| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/01515/И |
| Дугаар | 182/ШШ2023/01703 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2023/01703
| 182/ШШ2023/01730 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, Н.А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: хаягт байрлах, Ш-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.А-,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Гэрэлтуяа,О.Золтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Ш-д холбогдуулан тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ** хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 235 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас хүсэлтээрээ чөлөөлөгдөхөд нэг удаа олгох тэтгэмжийг буруу тооцож, дутуу олгосон. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа, шүүгч түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар хуулиар зохицуулсан байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн A/192 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам мөн хугацаанд мөрдөгдсөн. Дээрх журмын 1.3-т "Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж, мөн журмын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана" гэж, 2.3-д "Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж хуульчилсан байна. ШЕЗ-өөс үндсэн цалингаар тооцож 100,800,000 төгрөгийн тэтгэмж олгосон бөгөөд дээр дурдсан хуулийн заалт, журмыг баримтлаагүй, хэрэгжүүлээгүй эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж зааснаар олгоогүй. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-д “...бусад шүүхийн шүүгчийн орон тоо, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын их хуралд уламжлах" гэж заасан бөгөөд УИХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолын Шүүгчид нэмэгдэл олгох журамд Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, Шүүгчийн төрийн алба хаасан нэмэгдэл олгохоор баталсан байна. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д "Шүүгчийн цалин хөлс нь Албан тушаалын цалин, ажлын онцгой нөхцөлийн, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл орно" гэжээ. Иймд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын холбогдох тогтоол, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 6-ны өдрийн А/192 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох нийцүүлж, сарын журам зэрэгт дундаж цалингийн хэмжээг 36 сараар тооцож тэтгэмжийн 174,278,700 төгрөгнөөс ШЕЗ-өөс өгсөн 100,800,000 төгрөгийг хасаж, зөрүү 73,478,700 төгрөгийг ШЕЗ-өөс гаргуулна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д үндсэн цалингаас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл: Үндсэн цалин, сарын дундаж цалин хоёр нь өөр учраас Шүүхийн тухай хууль нь илүү нарийвчилсан, зөвхөн шүүгч нарт хамаарах хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Хэрэв адил хэрэглэнэ гэсэн бол хууль тогтоогч хоёр өөр байдлаар томъёолох шаардлагагүй бөгөөд бүх төрийн албан хаагч нарын тэтгэмжийг Төрийн албаны хуулиар зохицуулна гэх байсан. Гэтэл шүүгч нарын хувьд холбогдох хуулиар зохицуулна гэж тусгасан байгааг нэг мөр ойлгох ёстой. Түүнчлэн төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр бүлэгт бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох тухай зохицуулсан бөгөөд 4.4-т "Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж, нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй" гэж заасан байхад Ш- энэ заалтыг хэрэгжүүлээгүй гэв.
2.Хариуцагч Ш- шүүхэд болон төлөөлөгч Н.Гэрэлтуяа, О.Золтуяа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.А- өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 235 дугаар зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журмаар баталсан. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин бөгөөд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Ш-өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн картууд, дансны хуулга, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг, /хавтаст хэргийн 3-10 тал/
Хариуцагчаас нотлох баримтаар Ш-ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дугаар тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 328 дугаар тогтоол, итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл /хавтаст хэргийн 18, 34-35 тал/ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Ш-д холбогдуулан тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.4-д “...Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгчийн цалин нь үндсэн цалин болон нэмэгдлээс бүрдэхээр зохицуулсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар дундаж цалингийн хэмжээг 36 сараар тооцож тэтгэмжийн 174,278,700 төгрөг олгохоос 100,800,000 төгрөгийг хасаж, 73, 478, 700 төгрөгийн зөрүүг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Ш- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан байна. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй, харин сарын дундаж цалингийн хэмжээ гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томьёолсон, үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн картууд, дансны хуулга, Ш-ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 дугаар тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 328 дугаар тогтоол, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Н.А- нь ** хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Н.А-г ** хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх ба энэ тухай талууд маргаагүй.
8.Нэхэмжлэгч Н.А- нь ** хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүгчийн албан тушаалын цалин 2,800,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
9.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,800,000 төгрөг гэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмэгдлийн хэмжээг тогтоожээ.
10.Ш-ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 тоот тушаалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Н.А-д албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 100,800,000 төгрөгийг олгосон байна.
11.Нэхэмжлэгч Н.А- нь Шүүхийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарахад түүнд олгох тэтгэмжийн хэмжээг тооцох сарын дундаж цалинд албан тушаалын үндсэн цалингаас гадна түүний авч байсан нэмэгдэл цалин хөлс хамаарах байсан гэж тайлбарлав.
12.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, 4.5 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна” гэжээ.
13.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн ангилалд хуваасан байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар төрийн тусгай албан тушаалд хамаарах субьектүүдийг тодорхойлж, 13.1.1 дэх заалтад бүх шатны шүүхийн шүүгчийг хамааруулжээ.
14.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэжээ.
15.Иймд дээрх хуульд зааснаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг тооцохдоо мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан албан тушаалын сарын цалингийн дундаж хэмжээгээр тооцохоор зохицуулсан гэж үзэхээр байна.
16.Ш-ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 269 тоот тушаалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2 дахь хэсгийг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Н.А-д албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож 100,800,000 төгрөг олгосныг дутуу олгосон гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй.
17.Иймд хариуцагч Ш-д холбогдох тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.
18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш-д холбогдох тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ