Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2023/00390

 

 

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2023/00390

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, Дэлгэрхаан, Зөгий-1 гудамж, 1-12 тоотод оршин суух, Мянган овогт *******гийн ******* РД:/ШВ71050200/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 23-06 тоотод оршин суух, Жилайр овогт *******н *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 10 бүл зөгий худалдсаны үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь П.*******д холбогдуулан 10 бүл зөгий худалдсаны үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т.******* миний бие нь Шаамар суманд хувиараа зөгийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 2022 оны 6 дугаар сард ******* овогтой *******д өөрийнх нь хүсэлтийн дагуу 10 бүл зөгий худалдсан бөгөөд 1 бүл зөгийн үнийг 500,000 төгрөгөөр тохиролцсон юм.

П.******* нь зөгийн бүлээ үзэж, шалгаж машиндаа ачсаныхаа дараа уучлаарай эгчээ, өнөөдөр мөнгөө бэлдэж амжсангүй, зөгий худалдаж авсны төлбөр 5.0 сая төгрөгөө 7 хоногийн дотор бүрэн төлнө гэхээр нь итгээд явуулсан боловч үүнээс хойш төлбөрөө хийлгүй байнга худлаа ярьж сүүлдээ утсаа ч авахаа больсон.

2022 оны 7 дугаар сард араас нь хөөцөлдөж байж 1.0 сая төгрөг шилжүүлж авсан. П.******* нь удаа дараа хүлээж бай, та тэвчээртэй бай хэд хоногоос мөнгө орж ирэхээр нь өгнө гэсний дагуу тэвчиж хүлээсээр хагас жил гаруй хүлээсэн.

Цаашид П.*******гийн яриа нь худлаа, миний итгэлийг эвдэж, хууран мэхлэж, залилан хийж байгаа юм байна гэдгийг ойлгосон тул 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн газарт энэ асуудлыг шалгаж өгөх тухай өргөдөл гаргасан болно.

Улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот дугаар бүхий прокурорын тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан.

Тус тогтоолд .... эд хөрөнгийн маргаан байна. Иргэн Т.*******гаас ирүүлсэн 4324 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай гэжээ.

Цагдаагийн газар иргэний хэрэг гэж үзэх байсан бол анхнаасаа яагаад миний өргөдлийг хүлээн авч байгаа юм бэ? Иргэн П.******* нь улаан цайм залилангийн хэрэг хийгээд, цагдаад худал мэдүүлэг өгөөд, үгсээд явахад прокурор хэрэг бүртгэл нээхээс татгалзаж, иргэд хоорондын маргаан мэтээр үзэж байгаад гайхаж хяналтын прокурор Т.Нансалмаагийн гаргасан энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж аймгийн Ерөнхий прокурорт хандсан боловч мөн адил хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд иргэн П.*******гаас зөгийн бүл худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.*******г Улаанбаатар хотод байхад П.******* нь холбогдож 20 бүл зөгий авна гэж хэлсэн. П.******* төрсөн дүүгийн хамт машинтай ирээд 2022 оны 06 дугаар сард 10 бүл зөгийг шалгаж аваад 7 хоногийн дараа блокны мөнгө орж ирэхээр 5,000,000 төгрөг бүрэн төлнө гэж хэлж авч явсан. Ингээд 7 хоногийн дараа утсаа авахгүй, мессеж бичиж одоо боломжгүй байна, би өгнө та тайван хүлээж бай гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн. Т.******* мөнгөө авч чадахгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг биш, иргэд хоорондын мөнгөний маргаантай асуудал учраас шүүхэд хандаж иргэний журмаар шийдвэрлүүл гэж хариу өгсөн тул 10 бүл зөгий зарсан үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөг нэхэмжилсэн гэв.

3. Хариуцагч П.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Т.******* нь П.******* надад холбогдуулан 10 бүл зөгийний үнэ 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх 2002 онд ******* эгч 10 бүл зөгийг / 1 бүлд 10,000 зөгий байдаг/ 1 бүлийг 500,000 төгрөгөөр тооцож, надад худалдахаар тохирсон боловч бүлэнцэр зөгий надад өгсөн. Бүлэнцэр зөгийнд ойролцоогоор 5,000 орчим зөгий байдаг. Бүл зөгийний тал буюу бүлэнцэр зөгийг надад Шижирээ эгч өгсөн.

Тухайн үед Шижирээ эгч надад ямар тоо хэмжээтэй зөгий өгснөө мэдээд өгсөн тул би тухайн тоо ёсоор өгсөн зөгийний мөнгийг л өгөх юм байна гэж ойлгож, бодож явсан.

Иймд анх тохиролцсон ёсоороо зөгий өгөөгүй тул би 4,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Одоо өгвөл 1,500,000 төгрөгийг л өгөөд асуудлаа шийдэх хүсэлтэй байна гэжээ.

4. Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* эгч бид хоёр 2022 оны 04 дүгээр сараас холбогдон 20 бүл зөгий авах талаар ярилцаж эхэлсэн. Бид хоёр нэг нутгийн хүмүүс учир сайн зөгий өгнө гэж бодсон. Т.******* эгч одоо аваад хэрэггүй, хаврын арчилгаанд мөнгө гаргах хэрэгтэй болно. Зөгий сайн болохоор нь 10 бүл зөгийг 20 бүл болохоор сайн зөгий эх зөгийтэй дагалдуулж өгье гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сард манайх модон блокны тоног төхөөрөмж зарсан байсан мөнгө нь орж ирэхээр авна гэж бодож байсан ч зуны улирал өнгөрөх гээд байсан тул түрүүлээд 10 бүл зөгийг дүүтэйгээ хамт очиж авсан. Тухайн үед хэдэн төгрөгөөр авах талаар ярилцаагүй. Манай дүү энэ зөгийнүүд яасан юм бэ? гэж асуухад Т.******* эгч тасалсан бүлэнцэр зөгий болохоор аргагүй гэж хэлсэн тэр үед ямар хүч багатай зөгий өгч байгаагаа Т.******* эгч өөрөө сайн мэдэж байсан. Би ч бас 7 дугаар ангиасаа зөгий маллаж байсан зөгийний талаар мэдлэгтэй. Би бүлэнцэр зөгий өгсөн учраас 2,500,000 төгрөг өгнө гэж ойлгосон. Тухайн үед авсан зөгий хүч муутай муу зөгий байсан гэдгийг Т.******* эгчийн найз нь ч мэдэж байгаа. 10 бүл зөгийг 10 эх дагуулж өгнө гэсэн ч эхийг нь ч өгөөгүй, бүлэнцэр л тасалж өгсөн. Т.******* эгчийн нөхөр манай дарга байсан, бие биеэ сайн таньдаг учир итгээд авсан. Тиймээс би бүлэнцэр зөгийний мөнгө төлөх эсвэл энэ жил дахин бүлэнцэр зөгий нэмж авах хүсэлтэй байна гэв.

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, утасны мэссэжний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргаж өгсөн болон зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт байхгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 10 бүл зөгий худалдсаны үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.******* нь бүлэнцэр зөгий худалдсан тул үнийг зөвшөөрөхгүй, бүлэнцэр зөгийний үнэ төлөх эсвэл энэ жил дахин бүлэнцэр зөгий нэмж авна гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Т.******* нь 10 бүл зөгий шилжүүлэх, хариуцагч П.******* нь үнэ 5,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Иймд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч П.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь тохиролцсон ёсоор өөрийн үүргийг биелүүлж, 2022 оны 6 дугаар сард 10 бүл зөгийг хариуцагч Т.*******д хүлээлгэн өгсөн, хариуцагч П.******* нь үнийн 5,000,000 төгрөгөөс 2022 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 4,000,000 төлөөгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч П.******* нь 10 бүл зөгийг өөрийн биеэр очиж шалгаж авсан байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т зааснаар хариуцагчийг 10 бүл зөгийг хүлээн авсанд тооцно.

Мөн хариуцагч П.******* нь 10 бүл зөгийг хүлээн авахдаа Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т тус тус зааснаар 10 бүл зөгийг тоо, хэмжээ, чанар зэргээр биет байдлын доголдолтой гэж үзсэн бол уг доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан бөгөөд Хүч муутай бүлэнцэр зөгий гэдгийг мэдсэн гэх хариуцагчийн тайлбараас үзвэл 10 бүл зөгийний тоо, хэмжээ, чанар зэргээр биет байдлын доголдлын талаар мэдсэн боловч хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ хариуцагч П.******* нь алдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Т.*******гийн 10 бүл зөгий худалдсаны үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******гаас 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.*******гаас 10 бүл зөгий худалдсаны үлдэгдэл төлбөр 4 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******гаас 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА