| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/01515/И |
| Дугаар | 182/ШШ2023/02092 |
| Огноо | 2023-07-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2023/02092
| 2023 07 17 | 182/ШШ2023/02092 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар.
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах Э компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, Э ХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа,
Хариуцагчийн төлөөлөгч О.Бадамжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхзул шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э компани нь хариуцагч Э ХК-д холбогдуулан гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Э компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХК нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3, 4 дүгээр давхарыг коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар сонгон шалгаруулалт зарласан. Манай компани нь Э ХК-иас зарласан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарласан исэлдсэн нүүрс худалдан авах сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, гэрээний барьцаа төлбөрт урьдчилан 10,000 ам долларыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Э ХК-ийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн. Цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын хорио цээр, бусад нөхцөл байдлын улмаар Э ХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЕТТ-2021/38 дугаар Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулахаар баталгаажуулан ирүүлснийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй болж уг гэрээг баталгаажуулаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЕТТ-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Э ХК-д шилжүүлсэн 10,000 ам доллараа буцаан өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр и-мэйлээр албан бичгийн хариуг ирүүлэхдээ манай компани мөнгийг буцаах боломжгүй, танай компанид 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 дугаартай албан бичгийг хавсралтаар ирүүлж гэж анх удаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүнээс өмнө манай компанид хавсралтаар ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 дугаартай албан бичгийг өгч байгаагүй. Иймд Э ХК-д гэрээ байгуулахаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн барьцаа 10 000 ам доллар буюу 34,500,000 төгрөгийг гаргуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-т гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгохоор заасан тул гүйцэтгэлийн баталгаа биш гэжээ.
2.Хариуцагч Э ХК шүүхэд болон төлөөлөгч О.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э ХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-СО-01 дугаартай исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалтыг зарласан. Дээрх исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалтад 4 компани оролцож Э компани шалгарсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барьцаа төлбөр болох 10,000 ам.долларыг манай компанийн дансанд байршуулсан. Улмаар манай компаниас ЕТТ-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг компанийн эрх бүхий албан тушаалтнуудаар баталгаажуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э компанийн бидэнтэй харилцдаг албан и-мэйл хаягаар хүргүүлсэн үйл баримт байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 42 дугаар зүйлийн 42.8-д Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно, 42.9-д Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж тус тус заасантай нийцэж байна. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлд Хэлцэл хийсэн гэж үзэх, 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан гэж заасан байна. Э компани нь исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан бөгөөд исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар барьцаа төлбөр болох 10,000 ам.долларыг манай компанийн дансанд байршуулж, Э ХК-иас гэрээг баталгаажуулж Э компанид хүргүүлсэн нь дээрх Иргэний хуулийн заалтуудтай нийцсэн байна. Э ХК-иас хэлцэл хийгдсэн гэж үзэж, ЕТТ-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э компанийн сонгон шалгаруулалтын үед бидэнтэй харилцдаг албан и-мэйл хаягаар хүргүүлсэн тул манай компанийн зүгээс гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Энэ нь Иргэний хуулийн 196.1-д Гэрээ байгуулсанд тооцох, 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж заасантай нийцэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э компанид гэрээг хүргүүлснээс хойш 8 сарын хугацаанд ETT-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ тус компани биелүүлэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Э компани нь 8 сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул Э ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/1570 тоот албан бичгээр гэрээг хүчингүйд тооцож, 10,000 ам.долларын барьцаа төлбөрийг буцаан олгохгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг Э компанийн албан и-мэйл хаягаар хүргүүлсэн. ETT-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилт, тээвэрлэлттэй холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Худалдагчаас Худалдан авагчид гэрээний барьцаа болох 10,000 ам.долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдлэнэ гэж тус заасан. ЕТТ-2021/38 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчмыг баримтлан гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний 12.1-д заасны дагуу худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Э ХК гэрээний үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой баталгаа болох 10,000 ам.долларын барьцааг буцаан олгох боломжгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Э компани гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ETT-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ /хуулбар/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн барьцаа 10 000 ам.доллар шилжүүлсэн баримтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хариу, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг хуулбар, Э ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах урилга хуулбар, ханшийн лавлагаа зэрэг,
Хариуцагч Э ХК-иас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021-CO-01 дугаартай нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах урилга, Э ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021-CO-01 дугаартай нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт, санал өгөх маягт, төлбөрийн хуваарь, Э компани танилцуулга, ачилтын хуваарь, Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ, Тээвэрлэлтийн төлөвлөгөө, Мэдэгдэл, Э ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/570 тоот албан бичиг, Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 тоот тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч компанийн [email protected] цахим хаягаас хариуцагч Э ХК-ийн [email protected] цахим хаяг руу илгээсэн цахим шууданд үзлэг, хариуцагчийн гаргасан хүсэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл [email protected] цахим хаягаас [email protected] хаяг руу явуулсан, [email protected] хаягаас [email protected] хаяг руу явуулсан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн, [email protected] хаягаас [email protected] хаяг руу явуулсан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн цахим шууданд үзлэг хийх ажиллагааг шүүх гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч Э компани нь хариуцагч Э ХК-д холбогдуулан гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, гэрээний барьцаа төлбөрт урьдчилан 10,000 ам долларыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Э ХК-ийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн тул шаардах эрхтэй бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлав.
2.Хариуцагч нь Э ХК-иас хэлцэл хийгдсэн гэж үзэж, ЕТТ-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э компанийн сонгон шалгаруулалтын үед бидэнтэй харилцдаг албан и-мэйл хаягаар хүргүүлсэн тул гэрээ байгуулагдсан гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э компани гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ETT-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн барьцаа 10 000 ам.доллар шилжүүлсэн баримтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хариу, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг хуулбар, Э ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах урилга хуулбар, ханшийн лавлагаа, Э ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021-CO-01 дугаартай нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах урилга, Э ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021-CO-01 дугаартай нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт, санал өгөх маягт, төлбөрийн хуваарь, Э компани танилцуулга, ачилтын хуваарь, Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн гэрээ, Тээвэрлэлтийн төлөвлөгөө, Мэдэгдэл, Э ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11/570 тоот албан бичиг, Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 тоот тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хариуцагч Э ХК нь исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, Цанхийн уурхайн 3, 4 дүгээр давхарыг коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар сонгон шалгаруулалт зарласан байх ба 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарласан исэлдсэн нүүрс худалдан авах сонгон шалгаруулалтад Э компани нь оролцон шалгарч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЕТТ-2021/38 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж хүргүүлсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” гэж, 196.1.2 дахь заалтад “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж заасантай нийцсэн тул талуудын хооронд исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5.Талууд уг гэрээгээр худалдагч нь таван толгойн ордоос олборлосон нүүрсийг худалдан авагчид нийлүүлэх, борлуулах, хүлээлгэн өгөх хүсэлтэй, худалдан авагч нь худалдагчаас уг нүүрсийг худалдан авах хүсэлтийг харгалзан, Худалдан авагч нь худалдагчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зарласан исэлдэх нүүрс худалдан авах сонгон шалгаруулалтад шалгарсан болохыг харгалзан, мөн худалдан авагч нь энэхүү гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой барьцаа болох 10,000 ам долларыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлснийг харгалзан, худалдан авагч гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсийг ганц модны боомтыг хүртэлх уртын тээвэрлэлт дахин сэргэх хүртэл Цагаан хад дахь зөвшөөрөгдсөн Гаалийн хяналтын талбайгаар дамжуулан экспортлох талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6.Хариуцагч Э ХК нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 11/1570 дугаартай Э ХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зарласан исэлдэх нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалтад танай компани нь шалгарч, гэрээний барьцаа төлбөр төлсөн билээ. Үүнтэй холбоотойгоор манай компаниас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЭТТ-2021/38 тоот 100,000 тонн исэлдэх хүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар хүргүүлсэн боловч танай компани нь өнөөдрийг хүртэл гэрээг баталгаажуулж ирүүлээгүй тул тус гэрээг хүчингүйд тооцох болсныг үүгээр мэдэгдэж байна. Мөн танай компаниас төлсөн 10,000 ам долларын барьцаа төлбөрийг буцаан олгохгүй суутгах болсныг мэдэгдэж байна” гэх албан бичиг хүргүүлжээ. /хавтаст хэргийн 30 тал/
7.Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/04789 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж Э ХК-ийн “[email protected]” гэх цахим хаягт үзлэг хийсэн /хавтаст хэргийн 155 тал/ ба Нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах урилгад материал хүлээн авах “[email protected]” гэх цахим хаяг бичигдсэн, Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж мэтгэлцэв. /хавтаст хэргийн 56 тал/
8.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1 дэх заалтад “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.
9.Нэхэмжлэгч тал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гэж, 5.1.17 дахь заалт “гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” гэж заасан тул гүйцэтгэлийн баталгаа биш гэж тайлбарлав.
10.Хариуцагч Э ХК-ийн исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах сонгон шалгаруулалтад Э компани нь оролцож, шалгарсан бөгөөд исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар барьцаа төлбөр болох 10,000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд исэлдэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй тухайд талууд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
11.Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т “Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, нүүрс ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Худалдагчаас худалдан авагчид гэрээний барьцаа болох 10,000 ам долларын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдлэнэ” гэж харилцан тохиролцсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байна.
12.Иймд хариуцагч Э ХК-д холбогдох гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
13.Нэхэмжлэгч Э компани нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10,000 ам доллар шилжүүлсэн тухайд талууд маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монголбанкнаас зарласан албан ёсны ханш 3,451.09 төгрөгөөр тооцож шаардсан байжээ.
14.Нэхэмжлэгч нь нэр хаягийг зөвтгөх тухай тайлбарыг бичгээр ирүүлсэн байх ба 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч компанийн албан ёсны нэр хаягийг Аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрхээс зөрүүтэй бичсэн байна. Нэхэмжлэлд дурдсан “Э компани” гэх нэр биш “Эрээнхот Карл Боони Эрчим хүч ХХК” гэх хуулийн этгээдийн нэр нь зөв, мөн хаяг нь “ӨМӨЗО Эрээнхот. Шинхуа гудамж, СанФанфан, Баодин, Худалдааны төв 3111 тоот” хаяг биш “Өвөр монголйн өөртөө засах орон, Эрээнхот, Хойд үлэг гүрвэл гудамж, Баруун Жяан Шө зам 1 тоот барилга 010111 тоот” хаяг мөн болохыг зөвтгөж байна гэж тайлбарлав.
15.Хариуцагч Э ХК-ийн төлөөлөгч дээрх тайлбарыг эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтад Э компани гэх нэрээр оролцож шалгарсан гэж маргаж мэтгэлцэв.
16,Нэхэмжлэгч нь Э компани нэрээр нэхэмжлэл гаргаж шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдулам, М.Энхзул нарт дээрх компани итгэмжлэл олгосон. Исэлдсэн нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулуулалт болон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2021-CO-01 дугаартай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ Э компани гэх нэрээр байгуулагдсан зэргийг үндэслэн нэхэмлэгчийн тайлбараар нэхэмжлэгчийн нэр хаягийг өөрчлөх боломжгүй байна.
17.Нэхэмжлэгч Э компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдуламаас 2023 оны 01 дүгээр сарн 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э ХК-д холбогдох гэрээ байгуулахаар шилжүүлсэн барьцаа төлбөр болох 10,000 ам.доллар буюу 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ