Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 169

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч Д.Батжаргал, түүний өмгөөлөгч З.Ариунцэцэг,

Шүүгдэгч Я.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шангас овогт Ядмаагийн Оюунчимэг, Боржигон овогт Дагвадоржийн Батжаргал нарт холбогдох эрүүгийн 201726020180 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын арга зүйч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2а-29 тоотод оршин суух Боржигон овогт Дагвадоржийн Батжаргал /РД:ЦВ71121336/.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай эмэгтэй, дөрвөд, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шангас овогт Ядмаагийн Оюунчимэг /РД:ОЗ74091600/

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/:

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а дугаар байрны 29 тоотод Я.Оюунчимэг, Д.Батжаргал нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Оюунчимэг мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй. Батжаргал бид 2 эвлэрч байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батжаргал мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй. Оюунчимэг бид 2 эвлэрч байгаа гэв.

 

            Хохирогч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Оюунчимэг ирсэн ба би хөдөө идэшинд явах тухайгаа хэлсэн ба намайг буруу ойлгож янхан руугаа яв гэж хэл ам болсон. Тэр шөнөжин хэрүүл болоод миний биед жижиг хөхрөлт үүссэн. Гомдол санал байхгүй гэв.

 

            Хохирогч Я.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: 2016.11.12-ны өдөр Ирландаас ирсэн ба намайг Батжаргал тосоогүй. Тэгээд гэртээ ирээд цай хоол идсэний дараа миний дүү явсаны дараа Батжаргал уурлаж чи бид хоёрын дунд ямарч яриа хөөрөө байхгүй гэж хэл ам хийж хүйтэн хөндий намайг угтсан. Намайг ирснээс хойш эмнэлэг хэвтэх үед хүртэл бичлэг хийсэн ба энийг намайг Ирландаас ирэхээс өмнө бэлтгэсэн байсан. Миний бүх эд зүйлийг боогоод тагтан дээр гаргачихсан байсан. Урангэрэл өмгөөлөгчийн зааврын дагуу бүх зүйлийг бэлтгэсэн байсан. Тэр өдрийн зодоон хэрүүлийг Батжаргал зохион байгуулсан гэж үзэж байна. Тэр өдөр намайг маш аймаар зодсон. Тэгээд хэрүүл болсоны дараа Батжаргал гал тогооны өрөөнд өөрийнхөө духаар хана мөргөж гэмтэл учруулсан. Анхнаасаа зохион байгуулалттай гэж үзэж байгаа. Хүүгийнхээ цаашдын ирээдүйг бодож гомдол саналгүй гэж үзээд эвлэрч байгаа юм гэв.

 

Гэрч Д.Батсайхан мэдүүлэхдээ: “Би Батжаргалын төрсөн ах нь байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг манай дүү Батжаргал Оюунчимэг дуудаад байна гээд намайг дуудсан тэгээд би гэрт нь яваад очсон чинь тэр муудалцсан маргалдсан байдалтай байсан. Тэгээд би за надаар та 2 юу шийдүүлэх гэж дуудсан юм бэ өдий насалсан хүмүүс байж өөрсдөө учраа олж болохгүй байна уу гэж хэлхэд тэр 2 чимээгүй байж байгаад Оюунчимэг Батжаргалыг надад муулж эхэлсэн тэгээд гэнэт таавчикаа аваад Батжаргалын биерүү нь цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би ер нь та нар боль яах гээд байгаа юм гээд болиулсан. Батжаргалыг цус нөжийг нь гартал нүдсэн зүйл байхгүй байсан...” гэжээ. /хх 18/

 

Шинжээч эмч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ: “…2 шилбэний нөсөө болон тархи доргилтыг тухайн үеийн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд тархи доргилт гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой.

2016 оны 12 дугаар сарын 12-ны Сонгодо эмнэлгээс гарах үеийн эпикриз Онош зүрхний архаг цус хомсрох өвчин тархины даралт ихсэлт, уушигны хатгалгаа нь гэмтлийн гаралтай биш архаг хууч өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн байгаа тул дүгнэлтэнд хамаарахгүй” гэжээ. /хх 135-136/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1128 дугаартай дүгнэлтэд: 1. Я.Оюунчимэгийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. /хх 20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 1764 дугаартай дүгнэлтэд: 1.Батжаргалын биед тархи доргилт, 2 шилбэнд нөсөө тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтлийг авсаны дараа үйлдэл хөдөлгөөн хийж чадна гэжээ. /хх 21/

 

Шүүгдэгч Д.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44,47/

Шүүгдэгч Я.Оюунчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45, 46/

Шүүгдэгч Д.Батжаргалын Гурван гал эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх 74-77/

Шүүгдэгч Я.Оюунчимэгийн Гурван гал эмнэлэгт болон бусад эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх 78-94/

7 ширхэг СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 103-125/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Я.Оюунчимэг, Д.Батжаргал нар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а дугаар байрны 29 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч Я.Оюунчимэг /хх 133-134/, хохирогч Д.Батжаргал /хх 130-132/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Батсайхан /хх 18/, шинжээч эмч Т.Номинцэцэг /хх 135-136/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1128 /хх 20/, 2017 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 1764 /хх 21/, шүүгдэгч Д.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44, 47/, шүүгдэгч Я.Оюунчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45, 46/, шүүгдэгч Д.Батжаргалын Гурван гал эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх 74-77/, шүүгдэгч Я.Оюунчимэгийн Гурван гал эмнэлэгт болон бусад эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх 78-94/, 7 ширхэг СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 103-125/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Д.Батжаргал, Я.Оюунчимэг нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч хохирогч нар сайн дураараа эвлэрсэн байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг сд бичлэгийг хэрэгт хавсарган үлдээх, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирээгүй зэргийг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Шандаг овогт Ядамын Оюунчимэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Батжаргал нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Шандаг овогт Ядамын Оюунчимэг, Боржигон овогт Дагвадоржийн Батжаргал нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Я.Оюунчимэг, Д.Батжаргал нарт авсан батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ