| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2513 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2513
2025 11 05 2025/ШЦТ/2513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Н.Түвшинбаяр /томилолтоор/,
хохирогч Б.О , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч Л.А , өмгөөлөгч Х.Эрдэнэболор нарыг оролцуулан эрүүгийн 1811 00515 1019 дугаартай хэргийг хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Л ын А /РД: .......... /, Монгол Улсын иргэн, ............ өдөр, Баянхонгор аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн ................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ................ тоотод оршин суудаг гэх, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар ..... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.О ийн эзэмшлийн 00-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан орлого болох 4.200.000 төгрөг, мөн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мөн хохирогч Б.О ийн эзэмшлийн 00-00 УБХ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан орлого болох 23.000.000 төгрөгөөс 13.000.000 төгрөгийг нийт 17.200.000 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүн өдийг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй. Анх циркийн урд би энэ хүнд тус болж танилцаж байсан. Соната зарах гэж байгаа гэхэд надад зараад өгье гэчхээд мөнгийг нь өгөөгүй. Би хамтраад ажиллая гэсэн учраас итгэсэн байсан. Дараа нь кровон маркийн машиныг Б гэх залууд зарсан байсан. Бас л мөнгийг нь өгөөгүй. Хэд хоног алга болоод нотариатаас хаягийг нь хайж олсон. Надад ч гэсэн шалтаг шалтгаан зөндөө байна. Би ч гэсэн энэ хугацаанд 3 сайхан дүүгээ алдсан. Монголд 7 сард ирсэн гэсэн. Хохирлоо барагдуулаагүй. Гомдолтой байна.” гэв.
Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны соната маркийн авто машиныг өгнө гээд бичиг хийж өгсөн. Түүнээс хойш 4.200.000 төгрөг өгсөн. Б мөн 21.000.000 төгрөг хийсэн. Маргааш нь О рүү 7.000.000 төгрөг 3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Б.О ийн мэдүүлэг, гэрч О.У ын мэдүүлэг, шүүгдэгч Л.А ын Хаан банкны 5021________ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Л.А ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Л.А , Б.О нарын нотариатаар батлуулсан баталгаа, шүүгдэгч Л.А яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцээтэй, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай:
Прокуророос шүүгдэгч Л.А нь 2016 оны 10 дугаар сард хохирогч Б.О ээс түүний эзэмшлийн 00-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж хууран авч 4.200.000 төгрөгийн, мөн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 00-00 УБХ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж хууран авч 23.000.000 төгрөгийн нийт 27.200.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцаааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Мөн энэ гэмт хэргийн халдлагын зүйл болж байгаа 2 төрлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах талаар хохирогч болон шүүгдэгч хоорондоо харилцан тохиролцож бусдад худалдан борлуулсан байна. Харин ийнхүү худалдан борлуулсан эд зүйлийн үнэ болох мөнгийг шүүгдэгч Л.А нь өөртөө итгэмжлэн хариуцан авсан боловч хууль ёсны өмчлөгчид шилжүүлэхгүйгээр завшсан нөхцөл байдал тогтоогдож байна. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах харилцаа нь Иргэний хуульд зааснаар итгэмжлэлээр үүсэхээс гадна хуульд зааснаар, тухайн этгээдийн эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотойгоор, мөн талуудын хооронд амаар болон бодит үйлдлээр эд хөрөнгөө итгэмжлүүлэн хариуцуулах ухамсарт үйлдлийн хүрээнд үүсэх боломжтой. Шүүгдэгч Л.А , хохирогч Б.О нарын хувьд тодорхой хугацаанд өөр хоорондоо харилцаатай байсны зэрэгцээ Л.А ын хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, оролцогч нарын мэдүүлэг зэрэгтэй танилцахад хохирогч болон шүүгдэгч нарын хооронд шүүгдэгч Л.А ын дансыг тогтмол ашиглан бэлэн бус гүйлгээг хийх, хоорондоо орлого зарлагын гүйлгээ хийх зэрэг үйлдлүүд хийгдэж байсан нь нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.О мэдүүлсэн “...Би 2016 онд А гэж залуутай танилцаж байсан. Тухайн үед А нь өөрийн машинаа барьцаанд тавьсан чинь алдчих гээд байна чөлөөлөөд өгөөч гэхээр нь анх машиныг барьцаанаас чөлөөлж өгч тусалж байсан. Ингээд манай тэр хавиар найз дээрээ ириж очдог байсан. Ингээд А нь надтай ирж уулзаад та байнгийн суурин ажил хийгээд гадагшаа дотогшоо явдаг юм бол хоёр талаасаа мөнгөө нийлүүлээд бизнес хийе гэсэн санал тавьсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сараас эхлэн хамтарч ажиллаж эхэлсэн. ... Ер нь энэ ажлыг А ихэвчлэн хийдэг байсан. А зээл чөлөөлөх хүнийг нь олоод би эхэндээ хамт очиж уулздаг байсан. Ингээд очоод уулзахаар болмоор юм шиг санагдахаар нь А бид хоёр дундаасаа мөнгөө гаргаад тухайн зээлийг нь чөлөөлөөд ашгаа хувааж авсаг байсан. Ингээд би А д тухайн үед итгээд найдвартай юм байна гээд ашгаа хувааж аваад явж байсан. Би А гэж залуутай танилцахаас нь 2013 оны орчим байх Сонота-6 маркийн машиныг анх 12.8 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Ингээд тухайн машиныг 3 жил орчим унасан учраас машинаа барья гэж бодоод А д ярьж байсан юм. Тэгсэн чинь миний машиныг зараад өгье хүмүүсээс асууж үзье гэж хэлсэн. Тэгсэн чинь 2016 оны 7 дугаар сарын орчим байх машиныг зарах хүн олчихлоо Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Монгол Тайван нотариат дотор байна та ороод ирээч гэсэн. Тэгэхээр нь би яваад орсон чинь нэг залууд миний 00-00 УНЭ улсын дугаартай машиныг 4.2 сая төгрөгөөр зарах гэж байна гэсэн. Тэгээд бичиг баримтаа үлдээгээд гарыг үсэг зурчих гэхээр нь хамтраад юм хийж байгаа юм чинь гээд итгэсэн. Тэгээд удаад байхаар нь машины мөнгө өгөөч гэсэн чинь А би таны мөнгийг өөрийнхөө мөнгөтэй хамт зээл чөлөөлөх гээд гаргасан удахгүй орж ирэхээр нь хүүгийн хамт өгнө гэж хэлсэн. Ингээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд яваад байдаг байсан. Энэ үед бид хоёр хамтраад зээлээ гаргаад байж байсан. Тэгээд би ерөнхийдөө би бага зэрэг итгэл алдраад 4.2 сая төгрөгийг А авсан нь үнэн гээд нотариатаар орж баталгаажуулсан. Ингээд ямар ч байсан баталгаатай болчихлоо гээд ойлгосон. Тэгээд би Турк явж ирчихээд аятайхан машин олж авья гээд өөрийнхөө мөнгөөр 26.5 сая төгрөгөөр Тоёота кроун маркийн машиныг худалдаж авсан. Ингээд хөдөө 2-3 удаа явсан чинь намхан юм шиг санагдаад байхаар нь А ын хамт зах гараад жип машин сонирхсон. Тэгээд байж байсан чинь А зар дээр машин тавьсан чинь хүн үзье гэж байна гээд машиныг унаад явсан. Ингээд гэртээ байж байсан чинь орой 22 цагийн орчим залгаад хүн авья гэж байна би одоо 3 хоног дотор шалгаж байгаад авья гэнээ урьдчилгаа 20.0 сая төгрөг нь миний данс руу орсон байна гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа авч байгаа хүн нь гээд Б гээд залуугийн хамт ирээд өмнө орсон Монгол Тайван төв дотор байдаг нотариатын газар ороод би Б гээд залуугийн нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө авья гээд нөгөө Б гээд залуугаас нэхэхэд ахын данс руу орсон байна гэж хэлсэн. Тухайн үед А миний машиныг 23.5 сая төгрөгөөр зарсан гэж байсан. Тухайн үед би машинаа 25.0 сая төгрөгөөр зарна гэж байхад ямар учраас 23.5 сая төгрөгөөр зарж байгаа юм бэ гээд хоорондоо маргалдсан. Ингээд машин зарсан 23.5 сая төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй. Тэгсэн чинь миний зарсан мөнгөөр өөртөө приус 30 маркийн машин аваад унасан байсан. Би энэ машиныг хэдэн төгрөгөөр авсан талаар хэлээгүй. ...надад хоёр машин зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би А гэж залуутай ямар нэгэн дотно харьцаа байхгүй. Бид хоёр хамтарч ажилладаг байсан. ...Би А ас хоёр машины мөнгө болох 27.7 сая төгрөг нэхэмжилж байна. ...Би А гээд залуутай танилцахаас өмнө Сонота-6 маркийн машиныг авсан байсан. Тоёота кроун маркмийн машиныг авахад А нэг ч төгрөг өгөөгүй. Өөрийнхөө мөнгөөр энэ машиныг авсан.”,
“...Би Хаан банкны 502............. дугаарын дансыг эзэмшдэг. Тухайн үед А бид хамтраад тэтгэврийн болон цалингийн зээл чөлөөлдөг байсан. Тухайн үед би мөнгийг нь гаргадаг байсан. Би бол бодохдоо зээл чөлөөлчихөөд гаргасан мөнгө буцаж орж ирсэн гэж үзжэ байна. Тэрнээс биш машин зарсан мөнгө биш гэж үзэж байна. Зээлийн гэрээг харахад 2017 оны 6 дугаар сарын 28-нд зээлийн гэрээ хийгээд машины нэр шилжүүлсэн байна. Машин зарсан мөнгө биш үзэж байна. А ямар учраас машины мөнгө шилжүүлсэн гэж хэлсэнийг мэдэхгүй байна. ...Анх А ын Хонда фит маркийн машиныг барьцаанаас чөлөөлж өгөөд 650.000 төгрөгийн өртэй үлдсэн. Тэрнээс биш би А ас 2.0 сая төгрөг аваагүй. Энэ хүнд худлаа яржь байна. Мөн 1.5 сая төгрөг бэлнээр өгсөн асуудал байхгүй. Тухайн үед машин нь 2.5 сая төгрөгийн барьцаанд байсныг нь чөлөөлж өгсөн. Тэгсэн чинь дээр нь нэмээд торгуулийн мөнгийг нь өгөөд 650.000 төгрөг өгсөн.”,
“...Би урьд өгч байсан мэдүүлэгтээ хэлж байсан. Л.А надаас мөнгө зээлээд банк бус, ломбард, цалингийн зээлийг өдөрт нь чөлөөлж өгөөд ашиг аваад надаас зээлсэн үндсэн мөнгөө бэлэн болон бэлэн бусаар эргүүлээд надад өгдөг байсан. Энэ 2 хувааж шилжүүлсэн мөнгө нь машин зарсан мөнгөтэй ямар ч холбоогүй мөнгө байгаа юм. Машин зарсан адар нь энэ мөнгө шилжүүлснээс 2 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болсон асуудал байгаа юм. Одоо нотариатаар орсон бичиг нь байна. Мөн гэрч Б гэх хүний мэдүүлэг байна. Машин зарсан гэх 23 сая төгрөгнөөс А надад нэг ч төгрөг өгөөгүй. Харин энэ мөнгөөр өөртөө Приус-30 машин авч хэрэгцээндээ унаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А ас шилжүүлсэн мөнгө нь надаас зээлж бусад хүмүүсийн зээлийг чөлөөлж байсан мөнгө гэдгийг удаа дараа мэдүүлж байна. Банкны хуулгыг шалгахад миний данснаас А ын данс руу л мөнгө шилжүүлж байсан уу гэхээс энэ 10 сая төгрөгнөөс өөр А ас над руу шилжүүлсэн мөнгөний хуулга харагдахгүй байна. Б гэх хүнээс би 3 сая төгрөг аваагүй. Б ч надад мөнгө өгөөгүй талаараа мэдүүлэгтээ хэлсэн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-12, 14-15, 110 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Гэрч О.У мэдүүлсэн “...Манай ээж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг урт цагааны үйлчилгээний төвд хувиараа алт мөнгөний лангуу ажиллуулдаг юм. Ээж О ээс тусдаа амьдардаг учраас нарийн асуудлыг нь мэдэхгүй. Ер нь миний сонсож байснаар А гэж залуу нь ээж О ээс мөнгө зээлж ломбарднаас зээл чөлөөлдөг гэж сонсож байсан. Нэг удаа ээжийн гэрт Учрал бид хоёр очиход гэрт нь А гэж залуу байсан. Тэгээд гэрт нь ээжтэй юм яриад байж байхад ээжийг цохиод авсан. Ингээд бид хоёр тухайн үед А гээд залуутай муудалцаж байсан. Энэ хоёрын цаад нарийн асуудлыг нь мэдэхгүй. А гэж залууг мэддэг болсоноос хойш 8-9 орчим сарын дараа ийм асуудал болсон. Тухайн үед энэ хоёр юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Эгч Учрал бид хоёрыг очсоноос болж маргалдсан гэж ойлгосон.”,
“...Эхлээд Соната 6 маркийн машинтай байж байгаад энэ машинаа зарсан гэж сонссон. Дараа нь Тоёота Кроун маркийн машин худалдаж авсан. Ингээд Тоёота Кроун маркийн машинаа унахаа больсон байсан. Одоо ямар нэгэн машингүй байгаа.”,
“...Би төрсөн цагаасаа хойш ээж Б.О , эгч О.У нарын хамт Сүхбаатар дүүргийн ............ тоотод амьдарч байсан. Тухайн үед би ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан үйлчилгээний төвд хувиараа алт мөнгөний лангуун дээр ажиллаж байхад нэг залуу ирж ээжээр ломбарданд тавьсан машинаа чөлөөлүүлэх гэж байгаа юм гэж анх ирж байсан түүнээс хойш манай ээжтэй зээл чөлөөлөх ажилд хамтран ажиллая гэж тохиролцсон байсан. Түүнээс хойш ээжтэй хамтран зээл чөлөөлөлх нэрийдлээр мөнгө зээлээд явдаг байсан. Ээжтэй ямар нэгэн харилцааа байхгүй. Манай гэрт А нь өдрийн цагаар хааяа нэг ирж харагддаг. ...А нь манай ээжтэй өөрийн эхнэр шигээ үзэж маш их дарамталдаг байсан. Ээж бид хоёр ажил тараад гараад явж байтал гэнэт гарч ирээд ээжийн гараас угз татаад чирээд машин руугаа хүчээр суулгаад аваад явчихдаг байсан. Мөн ээжийн гар утас дуугарахаар нь би авахаар гүйж орж ирээд л орилж хашгираад өайдаг. Мөн 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна би өглөө ажил дээр ирээд ээж рүү залгасан чинь ээж гэрээсээ гарах гэж байна гэж хэлсэн 2 цаг гаруй хугацааны дараа ээж ажил дээр зүүн талын шанаа нь хавдаж, хөхөрсөн уйлаад орж ирэхээр нь яасан бэ ээж гэж асуусан чинь А намайг зодчихлоо гнэж хэлсэн байсан. Энэ асуудал нь сая өнгөрсөн 2018 онд шүүхээр орсон сурагтай байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26, 27, 111 дэх тал),
Шүүгдэгч Л.А ын Хаан банкны 5021________ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 60-80, 234-250, 2 дахь хавтаст хэргийн 1-7 дахь тал),
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал),
Шүүгдэгч Л.А ын гэрчээр мэдүүлсэн “...Би О гэж эмэгтэй 2015 онд анх танилцаж байсан. Үүнээс хойш уулзаж байгаад хамтдаа нэг жил орчим хамт амьдарсан. Гэр бүлийн баталгаа байхгүй боловч хамтран амьдарч байсан. О бид Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гоодойн зусланд байх О ийн гэрт нь амьдарч байсан. Ингээд 2018 оны 01 сарын 29-нөөс эхлэн тусдаа амьдарч байна. Б.О бид хоёр хамтран амьдарч байхад 00-00 УНБ улсын дугаартай Соната-6 маркийн машин байсан юм. Энэ машиныг О янзлаад зараадах гэхээр нь машинд нь засвар үйлчилгээ хийгээд 4,2 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр очоод зарсан. Машиныг зарчихаад О тэй уулзаад нотариатын газар ороод нэрийг нь шилжүүлсэн. Машин зарсан мөнгийг би аваад хэрэглэж байсан. Энэ авсан мөнгөнөөс эхлээд 2,0 сая төгрөгийг О бэлнээр өгсөн. Үүний дараа 1,5 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл өгөөгүй явж байгаа. Энэ машиныг зарсаны дараа 2016 оны 07 дугаар сард О бид хоёр мөнгөө нийлүүлж 00-00 УБХ улсын дугаартай Тоёота кроун маркийн машиныг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “1000 машин” нэртэй газраас 25,0 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед би 8,0 сая төгрөгийг өөрөөсөө гаргасан. Үлдэгдэл мөнгийг нь О гаргасан. Машин худалдаж авсан мөнгийг тухайн үед сарын хугацаанд үзуулж өгсөн. Машины миний нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд 6 сарын дараа байх О ийг нэр дээр шилжүүлсэн. О машиныг өөрийн нэр дээр шилжүүлнэ гээд байсан учраас хоорондоо маргалдаад нэр дээр нь шилжүүлж өгсөн. Үүнээс хойш машиныг О бид хоёр ээлжлээд унаж байгаад 2017 оны 06 дугаар сард О машиныг заръя гээд 23,0 сая төгрөгөөр зарж борлуулсан. Машиныг зарж борлуулаад 13,0 сая төгрөгийг нь О өөрөө авсан. Үлдэгдэл 10,0 сая төгрөгийг нь би өөрөө аваад 2017 оны 7 дугаар сард 13,5 сая төгрөгөөр 88-53 УБА улсын дугаартай тоёота приус-30 маркийн машиныг худалдаж авсан. Энэ машиныг зарсан мөнгөнөөс үлдэгдэл мөнгийг нь хамт амьдарч байх хугацаандаа хэрэглэж байсан. ...Одоо О бид хоёрын хооронд мөнгөний тооцоо байгаа. Хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор О т 2,7 сая төгрөг өгөх ёстой. Энэ нэхэмжилж байгаа 29,2 сая төгрөгийг өгөх ёсгүй. Учир нь Соната-6 зарсан мөнгөнөөс 3,5 сая төгрөгийг нь өгсөн. Харин кроун машин зарсан мөнгөнөөс 13, сая төгрөгийг нь өөрөө авсан. Харин би энэ машиныг авахад өөрөөсөө 8,0 сая төгрөг өгсөн. Машиныг 25,0 сая төгрөгөөр аваад, зарахдаа 23,0 сая төгрөгөөр зарсан. ...Соната-6 маркийн машин зарсан мөнгийг бэлнээр өгсөн. Короун машин зарсан мөнгөний 10,0 сая төгрөгийг нь дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 3,0 сая төгрөгийг нь машины нэр шилжүүлэхдээ өөрөө бэлнээр авсан. ...О бид хоёр хамтран амьдрагчид байгаа юм. Хамтдаа амьдарч байгаад сүүлийн хэд хоног гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа байхад цагдаад гомдол өгсөн байна. Одоохондоо учраа олоогүй байж байна...”,
“...Надад мөнгө өгсөн баримтууд нь байхгүй. Соната-6 маркийн машиныг 4.2 сая төгрөгөөр зараад би мөнгийг нь авсан. Үүнээс би өөрийн 16-77 УНУ улсын дугаартай Хонда пит маркийн машиныг 3.5 сая төгрөгөөр зараад 2.0 сая төгрөгийг нь О т өгсөн байсан. Тухайн үед чи үрчихнэ надад байж байг гээд авсан. Энэ мөнгийг би ямар нэгэн баримтгүйгээр өгсөн байгаа. Мөн бэлнээр болон дансаар 1.5 сая төгрөг шилжүүлсэн. Тоёота Кроун машин зарсан мөнгөнөөс 10.0 сая төгрөгийг нь өөрийн Хаан банкны 5021________ дугаарын данснаас О ийн 502............. дугаарын данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг машин зарсны маргааш нь шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын сүүлээр шилжүүлсэн байгаа.”,
“...Би хар өнгийн Тоёота Кроун 204 маркийн машиныг анх О бид хоёр 26.5 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Энэ машиныг худалдаж авахад 6.0 сая төгрөгийг өөрөөсөө гаргасан. Харин 20.0 сая төгрөгийг нь О гаргасан. Тухайн үед энэ машин миний нэр дээр бүртгэлтэй байсан. Ингээд машиныг 1 жил орчим унаад О ийн нэр дээр шилжүүлээд бид хоёр ярилцаж байгаад би машиныг 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 23.0 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед машиныг зараад 20.0 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлээд 3.0 сая төгрөг бэлнээр авсан. Ингээд бэлнээр авсан 3.0 сая төгрөгөө О т өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хаан банкны 5021291986 дугаарын данснаас 10.0 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд 10.0 сая төгрөгийг нь миний дансанд байсан юм. Тухайн үед машин авахад 6.0 сая төгрөг гаргасан. Ингээд машин зараад өөрийн авах ёстой мөнгөө авсан байгаа. Харин 4.0 сая төгрөгийг нь О т өгөх ёстой мөнгө байгаа юм. Энэ мөнгийг нь би ойрын хугацаанд төлж барагдуулна. ...Би приус-30 маркийн машиныг 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 13.0 сая төгрөгөөр авсан. Энэ мөнгийг надад машин зарсан мөнгөнөөс 10.0 сая төгрөг байсан юм. Энэ мөнгөн дээр О 3.0 сая төгрөг нэмж өгөөд 13.0 сая төгрөгөөр авсан. Тухайн үед мөнгө дутсан учраас 3.0 сая төгрөг нэмж өгсөн. Тухайн үед приус-30 маркийн машин 14-15 сая төгрөгийн хооронд байсан. Тэгээд би Замын-Үүдээс очоод 3.0 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо 88-53 УБА улсын дугаартай приус-30 маркийн машин Сайн ломбарданд зээлийн барьцаанд байгаа. Зээлийн хугацаа нь 2018 оны 10 дугаар сард дуусна. Энэ ломбарданд 5.0 сая төгрөгийн барьцаанд байгаа. Одоо энэ машиныг О бид хоёр дундаа хэрэглээд явж байгаа. Би өглөө оройд гэрээс нь очиж аваад явж байгаа. ... Би дээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр машиныг зараад 20.0 сая төгрөг миний дансанд ороод тухайн өдрөө 10.0 сая төгрөгийг нь шилжүүлээд бэлэн өгсөн 3.0 сая төгрөгийг нэр шилжүүлэхдээ бэлнээр авсан. Ингээд итгэмжпэл хийж өгсөн. Ямар учраас аваагүй гэж мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Миний дансны хуулгаар 10.0 сая төгрөг шилжсэн нь харагдаж байгаа. ...О бид хоёр ямар нэгэн байдлаар салах асуудал байхгүй. Одоохондоо тусдаа байгаа цаашдаа хамтдаа амьдарна. Миний хувьд эхнэр О ийг залилсан асуудал байхгүй. Мөнгийг машин авахад зарцуулсан. Энэ мөнгийг өөрийн боломжоор төлж барагдуулна.”,
“...Би Кроун машиныг 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр машин худалдаж авсан хүнтэйгээ уулзаад бэлнээр 20.000.000 төгрөгийг аваад нэр шилжүүлэхдээ үлдсэн 3.000.000 төгрөгийг нь өгөлцөж авалцахаар тохиролцоод маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр машин худалдаж авсан хүнтэй О бид хоёр уулзаад 3.000.000 төгрөгийг нь О өөрийн биеэр Б ээс авч байсан. Тэгээд урт цагааны урд талд байрлах нотариатын газар очиж машин худалдаж авсан Б гэх хүнтэй нь О худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулаад гарцгаасан. Тэгээд энэ өдрөө өглөө, оройг нь сайн санахгүй байна. О ийн Хаан банкны данс руу 10.000.000 төгрөгийг 7.000.000 болон 3.000.000 хувааж шилжүүлэн өгч байсан юм. ...Б О т 3.000.000 төгрөгийг өгөхөд Бишрэлт автомашины зогсоол пээр байсан. Мөнгө өгөлцөж авалцахад Б , О бид 3-аас өөр ямар нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-21, 22-23, 91 дэх тал),
2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Л.А , Б.О нарын нотариатаар батлуулсан “...Л.А миний бие нь Б.О ийн нэр дээр байсан 00-00 Sonata-6 маркийн автомашиныг 2016.10.05-ны өдөр 4.200.000 төгрөгөөр зарсан. Уг 4.200.000 төгрөгийг 2016.12.09-ний өдрөөс 6 сарын дараа өгнө.” гэх баталгаа (1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал),
Шүүгдэгч Л.А яллагдагчаар мэдүүлсэн “...Миний бие А нь Б.О тэй 2015 оноос хойш хамтран амьдраад 3 жил болж байна. энэ хугацаанд миний эзэмшлийн 00-00 гэсэн дугаартай Хонда пит машин байсан юм. Тэр машинаа 3 сая 500 мянган төгрөгөөр зараад намайг О мөнгөө үрчихнэ гээд 2 сая төгрөг аваад тэгээд дараа нь 00-00 дугаартай Соната-6 машин нь О ийн машин байсан хамт амьдарч байх явцдаа О өөрөө энэ машиныг зарья гэж ярилцаж байгаад намайг зар гэсний дагуу би зах дээр аваачиж зарсан юм. Түүний дараа О өөрөө нэрээ шилжүүлж өгсөн Соната-6 машины мөнгө болох 4 сая 200 мянган төгрөрийг би өөрийнхөө дансанд хийж би авсан. Тухайн үед би өөрөө зээл чөлөөлөх ажил хийж байсан юм. Тэгээд дараа нь 00-00 УБХ улсын дугаартай Кроун автомашиныг бид хоёр худалдаж авч байсан юм. Тухайн үед тэр машин миний нэр дээр байсан ба О бид хоёрын хооронд жаахан хэрүүл маргаан гараад О намайг чи ийм залуу хүүхэд надтай хамт амьдарна гэж юу байхав гээд хардаж сэрддэг байсан тэгээд байхаар нь би чамд хар буруу санаагүй хамт амьдарна гэж бодож байгаа чи итгэхгүй байгаа бол энэ 00-00 УБХ дугаартай машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ав гэж хэлээд нэр дээр нь шилжүүлэн өгч байсан юм. Тэгээд 1 жил болоод 2016 оны 6 дугаар сард Да хүрээ зах дээр 1 сар шахуу зогсож байгаад 26-ны үед би Кроун машиныг зарахаар болоод 20 сая төгрөгийг бэлнээр өгч байсан юм. Тэгээд тэр Б гэх залуу маргааш нэрээ шилжүүлэхдээ үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд машин унаад явсан. Тэр орой би гэр рүүгээ явж О дээр очсон. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь ч билүү Б гэдэг залуу Бишрэлт дэлгүүрийн зогсоол дээр ирээд О т үлдэгдэл 3 сая төгрөгөө авсан учраас урт цагааны нотариатын газар очоод О машиныхаа нэрийг шилжүүлж өгсөн. ...Нийт 23 сая төгрөг болсон 3 сая төгрөгийг нь Б гээд машин зарсан залуугаас О өөрөө бэлнээр авч байсан. 10 сая төгрөгийг би сайн санахгүй байна. Машин зарсныхаа маргааш байна уу нөгөөдөр шилжүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал) зэрэгтэй танилцав.
Дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан тайлбар мэдүүлэг, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт, өмгөөлөгч нарын өмгөөллийн үг зэрэгт хууль зүйн дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Л.А нь 2016 оны 10 дугаар сард хохирогч Б.О ээс түүний эзэмшлийн 00-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан орлого болох 4.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5021________ тоот дансаар шилжүүлэн авсан (1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал), улмаар тухайн мөнгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх хэмжээгүй атал хууль ёсны өмчлөгчид шилжүүлэхгүйгээр өөртөө бүр мөсөн авч завшсан, хэдийгээр шүүгдэгч Л.А ас дээрх автомашины үнэ болох 4.200.000 төгрөгийг хохирогч Б.О т төлж барагдуулсан гэх боловч энэхүү тайлбар мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйн зэрэгцээ түүний өмгөөлөгч Х.Эрдэнэболороос гаргаж ирүүлсэн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Л.А нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 00-00 УБХ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг Б.Б д 23.000.000 төгрөгөөр худалдан борлууулж олсон орлогыг хууль ёсны өмчлөгч хохирогч Б.О т шилжүүлэхгүйгээр 13.000.000 төгрөгийг өөртөө бүрмөсөн авч завшсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Энэ талаар шүүх дараах дүгнэлт хийлээ. Гэрч Б.Б мэдүүлсэн “...Би 2017 оны 6 дугаар сарын сүүлээр машин авах гээд Да хүрээ зах орсон. Гэтэл тэнд хар өнгийн 204 маркийн Тоёота Кроун машин байсан. Уг машиныг сонирхож үзсэн. 2011 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 00-00 УБХ улсын дугаартай машин байсан. Үнийг асуухад 24 сая төгрөгөөр зарна гэж байсан. Уг машиныг А гэж залуу зарах гэж байсан энэ машины нэг байгаа юм бэ гэж асуухад манай эхнэрийн нэр дээр байдаг юм аа гэж байсан. Би машиныг авья гэж бодсон. Би гэртээ хариад аавдаа нэг машин үзсэн та хараад өгөөч гжэ хэлээд А ын утас руу залгаад манай гэрт машинаа унаад хүрээд ирээч ээ би аавдаа үзүүлэх гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгээд удалгүй 30 минутын дараа А машин унаад ирсэн. Аав, ээж бид 3 машиныг үзэж хараад авахаар болсон. Бэлэн мөнгөөр машиныг авбал хэдэд өгөх вэ гэж асуухад 1 сая төгрөг буулгаад өгнө гэж байсан. Тэгээд машиныг аваад мөнгийг өгөхөөр ээжийн хамт хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн голомт банкин дээр очиж 13.000.000 төгрөгийг АТМ-ээс гаргаж өгсөн. 10.000.000 төгрөгийг А ын Хаан банкинд шилжүүлж өгсөн. Ингээд би машиныг аваад явсан маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А тай утсаар яриад машинаа нэр дээрээ шилжүүлж авья гэж хэлсэн. Тэгээд Урт цагааны хаан банкны хажуугийн нотариатын газар очиход А болон эхнэр гэж О хоёр хамт байсан. Тэгээд нотариатын газар орж О тэй машин худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед машины мөнгийг бүрэн гүйцэт өгсөн юм уу гэж асуухаар нь би өчигдөр 23 сая төгрөгийг бэлнээр А д өгсөн ямар нэг тооцоо байхгүй гэж хэлсний үндсэн дээр магины худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Би циркийн тэнд байпаг авто тээврийн газар орж машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би машиныы одоо хүртэл унаж байгаа. Миний хувьд төлбөр тооцоотой ямар нэг маргаантай зүйл байхгүй, машины төлбөрийг бүрэн өгсөн байгаа. О гэж хүн чи мөнгө төгрөгийг гүйцэт өгсөн юм байгаа биз дээ гэж байсан. Би мөнгийг гүйцэт өгсөн гэж хэлсэн. А тэр хоёрыг б эхнэр, нөхөр хоёр гэж бодож байсан. Тэр үед О , А хоёр мөнгө төгрөгийг маргаантай зүйл мэдэгдээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал) авагдсан. Энэхүү мэдүүлгийн дагуу 1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх талд авагдсан шүүгдэгч Л.А ын дансны хуулгатай танилцахад 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21.020.000 төгрөгийг 5.000.000, 4.900.000, 3.680.000, 4.460.000, 2.980.000 төгрөгөөр орлогодож 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000, 7.000.000 төгрөгөөр Хаан банкны 502............. тоот данс руу шилжүүлжээ. Энэ данс нь хохирогч Б.О ийн данс болох тухайд хохирогч өөрөө мэдүүлдэг. Шүүгдэгч Л.А 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Би кроун машиныг 2017 оны 6 дугаар сарын 24-ны өдөр машин худалдаж авсан хүнтэйгээ уулзаад бэлнээр 20.000.000 төгрөгийг аваад нэр шилжүүлэхдээ үлдсэн 3.000.000 төгрөгийг нь өгөлцөж авалцахаар тохиролцоод маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр машин худалдаж авсан хүнтэй О бид хоёр уулзаад 3.000.000 төгрөгийг нь О өөрийн биеэр Б ээс авч байсан. Тэгээд урт цагааны урд талд байрлах нотариатын газарт очиж машин худалдаж авсан Б гэх хүнтэй нь О худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулаад гарцгаасан. Тэгээд энэ өдрийн өглөө оройг нь сайн санахгүй байна О ийн Хаан банкны данс руу 10.000.000 төгрөгийг 7.000.000 болон 3.000.000 хувааж шилжүүлэн өгч байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89—90 дэх тал) авагджээ. Дээр дурдсан шүүгдэгч Л.А ын тухайн цаг хугацааны дансны хуулгатай мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд мэдүүлэгт дурдагдаж буй цаг хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21.020.000 төгрөгийн орлогыг Л.А өөрийн дансанд хийж 10.000.000 төгрөгийг Б.О рүү шилжүүлсэн, гэрч Б.Б 13.000.000 төгрөгийг бэлэн гаргаж өгсөн, 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч энэ цаг хугацаанд 10.000.000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ шүүгдэгч Л.А ын дансанд хийгдээгүй, харин дээр дурдсан хэсэгчилсэн орлого хийгдсэн. Утгыг харахад АТМ ашиглан орлого хийсэн байх боломжтой гэж шүүх дүгнэж байна. Ийнхүү мөнгө шилжүүлсний маргааш тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх худалдах худалдан авах гэрээг Б.О тэй хийсэн талаараа мэдүүлдэг. Шүүгдэгч Л.А нь харин мөнгөө бэлнээр авч өөрөө АТМ ашиглан орлого хийсэн тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. 2017 оны 6 дугаар сарын 25-28-ны хооронд өрнөсөн энэхүү үйл явдалд гэрчүүдийн мэдүүлэгт 1, 2 хоногийн зөрүүтэйгээр мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Л.А ын дансанд орлого орсон, зарлага гарсан зэрэг нөхцөл байдлуудтай харьцуулан тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрслэхэд 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.А нь 00-00 УБХ улсын дугаартай Тоёота Кроун тээврийн хэрэгслийг 23.000.000 төгрөгөөр Б.Б д худалдахаар тохиролцож 20.000.000 төгрөгийг бэлэн авч өөрийн дансанд орлого байдлаар хийсэн, улмаар 10.000.000 төгрөгийг хохирогч Б.О т шилжүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.А ын мэдүүлснээр Б.О авсан гэдэг ба дансны хуулгатай тулган шалгахад мөн өдөр 3.000.000 төгрөгийн орлого хохирогч Б.О ийн данснаас шүүгдэгч Л.А ын дансанд оржээ. Иймд шүүгдэгч Л.А ыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг Б.О байгуулж, өөрийн 00-00 УБХ улсын дугаартай Тоёота Кроун тээврийн хэрэгслийг 23.000.000 төгрөгөөр Б.Б д худалдсан орлого болох 23.000.000 төгрөгнөөс 13.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.А нь хууль ёсны өмчлөгчид өгөхгүйгээр өөртөө бүр мөсөн авч завшсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Л.А ыг 2 тооны тээврийн хэрэгслийг залилж 27.200.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 00-00 УБХ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ болох 23.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хохирогч Б.О т шилжүүлсэн байх тул шүүгдэгч Л.А ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээг 17.200.000 төгрөг гэж тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. 2 дахь хэсэгт Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах санкц нь нэг нь нөгөөгөөсөө хүнд гэж дүгнэх боломжгүй байх тул шүүх өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.А ын гэмт үйлдлийн шинж, үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн үйлдлийн арга, түүнийг сонгон авч буй байдал, хохирогч Б.О тэй тодорхой хугацааны туршид харилцаж байсан харилцааны нөхцөл байдал зэргийг харгалзан залилах гэмт хэргийн шинжийг бус хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Иймд прокуророос шүүгдэгч Л.А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811 00515 1016 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтож хэргийн зүйлчлэлийг өөрчлөв.
Шүүгдэгч Л.А нь бусдын 2 тооны тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ болох нийт 17.200.000 төгрөгийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, зориуд хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Л.А ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг буюу хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн буюу 2 удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.А ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Л.А ын үйлдлийн улмаас хохирогч Б.О т нийт 17.200.000 төгрөгийн хохирол учиржээ. Үүнээс шүүгдэгч Л.А нь 5.000.000 төгрөгийг 502............. дугаарын данс руу шилжүүлж (2 дахь хавтаст хэргийн 50 дахь тал) төлж барагдуулсан 12.200.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Л.А ас 12.200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн ..... тоотод оршин суух, Б овогт Б ийн О /РД:...../-т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А ас 00-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ болох 4.200.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар тайлбар мэдүүлэг гаргаж байх боловч хохирогч Б.О , шүүгдэгч Л.А нарын богино биш хугацаанд харилцаатай байж хэн нэгэн рүүгээ мөнгөн шилжүүлэг тогтмол хийж байсан нь зээл чөлөөлдөг гэх бизнесийн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой байсан уу эсхүл дээрх 4.200.000 төгрөгийг цувуулж төлж байсан уу гэдэг нь тодорхойгүй, хохирогч Б.О нь мөн хохирол төлөгдөөгүй талаар тайлбар мэдүүлэг гаргаж байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байхын зэрэгцээ тусгай ангид заасан тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулдаг.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Л.А нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар .... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч түүний 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал) 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Дугаар 10-01/3316 албан бичгээр “...Л ын А (.......)-д Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 84 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ялыг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн тул Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажллагааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22/48 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна.” (2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал), 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Дугаар 22/48 тогтоолоор “...Л.А д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай.” (2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал) зэргээс өршөөн хэлтрүүлсэн болох нь тогтооогдож байна.
Шүүгдэгч Л.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар 342 захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2019/ШЗ/517 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Дугаар 2025/ШЗ/5691 захирамжаар шүүгдэгч Л.А д холбогдох хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулжээ. Шүүгдэгч Л.А нь дээрх хугацаанд Монгол Улсын хилийн гадна байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитой саад учруулсан, өөрийн гэмт үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгч хэрэг маргааныг хурдан шуурхай шийдвэрлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулах арга хэмжээ авалгүй 5 жил 6 сар орчим хугацаа өнгөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Л.А ын зорчих эрхийг хязгаарлах бүсчлэлийг яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух Нийслэл, дүүрэг, хорооноос гарч явахыг хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Л.А нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч түүнийг албан ёсоор хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зэрэг баримттайгаар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны үед шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авч ажлын байранд тогтоосон маршрутаар зорчих боломжийг олгох нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, нийгэмших, хүмүүжих, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал, зан үйлд суралцах, хөдөлмөрийн хамт олны дунд засрал төлөвшил олох зэрэг ялын зорилгыг хангахад нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Л.А нь Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй гэх боловч 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд Хан-Уул дүүрэг ............... тоотод оршин суудаг гэж мэдүүлжээ. Энэхүү А хотхон нь Хан-Уул биш Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг байх тул шүүгдэгч Л.А д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг бүсчлэлийг эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагаас тогтоосон маршрутаар ажлын байранд зорчихоор хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.А д оногдуулсан ялын зорилгыг хангах үүднээс зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Л.А д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон үүрэг хүлээлгэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.А д сануулав.
Хэдийгээр шүүгдэгч Л.А ын үйлдэл нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор батлагдсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтанд заасан цаг хугацааны үйлчлэлд хамаарч байх боловч түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулбал хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хэсэгт хамаарахын зэрэгцээ болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэгэнт өнөөдөр арилсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэглэх хуулийн зорилго байхгүй болсон гэж дүгнэнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.А д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт тохироогүй хэт хөнгөн ялын санал гаргасан гэж дүгнэн хүлээн авахаас татгалзав. Харин хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан санал нь шүүгдэгч Л.А ыг ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг төлж барагдуулах арга хэмжээ авахад илүү нийцсэн гэж дүгнэн хүлээн авсан болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Л.А д хувийн баталгаа гаргах болон хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Л.А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811 00515 1019 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтож хэргийн зүйлчлэлийг өөрчилсүгэй
2. Шүүгдэгч Б овогт Л ын А /РД: .......... /-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Л.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А ыг эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, ажил хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагаас тогтоосон маршрутаар ажлын байранд зорчихоор хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.А д сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Л.А ас 12.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн ..... тоотод оршин суух, Б овогт Б ийн О /РД:...../-т олгосугай.
8. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР