| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0359/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/389 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/389
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Бт холбогдох эрүүгийн 2210013820350 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Дын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-иас 12 ширхэг падаанаар 586,649,727.27 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,664,972.73 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 оны татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй ********* ХХК-иас 12 ширхэг падаанаар 586,649,727.27 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,664,972.73 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан ******* дүүргийн татварын хэлтсээс “*******” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга (1-р хх-ийн 60-69-р хуудас),
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э-ийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 47250018 дугаартай мөрдөгчийн магадалгаа (1-р хх-ийн 139-179-р хуудас),
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 онд татварын тайлантай холбоотой асуудал үүссэн байсан. Тухайн үед ковидын үе байсан юм. Манай байгууллага татварын тал дээр асуудалгүй үйл ажиллагаа явуулаад 20 гаран жил болж байна. Манай байгууллага үүсгэн байгуулагдаад бусад байгууллагуудтайгаа олон жилийн хугацаанд түншлэлийн харилцаатай явж ирсэн. 2021 оны үед ковидын үе байсан тул бараа бүтээгдэхүүн хомс байсан. Тиймээс хувь хүмүүс их бараа, бүтээгдэхүүн оруулж ирж байсан. Тухайн үед манай эхнэр байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Жилийн эцсийн тайлан гарах гэж байсан учир олон удаа ярьж баримт оруулах тал дээр ажилласан. 2021 оны татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй ********* ХХК-иас 12 ширхэг падаанаар 586,649,727.27 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан гэх асуудлын талаар би мэдээгүй. Өнгөрсөн 8 сар л мэдсэн юм....Би татварыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..."*******" ХХК нь 2021 онд нэр бүхий 51 аж ахуйн нэгжүүдэд 7,648,306,481.80 төгрөгийн бараа ажил үйлчилгээний борлуулалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 7 дугаар зүйл "..албан татвар ногдох бараа ажил үйлчилгээ..." 7.3 дугаар зүйл"..энэ хуулийн 7.1,7.2-т заасан бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулахад доор дурдсан нөхцөлийг хангасан байна..." 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх..." гэж заасныг тус тус зөрчсөн байна. Хяналт шалгалт хийх явцад "*******" ХХК нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийн заалтыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн дээрх аж ахуйн нэгж нь бодит үйл ажиллагаа явуулж, бараа ажил үйлчилгээний худалдан авалт хийсэн эсэхийг тодорхойлох боломжгүй мөн 7 аж ахуйн нэгжийн 139 ширхэг падаанаар татварын хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт үүсгэн хий бичилттэй падаан бичих боломжийг бүрдүүлсэн байж болзошгүй. Мөн ******* ХХК нь НӨАТ ногдох бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй. Мөн 51 аж ахуйн нэгжүүдэд 7,648,306,481.80 төгрөгийн үнийн дүн бүхий 205 ширхэг НӨАТ-ын борлуултын падаан үйлдэж бусад татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-г 764,830,648.18 төгрөгөөр бууруулах боломж олгосон зэрэг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад танилцуулага бичиж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 77-78-р хуудас),
Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хяналт шалгалтаар НӨАТ-ын цахим паданыг хий бичиж нэр бүхий татвар төлөгчдийн татвараас зайлсхийх боломж олгосн байх боломжтой байсан. Энэ нь ********* ХХК нь 2021 онд харилцан хамаарал бүхий 7 аж ахуйн нэгжээс 6,290,620,583,000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэж НӨАТ-ын илүү төлөлт үүсэж илүү төлөлтөө 51 аж ахуйн нэгжид 7,648,306,481 төгрөгийн борлуулалт хийж 51 аж ахуй нэгжийг татвараас зайлсхийх боломж олгосон байна. Энэ 51 аж ахуйн нэгж байгууллага одоогоор бол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, тус аж ахуй нэгжүүдийн хувьд одоогоор НӨАТ-ын тайландаа хасалт хийсэн боловч хуулийн хугацаанд тайланг засварлах боломжтой байсан боловч хий бичилттэй гэдгийг мэдээгүйн улмаас засвар хийгээгүй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80-р хуудас),
Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2014 оны үед ************ шоронд цуг ял эдэлж байсан *************гийн **********тай таарсан. 2021 он гараад өвөл нь М “би хүнээс компани авах гэсэн юм, би өөрөө олон компанитай болохоор өөр дээрээ шилжүүлж авч болохгүй байна, чи надад иргэний үнэмлэхийн лавлагаа аваад өгчих” гэж хэлсэн. М надад 100,000 төгрөг өгөхөөр нь баярлаж аваад ТҮЦ машинаас лавлагаа авч өгсөн... Үүнээс хойш 1 сар орчмын дараа М хүрч ирээд намайг дагуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуу талд байх нотариатын газарт аваачсан. Тэгээд би гарын үсэг зураад дахиж 100,000 төгрөг аваад явсан. 2021 оны 5-р сарын үед санагдаж байна М-ын цуг залилан хийдэг хүн нь эхнэрийг нь зодсоноосоо болоод эхнэр нь цагдаад хийсэн хэргийнх нь талаар ярьсан байсан...М анх 40 орчим компани байгаа гэж байсан ба би ямар учиртай талаар асуухад НӨАТ-ын буцаан олголт авдаг юм гэсэн утгатай зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83-84-р хуудас),
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ажиллаж байхад Б *****************ээс барилгын материал оруулах хэрэгтэй болоод байна, чи өөрийнхөө нэр дээр компани байгуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэр үед Б надад тусалсан болохоор би их зүйл бодоогүй өөрийнхөө нэр дээр 28 компани, хамтран амьдрагч Н-ийн нэр дээр 13 компани байгуулсан. Байгуулсан компанийн үйл ажиллагааг Б явуулсан. Миний гарын үсгийн дардсыг хийлгээд Б авсан болохоор яг юу хийсэн талаар нь мэдэхгүй байна. Би компанитай холбоотой ямар ч баримт дээр гарын үсэг зураагүй. 2022 оны эхээр Б "дахиад компани хэрэгтэй байна, чамд найз нөхөд байгаа бол нэр дээр нь компани шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Тухайн үед өмнө нь бас цуг ял эдэлж байсан Д-ийн Г руу залгаад уулзсан. Тэр үед Г Д-д эхнэртэйгээ ядруухан амьдарч байсан болохоор нэр дээр чинь компани байгуулаад өгье гэхэд зөвшөөрсөн. Тэгээд Гын нэр дээр 3 компани шилжүүлсэн. Нэр шилжүүлэх компаниудыг Б олж өгөөд надад хэлсний дагуу Гтай цуг яваад материал бүрдүүлдэг хүмүүст 1 компанийн 80,000 төгрөг өгөөд Г гарын үсэг зураад бүрдсэн материалыг Нэг цэгийн үйлчилгээнд өгдөг байсан. Компани нэр шилжсэний дараа бичиг баримтыг, тамганы хамт Бэд өгдөг байсан. НӨАТ цахимд бүртгэх асуудлыг би огт мэдэхгүй. Би 1 компани байгуулж, шилжүүлж өгөөд 1,000,000 төгрөг авдаг байсан. Үүнээс Гт мөнгө өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 87-89-р хуудас),
“*******” ХХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 218-219-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн
бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2210013820350 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 58,664,972,72 мөнгийг гаруулж улсын орлогод оруулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн татварыг төлөхөөр таварын газартай шүүгдэгч уулзсан... “*******” ХХК-ийн НӨАТ-ын падаан шивснийг гэмт хэрэгт холбогдсонтой холбоотойгоор царцаасан тул татварын тайлан засагдахгүй байгаа юм...Шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байна гэж үзэж байна...Гэм буруутай эсэхэд хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би татварыг нөхөн төлнө...” гэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэг байхаар хуульчилж, хуульд заасан үндэслэл журмын дагуу татвар төлөх үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын байгууллагад хүргүүлэх, тайлагнах зэрэг үүргийг хүлээдэг.
Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл
тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.
Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан балансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, тайлан тэнцэл, орлого, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг хамааруулдаг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, мөн зүйл, хэсгийн 7.1.1 -т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” хамаарна, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, мөн зүйл, хэсгийн 8.1.1 дэх заалтад “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд...албан татварыг ногдуулна” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” их хэмжээний хохиролд, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлж хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50.0 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байна гэж ойлгоно.
Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-иас 12 ширхэг падаанаар 586,649,727.27 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,664,972.73 төгрөгөөр бууруулсан үйлдэл нь “татвар төлөгч...хуулийн этгээд, иргэн...татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэм буруутай үйлдэл байна.
Иймд шүүгдэгч Д.Быг “татвар төлөгч ...хуулийн этгээдийн ...гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, татвар төлөхөөс зайлсхийж, ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.Б нь татвар төлөхөөс зайлсхийсний улмаас улсын төсөвт 58,664,972.73 мөнгөний хохирол учруулсан байна. Уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Баас 58,664,972.73 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Торгох ял оногдуулж, торгох ялын 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 227-234-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 234-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2210013820350 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Хэрэгт хавсаргагдан ирсэн банкны дансны хуулбар бүхий CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслахад даалгалаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дын Быг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж
болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Баас 58,664,972.73 (тавин найман сая зургаан зуун жаран дөрвөн мянга есөн зуун далан хоёр төгрөг, далан гурван мөнгө) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн 2210013820350 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,хэрэгт хавсаргагдан ирсэн банкны дансны хуулбар бүхий CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР