| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
| Хэргийн индекс | 148/2022/01013/И |
| Дугаар | 148/ШШ2023/00259 |
| Огноо | 2023-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 148/ШШ2023/00259
| 2023 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 148/ШШ2023/00259 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 42 тоотод оршин суух хаягтай, ******* боржигон овогт *******ын ******* /РД:УС69032701/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум 1 дүгээр баг, Тарвагатай, бугат 2 дугаар гудамж, 6 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /РД:МП59051676/-д холбогдох
Гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь Ш.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М.******* миний ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн 02-00 УБЦ улсын дугаартай автомашиныг Ж.******* жолоодож явахдаа 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын тарвагатай 1 дүгээр багийн 4-н замын уулзвар гэх газар 67-89 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун галаас нь мөргөж зам тээврийн осол гарсан ба ослын талаар Монгол даатгал ХК-ийн шуурхай дуудлагын төвийн 18001990 утсанд тухай үед мэдэгдсэн.
Уг ослын улмаас миний автомашинд их хэмжээний гэмтэл учирч өөрөө явах боломжгүй болж Улаанбаатар хот руу Их тээвэр ХХК-ны автомашинд ачуулан авч ирсэн. Энэ тухай Монгол даатгал" ХК-д мэдэгдэж улмаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг Монгол даатгал ХК 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө, даатгалын үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох Ашид билгүүн ХХК-аар 797 дугаар автомашин техникийн үнэлгээний тайланг гаргуулж хохирлын хэмжээг 54.972.500 төгрөгөөр тогтоолгосон.
Гэвч "Монгол даатгал ХК нь миний хохирлыг төлж барагдуулахгүй хэмээн маргаан үүсгэж бид маргаанаа шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлсэн юм. Талуудын хооронд үүссэн маргаан нь Монгол улсын дээд шүүх хүртэл маргалдаж шүүхээс 27.464.261 төгрөгөөр хангаж үлдэх 27.508.239 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч надад хариуцагч Ш.*******ийн болгоомжгүй үйлдлээс болж ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн 02-00 УБЦ улсын дугаартай автомашины эвдрэлд 54.972.500 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд үүний тал нь буюу 49.96 хувь болох 27.464.261 төгрөгийг тээврийн хэрэгслийн даатгал Монгол даатгал ХК)-аас гаргуулж авсан.
Одоо надад ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн 02-00 УБЦ улсын дугаартай автомашины эвдрэлийн 27.508.239 төгрөгийн хохирол, мөн Их тээвэр ХХК-д төлсөн автомашиныг Улаанбаатар хот руу ачиж авч ирсэн хохирол болох 800.000 төгрөгний хохирлууд барагдалгүй үлдээд байгаа бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Зам тээврийн осол болсон даруйд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаад 2020 оны 04 сарын 08-ны өдрөөс эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Улмаар 2020 оны 07 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх В.Батдэлгэр прокурор нь 145 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол үйлдэн уг хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн юм.
Мөн уг тогтоолд М.******* нь уг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол. хор уршгийг үндэслэл бүхий баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвлэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэм хор учруулагч Ш.******* нь дээрх хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд юм.
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасан байдаг ба нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 54.972.500 төгрөгийн бодит хохирол учирч, мөн хэмжээний засвар үйлчилгээг ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн 02-00 УБЦ улсын дугаартай автомашинд хийж гүйцэтгэж бодит хохирол учирсан, мөн Их тээвэр ХХК-аар ачуулж ирсэн 800.000 ( найман зуун мянга ) төгрөгний бодит хохирол учирсан тул хариуцагчаас гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд гарсан хохирлыг гаргуулах эрхтэй юм.
Зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг авч өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломжит бүх арга хэмжээ авч өдийг хүрээд байгаа болно. Иймд хариуцагч Ш.*******ээс гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэм хорын хохиролд 28,308,239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М.******* Тоёота ланд крузер 200 маркийн 0200 УБЦ улсын дугаартай авто машиныг ******* гэдэг хүн жолоодож явахад 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 1-р баг Тарвагатайн 4 замын уулзвар гэх газар 6789 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас авто машинд их хэмжээний гэмтэл учирч өөрөө явах боломжгүй болсон учраас Тээвэр ХХК-ийн машинд ачуулан Улаанбаатар хот руу хүргүүлсэн. Тухайн үед Монгол даатгал компанийн тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан байсан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэхэд авто машинд учирсан хохирол 54,972,504 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ гаргасан. Монгол даатгал компаниас нэхэмжилж 3 шатны шүүхээр маргаад эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхээс 54,972,504 төгрөгөөс 27,464,261 төгрөгийг хангаад, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч М.******* нь Ш.*******ийн болгоомжгүй үйлдлээс бол Ланд 200 маркийн авто машинд 54,972,504 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг талыг нь 49.96 хувийн төлбөрийг даатгалын компаниас гаргуулж авсан байна. Авто машин өөрөө явах боломжгүй учир Улаанбаатар хот руу ачиж хүргэсэн Их тээвэр гэдэг компанид 800,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Нийтдээ 28,308,239 төгрөг болж байгаа. Зам тээврийн осол гарсны дараа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 145 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол үйлдээд зөрчлийн шинжтэй учир зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэх гэж эрх бүхий байгууллага руу шилжүүлсэн. Зам тээврийн ослын учирсан хохирол хор уршийг баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар хуульчилсан. 499 дүгээр зүйлийн 499.1-т зорчигч болон ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд учирсан гэмтлийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд гэм хорын хохирлыг хариуцагч Ш.******* хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө нь байсан байдалд нь сэргээх, эд хөрөнгийг нь засах, мөнгөн төлбөрийг нөхөн төлөх зохицуулалттай. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 28,308,239 төгрөгийг хариуцагч Ш.*******ээс гаргуулах шаардлага гаргасан. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хуудас хэрэгт авагдсан байгаа. Зам тээврийн осол нь хариуцагч Ш.*******ийн буруутай үйлдлээс болсон гээд түүнийг 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ш.******* хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэхээ хэрэгт авагдсан материалтай танилцаж байж шийднэ.
Тухайн үед машиныг барьж байсан жолоочийн үйлдэл буруутай үйлдэл байсан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэм хоын хохиролд 28,308,236 төгрөг нэхэмжилсэн. Энэ хэрэгт Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээгээр 54,972,500 төгрөг гарсан. 50 сая төгрөгөөс дээш үнийн дүн гарсан тул эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлтэй. Тухайн үед эрүүгийн хэрэгт гомдол гаргаад дахин шинжээч томилуулаад бүрэлдэхүүнтэй гурван шинжээчийн дүгнэлтээр 37,855,000 төгрөг гарсан. Гурван шинжээчийн дүгнэлт гарсан учраас эрүүгийн хэрэг үүсгээгүй энэ хэрэг хаагдсан. Гэтэл нэхэмжлэгч өнөөдөр өмнөх шинжээчийн дүгнэлтийг гаргаад 3 шатны шүүхээр маргасан. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсныг Монгол даатгал ХХК мэдээгүй. Үнэндээ бол 54,972,500 төгрөгийн үнэлгээ биш, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 37,855,000 үнэлгээ гарсан учраас эрүүгийн хэргийг хаасан. Хэргийг хаасан тогтоолд хохирлын үнийн дүн 50 сая хүрээгүй учир гэмт хэргийн шинжгүй байна гэж дурдсан байгаа. Иймд нэхэмжлэийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ослын акт, шинжээчийн дүгнэлтэд хариуцагч буруутай гэсэн үг өгүүлбэр байхгүй. ******* жолоодож яваад мөргөсөн гэдэг дүгнэлт байгаа. Ш.*******ийн тухайд осол гарах урьдчилсан нөхцөл бүрдүүлсэн гэдэг утгатай дүгнэлт гарсан. Ш.*******ийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэдэг дүгнэлт байхгүй. ******* жолоодож яваад осол гаргасан гэдэг эргэлзээтэй дүгнэлт гарсан. Хариуцагчийн хувьд тодорхой хэмжээний хохирол төлбөр төлнө. Үүнийгээ хуульд нийцүүлж сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тооцуулаад Монгол даатгал ХХК-иас шүүхээр тогтоолгож авсан мөнгөн дүнг хасаад үлдсэн дүнгээр төлөх боломжтой. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн бол гэж заасан. Нэхэмжлэгч даатгалын мөнгөө хугацаандаа төлөөгүй учраас даатгалын 50 хувиа алдсан. Цаг тухайд нь даатгалаа төлсөн бол уг мөнгө бүрэн олгогдох байсан. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан учир хэмжээг багасгаж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаар тогтоол, мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай, шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08 дугаар дүгнэлт, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 43/1-2023 дугаар албан бичиг, нэхэмжлэх №, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 797 дугаар автомашины үнэлгээний тайлан, жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн Засаг даргын 368 дугаар тодорхойлолтын хуулбар, Бат зөв ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар, Их тээвэр ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01231 дүгээр шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1262 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00731 дүгээр тогтоолын хуулбар, , тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн албан бичиг болон зээлийн гэрээний хуулбар, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Хариуцагчаас гаргаж өгсөн баримт байхгүй байна.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №0352282 дугаартай шийтгэлийн хуудас, шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаартай дүгнэлт, Монгол даатгал ХХК-ийн автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08 дугаар дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ш.*******д холбогдуулан гэм хорын хохирол 28,308,239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.******* нь тухайн осолд нэхэмжлэгчийн машиныг жолоодож явсан *******ын буруутай үйлдэл нөлөөлсөн. Бүрэлдэхүүнтэй гурван шинжээчийн дүгнэлтээр 37,855,000 төгрөгийн хохирол тогтоогдсон байдаг. Ийм учраас эрүүгийн хэргийг хааж, зөрчлийн хэргээр 100,000 төгрөгөөр торгуулсан. Хариуцагчийн хувьд тодорхой хэмжээний хохирол төлбөр төлнө. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан учир хэмжээг багасгаж өгнө үү гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага нийт 28,308,239 төгрөгөөс 10,390,739 төгрөгийг хангаж, 17,917,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Хариуцагч Ш.******* нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн Ж.*******ын унаж явсан иргэн М.Ариун-Эрдэнийн эзэмшлийн 02-00 УБЦ улсын дугаартай тоёото ландкруйзер-200 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, дахин шинжээчийн дүгнэлтээр М.Ариун-Эрдэнийн эзэмшлийн 02-00 УБЦ улсын дугаартай тоёото ландкруйзер-200 маркын тээврийн хэрэгсэлд 37,855,000 төгрөгийн хохирол учирсан тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Ш.*******ийг 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болох нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаар тогтоол, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №0352282 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 53 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол байх бөгөөд уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Дээрх автын ослоос нэхэмжлэгч М.Ариун-Эрдэнийн эзэмшлийн 02-00 УБЦ улсын дугаартай тоёото ландкруйзер-200 маркын тээврийн хэрэгсэлд 37,855,000 төгрөгийн хохирол учирсан, эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээ хүрээгүй тул зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба дээрх шийтгэлийн хуудсанд талууд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийн хувьд тодорхой хэмжээний хохирол төлбөр төлөхөө зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан, энэ талаар зохигч маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч М.Ариун-Эрдэнийн эзэмшлийн 02-00 УБЦ улсын дугаартай тоёото ландкруйзер-200 маркын тээврийн хэрэгсэлд 37,855,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон учраас гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Ариун-Эрдэнийн нэхэмжлэлд дурьдсанаар ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн 02-00 УБЦ улсын дугаартай автомашинд учирсан хохирол 27,508,239 төгрөг, Их тээвэр ХХК-аар ачуулсан зардал 800.000 төгрөг, нийт 28,308,239 төгрөгийн зардал гарснаас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үүнд: ТОҮOTA LAND CRUISER 200 маркийн 02-00 УБЦ улсын дугаартай автомашинд учирсан хохирол 27,508,239 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус машинд учирсан хохирол нь 37,855,000 төгрөг болох нь Капитал зууч ХХК, Цэгц үнэлгээ ХХК, Банхас ХХК нарын үнэлгээчдийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №1 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгч М.******* нь Монгол даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 27,464,261 төгрөг гаргуулан авсан байх тул гэм хорын хохирлоос уг даатгалын нөхөн төлбөрийг хасч, хариуцагч Ш.*******ээс гэм хорын хохиролд 10,390,739 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 17,117,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн тус машиныг Улаанбаатар хот руу Их тээвэр ХХК-аар ачуулсан зардал 800.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Учир нь: Хэрэгт авагдсан Бат зөв ХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар, Их тээвэр ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар зэрэг нь хуулбарлав тэмдэг дарагдсан боловч ямар байгууллагын тэмдэг болох нь тодорхойгүй, 2 өөр байгууллагын баримт байхад 1 хуулбарлав тэмдэг дарагдсан, эх баримтаас хуулбарласан эсэх нь эргэлзээтэй байх тул тус 2 баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч М.Ариун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,390,739 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, баримтаар нотлогдоогүй 17,917,50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч оролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 181,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******ээс 10,390,739 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, 17,917,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 181,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ
Б.БАЯРСАЙХАН