| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2022/00166/И |
| Дугаар | 157/ШШ2023/00001 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 157/ШШ2023/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б овогт А-гийн Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Т-гийн Б-т холбогдох “250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Э, хариуцагч Т.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь Э.Бт холбогдуулан 250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. “Э.Б нь надад мөнгөний өртэй байсан юм. 2022 оны 10 сарын 21-ний өдөр би мөнгөө нэхсэн чинь Өтэй харьц гээд ер тоохгүй болохоор нь 2 цохисон чинь намайг цагдаад өгсөн. Би уучлал гуйгаад эвлэрье гээд 250,000 төгрөгийн гутал, 35,000 төгрөгийн унтлагын хувцас, 15,000 төгрөгийн өмд нийт 300,000 төгрөгийн бэлэг өгсөн боловч, намайг цагдаад өгч 100,000 төгрөгөөр торгуулсанд гомдолтой байна. Иймд Э.Бээс гутлын үнэ 250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
1.1 Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би рапортод орсон гэдгээ мэдээгүй бэлэг өгсөн. Би торгуулсан. Иргэн Б манай дэлгүүрээс 200,000 төгрөгийн куртик авсан. Тэгээд мөнгийг нь 2 дугаар сарын 20-нд өгнө гэсэн боловч өгөхгүй болохоор нь шүүхэд өгөөд шийдвэр гүйцэтгэх газар өгсөн. Бээс мөнгөө нэхээд 2 удаа цохисон. Тэгсэн рапортод орсноо мэдэхгүй бэлэг өгсөн. Надад хамаагүй гэхээр нь хоёр цохьсон. Би мэдэхгүй баахан бэлэг өгсөн. Улсад өгч байснаас чамд л бэлэг өгье гэж хэлсэн” гэв.
2. Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б би Эт 200,000 төгрөгийн өртэй байсан учир миний дансыг шүүхийн шийдвэрээс бариад 2022 оны 10 сарын 21-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Өөд өгсөн. 2022 оны 10 сарын 21-ний орой 17-18 цагийн үед манай гэрийн тог тасарсан байсан учир тогны мөнгө хийх гээд Ажнай худалдааны төв рүү ороод хүнтэй уулзаад зогсож байтал Э нь намайг ирээд 2-3 удаа цохисон. Цохисны дараа нь тэр мөнгө чинь надаа хамаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ө авсан. Тэр орой нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр бид хоёр очоод жижүүрт гарсан цагдаад нь өрөөндөө ороод та хоёр хоорондоо зохицвол зохиц, зохицохгүй бол өглөөний мэдээнд орлоо гэсэн. Тэр орой нь бид хоёр салаад явсан. 2022 оны 10 сарын 22-ны өдөр сургуульд хүүхдээ хүргэж өгөх гээд байж байтал утас дуугараад авсан чинь чамайг жирэмсэн гэж мэдсэнгүй, эгчийгээ уучлаарай, өндөр дүүгээ дагуулаад ирээч гээд 2-3 удаа дуудсан. Нэхэмжлэгч Эээс дээр дурдсан барааг гуйж буюу зээлж аваагүй учир нэхэмжилсэн 250,000 төгрөгийг нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрийг нь дээр дурдсан барааг цагдаагаар торгуулсны дараа авсан мэтээр бичсэн байна. 2022 оны 10 сарын 21-ний орой болсон асуудал 2022 оны 10 сарын 22-ны өдөр өгсөн. Өглөөний мэдээнд /рапорт/ орсныг мэдсээр байж надаас уучлалт гуйж дээр дурдсан барааг өгсөн. Иймд нэхэмжилсэн барааг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ” гэжээ.
2.1 Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би хүнтэй уулзаад зогсож байхад энэ эгч ирээд учир үгүй цохисон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Тэр хүнтэй харьц гэж хэлэхийн завдалгүй цохисон. Та намайг шүүхэд өгчхөөд яагаад надаас мөнгө нэхэж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мөнгөө хураагаад авсан. Ө ах руу залгасан чинь би хөдөө орон нутгаар явж байна. Тэр хүнтэй чинь холбоо барих боломжгүй байна. Би Бор-Өндөрт очиж байгаад наад хүний чинь мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгсэн энэ эгч ирээд намайг цохиж байгаа юм. Би тэр хүнтэй уулзчихаад явах гэж байхад хүүхдийн чинь мөнгө буусан, 100,000, 100,000 төгрөгөөр өг гэж цохисон. Би 10 дугаар сарын 21-ний орой ажил тараад 5, 6 цаг болж байсан. Тэгээд би цагдаад өгсөн. Би цагдаа дээр очоод энэ эгч намайг ингэсэн. Ийм, ийм учиртай. Би энэ эгчид мөнгө төлөх байсан юм. Энэ эгч ирээд намайг цохисон. Би энэ эгчид гомдолтой байна гэж хэлсэн. Энэ эгч бид хоёрыг цагдаа дээр аваад очсон чинь та хоёр хоорондоо учраа олбол ол, олохгүй бол рапортод орно шүү гэж хэлсэн. Энэ эгч би тохиролцохгүй. Адилхан 100,000, 100,000 төгрөгөөр торгуулна гээд явсан. Тэгээд рапортод орсон шүү гэж хэлсээр байтал намайг дуудсан. Эгч нь чамаас уучлалт гуйж байгаа шүү гээд дүүд чинь гутал өгье. Чи хүрээд ир гээд залгаж, мессеж бичсэн. Тэгэхээр нь би очсон” гэв.
3. Нэхэмжлэгч талаас
-10018270988 дугаарын дансанд А.Э-ээс 100,000 төгрөгийг “СЩ61091409 А.Э торгууль” гэсэн утгаар шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бол
Зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч А.Э-ийн 95909923 дугаарын Samsung маркийн гар утас, хариуцагч Э.Бийн 89384038 дугаарын LG-Q51 маркийн гар утсанд ирсэн, гарсан зурваст үзлэг хийж тухайн нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг өгөх ёстой мөнгөө өгсөнгүй гэх үндэслэлээр биед нь халдаж цохисон тул хариуцагч нь энэхүү үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргажээ. Ийнхүү цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасны дараа нэхэмжлэгч нь хариуцагчид 300,000 төгрөгийн үнэ бүхий хувцсыг бэлгэлжээ. Хариуцагч нь бэлгийг хүлээж авсны дараа цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчийг хүний биед халдаж зодсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг ногдуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлгээ буцаан нэхжээ.
Талууд гэрээ байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргасан тул талуудын хүсэл зоригийг зөв тогтоосноор маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоос нь татгалзуулах зорилгоор бэлэг өгсөн гэсэн нь Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-т заасан тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ байж болох ч энэ нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Нэгдүгээрт тусгай зориулалттай хийх бэлэглэлийн гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийхээр заасан. Хоёрдугаарт хэрэгт авагдсан зохигчийн гар утсанд ирсэн, гарсан зурваст хийсэн үзлэгээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь ямар нэгэн болзол буюу цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзахаар тохиролцсон тохиролцоо тогтоогдохгүй байна. Энэ талаар тодруулбал: Нэхэмжлэгчийн 95909923 дугаараас хариуцагчийн 89384038 дугаар луу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 02 минутад “завтай бол ажил дээр хүрээд ирээч дүүд чинь гутал цамц бэлэглэе” 13 цаг 03 минутад “эрэгтэй өндөр дүүгээ дагуулаад ирээч”, 13 цаг 29 минутад “уучлалт гуйгаад дүүд чинь гутал, цамц өгье гэсэн юм”, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 11 минутад “ажилдаа ирлээ”, 15 цаг 22 минутад “хүрээд ирээ ажилдаа ирлээ”, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 35 минутад “намайг 100 төл гэлээ”, 17 цаг 39 минутад “чи үнэтэй 250 гутал зүгээр л авсан хоёулаа 50, 50-р хувааж төлье би чамайг өгөхгүй бол гомдлоо өргөдлөө өгнө адилхан торгуулна”, 17 цаг 40 минутад “чи адилхан 100-р торгуулна” гэсэн утга агуулга бүхий зурвасуудыг илгээжээ.
Нэхэмжлэгчийн дээрх бичсэн зурвасуудаар нэхэмжлэгч нь хариуцагчаас уучлалт гуйж бэлэг өгсөн, цагдаагийн байгууллагаас торгох шийтгэл хүлээсний дараа торгуулиа тавь, тавин хувиар хувааж төлөхийг санал болгож байсан нь тогтоогдож байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагджээ. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлдэг. Бэлэглэлийн гэрээний зохицуулалтад бэлгийг буцаан шаардах хоёр үндэслэлийг заажээ. Нэгдүгээрт Иргэний хуулийн 277 дугаар зүйл Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй буюу бэлэглэгчийн хөрөнгө доройтсон тохиолдолд. Хоёрдугаарт Иргэний хуулийн 280 дугаар зүйл Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэглэгчийн эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон, хохироохыг завдсан буюу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох бусад шалтгаан юм. Энэхүү хоёр шалтгаан зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд байхгүй, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ийн хариуцагч Э.Б-ээс 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР