, Т- нар нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 292 тоот зээлийн гэрээгээр Хэнтий салбарын харьяа Тны Галшар тооцооны төвөөс 28,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг авсан. Монгол банкны мэдээллийн сангаас малын А дансны тоон мэдээллийг авсан. 604 толгой малыг барьцаалсан. 2022 оны 11 сараас зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлтээсээ гарч чадахгүй бага багаар хийгээд явж байгаа. Одоо 2023 оны 05 дугаар сарын 21-нд гэрээний хугацаа дуусна. Зээл нь одоогийн байдлаар хэвийн бус ангилалтай болсон байгаа” гэв.       

2. Хариуцагч Н.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Н.Т миний бие нөхөр Я-ын А-ын хамт Тнаас 28,000,000 төгрөгийг малчны зээл авсан. Нөхөр маань 2022 оны 11 дүгээр сарын 09-нд авто тээврийн ослын улмаас нас барсан. Түүний улмаас миний бие малчны зээлийн 2021 оны 11 сарын 20, 2022 оны 05 сарын 20-ны зээлээ төлөөд үлдсэн 19,139,542.97 төгрөгийг төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон. 3 хүүхэд маань ЕБС-д сурдаг. Айлд туслах малчин хийж 3 хүүхдээ сургуульд сургадаг. Төлбөрийн боломжгүй тул та бүхэн зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

  2.1 Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр зээл авсан. Эхний төлөлтөө 11 дүгээр сарын 20-нд төлөх байснаас 11 дүгээр сарын 13-нд нөхөр маань автын ослоор нас барсан. Тэгээд хоногийг нь өнгөрөөгөөд 1 дүгээр сарын 20-нд 7,000,000 гаран төгрөг өгсөн. 2022 оны 05 дугаар сард 7,800,000 гаран төгрөг өгсөн. Тэрнээс хойш төлөх боломжгүй болсон. Бид хоёрт манай дүүгийн мал байсан. Дүү маань нөхрийг нас барсны дараа намайг ганцаараа боллоо, хүүхдэдээ байр авна гээд малаа аваад явсан. Би өөрөө хувьдаа цөөхөн малтай байсан. Би 3 охинтойгоо үлдсэн. Тэгээд  мал харах хүнгүй болоод алга болох нь болоод, борлуулахын борлуулсан. Би төлбөрийн боломжгүй болсон байгаа” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан

- 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 232 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчны/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-н 7-8 хуу),

- Я.А-ын Т дансны 250801849429 дугаартай зээлийн дансны хуулга (хх-н 11-13 хуу),

- СИ82010607 регистрийн дугаартай иргэн Н.Т-ийн Малын А дансны лавлагаа 2023 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар (хх-н 28 хуу) зэрэг нотлох баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Т-д холбогдуулан үндсэн зээл 17,500,000,00 (арван долоон сая таван зуун мянган) төгрөг, хуримтлагдсан хүү 1,611,581.33 (нэг сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун наян нэгэн төгрөг гучин гурван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,961.64 (хорин долоон мянга есөн зуун жаран нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг нийт зээл, хүүний төлбөр 19,139,542.97 (арван есөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

  1. Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлов.

            Зээлдэгч Я.А-, Н.Т- нар нь өрхийн хэрэглээндээ зориулж манай банктай 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр №292 тоот зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлдэгч Я.А- нас барж зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 03 сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр үндсэн зээл 17,500,000,00 /арван долоон сая таван зуун мянган/ төгрөг, хуримтлагдсан хүү 1,611,581.33 /нэг сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун наян нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,961.64 /хорин долоон мянга есөн зуун жаран нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг нийт зээл, хүүний төлбөр 19,139,542.97 /арван есөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг хариуцагч Н.Т-ээс гаргуулна гэж тайлбарлав.  

 

  1.  Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 09-нд нөхөр Я.А нас барсан. Айлын туслах малчнаар ажиллаж байгаа. Өөрийн гэсэн хонь, малгүй болсон учир төлөх боломжгүй” гэж нэхэмжлэлийг үгүйсгэв.
  2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас Т ХХК, нөгөө талаас Я.А, түүний эхнэр Н.Т нар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 292 дугаартай барьцаат /малчны/ зээлийн гэрээг бичгээр байгуулсан, тус гэрээний зээлдэгч, хамтран зээлдэгч гэх хэсэгт Я.А, Н.Т нар гарын үсэг зурсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 604 толгой мал, таван ханатай гэр зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. Зээлдэгч Я.А нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн ослоор нас барж, хамтран зээлдэгч Н.Т нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зээлийн үлдэгдэл 19,139,542.97 төгрөгийн хуримтлал үүсжээ.

  1. Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй байдлын талаар байсан бол зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон зээлдэгч Я.А- нас барсан талаар маргаагүй болно.
  2. Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалт, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

          Иргэний хуулийн 219 дүгээр зүйл зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна гэж тус тус хуульчилсан.

          Дээрх хуулийн нэр томьёог хэргийн оролцогч болон үйл баримттай уялдуулан тайлбарлавал. Үүрэг гүйцэтгүүлэгч гэдгийг нэхэмжлэгч буюу банкийг, үүрэг гүйцэтгэгч гэдгийг хариуцагч буюу Н.Т-ийг, үүргийн гүйцэтгэл гэдгийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлээ буцаан төлөх үүргийг тус тус ойлгоно. 

Талуудын хооронд байгуулагдсан, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрх үүргийг тодорхойлсон бөгөөд гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 3.2.7-д  Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой зааж харилцан тохиролцсон байна.

Үүнээс үзвэл хариуцагч Н.Т- нь “...нөхөр Я.А- нас барсан, төлбөрийн чадваргүй, өөрийн гэсэн хонь, малгүй болсон учир төлөх боломжгүй...” гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй гэсэн нь Т ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31ий өдөр байгуулсан 292 дугаар Барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 3.2.11-д заасан энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон Банкнаас гарсан зардлыг бүрэн хариуцах зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Н.Т-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 17,500,000,00 (арван долоон сая таван зуун мянган) төгрөг, хуримтлагдсан хүү 1,611,581.33 (нэг сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун наян нэгэн төгрөг гучин гурван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,961.64 (хорин долоон мянга есөн зуун жаран нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг нийт зээл, хүүний төлбөр 19,139,542.97 (арван есөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,648 төгрөгийг улсын  орлогод  хэвээр  үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамж 253,648 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Н.Т-ээс зээлийн гэрээний үүрэг 19,139,542.97 (арван есөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,648 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Н.Т-ээс улсын тэмдэгтийн хураамж 253,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР