Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/795

 

 

 

 

 

 

   2021             9               7                                        2021/ДШМ/795

 

У.А, Г.Г, Б.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШТ/42 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Гүнсэлийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн У.А, Г.Г, Б.П нарт холбогдох эрүүгийн 1905010880461Т дугаар хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б.П, ...... оны .... дугаар сарын ....-ний өдөр ............ төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ............ хамт ..........................................................тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...................................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................................/;

2. Монгол овгийн Г.Г, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр ................. төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ................ хамт ....................................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

3. Тогооч овгийн У.А, ...... оны .... дугаар сарын ...-ний өдөр ....................төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ................ хамт ......................... тоотод оршин суух, /РД: ....................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 779 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 2 сараар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн;

У.А нь О.Д, Э.О, Э.С, М.А нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дээрээс хохирогч Б.Б-д гар утас зарна гэж худал хэлэн, 81-74 УНЦ улсын дугаартай “Тоёота приус 11” загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, үйлдлээрээ санаатай нэгдэн, хүч хэрэглэн, нүдийг нь боож, айлган, сүрдүүлж “Самсунг жэй-3” загварын гар утас, түрийвчинд байсан бэлэн 40.000 төгрөгийг авч, улмаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Нисэх тооцооны төвөөс хохирогч Б.Б-ын Хаан банкны виза картаас 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 375.600 төгрөгийн хохирол учруулсан,

У.А, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунд нарангийн гудамжинд хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Э.Г-т хутга тулган хүч хэрэглэж, “Самсунг эс-6 эдже” загварын гар утас, бэлнээр 20.000 төгрөгийг хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 107.600 төгрөгийн хохирол учруулсан,

У.А нь О.Д-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” шөнийн цэнгээний газрын гадна Б.П-ын эзэмшлийн “Самсунг Галакси эс-8 плас” загварын гар утас, бэлэн 400.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Т-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс-2” загварын гар утас, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А, Б.П нар нь урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 13 тоотод иргэн Ц.Л-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг Эс-9 плас” загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А нь Н.У-тай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Такара зочид буудлын орчим иргэн А.Э-ны 27-81 УНЯ улсын дугаартай автомашинд түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, “LG V-10”, “Самсунг нөт эдже” /Samsung note edge/ загварын 2 ширхэг гар утас, “Acer” загварын зөөврийн компьютер болон 120.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.П нь Ц.Х, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух иргэн Б.Т-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Funai загварын 40, 42 инчийн 2 ширхэг зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.П нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах “Love” шөнийн цэнгээний газарт иргэн О.У-тай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

У.А, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-ын хоолойнд хутга тулган хүч хэрэглэн довтолж, “I phone-6s” загварын гар утас, “Prius-30” загварын тээврийн хэрэгслийн түлхүүр, гараашны чип түлхүүр, нүдний шил зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 623.920 төгрөгийн хохирол учруулсан,

У.А, Г.Г, Б.П нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-ын “Samsung s4” гар утас, бэлэн 20.000 төгрөгийг, иргэн Д.Д-ын алтан бөгж, бэлэн 130.000 төгрөг, “Samsung on-7 загварын гар утас зэргийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 948.563 төгрөгийн хохирол учруулсан,

У.А, Б.П, Г.Г нар нь Т.Д, О.М нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Д-ын өмчлөлийн 63-19 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж, бусдад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.П нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 22 дугаар гудамжны 4 тоотод иргэн С.М-ийн эзэмшлийн “Самсунг галакси жи-7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: У.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 607 дугаар тогтоолоор шүүгдэгч У.А, Г.Г, Б.П нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал хэргийг прокурорт буцаах тухайн хүсэлт гаргасан ба шүүх, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй шүүгдэгч У.Ад холбогдох хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн гэж дүгнээд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан “...У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 170900885036 дугаартай хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт, эрүүгийн 1911007720149 дугаартай хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхийн харьяалалд тус тус хянагдаж байна... хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх хүсэлтийг хянахад өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан нөхцөл байдлууд 1905010880461Т дугаартай эрүүгийн хэргийн 13 дугаар хавтасны 175 дугаар талд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1466 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, мөн хэргийн 14 дүгээр хавтасны 37-39 дүгээр талд авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ДШМ/1130 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.

Тус шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.А-д холбогдох хэрэг хянагдаж байгаа нөхцөл байдал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч У.А-д холбогдох эрүүгийн 170900885036 дугаартай хэрэг хянагдаж байгаа нөхцөл байдал, дээрх хэргүүдийн хэргийн зүйлчлэл ижил байгаа зэргийг дүгнэхэд шүүгдэгчид холбогдох хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл үүсэх тул хэргийг прокурорт буцааж холбогдох хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг өөр өөр шүүх хянан хэлэлцэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж хуульчилсан хуулийн заалтад үл нийцэх ба шүүгдэгчийн холбогдсон нэг төрлийн гэмт хэргүүд тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгчөөс “...Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан эрүүгийн 191100770149 дугаартай хэрэг Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан тул энэ хүсэлт үндэслэлтэй эсэх талаар холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч У.А, Г.Г, Б.П нарт холбогдох эрүүгийн 1905010880461Т дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх ...шүүгдэгч У.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг өөр өөр шүүхэд хянан хэлэлцэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж хуульчилсан хуулийн заалтад үл нийцэх ба шүүгдэгчийн холбогдсон нэг төрлийн гэмт хэргүүд тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. ...У.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн 170900885036 /хэргийн дугаарыг буруу бичсэн/ дугаартай хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт,...шүүгдэгч Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан эрүүгийн 1911007700149 дугаартай хэрэг Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй...” гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Уламбаяр, О.Оюунчимэг нарт холбогдох хэргийг тусгаарлаж, У.А, Г.Г, Б.П, О.Д, Э.О, Э.С, М.А, О.Маралгоо, Т.Долгорсүрэн, Г.Энхриймаа, Ж.Гантулга, Б.Эрдэнэтуяа, Ц.Мөнхсүлд, П.Л, Э.С, Ц.Х, Ц.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч нараас гаргасан “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн 170908850036 дугаартай хэрэгт, Чингэлтэй дүүргийн эрүүгийн 191100772 дугаартай хэрэгт тус тус шалгагдаж байгаа. Хэргээ нэгтгүүлэх гэж олон удаа прокурор, анхан шатны шүүхэд хүсэлтээ хэлж байсан. Ямар ч шүүх тогтолцоо төгс биш бөгөөд алдаатай шийтгэл оногдуулах боломж ямагт байдаг гэж сонссон. Бүх хэргээ нэгтгүүлэн нэг мөр шийтгэлээ эдэлмээр байна... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.Г-оос гаргасан давж заалдах гомдолдоо “...Миний бие нийт 4 үйлдэл дээр яллуулсан ба нэгтгүүлээгүй 2 үйлдэл байгаа. Эдгээр нэгтгүүлээгүй үйлдлээ хэргийн явцад шат шатанд нь хэлж байсан ба нэр бүхий албан хаагч нар нь огт авч хэлэлцээгүй. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр эрүүгийн 1905010880461, 191100772 дугаартай хэргүүдийг нэмж нэгтгүүлэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр зохих байгууллагад буцааж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Ч.Ганбатаас гаргасан “...Шүүгдэгч О.Д-ын хувьд түүнд холбогдох өөр хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан байдаг. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгч О.Д-ын эрх зүйн байдлыг дордуулж байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч О.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 985 дугаартай магадлалаар давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх шүүгдэгч Б.П, У.А болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 607 дугаартай тогтоолоор “...анхан шатны шүүх шүүгдэгч У.А, Г.Г, Б.П нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Г, Б.П нарт холбогдох мөн хулийн 11.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж дүгнэн, шүүгдэгч У.А болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын “... холбогдсон хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч У.А нарт холбогдох шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

2015 онд батлагдсан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагдсан билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болох үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Тиймээс хяналтын шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “...хэргээ нэгтгэн шалгуулах... хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд У.А, Г.Г, Б.П нарт холбогдох 1905010880461 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШТ/42 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргээ нэгтгүүлэх хүсэлттэй байна” гэв.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан Эрүүгийн 191100770149 дугаартай хэрэг Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Г.Гоос удаа дараа мэдүүлэг авсан байгаа. Хэргийг прокурорт буцааж, эдгээр үйлдсэн хэргүүд нь нэг төрлийн гэмт хэргүүд байгаа. Хэргийг нэмж нэгтгэж шийдвэрлэх ёстой. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч У.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаагч болон прокурорт удаа дараа хэлж байсан. Би хэргээ нуун дараагүй. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хэргүүд байгаа. Хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлттэй байна. Гэр бүл дээрээ хэд хоногийн өмнө ч гэсэн очмоор байна гэж удаа дараа хэлж байсан. Хэрэг нэгтгэж өгнө гэж хэлээд шүүх рүү шилжүүлсэн. Хэргийг минь нэгтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаан шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд анхан шатнаас эхлэн шүүгдэгч У.А-ийн холбогдсон хэргүүдийг нэгтгэж шалгуулах тухай хүсэлтийг бүх шатанд гаргасан. Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 удаагийн магадлал гарсан. 1 магадлалаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, энэ хэргүүдийг нэгтгэж шалгах нь зүйтэй гэсэн магадлал гарсан. Энэхүү магадлал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Прокурорын газраас өөрсдийн хэргийг нэгтгэж шалгах, дотоод сүлжээгээр хянах ёстой ажлын алдаагаа миний үйлчлүүлэгчид тохох гэж оролдох хэрэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт шалгагдаж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг өөр бусад мэдээллийг шалгахгүйгээр хуучин мэдээллийг үндэслэсэн. Өөр ажиллагаа хийгдээгүй. Мөрдөгч, прокурорын алдаатай үйл ажиллагаанаас болоод хэдийгээр шүүгдэгч У.А гэмт хэрэгт холбогдсон ч гэсэн эрх зүйн байдлыг нь дордуулах ёсгүй. Өмнө нь шүүгдэгч У.А нийт 9 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдсон. Үргэлжилсэн үйлдэлтэй 1 гэмт хэрэг гэж бүх шатны шүүхээс дүгнэсэн. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2 нотлох баримт байдаг. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгчийн болон миний гаргаж өгсөн нотлох баримтууд байгаа. Сүхбаатар дүүрэгт шүүгдэгч У.А нарт холбогдох хэрэг хянагдаж байгаа гэсэн прокурорын албан бичиг болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байгаа. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн зарчим зөрчигдөх гэж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн дүүргүүдийн хэргүүдийг нэгтгэж шалгахад прокуророос 2 албан бичиг шаардлагатай. Прокурорын зүгээс өнөөдрийг хүртэл эсэргүүцэл бичиж байгаа нь зохисгүй гэж үзэж байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхүүдэд хянагдаж байгаа хэргүүдийг нэгтгэж шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийн прокурорт буцааж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Прокурор болон шүүхийн шатны хугацаанд миний үйлчлүүлэгч нийтдээ 34 сар 21 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан нийт цагдан хорих хугацааны дээд хязгаараас давсан. 18 сар дээр нэмэх 6 сар байгаа. Үүнээс давж 34 сар 21 хоног цагдан хоригдсон байна. Иймд миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх У.А, Г.Г, Б.П нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тогтоол дурьдсан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.  

Прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хэргийг нэгтгүүлэх, өөр дүүргийн шүүхэд хянагдаж байгаа хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байхаас гадна Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1130 дугаартай магадлалаар У.А, О.Д нарт холбогдох өөр хэргийг энэ хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Гүнсэлийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШТ/42 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор  Б.Гүнсэлийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ