Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Н.Ням-Очир,

хохирогч: Б.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Борхүү /1986/

шүүгдэгч: Г.Болормаа, Б.Баясгалан, тэдний өмгөөлөгч Д.Энхбаяр /0088/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Батбаярын Баясгалан, Урианхай овогт Гомбосүрэнгийн Болормаа нарт холбогдох эрүүгийн 2017 2602 0160 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод
төрсөн, 33 настай, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой
ажилгүй, ам бүл 4, нөхөр, 6-9 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамж 246 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦВ 84041705, Олохнууд овогт Батбаярын Баясгалан,

 

Монгол улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод
төрсөн, 40 настай, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологи инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 6-18 насны 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36и байрны 62 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЭ77070601, Урианхай овогт Гомбосүрэнгийн Болормаа.

 

Шүүгдэгч Г.Болормаа, Б.Баясгалан нар нь бүлэглэж 2016 оны 01 дүгээр
сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инээмсэглэл” пабд хохирогч Б.Батхуягт “Солонгос улсын виз гаргаж өгнө, виз хөөцөлдөж байна” хэмээн итгэл төрүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2 200 000 төгрөгийг авч залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баясгалан мэдүүлэхдээ:

Б.Батхуяг “Солонгос улсын виз гаргаж өгөөч” гэж өөрөө хүсэж ирсэн. Би түүнд туслая гэж бодоод Алтанцэцэг гэдэг хүнээс энэ талаар асуухад эрүүл мэндийн үзлэгт ороод, шалгалтандаа бүртгүүлчихвэл ямар ч байсан явуулаад өгнө гэж хэлсэн. Би тэр хүнд ч итгэсэн. Б.Батхуягийн визний материалыг нь өгөхөд 50 доллар, солонгос хэлний шалгалтын бүртгэлд 24 доллароор тус тус бүртгүүлсэн. Г.Болормаа бид 2 визийг нь хөөцөлдөж өгөхөөр эхлээд 1 000 000 төгрөг авсан. Дараа нь би 500 000 төгрөг, дахиад 700 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөг авсан. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас хохирогчоос нэмж мөнгө авсан юм. Намайг хохирогчоос мөнгө нэмж авсныг Г.Болормаа мэдээгүй. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 1 800 000 төгрөг өгсөн. Дараа нь 350 000 төгрөг хүлээлгэн өгсөн. Ингээд нийт 2 150 000 төгрөг өгсөн. Хохирогчоос эхлээд авсан 1 000 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг Б.Батхуягийг бүртгүүлэхэд хэрэглээд үлдсэн мөнгийг бид хоёр хувааж авсан. Дараа нь 500 000, 700 000 төгрөгийг хохирогч Б.Батхуяг миний данс руу шилжүүлсэн бөгөөд би хэрэглэсэн. Би хохиролд нийт 1 700 000 төгрөг төлсөн. Б.Батхуяг солонгос хэлний шалгалтандаа тэнцээгүй байсан тул дараагийн шалгалт болохоор дахиад шалгалт өгөөрэй гэхэд би энэ жил л солонгос явах ёстой гэж хэлсэн тул түүний ажлыг нь бүтээж өгөхөөр хичээсэн боловч чадаагүй.  Хохирогчийн нэхэмжилж байгаа сургалтын төлбөр болон эрүүл мэндийн үзлэгийн төлбөр болох 223 000 төгрөгийг энэ сард багтаан төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би 2 хүүхэдтэй тул надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Болормаа мэдүүлэхдээ:

Гадаад улс руу явуулах визийг тусгай зөвшөөрөлтэй компани зуучлах эрхтэй байдгийг би мэднэ. Бидэнд виз хөөцөлдөх тусгай зөвшөөрөл байхгүй. Надад БНСУ-ын виз гаргадаг газар таньдаг хүн байхгүй ч тухайн үед Алтанцэцэг гэх хүнтэй танилцаж байсан. Б.Батхуягт тус болох гээд түүнээс виз яаж гаргуулах вэ гэж асуухад эхний удаад бүртгүүлчих гэж хэлэхэд Б.Батхуягт бүртгүүл гэж хэлсэн.  Би хохирогчид шалгалтын онооны талаар яриагүй. Батхуяг өөрөө над руу шалгалтанд орох талаар ярьсан. Батхуяг эхлээд надад 1 800 000 төгрөг өгвөл гомдолгүй гэж хэлсэн. Дараа нь дахиад 400 000 төгрөг нэхэмжилнэ гэхээр нь 350 000 төгрөг төлсөн. Би авсан мөнгөө бүгдийг нь төлж дууссан гэж бодож байсан. Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр болон өмгөөлөгчийн зардлыг төлөх бодолгүй байна. Харин сургалтын төлбөрийг төлнө. Надад бэлэн гаргаж өгөх мөнгө байхгүй учраас иргэний журмаар төлөх бодолтой байна. Би хохиролд нийт 450 000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлал гуйя. Миний хүү одоо хүртэл халуунтай харах хүнгүй байгаа. Шүүхээс хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Батхуяг мэдүүлэхдээ:

Би Б.Баясгалангийн хадам ээж Ичинхорлоог таньдаг байсан. Тэгээд тэр хүнээс виз гаргаж өгөх хүн байна уу гэж асуусан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 25-нд Б.Баясгалантай ярьж уулзахад Г.Болормаа нь 3 000 000 төгрөгөөр Солонгос улс руу гаргана гэж хэлсэн. Эхний ээлжинд 1 000 000 төгрөг авъя гээд тэр 2 надаас мөнгө авсан. 3 дугаар сарын эхээр солонгос хэлний сургалтанд суугаад, шалгалт нь 4 дүгээр сарын 08-ны өдөр авах байсан боловч хойшлогдож, 5 дугаар сарын 15-ны өдөр шалтгалтанд орох байсан. Би Б.Баясгаланд солонгос хэлний шалгалтанд орох гэж байна, уначихвал яах вэ” гэж асуухад “бэлэн 500 000 төгрөг өгвөл найдвартай, 200 оноотой гаргаж өгье” гэхээр нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр түүнд 500 000 төгрөг өгсөн. Би мөнгө өгсөн болохоор шалгалтын хуудсыг бөглөөгүй. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шалгалтын хариу гарахад миний нэр байхгүй, шалгалтанд тэнцээгүй байсан тул Б.Баясгалан, Г.Болормаа нараас асуухад Б.Баясгалан “санаа зоволтгүй, 7 дугаар сарын 20 гэхэд нэр чинь орсон байна, хүлээж бай, ямар ч байсан эрүүл мэндийн үзлэгтээ орчих” гэж хэлсэн. Дараа нь 7 дугаар сарын 30-нд Улаанбаатар мед эмнэлэгт үзлэгт орсон. Баясгалан надад “8 дугаар сарын 20-ны өдөр виз гарчих байх” гэж хэлсэн. Баясгалан надад 7 дугаар сарын 27-ны өдөр “виз гаргахад хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна” гээд Болормаагийн данс гээд нэг дансны дугаар өгсөн. Би тэр данс руу нь 700 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 9 дүгээр сарын эхээр Б.Баясгалантай ярихад 12 дугаар сарын эхээр визний асуудал бүтнэ гэж хэлээд надтай дахин холбогдохоо больсон. Гар утас нь дуудаад авахгүй байсан. Би хаана хандахаа мэдэхгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгчид хандсан. Би эдгээр хүмүүсээс 2 150 000 төгрөг авсан. Би 7 дугаар сарын 05-ны өдөо шалгалтанд тэнцээгүй байхад энэ хүмүүс үнэнээ хэлэх хэрэгтэй байсан. Тэд виз удахгүй гарна гэсэн тул би эмнэлгийн үзлэгт орж, 100 300 төгрөг төлсөн. Одоо эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 100 300 төгрөг, солонгос хэлний сургалтанд суусны төлбөр 120 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 500 000 төгрөг, нийт 720 300 төгрөг шүүгдэгч нараас гаргуулна. Надад учирсан хохирлыг төлбөл гомдолгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Ичинхорлоо мэдүүлэхдээ:

Би Б.Батхуяг гэдэг залууг танина. Бид хоёр 2011 оноос хойш сүлжээний компанид хамт ажиллаж байсан. Бие биенийгээ сайн мэднэ. 2016 оны 01 сарын үеэр Б.Батхуяг нь “Ичинхорлоо эгчээ би Солонгос улс руу гарах гэсэн юм аа, та надад таньдаг хүн байвал олж өгч туслаач” гэж гуйсан. Би тэгэхэд нь “манай бэр Б.Баясгалан нь найзтайгаа нэг тиймэрхүү яриад байсан, чи өөрөө асуу” гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд цааш тэд нарын хооронд юу болсон талаар мэдэх юм надад байхгүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)  

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Болормаа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 129 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Баясгалан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Г.Болормаа, Б.Баясгалан нар нь бүлэглэж 2016 оны 01 дүгээр
сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инээмсэглэл” пабд хохирогч Б.Батхуягт “Солонгос улсын виз гаргаж өгнө, виз хөөцөлдөж байна” хэмээн хуурч мэхлэх аргаар 2 200 000 төгрөгийг залилан мэхэлж авснаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батхуяг, гэрч Ц.Ичинхорлоогийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

  Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Болормаа, Б.Баясгалан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй ба тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд Б.Баясгалан, Г.Болормаа нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нар хохирогчид 2 150 000 төгрөг төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Хохирогч нь энэ хүмүүс намайг залилан мэхэлсний улмаас би солонгос хэлний сургалтанд сууж 120 000 төгрөг, эмнэлгийн үзлэгт орж, 100 300 төгрөг, өмгөөлөгчид 500 000 төгрөг төлж, нийт 720 300 төгрөгөөр хохирсон гэж өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээс шүүгдэгч нар солонгос хэлний сургалтанд суусан 120 000 төгрөг, эмнэлгийн үзлэгт орсон 100 300 төгрөг, нийт 220 300 төгрөгийг маргахгүйгээр төлнө гэж сайн дураар зөвшөөрч байх ба харин өмгөөлөгчийн зардалд нэхэмжилж байгаа 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-т “хохирогч өмгөөлөгч авах эрхтэй” гэж заасан бөгөөд түүний өмгөөлөгчид төлсөн 500 000 төгрөг өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд зориулагдсан зардал юм. Хохирогчийн нэхэмжилж байгаа  500 000 төгрөгийг шүүгдэгч нарын үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Б.Баясгалан, Г.Болормаа нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, Б.Баясгалан 6-9 насны 2, Г.Болормаа 6-18 насны 2 хүүхдээ асардаг ар гэрийн байдлыг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.