Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01329

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01272 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Н СӨХнд /цаашид СӨХ гэх/ холбогдох,

 

Сэтгэл санааны хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай орцонд тэнэмэл хүмүүс хоноглож, орцонд хоол унд хийж идэж, шээж, баадаг, орц шатаадаг. Дарга нь миний байдлыг ойлгоод надаас СӨХ-ны төлбөрийг авдаггүй байсан. Сүүлд 2015 оноос СӨХ-ны даргаар Д.Батбаатар гэж хүн ирсэнээр мөнгө авч эхэлсэн. Манай орц жигүүрийг цэвэрлэхээ больсон. 2012 оноос хойшхи сэтгэл санаа, эрүүл мэнд, тав тух, эд хөрөнгөөр маш их хохирч, орон сууц маань үнэгүйдсэн. Сэтгэл санааны  хохиролд 1 500 000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол СӨХ-ны үйл ажиллагаанаас болж учирсан тул  СӨХ-ийн  хуримтлагдсан төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Н” СӨХ-ны төлөөлөгч Д.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э 2015 оны 6 сараас хойш ямар ч төлбөр төлөөгүй байж үйлчилгээ нэхдэг. Тэрээр СӨх-ийн мөнгөө 2015 оны 5 сар болтол төлөөд тэрнээс хойш дахин төлөөгүй. Одоо 800 000- 900 000 төгрөгийн төлбөр гарсан. Энэ айлд тог, халуун ус очиж байгаа. Энэ байрны орц цэвэрхэн байдаг. Орцны жижүүр нь  огт архи ууддаггүй. Түүнээс өөрөөр тог, цахилгаан нь тасалдсан зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Н СӨХ-д холбогдох гэм хорын хохирол төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч С.Э давж заалдах гомдолдоо: 21 дүрс бичлэгийг шүүхэд гарган өгч үзлэг хийлгэсэн боловч эдгээр нотлох баримтыг шийдвэр гаргахдаа анхаараагүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Найдвар 29, 30 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан сэтгэл санааны хохиролд 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-ийн 1-2, 17/

 

Нэхэмжлэгч С.Э нь Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 29 байр 309 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд Н СӨХ нь тус орон сууцны байшинг харьяалан СӨХ-ны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-6, 16/

 

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, засвар, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцагч хангалтгүй хийснээс нэхэмжлэгчийн орцонд тэнэмэл хүмүүс хоноглож, хоол унд хийж идэж, шээж, бааж, орц шатааж нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учруулсан эсэх асуудлаар маргаж байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н СӨХ-ны хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор өөрт нь 1 500 000 төгрөгийн сэтгэл санааны хохирол учирсан гэж тайлбарлаж нотлох баримтууд гаргасан. Хогны дүрс бүхий фото зургууд, дүрс бичлэгт үзлэг хийсэн баримтууд нь нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсан гэдгийг шууд эргэлзээгүй нотлохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр дүрс бичлэгт үзлэг хийсэн боловч үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь талуудын маргаанд хамааралтай буюу Сууц өмчлөгчдийн холбоо хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид шууд хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй, хариуцагчийн үйлдэл болон нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хоорондын шалтгаант холбоог тодорхойлох нотлох баримт гэж үзэхгүй юм.Гэрч “4-5 удаа очиход цэвэрхэн байсан “ гэж мэдүүлжээ./хх-38 /

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “ эрүүл мэнд, сэтгэл санаа, тав тух, өмчлөлийн сууцанд учруулсан гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах“ гэж тодорхойлж байсан боловч сэтгэл санаанд гэм хор учирсан тул 1 500 000 төгрөг гаргуулна гэж шүүх хуралдаанд эцсийн байдлаар шаардлагаа тодруулжээ. / хх-47/

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй хэдий ч мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх юм. Хуульд тусгайлан заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд тусгайлан заасан тохиолдолд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд тусгайлан заасан эдийн бус гэм хорын хохирол арилгах нөхцөл байдалд хамаарахгүй боловч нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг баримталж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01272 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг “230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД