2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2463

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Намжил, шүүгдэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2505000000675 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37а байрны доод талын “гараашнаас хохирогч Э.***ын 2022 оны Саяник-Х 125сс хөдөлгүүртэй мопедыг түрээслүүлэх” нэрийдлээр хохирогчийн зөвшөөрлөөр өөртөө шилжүүлэн авч, бусдад өрөнд өгч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 1,850,000 төгрөгийн хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Б: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн, зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирлоо бүрэн барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 09 сард худалдааны төвөөс 2022 оны 125сс хөдөлгүүртэй Саяник-Х мопедыг 2,700,000 төгрөгөөр худалдаж аваад тэр жил бараг унаагүй гараашдаа хадгалсан. Тэгээд манай байрны доор грашд байсан, манай байранд надтай ижил төстэй мопед унадаг залуу байсан, тэр залуутай 2025 оны 03 дугаар сард бага сага юм ярьж зүс харж байсан. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай байрны залуу надаас чи надад хэд хоног мопедоо түрээслэх үү гэж асуухаар би зөвшөөрч тухайн залууд өөрийнхөө мопедыг хоногийн 25,000 төгрөгөөр бодож 4 хоног түрээслүүлэхээр болоод тухайн залуугаас 100,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50ххххх207 тоот дансаар авсан. Тухайн залуу надад өөрийгөө танилцуулахдаа Б.Б гэдэг, танай энэ хавьд амьдардаг гэж хэлсэн, надад гэрээ зааж өгөөгүй, би фейсбүүк болон 96хххх42 дугаарт холбогдож мопедоо нэхэхэд би боломжгүй байна, чиний мопедыг алга болгочихсон, удахгүй өгнө гээд өөдөөс бараг уурлаад байсан. Миний бодлоор Базархүү анхнаасаа намайг залилж миний мопедыг авах санаа бодолтой байсан байна лээ, бид хоёрын харилцсан зурвасууд бүгд байгаа. ...Би Б гээс өөрийнхөө мопедыг, эсхүл 2,000,000 төгрөгийг нэхэмжилмээр байна...” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би байрныхаа *** гэх залуутай 2025 оны 03 дугаар сард танилцсан, *** бид хоёр ижилхэн мопед унадаг, тэгээд тэр сонирхлоороо танилцаж байсан. *** саяник-х загварын 125 мотортой мопед унадаг байсан бөгөөд би уг мопедыг ***оос 2025 оны 03 дугаар сарын 25-аас 28-ны хооронд 4 өдрийн хугацаатай өдрийн 25,000 төгрөгөөр түрээслэхээр бид хоёр тохиролцож би ***ын мопедыг өөрийн байрныхаа доор буюу Баянгол дүүргийн 8 дугаар хорооноос авсан. Би ***од 4 өдрийн түрээс 100,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн, тэгээд би мопедыг аваад хувьдаа ашиглаж байгаад *** гэх хүнд өрөндөө өгчихсөн. Би ***од боломжтой үедээ мопедны мөнгийг өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Би ***од 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд түүний мопедны мөнгө болох 2,000,000 төгрөг өгөхөөр хоорондоо тохиролцсон байгаа. ***оос мопедыг авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй, 4 хоног хэрэглээд буцаагаад өгөх бодолтой байсан, хэрэв 4 хоногоор түрээслээд болох юм бол ахин түрээслэх бодолтой байсан...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,   

 

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Шинжилгээний объектын 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,850,000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хавтаст хэргийн 16-18 дахь тал/ гэсэн,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- Өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 50, 53 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Б гийн хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/, жолоочийн мэдээлэл лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-42 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.   

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо, 37а байрны В1 буюу зоорийн давхраас хохирогч Э.***ын саяник-х 125сс хөдөлгүүртэй 2022 оны мопедыг “түрээслэх” нэрийдлээр хохирогчийн зөвшөөрлөөр өөртөө шилжүүлэн авч, бусдад өрөндөө өгч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийн улмаас 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.***ын: “...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай байрны залуу надаас чи надад хэд хоног мопедоо түрээслэх үү гэж асуухаар би зөвшөөрч тухайн залууд өөрийнхөө мопедыг хоногийн 25,000 төгрөгөөр бодож 4 хоног түрээслүүлэхээр болоод тухайн залуугаас 100,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50ххххх207 тоот дансаар авсан. Тухайн залуу надад өөрийгөө танилцуулахдаа Б.Б гэдэг, танай энэ хавьд амьдардаг гэж хэлсэн, надад гэрээ зааж өгөөгүй, би фейсбүүк болон 96хххх42 дугаарт холбогдож мопедоо нэхэхэд би боломжгүй байна, чиний мопедыг алга болгочихсон, удахгүй өгнө гээд өөдөөс бараг уурлаад байсан...” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Бгийн: “...***оос 2025 оны 03 дугаар сарын 25-аас 28-ны хооронд 4 өдрийн хугацаатай өдрийн 25,000 төгрөгөөр түрээслэхээр бид хоёр тохиролцож би ***ын мопедыг өөрийн байрныхаа доор буюу Баянгол дүүргийн 8 дугаар хорооноос авсан. Би ***од 4 өдрийн түрээс 100,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн, тэгээд би мопедыг аваад хувьдаа ашиглаж байгаад Сумъяабазар гэх хүнд өрөндөө өгчихсөн...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,    “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/, хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 50, 53 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо, 37а байрны зоорийн давхраас Э.***ын мопедыг “түрээсэлье” гэж тодорхой хэмжээний мөнгийг данс руу нь шилжүүлэн хохирогчийн зөвшөөрлөөр өөртөө шилжүүлэн авч, бусдад өгөх ёстой байсан өрөндөө өгч байгаа идэвхтэй, санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хавтаст хэргийн 50, 53 дахь тал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгч Б.Б гийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Э.***ын эд хөрөнгөд нийтдээ 1,850,000 төгрөгийн /хавтаст хэргийн 16-18 дахь тал/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,000,000 төгрөг, шүүхийн шатанд 850,000 төгрөгийг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 50, 53 дахь тал/, нийт 1,850,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2505000000675 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Өгомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн 2505000000675 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Ө гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР