Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/296

 

 

 

 

 

 

 

 

 

                                    2025/ШЦТ/296

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                    

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Дгийн Бд холбогдох 2512004540262 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн И суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн И сумын Т багийн Зны 7-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Дгийн Б /РД:АГ......./

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Архангай аймгийн И сумын Т багт байх хохирогч Н.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Эод 1.650.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512004540262 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч И.Эын “...Миний алдсан гэх гар утас нь Айфоне 14 про маркийн алган шаргал өнгөтэй, 256 гегабайт багтаамжтай, арын таг нь хагарч наалт наасан, шилэн наалттай, өнгөгүй мөртлөө судалтай кейстэй байсан. Би алдсан гэх гар утсаа 2025 оны 08 дугаар сарын 10-ны үед солонгосоос монгол мөнгөөр 3.000.000 гаруй төгрөгөөр худалдан авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байсан. Би алдсан гэх утсаа монголд байгаа зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Би алдсан гэх гар утсандаа Юнителийн б дугаарын сим карт ашиглаж байсан. Одоо бол симээ сэргээлгээгүй байгаа. Тухайн симийг сэргээлгэхэд 5,000 төгрөг. Миний алдсан гэх гар утас манай байшингийн том өрөөний ширээн дээр байсан. Би гэртээ ганцаараа байсан бөгөөд байшингаасаа 10 гаруй метрийн зайд байрлах хүлэмждээ байсан. Хашаа болон гэрийн хаалга мөн хаалттай байсан...цоожтой байгаагүй. Орон байрны аюулгүй байдал гэж зүйл байх ёстой тийм болохоор хашаа, байшин цоожгүй байлаа ч гэсэн хэн нэгэн шууд нэвтэрнэ гэсэн ойлголт биш заавал эзнээс зөвшөөрөл авах ёстой.

 

Надад сэжиглэж байгаа хүн байна. Намайг хүлэмжид ажилтай байх үеэр манай садангийн ах болох Д овогтой Б нь манай хашаа, байшин руу эзний зөвшөөрөлгүй нэвтэрч том өрөөний ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хулгайлан авч Архангай аймаг ороод ломбардад тавьсан гэж Б гэх хүн өөрөө надад хэлсэн. Мөн мөнгө олж гар утсыг чинь ломбардаас авч өгнө гэж надад хэлсэн. ...гомдол саналгүй. Гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 16-17 хуу/,

           Иргэний нэхэмжлэгч М.Аын “...2025 оны 08 дугаар сарын эхээр би Номин төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утас засвар дээрээ байж байтал өдрийн цагаар хөдөөний шинжтэй, дээлтэй, 40 гаруй насны эрэгтэй хүн айфоне 14 про маркийн цагаан шаргал өнгийн гар утсыг авч ирээд надад хандан “энэ гар утасны кодыг хэрхэн, яаж гаргах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “кодыг нь гаргах ямар ч боломжгүй” гэж хариулсан. Тэгтэл тухайн хүн надад хандан би “энэ утсаар хүнтэй ярьж самарт явах хоол хүнсний мөнгө авах байсан юм энэ манай хүүхдийн гар утас байгаа юм, надад кодтой гар утсаа өгөөд явуулчхаж” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандан “чухал шаардлагатай бол миний гар утсаар тухайн хүн рүүгээ ярьчихгүй юу мөн хүүхэд рүүгээ яриад гар утасныхаа кодыг авчихгүй юу” гэж хэлтэл “холбоо барих дугааруудыг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн эрэгтэй манай засвар дээр миний ширээний өмнө 10 гаруй минут байх хугацаанд тус гар утсанд гаднаас ямар нэгэн дуудлага ирээгүй. Тухайн гар утас сүлжээтэй холбогдох боломжтой байсан. Тэгээд байж байтал тухайн эрэгтэй надад хандан “ахын дүү энэ гар утсыг хадгалаад байж байгаач ах нь хэд хоног самарт явж ирээд гар утсаа буцааж авъя. Харин чи надад хоол хүнсний мөнгө болох 200.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай түр зээлээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн эрэгтэйд хандан тэгвэл “би танд тус болъё 14 хоногийн дараа та мөнгөө авч ирж өгөөд гар утсаа аваад яваарай” гэж хэлтэл тэр ах зөвшөөрч гар утсаа надад үлдээгээд би тухайн ахад 200.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тэгтэл сүүлд цагдаагийн байгууллагаас манай ажил дээр ирэн тухайн гар утсыг хулгайнх болох талаар надад мэдэгдэж тухайн гар утсыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан. Иймд надад 200.000 төгрөгт айфоне 14 про маркийн гар утсыг барьцаалж надаас авсан мөнгө болох 200.000 төгрөгийг холбогдогчоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

 

           Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36-38 хуу/,

           Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээч Ц.Тйийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №АЦ-25-176 дугаартай эд зүйлсийн үнэлгээг 1.650.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-47 хуу/,  

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 хуу/,

           Яллагдагч Д.Бгийн “...миний үйлдэлтэй тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бг Архангай аймгийн И сумын Т багт байх хохирогч Н.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Эод 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус тодорхойлсон.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээ заахгүйгээр хүндрүүлэн зүйлчилдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

Хохирогч И.Эын “...Миний алдсан гэх гар утас нь Айфоне 14 про маркийн алган шаргал өнгөтэй, 256 гегабайт багтаамжтай, арын таг нь хагарч наалт наасан, шилэн наалттай, өнгөгүй мөртлөө судалтай кейстэй байсан. Би алдсан гэх гар утсаа 2025 оны 08 дугаар сарын 10-ны үед солонгосоос монгол мөнгөөр 3.000.000 гаруй төгрөгөөр худалдан авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байсан. Би алдсан гэх утсаа монголд байгаа зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Би алдсан гэх гар утсандаа Юнителийн .. дугаарын сим карт ашиглаж байсан. Одоо бол симээ сэргээлгээгүй байгаа. Тухайн симийг сэргээлгэхэд 5,000 төгрөг. Миний алдсан гэх гар утас манай байшингийн том өрөөний ширээн дээр байсан. Би гэртээ ганцаараа байсан бөгөөд байшингаасаа 10 гаруй метрийн зайд байрлах хүлэмждээ байсан. Хашаа болон гэрийн хаалга мөн хаалттай байсан...цоожтой байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байна. Намайг хүлэмжид ажилтай байх үеэр манай садангийн ах болох Д овогтой Б нь манай хашаа, байшин руу эзний зөвшөөрөлгүй нэвтэрч том өрөөний ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хулгайлан авч Архангай аймаг ороод ломбардад тавьсан гэж Б гэх хүн өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 16-17 хуу/,

           Иргэний нэхэмжлэгч М.Аын “...Тэгэхээр нь би “кодыг нь гаргах ямар ч боломжгүй” гэж хариулсан. Тэгтэл тухайн хүн надад хандан би “энэ утсаар хүнтэй ярьж самарт явах хоол хүнсний мөнгө авах байсан юм энэ манай хүүхдийн гар утас байгаа юм, надад кодтой гар утсаа өгөөд явуулчхаж” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандан “чухал шаардлагатай бол миний гар утсаар тухайн хүн рүүгээ ярьчихгүй юу мөн хүүхэд рүүгээ яриад гар утасныхаа кодыг авчихгүй юу” гэж хэлтэл “холбоо барих дугааруудыг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн эрэгтэй манай засвар дээр миний ширээний өмнө 10 гаруй минут байх хугацаанд тус гар утсанд гаднаас ямар нэгэн дуудлага ирээгүй. Тухайн гар утас сүлжээтэй холбогдох боломжтой байсан. Тэгээд байж байтал тухайн эрэгтэй надад хандан “ахын дүү энэ гар утсыг хадгалаад байж байгаач ах нь хэд хоног самарт явж ирээд гар утсаа буцааж авъя. Харин чи надад хоол хүнсний мөнгө болох 200.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай түр зээлээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн эрэгтэйд хандан тэгвэл “би танд тус болъё 14 хоногийн дараа та мөнгөө авч ирж өгөөд гар утсаа аваад яваарай” гэж хэлтэл тэр ах зөвшөөрч гар утсаа надад үлдээгээд би тухайн ахад 200.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тэгтэл сүүлд цагдаагийн байгууллагаас манай ажил дээр ирэн тухайн гар утсыг хулгайнх болох талаар надад мэдэгдэж тухайн гар утсыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

           Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээч Ц.Тйийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №АЦ-25-176 дугаартай эд зүйлсийн үнэлгээг 1.650.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-47 хуу/, 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 хуу/ зэрэг нотлох баримтуудаар Архангай аймгийн И сумын Т багт байх хохирогч Н.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшин дотор ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утас алдагдаж, хохирогч Н.Эод 1.650.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б  нь Архангай аймгийн И сумын Т багт байх хохирогч Н.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшин дотор ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хулгайлж, хохирогч Н.Эод 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Бгийн холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхдээ хохирлын хэмжээ харгалзахгүйгээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Хүн амьдрах орон байр шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг эвдэх цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж  хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ.   

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Эын өгсөн “...Миний алдсан гэх гар утас манай байшингийн том өрөөний ширээн дээр байсан. Би гэртээ ганцаараа байсан бөгөөд байшингаасаа 10 гаруй метрийн зайд байрлах хүлэмждээ байсан. Хашааны хаалга хаалттай, гэрийн хаалга мөн хаалттай байсан ямар нэгэн цоожтой бол байгаагүй. Намайг хүлэмжид ажилтай байх үеэр манай садангийн ах болох Д овогтой Б нь манай хашаа, байшин руу эзний зөвшөөрөлгүй нэвтэрч том өрөөний ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хулгайлан авч Архангай аймаг ороод ломбардад тавьсан гэж Б гэх хүн өөрөө надад хэлсэн. Манайхаар хааяа орж гардаг...” гэх мэдүүлэг, Д.Бгийн сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед өөрийн садангийн дүү болох Эынд явган очсон. Очтол хашааны хаалга хаалттай мөртлөө цоожгүй байсан. Тэгэхээр нь би байшин руу ортол байшинд хүн байхгүй байсан. Байшин руу ороод том өрөө рүү ортол ширээн дээр гар утас байсан /маркийг нь мэдэхгүй/ бөгөөд би гар утсыг авч өмсөж явсан өмднийхөө кармаа руу хийгээд байшингаас гарч явсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Э нь өөрийн хашаанд байх хүлэмждээ ажиллаж байх хугацаанд хашааны хаалга, байшингийн хаалга хаалттай боловч цоожгүй байсан. Садангийн хүн болох Д.Б гар утсыг авч ломбардад тавьсан талаар хэлсэн, манайхаар хааяа орж гардаг талаар мэдүүлсэн.

 Мөн шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нар төрөл садны холбоотой талаар мэдүүлдэг, тухайн цаг хугацаанд хашааны болон байшингийн хаалга цоожгүй байсан, шүүгдэгчийн зүгээс түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах гэх нэвтрэх идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан боловч түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангахгүй байна.  

 

Шүүгдэгч Д.Б  нь Архангай аймгийн И сумын Т багт байх хохирогч Н.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшин дотор ширээн дээр байсан Айфоне 14 про маркийн гар утсыг хулгайлж, хохирогч Н.Эод 1.650.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогчид 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болохоор хуульчилсан.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эод 1,650,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Ат 200,000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Н.Э нь эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч Д.Бг хохирогчид  төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт М.А нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд түүнд 200,000 төгрөгийн  хохирол учирсан болох нь тогтоогддог.

Шүүгдэгч Д.Б нь иргэний нэхэмжлэгч М.Ат учирсан хохирол 200,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Д.Бгаас 200,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Ат олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржгон овогт Дгийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч  Боржгон овогт Дгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Бгаас 200,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Сонины 14-р байрны 1-6 тоотод оршин суух хаягтай, Ан.д овогт М.ын А/РД:.../-т олгосугай.

7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР