Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/758

 

    2021             8             19                                        2021/ДШМ/758                                 

 

 

     М.А, М.Ж нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай    

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч М.А, М.Ж нарын өмгөөлөгч Б.Адалбек,  

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Адалбекийн гаргасан давж заалдах гомдлоор М.А, М.Ж нарт холбогдох эрүүгийн 2102002150410 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

 

          Шүүгдэгч М.А, М.Ж нар нь бүлэглэж 2021 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2а байрны 54 тоотод хохирогч Т.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж газар унаган нүүр толгой, цээж хэсэгт гараараа болон хөлөөрөө өшиглөж баруун нүдний дээд зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: М.А, М.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А, Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, шүүгдэгч М.Жийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,0000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, М.Ж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Мын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,142,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Т.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.А, М.Ж нарын өмгөөлөгч Б.Адалбек давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс М.Жийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дуудлагаар очсон цагдаа Э.С гэрчээр “... дуудлага өгсөн М гэх залуугаас ямар шалтгааны улмаас дуудлага өгсөн, юу болсон талаар асуухад “А гэх залуу намайг зодсон, харин дүү нь гарч ирээд бид хоёрыг салгасан ...” талаар хэлсэн ...” /хх 38-39/ гэж, мөн дуудлагаар очсон цагдаа З.Т гэрчээр “... гэрт орж дуудлага өгсөн гэх залуугаас юу болсон талаар асуухад М гэх залуу “А гэх залуу намайг зодож, хутга гэргаж ирээд над руу дайрч миний гарыг зүссэн, харин дүү Ж нь гарч ирээд Аийг над дээрээс татаж босгосон” талаар хэлсэн ...” /хх 41-42/ гэж тус тус мэдүүлсэн. Хохирогч 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр юу болсон тухай дуудлагаар очсон цагдаа нарт бодит үнэнийг хэлсэн байхад хохирогчийн мэдүүлгээ өөрчилж “дагзны ар тал руу Ж ирж өшиглөсөн” гэж эргэлзээтэй худлаа мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосонд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Т.Мыг газарт унасан, шүүгдэгч М.А хохирогчийн дээр гарчихсан түүнийг цохиж байхад шүүгдэгч М.Ж нь салгахад хохирогчийн ар дагз руу өшиглөсөн гэх хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт ...” бүхий гэмтлүүд тогтоогдсон талаар дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч Т.Мэд учирсан гэмтэл шүүгдэгч нарын дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно гэж дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын “бүлэглэж зодоогүй” гэдэг мэдүүлгийн эх сурвалж дуудлагаар очсон хэргийн газрыг харсан, юу болсон тухай тодруулсан цагдаа нарын мэдүүлгүүд байсан гэж үзэж байна. Шүүх дүгнэлтээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд биш хэргийн газарт байсан мэт төсөөллөөр хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч М.А хохирогчийг газарт унагаагаад, олон удаа цохисноо мэдүүлгээр хүлээдэг, хохирогч эхний мэдүүлгээр “... намайг А зодсон. ... дүү нь салгасан ...” /хх 9-12/ гэсэн мэдүүлэг болон дуудлагаар очсон 2 цагдаагийн мэдүүлсэн мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Ж хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар халдаагүй гэмтэл учруулаагүй, бүлэглэж зодоогүй болохоор хохирогчийн биед үүссэн гэмтэл болон шүүгдэгч М.Жийн үйлдэл хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй буюу гэмт хэргийн шинжгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Жийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Дуудлагаар очсон 2 цагдаагийн гэрчийн мэдүүлэг болон жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан дэслэгч Батбаярын мэдүүлэгт үндэслэсэн. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөрдөгчийн асуусан хэн, хаашаа, хэдэн удаа ямар байдлаар цохисон бэ гэсэн асуултад тодорхой хүний нэрийг хэлж хариулт өгөөгүй. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдалтай нь холбоотой. Шинжээч томилох тогтоолын дагуу шинжээч эмч үзлэг хийж хохирогчийн биед учирсан гэмтлийг нэг бүрчлэн тогтоосон. М хохирогчоор тогтоогдож 2 удаа мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ шүүгдэгч нар хэрхэн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон тодорхой мэдүүлсэн. М.Ж хохирогчийн дээр байсан М.Аийг салгахдаа хохирогчийн толгой, ар дагз руу нь өшиглөж салгасан гэдэг. Х гэх гэрч рүү М.А дайрах үед хохирогч салгах үед Ж гарч ирээд гэрчийг гэрээс хөөж гаргасан байдаг. Хэрэг болох үед тухайн байранд хохирогч, 2 шүүгдэгч нар байсан. Хохирогч мэдүүлгээ анхнаасаа хөтөлбөргүй тогтвортой өгсөн. Түүний мэдүүлэг гэрч болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр М.Ж тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Прокуророос М.А, М.Ж нарыг хохирогч Т.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх М.Жэд холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар М.Жийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Жийг хохирогч Т.Мын ар дагз руу өшиглөсөн гэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдоогүй байх тул түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Хэрэгт авагдсан Т.Мын 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “... Х бид хоёр харих гэтэл Х, А 2 маргалдаад зодолдсон. Тэгээд Х байрнаас зугтаад гарсан. Гэтэл А надтай маргалдаж эхлээд, намайг цохиж унагаасан. А гартаа хутга барьчихсан, хутгаа далайгаад намайг “ална” гээд байсан. Тэгэхээр нь би хутгыг нь болиулах гээд зүүн гараараа хутганаас барьсан чинь миний гарыг А зүссэн. ... миний нүүр лүү 5-6 удаа зүүн болон баруун гараараа цохисон. Баруун гартаа барьсан хутгаараа миний зүүн гарыг зүссэн. ...” /хх 23/,

 

гэрч А.Хн “... М босч ирээд намайг заамдаж унагаагаад дээрээс цохиод эхэлсэн. Тэгтэл А гэх залуу гэнэт хутга аваад мөн над руу дайрсан. Би М, А нарын алинд нь ч гар хүрч, цохисон зүйл байхгүй. Тэгээд л би арай гэж гарч цагдаа дуудаад буцаж ороход М, А нар хоорондоо маргалдаж, зодолдсон байсан. ... намайг гарах үед М, А 2 муудалцаж, зодолдоогүй зүгээр үлдэцгээсэн. ...би хэнд ч гар хүрээгүй, гараад явсан. Тэгээд буцаж ирэхэд А, М нар хоорондоо зодолдсон юм шиг байсан. ...” /хх 27, 29-30/,

 

гэрч А.Худабайн “... Мыг унтаж байхад Х нэг алгадаад сэрээсэн, өөр зүйл би хараагүй. Тэгээд л заамдалцаад зогсож байсан. А “би салгачихна” гээд Гадас бид хоёрыг гаргаад явуулсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. ...” /хх 35-36/,

 

гэрч Э.Сын “... 54 тоот айлд ороход ах дүү 2 залуу байсан бөгөөд мөн биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, гэрт нь ямар нэгэн цус болохоор зүйл байгаагүй харин угаалгын өрөөнд нь цустай орны даавуу байсан. ... Тэгээд дуудлага өгсөн М гэх залуугаас ямар шалтгааны улмаас дуудлага өгсөн, юу болсон талаар асуухад “... А гэх залуу намайг зодсон, харин дүү нь гарч ирээд бид хоёрыг салгасан ...” гэсэн тул А гэх залуу болон М нарыг аваад дуудлаганаасаа гарч ирсэн. А, М нар дунд зэргийн согтолттой байсан. ... М гэх залуу гараа зүсчихсэн байсан болохоор нь юу болсон талаар асуухад” А гэх залуу намайг зодож цохиж байхад дүү нь гарч ирж салгалаа, тэгээд би гэрээс нь гарч зугтсан” гэж хэлж байсан. ...” /хх 38-39/,

 

гэрч З.Тгийн “... М гэх залуу нь “... А гэх залуу намайг зодож, хутга гаргаж ирээд над руу дайрч миний гарыг зүссэн, харин дүү Ж нь гарч ирээд Аийг над дээрээс татаж босгосон, тэгээд би гэрээс нь гарч зугтсан ...” гэж хэлсэн. ...” /хх 41-42/,

 

М.Аийн яллагдагчаар өгсөн “... манай дүү Ж бид нарыг маргалдаад байхаар өрөөндөө унтаж байгаад хөл нүцгэн гарч ирээд Хг гэрээс гаргаад, би Мыг доороо хийгээд дарчихсан байхад намайг араас татаж М дээрээс босгосон. Манай дүү Ж Мын биед гар хүрээгүй, гар хүрч зодох ч шалтгаан байхгүй. ...” /хх 71-73/,

 

М.Жийн яллагдагчаар өгсөн “... шуугилдаад ноцолдоод байх шиг байхаар нь том өрөөнөөс гараад иртэл Мыг газар унагачихсан, А ах Мын дээр нь гараад суучихсан байхаар нь би Хг “та яв, яв” гээд шууд гаргаад явуулчихаад ах Аийг М дээрээс татаж босгоод гал тогооны өрөө рүү түлхэж оруулахад М газраас босоод том өрөө рүү гүйгээд орсон. ...” /хх 60-62/ гэх шүүгдэгч, гэрч нарын тогтвортой өгсөн мэдүүлгүүдээс тус тус үзэхэд шүүгдэгч М.Ж нь хохирогч Т.Мын ар дагз хэсэгт өшиглөж, М.Атэй бүлэглэн хохирогч Т.Мыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч М.Жийг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогч Т.Мын мэдүүлгийг үндэслэл болгож түүний гэмт үйлдлийг хангалттай тогтоосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хохирогч Т.Мын анхны буюу 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг болон тухайн өдөр дуудлагаар очсон цагдаа нарын Т.Маас асуусан мэдүүлэгт “М.Жийн өшиглөсөн” гэх талаар огт дурдагддаггүй, М.Жийг хохирогч Т.Мын ар дагз руу өшиглөсөн гэх үйлдлийг харсан гэрч байхгүй, хамт байсан М.А энэ талаар “би Мыг доороо хийгээд дарчихсан байхад намайг араас татаж М дээрээс босгосон. Манай дүү Ж Мын биед гар хүрээгүй” гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд зөвхөн шүүгдэгч М.А нь хохирогч Т.Мыг хавирч газарт унагаад цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ.

 

Иймд уг хэрэгт шүүгдэгч М.Жийн гэм буруутайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул дээр дурдсан хуульд зааснаар гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн анхан шатны шүүхийн М.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин М.А нь 2021 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2а байрны 54 тоотод хохирогч Т.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж газар унаган нүүр толгой, цээж хэсэгт гараараа цохиж баруун нүдний дээд зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Мын “... тэгтэл А миний хоолойг боогоод хутга хүзүүнд тулгахаар нь би хутгыг холдуулах гэтэл миний гарыг зүсчихсэн. ... тэгээд хутгыг салгасны дараа намайг түлхээд газарт унагаад миний дээр гараад нүүр рүү олон дахин гараараа цохисон. ...” /хх 9-12/,

 

гэрч А.Хн “... М сэрж ирээд та явахгүй надтай хамт яв гээд намайг заамдаж газарт унагаагаад дээрээс нүүр рүү 2 удаа цохиж байтал А цаанаас нэг жижиг хутга авч ирээд над руу дайраад “... манай гэрт ирээд агсам тавилаа” гээд миний гадуурх хүрмийг зүүн талаас нь 2 удаа хутгаар зүсээд тэгтэл хажуу өрөөнөөс Аийн дүү гарч ирээд намайг газраас босгоод шууд гадагш гаргасан. Тэгээд би гадагш гараад цагдаа дуудаад байр руу ортол М үүдэнд гарнаас нь цус гарчихсан сууж байсан. ...” /хх 29-30/,

 

М.Жийн яллагдагчаар өгсөн “... шуугилдаад ноцолдоод байх шиг байхаар нь том өрөөнөөс гараад иртэл Мыг газар унагаачихсан А ах Мын дээр гараад суучихсан байхаар нь би Хг “та яв яв” гээд шууд гаргаж явуулчихаад ах Аийг М дээрээс татаж босгоод гал тогооны өрөө рүү түлхэж оруулахад М газраас босоод том өрөө рүү гүйгээд орсон. Тэгээд том өрөө рүү ортол М орон дээр суучихсан зүүн гар нь зүсэгдчихсэн 2 гар нь цус болчихсон хөнжил дээр цусаа арчаад, гарныхаа цусыг гоожуулаад сууж байхаар “та одоо яв яв” гээд гаргасан. ...” /хх 60-62/,

 

М.Аийн яллагдагчаар өгсөн “... эргээд хартал Х, М хоёр дахиад заамдалцчихсан байсан ба М баруун гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан Х руу дайрч байхаар нь би очоод Мыг хавирч унагаагаад гарт нь барьсан хутгыг булаацалдаад би хутгыг булааж аваад коридорын хувцасны шүүгээн доогуур шидсэн. ...” /хх 71-73/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “... Т.Мын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх бөгөөд уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 44-45/ дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч М.Аийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Жэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан прокуророос шүүгдэгч М.А, М.Ж нарын үйлдлийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх шинжтэйгээр зүйлчилж ирүүлснийг өөрчилж шүүгдэгч М.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч М.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаатай холбогдуулан шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан хэргийг хянан үзэхэд шүүгдэгч М.А нь хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

                 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Жэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 6 дахь заалтын М.Жэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Шерушисанырау овгийн Маралханы Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

-тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А, М.Ж нарын өмгөөлөгч Б.Адалбекийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ