Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/759

 

    2021             8             19                                        2021/ДШМ/759                                 

 

 

     М.Мид холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,  

хохирогч Н.Д

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор М.Мид холбогдох эрүүгийн 2105002690447 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          М-ын М,

          Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

          Шүүгдэгч М.М нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 302 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Дийн толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, мөн гарыг нь мушгин баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,330,218 төгрөг нэхэмжилснээс 504,520 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хангаж үлдэгдэл 825,698 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх М.Мийг хүнийг эрүүл мэндэд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөд зогсохгүй гаргасан шийдвэр нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. ... Тухайн хэрэг учрал болсон үед хохирогч гэх Н.Д нь М.Мтэй хамт байгаагүй, гэрт нь очоогүй бөгөөд орцны жижүүр зөвхөн Н.Дийг хаалга цохиж байхыг харсан байдаг. Прокурорын зүгээс энэхүү хэрэгт дутуу хяналт тавьсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, холбогдох этгээдийг бүрэн асуугаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Н.Д гэх эмэгтэйн энэхүү асуудлыг хороо хариуцсан байцаагч болон хэсгийн цагдаа нар бүгд мэддэг бөгөөд тухайн асуудал болсон өдөр шүүгдэгч М.М нь өөрөө цагдаа дуудаж Н.Д эмэгтэй амгалан тайван байдал алдагдуулаад байсан гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгч, үүний дагуу цагдаа нар ирсэн байдаг бөгөөд тухайн үед цагдаа нар ирэхэд ямарваа нэгэн байдлаар Н.Д эмэгтэй зодуулсан гэсэн гомдол санал хүсэлт гаргаагүй бөгөөд цагдаагийн хэлтэс рүү Н.Д болон М.М нарыг авч явсны дараа ийм үйл явдал болсон гэж мэдүүлдэг. Гэвч анхан шатны шүүх Н.Дийн өгсөн мэдүүлгийг үндэслэн хэрэгт М.Мийг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдад үндэслэлгүйгээр ялласан хэрэг болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Дийн өгсөн “М.М намайг цохисон” гэх мэдүүлэг нь дангаараа М.Мийг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ч нотлох баримт болохгүй юм. Учир нь, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын үндэслэлд дурдаад байгаа гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үндэслэл огт үндэслэлгүй бөгөөд тухайн хэрэг учрал болох үед тухайн үйл явцыг харсан баримт байхгүй зөвхөн Н.Дийн мэдүүлгээр буруутгаж ирсэн. Өөрөөр хэлбэл, М.Мийн уг хэргийг үйлдсэн нь эргэлзээгүй байдлаар тогтоогдож байгаа нөхцөлд түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэх юм. Мөрдөн байцаалтын явц болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч гэх Н.Д нь мэдүүлгээ өөр, өөрөөр өгдөг бөгөөд мэдүүлгийн зөрүү асар их хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байгаагүй гэдэг нь харагддаг. Хохирогч нь хаалгыг хүчтэй хэдэн минутын турш балбасан, М.М рүү фэйсбүүк чатаар бичих, чамайг цагдаад өгсөн, миний гар ийм болчихсон шүү, хэдэн төгрөг өгчих, тэгвэл гомдлоо татъя, визанд оруулж өг, өдөр шөнөгүй байнга утсаар нь залгах, цахим орчинд ёс бус үгээр доромжлох, гэрийнх нь хаалгыг байнга ирж балбах зэрэг үйлдлийг гаргасаар ирсэн гэдгийг шүүгдэгч мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” , 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байхад шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчих замаар мөрдөгч, прокурорын хууль зөрчих байдлаар М.Мийн гэм бурууг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр яллах үйл ажиллагааг буруутгахгүйгээр М.Мийг гэм буруутайд тооцсон байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2016, 2017 оны үед аялал, жуулчлалын журмаар танилцсан. БНСУ-д ажиллаж амьдарч байгаад зун ирэхдээ хуурай дүү нартайгаа аялал жуулчлалын мотоцикл, автомашин түрээсэлдэг байсан. Хохирогч нь кемп ажиллуулдаг, гадаад нөхөртэй, хамт амьдардаг байсан. Гачууртад аялал жуулчлалын баазтай, нөхөр нь одоо ч байдаг. Тухайн хүнтэйгээ мөнгөнөөс болж маргаад шүүхээр ороод салсан байдаг. Надтай мэйлээр харьцаж байхдаа хүүхэддээ нэг өмд аваад өгчихсөн чинь намайг зодоод байна гэхээр өрөвдсөн. 3 хоногийн хугацаатай ирээд гэрлэлтээ батлуулчхаад гэртээ аавтайгаа үлдээгээд хүүхэдтэй нь хамт явсан. Энэ хугацаанд аавд архи авч өгдөг, янз бүрийн мэйл бичдэг, янз бүрийн юм шаарддаг, наанаа өөр хүүхэнтэй болчихсон юм уу гэдэг байсан. Ирээд сарын дараа хүүхдээ аваад яв гэсэн. Таньдаг цагдаагаараа баривчлуулдаг, өөрөө архи барьж орж ирчхээд, архи уугаад байна гэж дандаа торгуулдаг. Нэг удаа баривчлагдаж байсан. Урьд өдөр нь ирээд виз гаргаж өг гээд гар болон гуяны дотор чимхсэн. Чи яв гээд явуулсан. Маргааш өглөө нь ирэхэд 30 минутын зайтай 2 удаа дуудлага өгсөн. Аавдаа хүн орхоодойтой архи өгдөг байсан учраас архи үнэртдэг байсан. Манай аав 82 настай, сохор бүрэн миний асаргаанд байдаг. Би шүүх хурал болсны дараа хорооны цагдаад өргөдөл өгсөн. Он гарахаас өмнө бас ирсэн. Хаалга нүдээд салфетк байна уу гэрээр нь салбетк өгсөн. Гараад хамраа ухаж цус гаргачхаад намайг цохьсон гэж дуудлага өгсөн. Дэлгэрсүрэн ахмад шинжээч томилоод, шүүхийн шийдвэр гарч 100.000 төгрөгөөр торгуулсан. Дандаа өөрийгөө бэртээж гэмтээдэг. 12 дугаар сард төрсөн өдөр нь болсон, хөл хориотой байхад толгой нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн байдаг. Тухайн үеийн компьютер  томографийн шинжилгээ байж магадгүй ...” гэв.

 

Хохирогч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн өдөр 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байсан. Уг өдрөөс хэд хоногийн өмнө М надаас 100.000 төгрөг авсан. Мөнгө хэрэгтэй байна, мөнгөө буцааж авч болох уу гэхэд манайд хүрээд ир гэсэн. Удаа дараа зодуулсан учраас маш их гомдолтой байна. Тухайн үед миний баруун гар мэдээгүй болсон. Их хэмжээний үс унасан, тархи толгой маш их өвчтэй болсон. Удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Энэ хүнээс авах зүйл байхгүй, надаас хол байлгаад өгөөч ...” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгасан. Уг хэрэг нь М.Мийн гэрт үйлдэгдсэн, хохирогчийг хувцасгүйгээр түлхэж гаргасан, биед нь гэмтэл учирсан байсан гэдгийг жижүүр У гэрчээр мэдүүлсэн. Тухайн хороог хариуцсан цагдаагийн албан хаагч Г хохирогчтой ямар харилцаатай байдаг, М.Мийн хувийн байдлын талаар мэдүүлэг өгсөн байдаг. Угийн мэдүүлгийн дагуу шинжээч томилсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүний хүчин зүйлээр үүссэн гэмтлүүд биед нь тогтоогдсон. Эрүүл мэндийг саринуулах хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 302 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Дийн толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, мөн гарыг нь мушгин баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Дийн “... 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Мийн гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 302 тоотод ирэхэд М мөнгө өгөхгүй байсан. ... тэгээд “өнөөдөр мөнгө өгч чадахгүй юм байна, маргааш ав, чи хоноод яв” гээд гараад явсан. Эргэж орж ирэхэд нь би “мөнгөө авмаар байна” гэхэд “чи надаас мөнгө нэхдэг хэн бэ” гэж хэлээд миний толгой хэсэгт гараараа хүчтэй цохисон. Би манараад байж байтал үснээс зулгаагаад хажуу өрөө рүүгээ оруулаад дахин толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. ...Тэгээд би “чи яаж байна аа, болиоч” гэхэд миний гарыг хойш нь эргүүлж дарж мушгисан. Гар маань тэгэхэд мэдээгүй болсон байсан. Тэгээд би айгаад явах л ёстой юм байна гэж бодоод үүд хэсэг рүү явсан чинь араас ирээд хаалгаар түлхэж гаргасан. Намайг түлхэж гаргахдаа миний гутлыг араас шидсэн. ...Тэгээд би гар эвгүй болсон учир юмаа авах гээд хөлөөрөө хоёр удаа хаалгыг өшиглөсөн. ...” /хх 11-13, 154/,

 

гэрч Ш.Угийн “... 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 302 тоотын үүдэнд 30 гаран насны эмэгтэй хаалгыг тогшоод байсан. Тэр эмэгтэйн нүүр, ам нь хэвийн байх шиг байсан. Харин баруун гараа бариад “ёоё” гээд байсан. Хаалгыг тогшоод “хувцасаа авъя” гээд байх шиг байсан. Би цэвэрлэгээгээ дуусгаад явсан бөгөөд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна.” /хх 24-25/,

 

гэрч Д.Гын “... сүүлд эхнэртэй болсон гээд орж гарахдаа нэг эмэгтэй хүнтэй яваад байдаг болсон. Хааяа архи хэрэглэсэн байдаг. ...” /хх 86-87/,

 

гэрч Г.Гын “... 2020 оны 12 дугаар сараас хойш Н.Д нь М гэртээ оруулахгүй байна, намайг зодчихлоо, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэтээр удаа дараа дуудлага өгдөг байсан. М 2-3 удаа эхнэр Д хаалга тогшоод амраахгүй байна гэж дуудлага өгч байсан ...” /89-90/,

 

шинжээч эмч Н.Туяагийн “... Н.Дийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Гараараа эсхүл хүний хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой, нарийвчлан тодорхойлох боломжгүй бөгөөд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна.” /хх 94-95/ гэсэн мэдүүлгүүд болон,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 745 дугаартай “Н.Дийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух, баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 28-29/ дүгнэлт,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 33-34/, 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгч байсан эсэхийг шалгасан “... би дуудлага өгье гээд эмэгтэй хүн уйлаад ярив. Цаана нь эрэгтэй хүн “ална чамайг” гээд утас тасрав. ...” /хх 100-101/ тэмдэглэл, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Энхмаагийн “... 301 тоотын иргэнтэй ярилцан 302 тоотын оршин суугч нарын талаар асуухад “... М гэх хүн их аюултай хүн, өмнө нь нэг удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн чинь орж ирээд ална гэж хэл амаар доромжилсон. М нь аавын хамт амьдарч байсан, сүүлийн нэг жилийн өмнөөс нэг хүүхэнтэй гэрээсээ орж, гарч байгаа харагдсан. М нь их архи уудаг, байнгын хүмүүс цуглуулна, их харьцаа муутай хүн байдаг ...” гэж хэлсэн” /хх 26/ тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Н.Дт хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Н.Дийн толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн чих, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, мөн гарыг нь мушгин баруун гарын сарвуунд хус хуралт, баруун гарын бугуйн үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд “... мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, М.Мийн гэм буруутай эсэхийг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх хүмүүсийг олж тогтоон, улмаар тэднээс мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд буюу хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч М.Мийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах байдлаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Мийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа уг хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой шаардлага, нөхцөлийг хуульчилсан байх ба шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирлыг нөхөн төлөхгүй талаар мэдүүлсэн бөгөөд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч М.Мийг Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамааруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/367 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ